| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0023/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0023/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.А
Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ц-д холбогдох 1839000000192 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1958 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 11-15 тоотод оршин суух хаягтай, урьд 1986 оны 09 дүгээр сарын 23-нд Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б, 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 06 жилийн хорих ялаар, 1987 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 5 жил 5 сар 20 хоногийн хорих ял шийтгэгдэж 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 01 жил 03 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Хэнтий аймгийн сум дундын шүүхээр 1995 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 07 жилийн хорих ял шийтгэгдэж 2001 онд хугацаа дуусч суллагдсан, Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгэгдэж байсан Л.Ц
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А61 дүгээр байрны гадна талын сандал дээрээс иргэн М.Б улаан өнгийн цүнх болон тус цүнхэнд байсан нийт 1.885.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн картуудыг нууцаар хууль бусаар хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А61 дүгээр байрны гадна талын сандал дээрээс иргэн М.Б цүнх болон тус цүнхэнд байсан нийт 1.885.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн картуудыг хулгайлсан болох нь:
Хохирогч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 14 цаг 18 минутанд Хэрлэн сумын 4 дүгээр баг, А61-42 тоотод эгч М.Ч гэрт байж байгаад өөрийнхөө дэлгүүрт Жи-Мобайлын 361 нэр төрлийн 920.000 төгрөгийн нэгж, Скайтелын 70 нэр төрлийн 250.000 төгрөгийн нэгж, Юнителын 135 нэр төрлийн 715.000 төгрөгийн нэгжүүд худалдан авсан. Батноров сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхжин бадрах” ХХК нь Жи-мобайл, Скайтел, Юнител ХХК-тай гэрээ байгуулан 11 гаран жил болж байна. Тэр өдөр өөрийн төрсөн хүү Т.Б нь Хэрлэн хорооллын А61 байрны урд талын сандал дээр байж байхаар нь нэгжнүүдтэй цүнхээ харж байгаарай гээд үлдээгээд явсан. Тэгээд 1 цагийн дараа А61 байрны урд талын сандал дээр байсан нэгжнүүдтэй цүнх алга болсон байхаар нь хүүгээс асуусан чинь би сандал дээр тавьсан чинь алга болсон байна гэж хэлсэн. ...нийт 566 нэр төрлийн 1.885.000 төгрөгийн нэгж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
Хохирогч М.Б мөрдөн байцаалтанд дахин өгсөн: “...Хулгайд алдсаны дараа надад буцааж хүлээлгэж өгсөн нь Жи-мобайлын 364 ширхэг нэгжийн карт, Юнителын 131 ширхэг нэгжийн карт, Скайтелийн 66 нэгжийн карт хүлээлгэж өгсөн. Жи-Мобайлын нэгжийн карт 97 ширхэг, Юнителийн нэгжийн карт 4 ширхэг тус бүр дутаж байна. Жи-мобайлын 97 ширхэг картнаас
-1000 төгрөгний нэгжийн карт 50 ширхэг,
-5000 төгрөгний нэгжийн карт 20 ширхэг,
-6000 төгрөгний нэгжийн карт 20 ширхэг,
-10000 төгрөгний нэгжийн карт 70 ширхэг,
Юнителын 4 картнаас:
-1500 төгрөгний нэгжийн карт 1 ширхэг,
-5000 төгрөгний нэгжийн карт 1 ширхэг,
-15.000 төгрөгний нэгжийн карт 1 ширхэг,
-25.000 төгрөгний нэгжийн карт 1 ширхэг,
Скайтелын 4 картнаас 5000 төгрөгийн нэгжийн карт 4 ширхэг тус бүр дутаж байгаа. Ингээд үзэх юм бол надад 406.500 төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд анх хулгайд алдахад байсан нэгжийн картнаас 105 ширхэг одоогоор дутаад байна. Миний нэгжийн картыг хулгайлж зарсан тэр хүнээс эдгээр дутаж байгаа нэгжээ үнэ өртгөөр нь нөхөн төлүүлж авмаар байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
Гэрч Г.Ж мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний орой 17 цагийн орчим гэртээ байж байхад Цагдаагийн газраас ярьж байна гээд таны хариуцсан А\61 дүгээр байрны урд талын орцны сандлаас улаан өнгийн цүнх болон цүнхэнд байсан нэгжнүүд хулгайд алдагдсан байна гэж хэлээд намайг дуудсан. Тэгээд миний хариуцсан А\61 байрны телекамер шүүсэн. Тэгтэл 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг 59 минутанд цагаан өнгийн малгайтай, ногоон өнгийн цамцтай хар өнгийн канттай өмдтэй үл таних хүн цагаан өнгийн цамцанд юм хийгээд авч яваа бичлэг харагдсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 тал/
Яллагдагч Л.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “... би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ... 16 цаг болох гэж байхад ... Хэрлэн хороолол ороод, хорооллын байрнуудын хамгийн баруун талын хөндлөн байрны хажуугаар алхаж явтал хамгийн урд талын орцны хаалганы урд байдаг гаднах сандал дээр нэг улаан өнгийн цүнх байж байсан. Цүнхний ойр хавьд хүн байгаагүй. Тэгэхээр нь би тэр цүнхийг нь аваад шууд байрны урдуур алхаад нөгөө байрнаас баруун урагш яваад буцаж хойшоо алхаад Мэргэжлийн хяналтын газрын байрны хажуу талаар хойшоо алхаад Олимп цогцолборын зүүн талд ирээд замын хажуу талд байдаг модон дотор ороод нөгөө цүнхээ үзэхэд улаан өнгийн оосортой, цахилгаантай цүнх байсан. Цүнхийг нээгээд үзтэл баахан нэгжийн карт бас хүүхдийн өмд цамц байсан. Би цүнхнээс нэгжийн картуудыг бүгдийг нь аваад нөгөө цүнхийг дотор байсан хувцастай нь хамт нөгөө модон дотор хаяж орхиод шууд гэр лүүгээ очсон. Тэгээд нэгжийн картуудыг нь цагаан өнгийн даавуугаар гадуур нь боосон. Ингэхээсээ өмнө би нэгжнээс заримыг нь авч үлдсэн байсан юм. Тэгээд нөгөө боосон нэгжийн картуудаа хашааныхаа гадаа баруун талд газар ухаж булаад нуусан. Тэгээд 18 цаг нилээн өнгөрсөн байх үед би нөгөө авч үлдсэн нэгжийн картуудаа аваад зүүн захын тийшээ очоод гудамжаар явж байсан танихгүй хүмүүст зарсан. Согтуу байсан болохоор яг хэдэн хүнд хэдэн карт зарснаа санахгүй байна. Ямар ч байсан нэгжүүдийг яг үнээр нь зараагүй. Нэгж хямд зарна шүү гэж хэлээд л тэр хавиар явж байсан хүмүүст зарсан. Тэгээд ямар ч байсан 20.000 гаран төгрөгтэй болсон байсан. Тэр үед надад бас нэгжийн карт үлдсэн байсан. Тэгээд би шууд Жонон дэлгүүр рүү очоод нөгөө мөнгөнөөсөө 0.75 литрийн нэг шил Ерөөл архи авч тэрийгээ гэр лүүгээ алхаж харих замдаа ганцаараа уусан. Тэгээд би нилээн согтсон. Ямар ч байсан гэртээ харьж хоносон. Тэгээд маргааш өглөө нь босоод өчигдөр зараад үлдсэн байсан нэгжийн картуудаа тухайн үед өмсөж явсан хувцасныхаа халаасанд үзэхэд байгаагүй. Би өчигдөр гэр лүүгээ архи уугаад ирж явах замдаа хаяж гээчихсэн юм байна лээ. Тэгээд нөгөө хашааныхаа баруун талд газар нуучихсан байсан нэгжээсээ зарж чадалгүй байж байгаад цагдаад баригдсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-46 тал/
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний шинжээчийн үнэлгээ тогтоосон №73 дугаар дүгнэлт: 1839000000192 дугаартай хавтаст хэрэгт шалгагдаж байгаа хулгайд алдсан эд зүйлийн хохирлын үнэлгээг 406.500 төгрөгөөр тогтоов. /хх-ийн 30-31 тал/
2018.07.24-ны өдрийн 002429 дугаартай Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6, 17-19 тал/
2018.07.26-ны өдрийн 002429 дугаартай Эд зүйл хураан авсан тэмдэглэл
2018.07.27-ны өдрийн 002429 дугаартай Эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б 1.885.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлоос төлөгдөөгүй байгаа 406.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ц бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц 406.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Баярцэцэгт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Ц авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ