Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01370

 

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01159 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-гийн хариуцагч Г.О-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Г.О-тай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд түүний барьж байсан орон сууцны барилгын 5 дугаар давхраас 121,08 кв.м талбай бүхий 3 өрөө байрыг худалдан авахаар тохирч, гэрээ байгуулан төлбөрт нийтдээ 263,427,245 төгрөгийг бэлнээр болон бартерын ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх зэргээр төлж тооцоо хийж, 2016 оноос хойш эзэмшин амьдарч байгаа юм. Г.О- нь миний худалдан авсан орон сууцыг 2015 оны 12 дугаар сард 5 дугаар давхрын 1 тоот айлын гэрчилгээтэй хамтатган нэг гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, үүнийгээ барьцаалан бусдаас их хэмжээний мөнгө авсан байна. Шүүхийн шийдвэр гарч, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаанд оруулж, үнэлгээ хийнэ гэж ирснээр мэдсэн. Орон сууцны гэрчилгээ гармагц үлдэгдэл 37,200,000 төгрөгийг Г.О-д төлөх нь үнэн. Үүнийг гэрчилгээгээ авсны дараа төлнө гэдгээ түүнд илэрхийлсээр ирсэн. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо /одоо 23 дугаар хороо болсон/, Нүхтийн зам 28/8, 5-2 тоот буюу шинэ тоотоор 17 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Б.Э-тай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд 121.46 кв.мв талбайтай 3 өрөө орон сууцны гэрээ байгуулсан талаар маргахгүй. Харин нэхэмжлэгч болон бусад гэрээ байгуулсан этгээдүүдийн хувьд 2015 оны байдлаар гэрээний үүргүүд нь бүрэн биелэгдээгүй, өөрөөр хэлбэл, орон сууц худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан иргэд анх тохиролцсон бэлэн болон бэлэн бусаар тооцох төлбөрөө бүрэн төлөөгүйн улмаас барилгын ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэл учирсан. Барилгыг бүрэн барьж гүйцэтгэхийн тулд бусдаас зээл авах зайлшгүй шаардлага гарсан. Иймд маргаан бүхий орон сууцыг 1 тоот орон сууцтай хамтатган дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулж зээлэнд тавьсан. Одоогийн байдлаар нийт орон сууцнууд бүрэн борлуулагдаж дуусаагүйн улмаас зээлийн төлбөр саатаж байгаа нь үнэн. Миний бие өөрийн зүгээс үүсэж байгаа нөхцөл байдлуудыг шийдвэрлэхээр ажиллаж ирсэн боловч сүүлийн 3 жилийн хугацаанд цар тахлын улмаас үүссэн санхүүгийн хямралууд болон бусад эдийн засгийн бодит нөхцөл байдлаас шалтгаалан үр дүнд хүрэхгүй удааширч байгаа болно гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-г Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо /одоогийн 23 дугаар хороо/, Нүхтийн ам гудамж, 28/8 дугаар байрны 5 дугаар давхрын 2 тоот буюу 17 тоотод байрлах, 121,08 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,805,228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-аас 1,603,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хариуцагч Г.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан. Байр захиалгын төлбөр төлөлтийн графикт байрны захиалгын үнийг 320,325,595 төгрөг байхаар тооцож уг төлбөрөөс төлсөн төлбөрийг нь тооцож нэхэмжлэгч Б.Э- нь 141,333,880 төгрөгийн үлдэгдэлтэйгээр 2016 оны 05 сард тооцоо нийлсэн. Мөн хариуцагч талаас нотлох баримтаар барилгатай холбоотой бартераар хийх ажлуудыг тооцоод 75,648,150 төгрөгийн үлдэгдэл тооцоотой, энэ тооцоог барагдуулах тухайд мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан тухай баримтыг гаргаж өгсөн болно. Орон сууц захиалан бариулах гэрээний нийт үнийн дүн 320,325,545 төгрөг байна. Г.О- нь иргэн Б.Б-тай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнээс 200,000,000 төгрөгийг зээлж авахдаа тус байрны 5 давхрын хэсэгт байрлах, 400 м.кв талбай бухий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч Б.Э- нь 141,333,880 төгрөгийн төлбөрөө төлөөгүй, бартераар хийх төлбөрөө хийж гүйцэтгээгүй учир хариуцагч Г.О- нь аргагүйн эрхэнд Б.Б-аас 200,000,000 төгрөгийн зээлийг авч барилгын ажлаа гүйцэтгэснийг анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э-гийн эрхэд халдсан гэж дүгнэсэн нь хууль бус шийдвэр гаргах үндэслэл болжээ. Анхан шатны шүүх дээр дурдсан байдлуудаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь үндэслэлгүйгээр хязгаарлаж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон дүрмийг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзсэн. Нотлох баримтын шаардлага хангаагүй хүсэлтийг анхан шатны шүүхээс хүлээн авах боломжгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын хүсэлтээр удаа дараа хойшлуулж байсан. Шүүх хуралдааныг товыг мэдсэн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан байгаагаа илэрхийлэх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн цахим хаягаар явуулсан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийн нотлох баримт нь эх хувь биш боловч эмнэлгийн магадлагаанд эмнэлгийн тамга дарагдаагүй байсан. Мөн эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн сайдын баталсан тушаалд эмнэлгийн магадлагаа нь эмч болон эмнэлгийн тамгаар нотлох ёстой. Манай зүгээс гараашны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд орон сууцны төлбөрт 37,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг хүсэж байна. Тухайн маргаан бүхий хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураах, албадан дуудлага худалдаанд оруулах байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасан эрхийг сэргээлгэх, хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.   

2.Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Г.О-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх “хуралдааныг хойшлуулах тухай” хариуцагч талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагааг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь буруу болжээ.

3.а.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт шүүхийн цахим хаягаар ирүүлсэн байна. /хх-ийн 128-129-р тал/.

3.б.Анхан шатны шүүх тус хүсэлт болон эмнэлгийн магадлагааг дардас даран хүлээн авч хэрэгт хавсаргасан атлаа нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь цахим баримтыг үнэлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй.

3.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг, анхан шатны шүүх цахим баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасанд үндэслэлд хамаарч байна.

3.г.Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох орон сууцыг бусдад барьцаалан зээл авсан талаар талууд тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан.  

3.д.Дээрх тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагатай.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01159 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 1,759,578 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН                                                                                   ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

                                                                                         Г.ДАВААДОРЖ