Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2016/00085/И |
Дугаар | 0174 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 0174
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай овоотын задгай гудамж, 0 тоотод оршин суух Шалбаг Жумдайн Хишигтийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Хишигт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Хишигт нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Увс аймгийн Тариалант сумын “Туяа" нэгдэлд ажиллаж байсан... 1984 оны 06-р сард ажилд орсон, саальчин малчин хийж байсан. 1992 оны 01-р сар хүртэл ажилласан өдрийг нь сайн санахгүй байна... Тасралтгүй ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийг манай нярав аваад алга болгочихсон хайгаад олдохгүй байгаа. Аймгийн архиваас шүүж энэ 7 жилээ гаргасан... 1984 онд сургуулиа төгсөөд шууд илгээлтээр ирсэн...” гэв.
Хүсэлт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Хишигт нь шүүхэд 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаан дээр 1984 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн шаардлагаа ихэсгэсэн болно.
Хүсэлт гарагч Ж.Хишигт нь 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь:
Гэрч С.Дүүвээгийн “...Хишигт нь “Туяа” нэгдэлд 1993 он хүртэл саальчнаар ажиллаж байсан... 1990 онд нэгдэл хувьчлагдаж 1990 оноосоо “Туяа” компани болон 1993 он хүртэл ажилласан. Хишигт мөн компанид үргэлжлүүлэн саальчинаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Чимэд-Очирын “...Хишигт нь Увс аймгийн “Туяа” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Хэзээ ажилд орсон талаар санахгүй байна. Намайг 1985 онд цэргийн албанд яваад ирэхэд Хишигт нь “Туяа” нэгдэлд ажиллаж байсан. Би 1993 оныг хүртэл “Туяа” нэгдэлд сүүн тасгийн эрхлэгчээр ажиллахад Хишигт саальчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарсны дараагаар 1993-1995 он хүртэл Тариалан сумын Хармаг гэх хоршоонд малчнаар ажиллаж байгаад Сэлэнгэ аймар руу шилжиж явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Анкаагийн “...Хишигт нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан. Хишигт нь аймаг, сумын аварга саальчин болж байсан. Намайг сүүний тасагт ажиллаж байхад сүүний тасагт сүүгээ тушаадаг байсан учраас сайн санаж байна. Хишигт бага наснаасаа ээжтэйгээ нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. 1990 онд миний ах С.Мягмартай гэр бүл болон үргэлжлүүлэн хоёулаа нэгдэлдээ малчинаар ажиллаж байгаад нэгдэл тараад 1993 оноос 1995 он хүртэл Тариалан сумын Хармаг хоршоонд ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг,
болон хавтаст хэрэгт авагдсан Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэл 3 Тээл бригад 1985-1991 оны хооронд ажиллаж байсан Жумдайн Хишигтийн ” ...1985 оны 02-р сараас 12 сард 1156.59, 1986 оны 01-р сараас 12-р сард 1810.55, 1987 оны 01-р сараас 12-р сард 1849.74, 1988 оны 01-р сараас 12-р сард 2347.74, 1989 оны 01-р сараас 12-р сард 1220.73, 1990 оны 01-р сараас 12-р сард 2413.15, 1991 оны 01-р сараас 12-р сард 13201.6...” төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон 2015 оны 08-р сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолтоор хангалттай нотлогдон тогтоогдож байна.
1992 оны 04-р сарын 01-ний өдрийн 105 дугаартай Увс аймгийн “Туяа” нэгдлийн ерөнхий хорооны даргын тушаал, 105 дугаартай тушаалын хавсралт /хх- 8,9/ нь энэ хэрэгт хамааралтай нотлох баримт биш тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Дээрх нотлох баримтуудыг дүгнээд Ж.Хишигтийг 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ж.Хишигт нь 1984 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2016 оны 02-р сарын 18-ны өдрийн 18 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нийгмийн халамжийн албаны тодорхойлолт, 2016 оны 02-р сарын 18-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2-р багийн Засаг даргын тодорхойлолтоор Ж.Хишигт нь “амжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар 2 дугаар бүлэгт хамрагдсан, тус багийн зорилтот бүлгийн өрх” болох нь нотлогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шалбаг Жумдайн Хишигт /РД:ОМ68082107/-ийг 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1984 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэлх ажиллаж байсан хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Ж.Хишигтийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон Ж.Хишигт нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Хишигт нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА