| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0020/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-01-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0020/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б холбогдох 1839005100284 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Хашаат гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012.01.30-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар,Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх Ч.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Хаялага” гэх газраас иргэн Б.Н алдсан 119 тооны бог малаас 13 тооны бог малыг завшиж 1.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Хаялага” гэх газар иргэн Б.Н алдсан 119 тооны бог малаас 13 тооны бог малыг завшиж 1.240.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 сарын 25-28-ны өдрийн хооронд манайх отроор Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багийн нутаг Улаан-Өндөр гэх газар байхад манай хонь дутаад тоолж үзэхэд 132 тооны хонь дутуу байсан. Тэгээд манай хүргэн Ч том охин Г бид 3 хонио хайж явахад Өгөөмөр бойны эзэн А гэх хүний хүү нь хонь авч байгааг хэлсэн. Тэгээд би хүргэн Ч хамт хонь авч байгаа айлд очиход манай имтэй хонь байсан. Тэгээд би өөрийн имтэй хонинуудыг тоолж үзэхэд 13 тооны хонь байсан. Тэгээд би хонь ямаагаа хаанаас ирэв гэж асуухад Баянхутаг сумын иргэн Б гэх хүү авчирч өгсөн гэж хэлсэн. Адил гэх хүнд мөнгөний өртэй түүнийхээ оронд авч өгсөн гэж байсан... Би хонио 2018 оны 7 сарын сүүлээр тоолоход 130-аад тооны хонь алдсан байсан. Миний зүсээр мэдэж байгаа 3 эр тооны хонь байхгүй байсан. 2018 оны 7 сарын 26-27-ны өдрүүдэд хүйтэн бороо орсон. Энэ борооноор манай хонь тасраад явсан байсан. Шөнийн бороонд алдсан. Хонь алга болоход би яг мал дээрээ хариулж яваагүй. Гэрийн гаднаас бороонд манай хонь тасраад явсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19тал/,
Гэрч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай ээж А Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Б 30 төлөгний мөнгө болох 1.200.000 төгрөг авсан юм. Тэгээд би Б чи ээжээс авсан мөнгөнийхөө оронд төлөг өгнө гэсэн тэрийгээ авчирч өг гэсэн чинь Б би морь уяж байна гэсэн... 2018 оны 07 сарын 20-нд өдрийг яг тодорхой санахгүй байна 30 тооны хонь авчирч өгсөн. Б 30 төлөг өгөх байсан чинь авчирсан хонинд нь 3-4 эм хонь харагдаж байсан. Тэгээд 2018 оны 7 сарын 20-д гаргаад мотоцикльтой 2 хүн манай авсан хонин дундуур яваад байхаар нь очиж уулзахад бид хоёр Хэнтий аймгийн Хэрлэн сумын “хаялага” гэх газар оршин суудаг. Хонио алдсан. Танай хонинд манай имтэй хонь байна гэсэн. Бид 3 хонио хашиж байгаад хэдэн хонь байгааг тоолсон. ... тэр хоёр 13 тооны хонь ачаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
Гэрч Э.С мөрдөн байцаалтад өгсөн: “... манайх 2018 оны 7 сарын 25-28-ны өдрийн хооронд наадмын дараа хонио тоолж үзэхэд 132 тооны хонь дутсан. Тухайн үед 2 гэрээрээ Баянхутаг сумын 2-р баг “Хаялага” гэх газар 2018 оны 7 сарын 2-нд Галшар сумын нутгаар ногоо зуншлага муу байсан учраас нүүж очсон байсан. Тэгээд хонь дутсан даруйдаа манай нөхөр, хадам ах, эгч, аав нар машин болон мотоцикльтой Баянхутаг сумын нутгаар хайж явсан юм. Тэгээд хайж яваад 2018 оны 07 сарын 28-нд Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг буюу Сүхбаатар Дорнод аймаг руу явдаг засмал замын хойно байдаг Б гэдэг айлаас хонио олсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
Гэрч Э.С мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2018 оны хавар Улаанбаатар хотод байхад Ч.Б надруу залгаад 30 тооны төлөг өгнө 1.200.000 төгрөг зээлээч гэсэн би дансаар Ч.Б 1.200.000 төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
Ч.Б мөрдөн байцаалтад өгсөн: “... Би бороо арилахад хонио гаргасан. Манай хонь гэрээсээ урагш давсан. Би хониныхоо араас нилээн явж байгаад хонин дээр очиход айлын цөөхөн хонь манай хонинд нийлсэн байсан. Би яг хэдэн хонь нийлсэн гэдгийг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/
2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №118 дугаартай Малын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт / хх-ийн 33 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын алдуул малыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н 1.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 119 тооны бог малаа бүрэн хүлээж авсан нэхэмжлэх гомдол, санал, хүсэлт байхгүй /хх-ийн 72 тал/ гэсэн тул шүүгдэгч Ч.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.Б бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ч.Б оногдуулсан торгох ялын 1.000.000 /нэг сая/ төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ