Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01386

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/01923 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2021/15631 дугаартай шийдвэрээр “Б-” ХХК болон Ч.Д- нараас 215,752,000 төгрөгийг гаргуулж “А-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэж дараах үндэслэлээр гомдол, нэхэмжлэл гаргаж байгаа болно. Үүнд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлбөр авагч талаас хүсэлт гарахдаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар гомдол, шаардлага гаргаагүй байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, /16102/, Товчооны гудамж 286 тоот хаягт байрлах, 1020.4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. Энэхүү ажиллагаанд төлбөр төлөгч хуулийн этгээдийн нөгөө хувьцаа эзэмшигч болох Г.Наранцацралын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Хэрэв барьцааны зүйлийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан байхыг шаардана. Шинжээчээр Б.Б- гэгч этгээдийг томилсон. Гэтэл “Х-” ХХК үнэлгээний тайлан гаргасан. “Х-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлийг бичсэн байх бөгөөд энэ нь 2021 оны 03 сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна. Иймээс Шүүхийн шинжилгээний тухайн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчиж, дүгнэлт гаргуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн зарчимд харшилж байна. Шинжээч томилох тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.8-д заасан тогтоолд гомдол гаргах журам, хугацааг тодорхой заагаагүй байгаа нь мөн зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Шийдвэр гүйцэтгэгчээс гаргаж байгаа аливаа үйлдэл, шийдвэр нь ямагт талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байдаг учраас аливаа тогтоолд гомдол гаргах боломжийг олгохоор хуульчилсан байна. Энэхүү тогтоолыг “Б-” ХХК хувьцаа эзэмшигч Г.Наранцацралд танилцуулаагүй, түүнээс үнэлгээний санал аваагүй, тайланг танилцуулаагүй нь гомдол гаргах эрхийг зориуд хязгаарласан үйлдэл болжээ. Хуулиар олгосон гомдол гаргах боломжийг олголгүйгээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/Ш32021/15631 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, /16102/, Товчооны гудамж 286 тоот хаягт байрлах 1020,4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч нараас үнийн санал авахад “Б-” ХХК нь 1,450,000.000 төгрөг, Ч.Д- нь 1,400,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан. Шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 765,098,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Анхны албадан дуудлага худалдааг зарлагдсан боловч дуудлага худалдаанд хөрөнгийг оруулаагүй. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн тул дуудлага худалдаанаас материалыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хасуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3.Анхан шатын шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдох Х- ХХК-ийн үнэлгээчин Б.Б- 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б- ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын Ү-2204005333 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Товчооны зам гудамж, 28б тоот хаягт байрлалтай, 1020.4м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 765,098,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/19 дугаар тогтоолын дагуу явуулах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Б-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүрдүүлбэр хангаагүй гэж хүлээн авахаас татгалзан хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэгэнт хүлээн авсан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх буюу ихэсгэх, багасгах нь нэхэмжлэгчийн хүсэл зориг юм. Гэвч анхан шатны шүүх өөрт олгогдоогүй эрхийг эдэлж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхэд халдсан үйлдэл болжээ. Нөгөө талаар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

4.а.Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ямар нэгэн заалт байхгүй байхад барьцаанд бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа, түүнийг хүчингүй болгоогүй, хүчингүй болгох талаар шүүхийн шийдвэр, тогтоол гараагүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шээхийн шийдвэрт тусгагдаагүй асуудлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дур мэдэн явуулсан гэж үзэхээр байна. Энэ нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар дахин шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсний үндсэн дээр барьцаа хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ.

4.б.Шүүхийн шинжилгэний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу Б.Б-д эрх, үүргийг танилцуулчихаад “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэл болгон дуудлага худалдааг зохион байгуулах гэж байгаа нь төлбөр авагчийн эрхийг илтэд зөрчсөөр байхад зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал шинжээч томилох тухай тогтоолоор нэг этгээдийг томилчихоод нөгөө этгээдээс дүгнэлт гаргуулан авсан, урьдчилан тодруулах асуудлуудыг тодруулалгүйгээр томилчихоод дараа нь тодруулах замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хуульд нийцээгүй. Мөн холбогдох журмын дагуу шинжээчийг томилоогүй. Өөрөөр хэлбэл жагсаалтанд багтаж үнэлгээний ажил гүйцэтгэхийн тулд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ашиг сонирхолд нийцүүлэн дүгнэлт гаргадаг гэж хэлж болохоор байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн А/45 дугаартай тушаалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журмыг баталсан бөгөөд энэ захиргааны хэм хэмжээний акт гадагш чиглэсэн, нийтээр дагаж мөрдөхөөр захирамжилсан гэж үзэхээр байна. Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлж байж хүчин төгөлдөр үйлчилдэг. Гэвч энэ тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь хууль бус, сонгон шалгаруулалт нэрээр ашиг сонирхол бүхий этгээдүүдийг сонгон, хууль бусаар хамтран ажиллаж өөрийн байгууллагад ашигтай үнэлгээний дүгнэлтийг гарган төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн үйлдэл байхад үндэслэлгүйгээр хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн гэж үзэж байна. “Шинжээч томилох тухай тогтоол”-д гомдол гаргах журам, хугацааг тодорхой заагаагүй. Шийдвэр гүйцэтгэгчээс гаргаж байгаа аливаа үйлдэл, шийдвэр нь ямагт талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байдаг учраас аливаа тогтоолд гомдол гаргах боломжийг олгохоор хуульчилсан байна. Энэхүү тогтоолыг төлбөр төлөгч “Б-” ХХК-д танилцуулаагүй нь гомдол гаргах эрхийг зориуд хязгаарласан үйлдэл болжээ. Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагын тухайн анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзнэ. Учир нь албадан дуудлага худалдаа явуулсан талаар хариуцагчийн тайлбараар тодорхой болсон. Үүнийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ч анхан шатны шүүх хүлээн аваагүй. Ийнхүү хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн зүгээс гаргасан гомдлыг хэлбэрийн төдий шийдвэрлэдэг шүүхийн практикийг дагасан үндэслэл муутай дүгнэлт, шийдвэр болжээ. Зүй нь нэхэмжлэгчийн зүгээс гаргасан аливаа гомдол, нэхэмжлэлийг шүүх тал бүрээс нь бодитой дүгнэсний эцэст үндэслэл бүхий хариу буюу шийдвэрийг гаргах үүрэгтэй. Үндэслэлтэй байна, үндэслэл тогтоогдохгүй байна гэх мэтээр дүгнэж байгаа нь өөрөө үндэслэл муутай гэж үзэхээр байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдол, нэхэмжлэлд үндэслэлтэй хариу өгөх үүрэгтэй гэж хуульд заасантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

            5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

            2.Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2021/15631 дугаар захирамжаар Б- ХХК, Ч.Д- нар нь 215,752,000 төгрөгийг “А- ББСБ ХХК2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталгаажуулжээ. /хх-ийн 26-р тал/

4.а.Төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “А- ББСБ” ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 627 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 24-р тал/

 

4.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, төлбөр төлөгч Б- ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 20хороо, Үйлдвэрийн бүс, /16102/, Товчооны гудамж 28б тоот хаягт байрлах 1020,4 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 30-33-р тал/

 

4.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч “Б-” ХХК-аас үнийн санал авахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,450,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 34-35-р тал/

 

4.г.Талууд дээрх байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь шинжээч томилсон байна. /хх-ийн 35-р тал/. Шинжээч “Х-” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 765,098,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Б-” ХХК-д мэдэгджээ. /хх-ийн 46-р тал/

 

4.д.Эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хуулиар тусгайлан зохицуулсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах журамтай. Гэвч нэхэмжлэгч Б- ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.е.Түүнчлэн, хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

4.ё.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн 102/ШЗ2023/00277 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор албадан дуудлага худалдаа явагдаагүй, мөн нэхэмжлэгч нь энэ талаарх гомдлыг ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг залруулах шаардлагатай.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гүйцэтгэх баримт бичигт заагаагүй байхад ажиллагаа явуулсан, шинжээч томилох тогтоолд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, эдгээр ажиллагаа журам зөрчсөн, Б.Б-г шинжээчээр томилсон байхад “Х-” ХХК хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь үндэслэлгүй” гэх агуулгыг заажээ.

 

6.а.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж,

мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.

 

6.б.Нэхэмжлэгчийн хувьд дээрх хуульд зааснаар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, эдгээр ажиллагаа нь хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журамтай байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.в.Б.Б-г шинжээчээр томилсон байхад “Х-” ХХК хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь үндэслэлгүй гэх гомдлын тухайд 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж заасан. Үнэлгээчин Б.Б- нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд үнэлгээчин нь “Х-” ХХК-аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр дээрх үнэлгээг гаргасан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-ийн 37, 45-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/01923 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 66 дугаар зүйлийн 66.1 ...” гэснийг “44 дүгээр зүйлийн 44.3, 44.4” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЭНХБАЯР

                                   ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 Г.ДАВААДОРЖ