Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01356

 

 

 

Э.А-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01833 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.А-ийн хариуцагч О-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 9,657,340 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Өөрийн хүү Э.Л-г Австрали Улсад суралцуулах зорилгоор О-тай гэрээ хийж, сургалтын төлбөр 9,857,340 төгрөгийг 2019 онд төлсөн. Гэвч тухайн байгууллага нь хүүхдийн визийг мэдүүлээгүй байсан. Энэ талаар хариуцагч байгууллагаас асуухад, “манай байгууллага мөнгө байхгүй гүйцэтгэх захирал Н.Мөрөн гадаадаас ирээд шийднэ” гэсэн. Ажлын газарт нь хэд хэдэн удаа очиж уулзсан бөгөөд сургалтын төлбөр буцаан авах өргөдлөө өгсөн. Эхний ээлжид 2,200,000 төгрөгийг 2020 оны 4 сард багтааж өгнө, үлдэгдэл мөнгийг байгууллага мөнгөтэй болохоор буцааж өгнө гэсэн. Гэвч 4 сард 200,000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг өгөөгүй тул 9,657,340 төгрөгийг хариуцагч О-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э.Л- нь манай байгууллагын тэтгэлгээр Австрали улсад суралцахаар гэрээ байгуулж, бүртгэлийн хураамж, визний төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр, орчуулга, бусад үйлчилгээний төлбөрт нийт 9,857,340 төгрөг төлсөн. Дээрх төлбөрөөс сургалтын төлбөрт 8,795,200 төгрөгийг Австрали улсын Астлэй инглиш коллежид шилжүүлсэн, гүйлгээний шимтгэлд 62,800 төгрөг төлсөн. Мөн Э.Л-г Австрали улсад суралцуулахтай холбоотой бусад зардал нийлээд 11,912,631 төгрөг болсон. Манай байгууллагаас бичиг баримтыг шаардлагын дагуу хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Австрали улсын Боловсролын яамнаас гадаад оюутанд олгодог суралцуулах батламжийг хүлээн авсан. Харамсалтай нь 2019 оны 12 сараас 2020 оны 01 сар хүртэлх хугацаанд виз мэдүүлсэн хэд хэдэн оюутны виз татгалзсан хариу авсан. Энэ талаар Э.А-т мэдэгдэж, визний өндөр эрсдэл байгааг сануулсан.Үүний оронд Филиппин улсад визгүй зорчиж, хямд зардлаар англи хэл сурах боломжтой байгааг танилцуулсан юм. Э.А- хүүхдээ Австрали улс руу

суралцуулахаа больж Филиппин улс руу суралцуулах талаар гэрийнхэнтэйгээ зөвлөхөөр болсон, Э.А-т 2,257,340 төгрөгийг өгөх боломжтой, үлдсэн 7,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч О-гаас 9,657,340 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Э.А-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,468 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 169,468 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Манай байгууллага нь Австралийн Astley English College сургуульд Э.А-ийн шилжүүлсэн төлбөрийг шилжүүлсэн бөгөөд тус улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, олон оюутнууд сургалтын төлбөрөө зэрэг татсанаас үүдэн сургуулийн үйл ажиллагаа доголдож, өнөөдрийг хүртэл буцаан олголт хийгдээгүй байна. Манай байгууллагын зүгээс [email protected] цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү үзлэг нь хариуцагч гэрээний дагуу ямар ажил хийсэн эсэх, төлбөр хаана, хэнд төлөгдсөн эсэх, Австрали улс дахь сургуулиас хариуцагчид ямар албан хариулт ирсэн эсэхийг тогтоох зорилготой байсан юм. Гэсэн хэдий ч уг хүсэлтийг шүүх хүлээн аваагүй нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Талуудын байгуулсан гэрээнд заасан зүйл нь уг гэрээний 1.1-д суралцагчийн нэрийн өмнөөс сургуульд бичиг баримт бүрдүүлэх, бүртгүүлэх, илгээх, суралцах урилга хүлээн авах, виз мэдүүлэх, визний бичиг баримт дээр ажиллах, зөвлөгөө өгөх, мөн үүнтэй холбоотой шуудан, орчуулгын ажил хийх зэрэг агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна. Хариуцагчийн зүгээс шаардлагатай ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс гэрээний зүйлийн биелэлт хойшилсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хариуцагч татгалзалтай холбоотой виз мэдүүлсэн, батламж өгсөн, төлбөр шилжүүлсэн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч байгууллагын цахим шуудан хаягт гадаад улсаас ирүүлсэн албан бичиг нь нотлох шаардлага хангахгүй тул шүүх цахим шуудан хаягт үзлэг хийлгүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан. О- 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн төлбөрийн буцаалт олгох тухай баримтад заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Э.А- нь хариуцагч О-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 9,657,340 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

4.Талууд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч О- нь суралцагч буюу нэхэмжлэгч Э.А-ийн хүү Э.Л-г Австрали Улсад хэлний бэлтгэлд суралцахад зөвлөх үйлчилгээг үзүүлж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, нэхэмжлэгч Э.А- нь зөвлөх үйлчилгээний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний төлбөрт нийт 9,857,340 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь талуудын тайлбар, зөвлөх үйлчилгээний гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 78-80-р тал/. 

4.а.Гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь эрх зүйн харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Гэрээний агуулгаас үзвэл нэг тал нь суралцагчийг Австрали Улсад суралцуулахаар сургалтын байгууллагатай холбож, шаардлагатай зөвлөгөө тусламжийг өгөх, нөгөө тал нь зохих хөлсийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний шинжийг агуулсан байна. Иймд шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.б.Нэхэмжлэгч Э.А- нь “хариуцагч байгууллага гэрээнд заасан хугацаанд суралцагчийн визийг мэдүүлээгүй байсан тул гэрээнээс татгалзаж, 200,000 төгрөгийг буцаан авсан, одоо үлдэгдэл 9,657,340 төгрөгийг гаргуулна” гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч “шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, суралцагчийн визийг мэдүүлсэн боловч татгалзсан хариу авсан, “Австралийн Астлей инглиш” коллежоос төлбөр буцаан авах хүсэлтийг гаргасан боловч “ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас өнөөдрийг хүртэл төлбөрийн буцаалт орж ирээгүй” гэж тайлбарлажээ. /хх-ийн 24-р тал/

4.в.Хариуцагч О- нь суралцагчийн визийг мэдүүлээгүйтэй холбоотойгоор сургалтын төлбөрийг буцаан олгохоо илэрхийлсэн бичгийн баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 9-10-р тал/. Өөрөөр хэлбэл, хариуцагч О- нь зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, суралцагчийн визийг мэдүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан гэж үзэхээр байна.

4.г.Үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгч Э.А-т үүссэн гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч О-гаас буцаан шаардах эрхтэй.

4.д.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч О-гаас гэрээний үлдэгдэл төлбөр 9,657,340 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.А-т олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

            5.Хариуцагчийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “Австрали Улсын боловсролын байгууллагаас сургалтын төлбөр буцаан олгогдоогүйтэй холбоотойгоор цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон нь буруу” гэх агуулгыг дурджээ. Гэвч “Зөвлөх үйлчилгээний гэрээ нь О-, Э.А- нарын хооронд байгуулагдсан, талууд тус гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч байгууллага нь бусдаас сургалтын төлбөрийг буцаан аваагүй асуудал шууд хамааралтай биш байна.

Иймд дээрх хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 205 дугаар зүйлийн 205.1 ...” гэсний өмнө “410 дугаар зүйлийн 410.1,” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О-гаас төлсөн 169,468 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХБАЯР

                             ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

      Г.ДАВААДОРЖ