| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0198/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0198/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч С.Л,
Хохирогчийн өмгөөлөгч Э.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н холбогдох 1839002230180 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Тэмүүжингийн 48б-37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх С.Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хэрлэн сумын 4-р баг Тэмүүжингийн 48б-37 тоотод С.Л хэрүүл маргаан үүсгэж иргэн С.Л биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хэрлэн сумын 4-р баг Тэмүүжингийн 48б-37 тоотод иргэн С.Л биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Хэрлэн сум 4 дүгээр баг Эрчим 47б-37 тоот хашаанд 2017 оны 10 дугаар сарын 16-нд гэрээ барьж буусан. Буусан өдрөөс хойш 7 хоногийн дараа айлын эзэгтэй З нь энд байлгахгүй танайх манай хашаанаас хурдан нүү гээд байсан. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны 16 цагийн үед Зулаа гэдэг айлын эзэгтэй нь манайд орж ирээд танайх одоо хэтэрч байгаа юм биш үү хэзээ нүүх юм гэсэн. Би за за нөхөртэйгээ яръя гээд утсаар нь залгатал ээж утсыг нь авсан. Тэгтэл нөгөө эмэгтэй ирээд намайг утсаар ярьж дуусаагүй байтал хоёр хацар луу ээлжлээд 2-3 удаа алгадсан. Яагаад байгаа юм бэ гэсэн чинь би чамайг хашаандаа буулгасан юм чинь зодох эрхтэй гээд миний бага хүү 3 настай хүүг гадаа гаргаад үүд түгжээд зүүн талын гарын сарвуу хэсгийг маажиж, миний утсыг аваад утсаар цээж хэсэг рүү 3 удаа хатгаж толгой руу 2 удаа цохисон. Би хаалгаа онгойлгоод гэрээсээ зугтаачихсан юм. Дараа нь би цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17 тал/
Гэрч О.У мөрдөн байцаалтад өгсөн: “... Л манай төрсөн ах А эхнэр миний бэр эгч юм. Би хааяа нэг хөдөөнөөс ирэхдээ гэрт нь ирдэг. Л муудаж байгаагүй...” гэх мэдээлэг /хх-ийн 18 тал/
Гэрч О.А мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед манай эхнэр Л нь айлын эзэгтэй эмэгтэйтэй хэрүүл маргаан гаргасан гэж сонссон. Би аймагт 21-ний орой ирээд уулзахад айлын эзэгтэй надтай муудсан гэж хэлсэн. Би хэрүүлийн талаар сайн сонсоогүй. Манайх энэ айлын хашаанд 2017 оны намар 10 дугаар сарын 20 хавьцаа буусан юм. Тухайн үед хашааны төлбөр өгнө гэж яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/
Насанд хүрээгүй гэрч Л.Б: “...намайг сургууль дээрээ байхад манай ээж Л миний 90270085 гэсэн дугаарын утас руу утасдаад хашааны хүн намайг зодоод байна хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэр үед манай хичээл тарах дөхсөн байсан болохоор би хичээлээ тараад гэр лүүгээ явсан. Тэгээд хашааны гадаа ирэхэд манай ээж Л хашааны гадаа хөл нүцгэн З мод барьчихсан намайг оруулахгүй байна гээд зогсож байсан. Ээжийн хацар нь улаа бутарчихсан байсан. Тэгээд яасан гэж асуусан чинь З намайг алгадсан гэж хэлсэн. Тэгээд гэр лүү ороод хаана чинь өвдөж байна гэсэн чинь миний хавирга өвдөж байна З миний хавирга руу утсаар цохисон гэж хэлсэн. Ээжийн нүдний шилнийх нь өрөөсөн нь уначихсан байсан. Тэгэхээр нь унасан шилийг нь гэрээс олж өгөөд шилийг зүүлгэсэн. Тэгээд ээж цагдаа дуудсан чинь төд удалгүй цагдаа ирээд ээжтэй уулзчихаад хашааны эзэн З эгчтэй уулзэх гэсэн чинь Зулаа эгч хүүхдээ дагуулаад эмнэлэг дээр явж байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө цагдаа намайг дуудахаар хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд цагдааг явсны дараа ээж дүү нартайгаа гэртээ байж байхад цагдаа хүрээд ир гэж дуудахаар нь ээж дүү бид хэд хамт цагдаа дээр очсон. Тэгээд нөгөө цагдаа ээжээс мэдүүлэг авчихаад ээжийг эмнэлэгт орж үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд бид хэд эмнэлэг орж ээжийг эмчид үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/
Шинжээч эмч Л.Б: “...С.Л нь тухайн үедээ нэгдсэн эмнэлгийн лаборатороор цээжний зураг авахуулсан байсныг Хэнтий аймагт С.Л цээжний зургийг унших эмч байхгүй гэснээр манай байгууллагаас Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн газрын даргад тоот бичиж явуулаад Шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч ахлах ахлагч О тус цээжний зургийг уншиж явуулсан байсан. Оюунбаягалан эмчийн уншиж явуулсан бичгэн дээр С.Л зүүн 6-р хавирганы зах ирмэг далны шугамаар тэгш бус /хугарал/ гэснийг үндэслэн дүгнэлт гаргасан. С.Л биед үүссэн 6-р хавирганы хугаралаар хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосон. Харин Л биед үүссэн баруун нүдний доод зовхи, зүүн сарвуунд зулгаралт үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
Шинжээч эмч Т.Н: “...энэ зургийг Оюунбаягалан эмчээр уншуулахад зүүн 6-р хавирганы хугарал гэж уншигджээ. Тухайн оношилгооны хариуг үндэслэн Л.Б нь №192 дугаартай дүгнэлтийг гаргасан учир тухайн үедээ үндэслэлтэй байна гэж үзсэн. Өмнөх зургийг дахин уншуулахад 7-р хавирганы хугарал байна гэж С.Чулуунсүх эмч хариу уншуулсан. Хүний биед учирсан зүүн 7-р хавирганы гэмтэл нь Хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/
Шинжээч эмч С.Ч: “...Миний уншсан рентген зураг дээр 7-р хавирганы шинэ хугарал байсан. 5,6-р хавирга нь хугараагүй харин дотогш бага зэрэг хонхойж ясны хана зузаарсан байсан. О эмчийн зөрөөтэй уншсан асуудал тухайн үед КТГ зураг авагдаагүй зөвхөн цээжин дэх рентген зургаар яснууд давхардсан гарах зурагны чанар муу зэргээс зөрүү гарсан байж болно. Шинэ гэмтэл байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-67 тал/
2018.06.21-нийн өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №757 тоот дүгнэлт:
-С.Л биед зүүн 7-р хавирганы хугарал, баруун нүдний доод зовхи, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,
-С.Л биед зүүн 7-р хавирганы хугарал бүхий гэмтэл байна,
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан №192 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна...” /хх-ийн 48 тал/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2019.01.25-ны өдрийн Эрүүл мэндийн яамны оношилгоо судлалын салбар зөвлөлийн гаргасан дүгнэлт:
Цээжний тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ
-Зүүн талын 7 дугаар хавирганд суганы урд шугамын түвшинд хугаралтай. Хугарлын хэсэгт үрэвслийн нэвчдэстэй болно.
-Бусад яс болон зөөлөн эдийн эд, эрхтэнүүдэд өөрчлөлт үгүй болно.
2019.01.30-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн:
1. С.Л биед зүүн 7 хавирганы хугарал, баруун нүдний доод зовхи, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Б гаргасан хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №192 тоот дүгнэлтийн зүүн 6-р хавирганы хугарал гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №757 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
3. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Сонгдо эмнэлэгийн эмч Тунгалагийн бичсэн тодорхойлолтод зүүн 7 дугаар хавирга бороололт үүссэн хуучин хугаралтай... гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.Н дээрх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хохирогч С.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...надад өөр хүнд зодуулсан зүйл байхгүй, тухайн үед С.Н зодуулсан... Би одоо С.Н эмчилгээний зардал буюу эм тарианы мөнгө 233.550 төгрөг нэхэмжилж байна... ” гэсэн боловч хохирогчид учирсан бодит зардал буюу эм тарианы мөнгө, замын зардал гээд хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудын хүрээнд буюу 207.950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үлдэх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Н нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографикийн зураг, бичлэг, “УБ сонгдо” эмнэлэгт үзүүлсэн эмчийн тайлбар, Iphone-4 маркийн гар утас зэргийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Н нь түүнд оногдуулсан 500 нэгтжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографикийн зураг, бичлэг, “УБ сонгдо” эмнэлэгт үзүүлсэн эмчийн тайлбар, Iphone-4 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх
хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-с 207.950 /хоёр зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч С.Л-т олгож, үлдэх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, ба түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ