Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 0197

 

 

 

 

 

 

  

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сайхан сум 2-р баг Жимстэй хороололд оршин суух иргэн Очиржанцангийн Уранчимэг /РД:ИБ65011004/-ийн хүсэлттэй, улсад ажиллаж байсан байдалаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, хүсэлт гаргагч О.Уранчимэг, гэрч Д.Өлзийбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч О.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Завхан аймгийн Баянтэс сумд малчин байсан. 2008 онд энд ирээд Эрдмийн Ундраа сургуульд ажилласан. 1980-1983 оны хооронд Баянтэс сумын Дэлгэрэх Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үедээ би төллөх эм хонь, ямаа маллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон тул, 1980-1983 оны хооронд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх Амьдрал нэгдэлд бог мал маллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд: Д.Өлзийбат. М.Хандаа, Г.Мөнх-Оюун нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн “Завхан аймаг Архивын алба хуулбар үнэн” гэсэн дардас бүхий хуулбар, гэрч М.Хандаа, Г.Мөнх-Оюун нарыг асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.  

ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч О.Уранчимэг нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүхэд гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэхэд О.Уранчимэг нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:

Гэрч М.Хандаагийн: ...О.Уранчимэг нь 1980 оноос 1983 оны хооронд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдэлд төллөх эм хонь, ямаа малладаг байсан нь үнэн. Бид нар нэг бригадад ажиллаж байсан хүмүүс байгаа юм... гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Мөнх-Оюуны: ...О.Уранчимэг нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдэлд 1981 оноос 1990 он хүртэл эм хонь, ямаа маллаж байсан. Бид хамт мал маллаж байсан юм... гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Өлзийбатын: ...Наймаг багш болоод очиж байхад миний анхны шавь болсон. О.Уранчимэг 8 дугаар анги төгсөөд сангийн аж ахуйд хувиарлагдсан. Би өөрөө захиргаадалтын үеийн шийдвэрээр нутаг заагдах болсон. Тэгээд Завхан аймгийн Баянтэс нисэх бригадад малын бага эмчээр 1980 онд томилогдож очиж байсан. Тэгэхэд О.Уранчимэг Баянтэс сумын нисэх бригадын Дэлгэрэх Амьдрал нэгдэлд малчин хийж байсан. Тэгээд би 1 жил 6 сар ажиллаад хилс хэрэг маань цагаадсан учраас буцаад ажилдаа орохоор явсан. О.Уранчимэг тэндээ үлдсэн хэр удаан ажилсан талаар мэдэхгүй байна. Малчнаа л хийж байсан байх гэж бодож байна... гэсэн мэдүүлэг, хүсэлт гаргагч О.Уранчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч  Л.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж 1980 оны 01 сарын 01-ээс 1983 оны 01 сарын 01 хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдэл малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч О.Уранчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн 1980 оны бичилтэнд эцэг Очиржанцан, эх Эрхэмбаяр, ах Баатар нарын нэр бичигдсэн гэх бөгөөд Уранчимэгийн нэр бичигдээгүй хэдий ч хүсэлт гаргагч О.Уранчимэг нь “1980 оноос эхэлж малчнаар ажиллаж байсан. Ах Баатарын нэрийг миний нэрний оронд бичсэн байна... гэх мэдүүлэг болон гэрч Д.Өлзийбат, М.Хандаа нарын мэдүүлэгээр О.Уранчимэг нь малчнаар 1980 оноос эхэлж ажиллаж байсан болох нь тогтоогдож байгаа юм.

Хүсэлт гаргагч О.Уранчимэгийн гаргаж ирүүлсэн Д.Өлзийбат. М.Хандаа, Г.Мөнх-Оюун нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн нотлох баримт гэж үзэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул шүүх үнэлээгүй болно.

            Хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдгэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон       

  ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Мянгад овогт Очиржанцангийн  Уранчимэгийг 1980 оны 01 дүгээр сарын 01-ээс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын “Дэлгэрэх Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДЭЛГЭРСАЙХАН