| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0033/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0033/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М холбогдох 1839000000017 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цацалын 9-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Н.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн хорооллоос аймгийн Нэгдсэн эмнэлэг хүргүүлэх замдаа таксинд иргэн Г.Э Sumsung galaxy J5 маркийн гар утсаа гээгдүүлснийг завшиж 355.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багт иргэн Г.Э таксинд суухдаа гээгдүүлсэн “Sumsung galaxy J5” маркийн гар утсыг завшиж 355.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Э мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2019.01.04-ний өглөө 09.30 минутын үед гэрээсээ гарч ажил руугаа явах гээд байрныхаа хойд талд гараад такси барихад нэг шар ногоон өнгийн такси зогсохоор нь суугаад эмнэлэг рүү хүргүүлсэн. Ажил руугаа ороход утас байхгүй байна гэдгийг мэдээд хамт ажилладаг хүнийхээ утсаар өөрийн дугаар луу залгахад дуудаад авахгүй байсан. Дахин залгахад холбогдох боломжгүй болсон. Намайг өглөө таксинаас буухад Ханбүргэд дэлгүүрийн жолооч миний ард машинаасаа буугаад надад эм өгч оруулсан. Түүнийг миний буусан таксины дугаарыг харсан байж магад гээд очиж асуутал “тэр Н ах байсан ш дээ” гэхэд нь гэрийг нь заалгуулаад ирэхэд машинаа хашаан дотор оруулчихсан гэртээ байсан. Таны машин дотор утсаа гээгдүүлсэн байна гэсэн чинь машинд утас байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
Гэрч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн: “... тэр эмэгтэй эмнэлэг орно гэхээр нь шууд төв замаар баруун тийшээ яваад эмнэлэг дээр ирж буулгасан. Тэндээсээ эмнэлэгийн хойд хаалгаар гараад төв зам руугаа ороод Сангийн аж ахуйн Оч дэлгүүрийн баруун замаар урагшаа эргэхэд замын хажууд нэг залуу гар өргөхөөр нь нөгөө залууг авахад тэр залуу Давхар дэлгүүр орно гэсэн. Урагшаа төв замаараа явж байхад Өгөөмөр бойны эргэдэг хэсэг дээр нэг залуу гар өргөхөөр нь авсан. Давхар дэлгүүр дээр Оч дэлгүүрийн урдаас суусан залууг буулгачихаад чигээрээ явсаар Хийдийн сууринд нөгөө залууг буулгасан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
Н.М мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “... шар өнгийн суудлын машин зогсохоор нь тухайн машины арын хаалгыг онгойлгоод суусан. Машинтай төв замаар явж байхад Өгөөмөр бойны эргэдэг хэсгийн хажуунаас нэг эрэгтэй гар өргөж байхаар нь таксины жолооч нөгөө хүнийг авсан. Тэр хүн таксины урд суусан. Би Давхар дэлгүүрийн харалдаа зогсоод буух гэтэл миний халааснаас утас унах шиг болсон. Өөрийнхөө утсыг уначихлаа гэж бодоод нөгөө утсыг харалгүй шууд авч халаасандаа хийгээд таксинаас буусан. Таксинаас буугаад шууд Онцгой байдлын газар руу орсон. Тэнд нэлээн байж байгаад 11 цагийн үед гэртээ харих гээд ээжтэй утсаар ярих гээд утсаа гаргатал өөр хүний утас байсан. Гэр рүүгээ явахдаа нөгөө утаснаас симийг нь салгаад халаасандаа хийсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7 тал/
2019.01.08-ны №003 дугаартай шинжээчийн дүгнэлт: Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16 тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э 355.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эд зүйлээ хүлээж авсан нэхэмжлэх гомдол, санал, хүсэлт байхгүй /хх-ийн 45 тал/ гэсэн тул шүүгдэгч Н.М бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.М бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200 000 / хоёр зуун мянга / төгрөг төлөхөөр буюу 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ