Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2016/00034

 

 Т.Занабазарын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 138/ШШ2016/00691 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Занабазарын давж заалдах гомдлоор Т.Занабазарын нэхэмжлэлтэй, Булган сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт холбогдох төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол 124100000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Занабазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн түүний Тамгын газар нь дуудлага худалдаа явуулж Булган сумын 3-р баг Хайчингийн хөндийн тариан талбайн 1000 га газрыг Цагаан эрэг трэйд ХХК-д ашиглуулахаар болж Булган сумын Засаг дарга С.Туяа 2015 оны 4 сарын 28-ны өдөр Цагаан эрэг трэйд ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнгөнчимэг нь 2015 оны 4 сарын 28-ны өдөр 38 тоот тус сумын 3-р багийн нутаг Хайчингийн хөндийн тариан талбайн 1000 га газрыг Цагаан эрэг трэйд ХХК дуудлага худалдаагаар худалдан авч уринш бэлтгэхээр пойл шатаах хүсэлт ирүүлсний дагуу Булган сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж хүн хүч дайчлан ажиллуулах тул зөвшөөрөл олгоно уу гэсэн утагтай албан бичиг үйлдэн Аймгийн байгаль орчин аялал жуучлалын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Ганцогтод хандсан байдаг. Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнгөнчимэг нь 2015 оны 4 сарын 28-ны өдөр 37 тоот Тус сумын 3-р багийн нутаг Хайчингийн хөндийн тариан талбайн 1000 га газрыг Цагаан эрэг трэйд ХХК-д дуудлага худалдаагаар худалдан авч уринш бэлтгэхээр пойл шатаах хүсэлт ирүүлсний дагуу Булган сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж хүн хүч дайчлан ажиллуулах тул зөвшөөрөл олгоно уу гэсэн албан бичиг үйлдэн Аймгийн онцгой байдлын хэлтсийн хурандаа Н.Гантөмөрт хүсэлт гаргасан байдаг. Мөн 2015 оны 4-р сарын 28-ны өдрийн 37,38 тоот албан бичгүүдийнхээ хариуг авалгүй зөвшөөрөл өгөөгүй байхад Булган сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан 14 хүнтэй ажлын хэсэг гарч 2015 оны 4 сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 04 цагийн үед гал тавьж тариан талбайн өвсийг шатааж байгаад өглөөний 07 цагийн орчимд салхи ширүүсэхээр нь уг галыг цурманд оруулсан боловч мөн өдрийн 10 цагийн орчимд уг цурамнаас гал алдсан болохыг Б.Соёлчхүү нарт холбогдох 20151100254 дугаартай хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Булган сумын Засаг даргын тамгын газрын дарга Мөнгөнчимэгийг иргэний хариуцагчаар татсан байсан. Тариалан эрхэлдэг компаниуд нь тариа тайлбан өвсийг шатаахдаа эхлээд зориулалтын өвс хадагчаар өвсөө хяргаж сул өвсөө хураан авч үлдсэн тачир хэсгийг шатаадаг ингэхдээ онцгой байдлын ажилчдыг дүрэм журам баримтлан ажиллуулаагүй нь нотлогдож байна. Булган сумын Засаг даргын Тамгын газар нь тариан талбайг шатаах зөвшөөрөл аваагүй байсан. Булган сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүү нарт холбогдох хэрэг Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсны улмаас хариуцагчаар Булган сумын засаг даргын Тамгын газрыг татсан байгаа. Булган сумын Засаг даргын Тамгын газар нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж гал алдсан. Тус сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан 14 хүнтэй ажлын хэсэг тариан талбайн өвсийг шатааж байгаад гал алдсаны улмаас 95 иргэнд эд хөрөнгийн хохирол учирсан нь Булган сумын Засаг дарга, түүний Тамгын газрын буруутай ажиллагаа шууд нөлөөлсөн байх тул гэм хор учруулсны хохирлыг хариуцна гэж үзэж байна.

Булган сумын нутагт гарсан гал түймэр нь 4 сарын 29-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Чулуутын ар гэх газарт хүрч, тэнд нутаглаж байсан манай мал гал түймэрт өртөж  25 тугал, 86 үнээ, 50 бяруу, 1 бух, 1 эр үхэр, 2 шүдлэн үхэр буюу нийт 165 үхэр, мөн 1 азарга, 8 гүү, 2 унага, 3 үрээ буюу нийт 14 адуу ба  нийт 179 толгой бод мал галд шатсан байна. Би галд шатсан малаа тухайн үеийн орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлсэн.

Төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа буюу ажиллаж байсан хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан зохицуулалт, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-т заасан үндэслэлээр Булган сумын Засаг даргын Тамгын газраас гэм хорын хохирол болох 124100000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган сумын Засаг дарга түүний Тамгын газраас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4 сарын 27-ны өдөр би ажил явдалтай байсан. 4 сарын 28-ны өдөр би ажил дээрээ ирэхэд манай орлогч над дээр орж ирээд пойл шатаах гэж байна. Танаас бичиг авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би зөвшөөрөл өгөхгүй гэдгээ хэлээд аймгийн Онцгой байдлын хэлтэс рүү залгасан. Аймгийн онцгой байдлын хэлтэс зөвшөөрөл өгөөгүй. Урьд өмнө нь пойл шатааж байгаад гал алдсан удаа байгаа учраас болохгүй гэж хэлж байсан боловч Цагаан эрэг трейд компанийхан миний өрөөнд орж ирээд намайг дарамталсаар байгаад аймгийн Онцгой байдлын хэлтэс болон Байгаль орчны хэлтэсрүү албан тоот бичиг явуулсан. Би тухайн хүмүүст зөвшөөрөл өгөхгүй гэж хэлж байсан. Би энэ хүмүүст холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон тухай сая л мэдэж байна. Тухайн үед манай Тамгын газар дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тоот ирээгүй. Мөн Тамгын газар энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Засаг дарга пойл шатаах зөвшөөрлийг өгөөгүй гэдгээ хэлсэн. Тухайн компани пойл шатаах гэсэн юм, хүн хүч гаргаж өгөөч гэж Засаг даргад хандсан байсан. Засаг дарга зөвшөөрөхгүй байсан бөгөөд Цагаан эрэг компанийн захирал явна гээд байсан болохоор эрсдэл гарсан тохиолдолд цаад талд нь Цагаан эрэг трейд компани байгаа шүү гэдэг үүднээс гэрээ байгуулсан тухайгаа хэлсэн. Уг нь гал түймэр болон онцгой байдал гарсан тохиолдолд Засаг даргын орлогчид тэддүгээр ээлжийн хүмүүсээ аваад яв гэсэн үүрэг чиглэлийг өгдөг байсан. Пойл шатаах ажилд бол ээлжийн хүмүүсийг өгөөгүй. Соёлчхүү өөрөө дур мэдэн хүмүүс цуглуулж явахад нь Засаг дарга хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс зааварчилгаа өгсөн байсан. Түүнээс манай байгууллагын зүгээс уг компанид зөвшөөрөл өгөөд албан ёсны тушаал шийдвэр гаргаж пойл шатаах ажилд оролцоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Занабазараас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт огт хамаагүй асуудал байдаг. Мөн тухайн үед Б.Соёлчхүүгээр ахлуулсан баг пойл шатаах ажилд гарах гэж байхад Булган сумын Засаг дарга өрөөндөө дуудаж нэр бүхий хүмүүст зааварчилагаа өгсөн байдаг. Юуны талаар зааварчилгаа өгсөн юм бэ гэхээр хүмүүсийнхээ аюулгүй байдлын талаар зааварчилгаа өгсөн байдаг. Хамгийн гол нь Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга Цагаан эрэг трэйд ХХК-д пойл шатаах зөвшөөрөл өгөөгүй байсан. Тухайн пойл шатаасан Цагаан эрэг ХХК нь дур мэдэн пойл шатааж цурам алдсанаас гал алдсан. Хамгийн гол нь Булган сумын Засаг дарга болон түүний Тамгын газар, мөн Засаг даргын орлогч, газрын даамал нарын Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад гэм хор учруулсан гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 138/ШШ2016/00691 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Булган сумын Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдох Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол 124100000 /нэг зуун хорин дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Занабазарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Т.Занабазар нь хариуцагчаа зөв тодорхойлж, хариуцагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харъяаллын шүүхэд өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Занабазар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Занабазар давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 138/ШШ2016/00691 дугаар шийдвэрт Цагаан эрэг трейд ХХК нь өөрийн эзэмшиж буй Хайчин гэх тариан талбайд уринш хийхтэй холбогдуулан 1000 га талбайг цэвэрлэж шатаахад ажиллах хүчээр хангах тухай хүсэлтийг тус сумын Засаг даргад тавьсан байх бөгөөд Засаг дарга тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ажиллах хүч өгсөн боловч тариан талбайг шатаах зөвшөөрлийг өгөөгүй болох нь тогтоогдож байна гэжээ. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлтийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Булган сумын ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнчимэгийн 2015.04.28-ны 38 тоот аймгийн БОАЖГ-ын дарга Д.Ганцогтод явуулсан албан бичиг, мөн 2015.04.28-ны өдрийн 37 тоот аймгийн ОБХ-ийн дарга Н.Гантөмөрт явуулсан албан бичгийн агуулгаас үзэхэд Цагаан эрэг трейд ХХК-ийн захирал А.Гантулга “уринш бэлтгэхээр пойл шатаах” хүсэлтийг Засаг дарга, түүний Тамгын газарт гаргасан бөгөөд харин уг хүсэлтийг хүлээн авч, улмаар өөрсдөө хүн хүч дайчлан пойл шатаах зөвшөөрөл авахаар аймгийн БОАЖГ болон ОБХ-т хандсан болох нь тодорхой байна. А.Гантулга Булган сумын Засаг даргад хандан тариан талбайн пойл шатаах, уг ажлыг ЗДТГ-аар гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгох өргөдөл гаргажээ. Энэ өргөдлийг Булган сумын Засаг дарга, түүний Тамгын газар хүлээн авч, ИТБАТГӨГШТХ-ийн 7, 9, 13, 15, 18, 19 дүгээр зүйлд заасан зохицуулалтын хүрээнд хүлээн авсан. Түүний өргөдлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх үүргийг Булган сумын Засаг дарга, Тамгын газар хуулиар хүлээж, улмаар өргөдлийг нягтлан үзээд гал түймрийн аюултай үед тариан талбайн өвс шатаахыг хуулиар хориглосон байна гэсэн хариу өгөх байтал А.Гантулгаас төлбөр авч, өөрсдөө тариан талбайн өвсийг шатаасан байна. Түүнчлэн Булган сумын Засаг дарга, Тамгын газар нь А.Гантулгын гаргасан өргөдлийг хүлээн авсныхаа дараа холбогдох байгууллага руу албан бичиг явуулж, Засаг даргын орлогчоороо ахлуулсан иргэдээр өвс шатаалгахаар явуулсан үйлдлийг хууль ёсны болсон гэх үндэслэл байхгүй бөгөөд энэ үйлдлийг А.Гантулгын хууль бус үйлдэл гэж андууран авч үзэх, түүнд бурууг тохох нотлох баримт, хуулийн үндэслэл байхгүй байгааг нягтлан үзнэ үү.

Иргэн А.Гантулга нь хуулийн дагуу төрийн албан тушаалтанд хүсэлт тавьж шийдвэрлүүлэх эрхээ эдэлснийхээ төлөө ямар нэг хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Булган сумын Засаг дарга, түүний Тамгын газар нь дээрх үүргээ биелүүлж, иргэнд хариу өгөхдөө МУЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.н, е, 29.1.6.а, г, л,  Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1, Ойн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.17, 3.1.18, 18 дугаар зүйлийг ноцтой зөрчин шийдвэр гаргажээ.

Шүүх албан үүргээ зөрчсөн гэдгийг төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ зөрчсөнийг ойлгоно гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 1, МУЗЗНДНТУТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаас үзвэл сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудлыг ажлын байрны тодорхойлолтоор авч үзэхгүй нь тодорхой байна. Харин сумын Засаг дарга дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ямар хуулиар эрх олгосон, үүрэг хүлээлгэснээс хамаарч албан үүргээ зөрчсөн эсэхийг тодорхойлох нь хуульд нийцэж байна.

Мөн шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт миний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын зарим хэсгийг буюу холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэснийг орхигдуулан бичсэн байгааг эс зөвшөөрч байна. Булган сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газар нь дээр дурдсан хуулийн заалтуудыг илтэд зөрчин иргэн А.Гантулгын өргөдлийг шийдвэрлэж, түүнээс төлбөр авч, улмаас Тамгын газрын дарга Б.Мөнгөнчимэгээр 37, 38 тоот албан бичиг үйлдэн пойл шатаах хүсэлтийг Аймгийн ОБХ, БОАЖГ-т тус тус явуулж, зөвшөөрөл олгоогүй байхад, Засаг дарга нь орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан хүмүүсийг өрөөндөө хүлээн авч, үүрэг даалгавар өгч, ЗДТГ-аас санхүүжүүлэн тариан талбайн өвс шатаалгаж, улмаар гал алдсан үйлдлээсээ хор уршиг учирсан асуудлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан үндэслэлийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Занабазар Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга, түүний Тамгын газраас төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол 124100000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2015 оны 04 сарын 29-ний өдрийн 10 цагийн үед Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Хайчингийн хөндийн“ тариан талбайд өвс шатааж байгаад унтраасан цурамнаас гал алдаж гарсан түймэр мөн өдрийн шөнө 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хүрч тус нутагт амьдарч байсан нэхэмжлэгч Т.Занабазарын 179 тооны бод мал түймэрт шатаж, нэхэмжлэгчид 124100000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаар талууд маргаагүй ажээ. /хх-ийн 91-95, 103-116 дахь талууд/

Хариуцагч Булган сумын Засаг дарга, түүний Тамгын газар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад гэм хор учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга, түүний Тамгын газар нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 сарын 18-ны өдрийн тогтоолын дагуу Булган сумын 3 дугаар багийн нутаг “Хайчингийн хөндий“ гэх газарт тариалангийн зориулалттай 1000 га газрын дуудлага худалдаанд “Цагаан эрэг трейд“ ХХК ялж, 2015 оны 03 сарын 20-ны өдрийн А/33 тоот Засаг даргын захирамжаар тус газрын эзэмшигч болсон байна. /хх-ийн 35, 37-39 дахь талууд/

“Цагаан эрэг трейд“ ХХК нь 2015 оны 04 сарын 28-ны өдөр Булган сумын Засаг даргын Тамгын газарт “тус компанийн эзэмшилд байгаа Хайчингийн тариан талбайд уринш хийх үйл ажиллагаатай холбогдон олон жилийн хур их зэрлэг ургамлыг устгах зорилготойгоор Булган сумаас ажилчид авч ажиллуулах“ тухай хүсэлтийг гаргажээ. /хх-ийн 40 дэх тал/

Хариуцагч Булган сумын ЗДТГазар /гүйцэтгэгч/ 2015 оны 04 сарын 28-ны өдөр “Цагаан эрэг трейд“ ХХК-тай /захиалагч/ хамтран ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээндээ “захиалагч нь 1000 га талбайг шатаалгахад /цаашид ажил гэх/ 2600000 төгрөг /цаашид гэрээний үнэ гэх/ нийлүүлэхээр тохирч гэрээний 3.1 дэх заалтын дагуу урьдчилгаа төлбөрт 1400000 төгрөгийг олгосон байна. /хх-ийн 14, 15 дахь талууд/

Булган сумын Засаг дарга 2015 оны 04 сарын 28-ны өдөр Аймгийн Онцгой байдлын хэлтэс болон Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газруудад  “Хайчингийн хөндийн“ тариан талбайн 1,0 га газарт уринш бэлтгэхээр пойл шатаахад хүн хүч дайчлан ажиллуулах зөвшөөрөл олгохыг хүссэн  37, 38 тоот албан бичгийг  явуулсан байна. /хх-ийн 8, 9 дэх талууд/

Хариуцагч Булган сумын ЗДТГазар нь “Цагаан эрэг трейд“ ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр  Булган сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан сумын 12 иргэн  2015 оны 04 сарын 29-ны өглөө үүрээр “Хайчингийн хөндийн“ тариан талбайд өвс шатаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Ийнхүү тус сумын нутаг “Хайчингийн хөндийн“ тариан талбайд өвс шатааж байгаад унтраасан цурамнаас түймэр гарч, гарсан түймэр нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт амьдарч байсан нэхэмжлэгч Т.Занабазарын эд хөрөнгөнд 124100000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан тул  уг гэм хорын хохирлыг хариуцагч Булган сумын ЗДТГазар арилгах үүрэгтэй байхад анхан шатны шүүх Булган сумын ЗДТГазрыг хариуцагч биш гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалттай нийцээгүй байна.

     Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэм хорын хохирлыг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Мөн хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 138/ШШ201600691 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас 124100000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Занабазарт олгосугай“ гэж өөрчилсүгэй.

2. 3 дахь заалтыг “2“ болгон, мөн заалтын “... дурдсугай“ гэснийг “...дурдаж“ гэсний дараа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Булган сумын ЗДТГазраас  778450 төгрөгийг  гаргуулж улсын орлого болгосугай“ гэсэн нэмэлт оруулсугай.

3. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, “4, 5, 6“ дахь заалтуудын дугаарыг “3, 4, 5“ гэж өөрчилсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

            ШҮҮГЧИД                                                Я.АЛТАННАВЧ           

                                                                               З.ЭНХЦЭЦЭГ