| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0027/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0027/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Г.П,
Шүүгдэгч С.Тнарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т холбогдох 1839005570293 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1973 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй С.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэн Г.П зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.Т 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэн Г.П зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.П мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г, Д, Г бид хэд Г ахын машинтай Г гэрээс хойш ууланд үргээлэг хийгээд буцаж явтал замд Т ахтай таарсан. Т ах намайг хуучин газар байсан хогоо цэвэрлэсэн үү гэтэл би цэвэрлээгүй гэсэн. Тэгтэл траншены гөлөг чи муу намайг яаж өдөөд байнаа гэж машинаасаа бууж ирээд миний сууж байсан талаар ирээд машинаас буулгах гэж хувцаснаас татаж чирсэн. Тэгээд би машинаас буутал Т намайг боогоод, гараараа толгой руу нилээн хэд цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Бид хэдийг анх таарсан газраас 200-300 метр орчим чирээд уулын мухар руу авч явна гэсэн. Энэ үед эхнэрийгээ машинаа аваад ир гэхэд нь машинаа авч ирээд Приус-20 маркийн жолоочийн эсрэг талын ард хаалгыг онгойлгож өгсөн. Т ах миний зүүн талын гарыг сугандаа хавчуулаад тохойгоор дарж хөшиж унагаасан. Миний сууж явсан машины хүмүүс салгаад би машиндаа суугаад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 тал/
Гэрч Л.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр хоёр машинаас буугаад барьцалдаад авсан. Тэгтэл гарт нь цагаан юм байхаар нь Г гэх залууд хандаж гартаа хутгатай байгаа юм бишүү гэтэл Г машинаас буугаад ноцолдож байсан. Гарт нь нэг цагаан юм байсан, яг хутга байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд Т, П 2 бид хоёр учраа олъё та хэд явж бай гээд жоохон цаашаа яваад дахиад барьцалдаад авсан. Би Т тавчикийг нь өмсүүлэх гээд очтол П, Т цамцаар боосон байсан. Т царай чинэрээд улайсан байсан. Тэгээд тэр 2 газар унасан, тонгороод унагаачих шиг болсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
Гэрч М.Г мөрдөн байцаалтад өгсөн: “... Бид уулзаад мэнд усаа мэдэлцээд байж байтал Т миний хажууд сууж явсан П хараад бухимдсан ууртай өнгөөр газраа цэвэрлээч гөлөг минь гэх шиг болсон. Тэгтэл П амжихгүй байна гэтэл Т машинаасаа бууж ирээд П хажууд сууж байсан хаалгаар очоод заамдаад авсан. Тэр 2 машины хаалганы цонхоор заамдалцаад хэрэлдээд байхаар нь Г бид 2 салгах гэтэл салахгүй зууралдаад байсан. П цамц урагдсан байсан. Тэгээд тэр 2 машинаас буугаад дахин зууралдаад бие биенээ боогоод нэг нэгнийгээ 2-3 удаа цохисон байх. Ганчулуун бид 2 тэр хоёрыг 2-3 удаа салгатал эргэж нийлээд зууралдаад салахгүй байсан, сүүлдээ дийлдэхгүй байсан Т П-г заавал машиндаа суулгаад авч явж учраа олно гээд машиндаа суулгах гээд байсан. Тэр 2 ноцолдсоор байгаад цаашаа явсаад байгаад 100 метр холдсон байсан. Энэ үед Г гэх залуу мал хайж явна гээд морьтой хүрээд ирсэн. Тэгээд би Г, Г нарыг салгаж бай би машинаа аваад ирье гээд цаашаа яваад машинаа асаагаад 2 орчим минут болоод буцаад иртэл П газар хэвтэж байсан. Гар хугалаад хаячихлаа гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/
Гэрч Б.Д мөрдөн байцаалтад өгсөн: “... Г машинаа аваад очиход П гараа бариад газар хэвтэж байсан, гар эвгүй болчихлоо гээд хэвтэж байсан. Хэрүүл маргаан болж байхад буудна, хутгална гэх зэргээр айлгаж сүрдүүлсэн зүйл болоогүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/
Гэрч Ш.Г мөрдөн байцаалтад өгсөн: “... Хавчуугийн ар гэх газарт мал хайгаад явж байтал зам дээр 2 хүн зодолдоод байгаа юм шиг байхаар нь очтол Т, П нар хоорондоо замадалцаад зогсож байсан. Тэгээд би салгах гээд морьноосоо буугаад морио тушаад очих хооронд Т нь П тонгороод унагаачихсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/
Гэрч Д.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...Т, П 2 хоорондоо ноцолдоод нилээн удсан. Тэр 2 бие биенээ цохилцоогүй байх, заамдалцаад салахгүй байсан. Машин байсан газраасаа хойшоогоо заамдалцаад явж байгаад Т, П тонгороод унагаачих шиг болсон. Тэгээд салахгүй болохоор нь салгах гээд очиход 2-лаа газар уначихсан хэвтэж байсан. Т нь П дээр нь хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/
С.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг өнгөрөөгөөд Жаргалтхаан сумын 3 дугаар багийн Хавчуугийн аманд байдаг үхрээ харах гээд явж байтал Г машин явж байсан. Тэгээд машиныг зогсоогоод Ганбаттай уулзаж байтал машин дотор П сууж байхаар нь нөгөө газраа цэвэрлэсэн үү гэж асуутал цэвэрлээгүй гээд машинаасаа буугаад ирэхээр нь мөн би машинаасаа буугаад заамдалцаад явсан. Г машинд сууж явсан Г гэх хүн машинаас бууж ирээд П хутгатай байна гээд баруун гарыг нь барьж аваад гартай нь ноцолдоод байсан. Гэхдээ би гарт нь хутга байсныг хараагүй. Энэ үед П зүүн талын гараараа намайг заамдсан. Би мөн зүүн гараараа заамдсан байсан. Г бид хоёрын голоор ороод заамдсан гарнууд дээгүүр дараад та 2 боль гэж байсан. Тэгтэл П баруун гараараа газраас чулуу шүүрч авсныг мөн Г гараас нь булааж авсан. Тэгээд Г бид 2-ыг салгатал П буудна гээд Г машин руу гүйхээр нь би араас нь очиж барьж авсан. Дахиад бид 2 заамдалцаад авсан. Би баруун гараараа толгой руу нь 2 удаа цохисон. П миний өвдөг, төмсөг, салтаа руу өшиглөөд байсан. Бид 2 ноцолдоод машинаас ертөнцийн зүгээс 20-30 метр холдсон байсан. Тэгтэл П зүүн гараараа миний цамцны захаар боогоод баруун гараараа миний баруун талын нүд рүү цохисон. Тэгэхээр нь би заамдсан гарыг нь бариад гарыг нь хөшөөд үүртэл миний доор ороод газар унасан. Тэгтэл Г ирээд бид 2-ыг салгаад бид 2 машиндаа суугаад явцгаасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 479 дугаартай:
-Г.П биед зүүн гарын бугалга ясны толгой хэсгийн цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 10% алдагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 41 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.П эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул өөрт учирсан хохирлоо нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200 000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба хохирогч нь өөрт учирсан хохирол, зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ