Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0162

 

2019 оны 3 сарын 20 өдөр           Дугаар 221/МА2019/0162                            Улаанбаатар хот

“Ц а х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Ц.Н нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 119/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “Ц а х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 119/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, 15.1.12 дахь заалтуудыг баримтлан “Ц а х” ХХК-ийн Орхон аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ц а х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Тус шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэн завж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах нь зүйтэй байна. Үүнд:

Холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

Нэхэмжлэгч “Ц а х” ХХК нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тодруулбал: Үндэсний аудитын газрын харьяа, Орхон аймгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хууль, Газрын тухай хууль, аудитын холбогдох дүрэм, журмыг зөрчиж, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаар албан шаардлагаар нэхэмжлэгч “Ц а х” ХХК-ийн-д эзэмшүүлэхээр олгосон 700 м.кв газрын шийдвэрийг хүчингүй болгож, биелэлтийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасан байдаг. Хариуцагч байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 245 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хариуцагч байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн нотлох баримт хүргүүлэх тухай албан тоот, хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан хариуцагч байгууллагаас ирүүлсэн “Газрын тухай хуулийн хэрэгжилт, 2014-2018 оны газар олголт зохион байгуулалт төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн гэх баримтуудаар тус тус нэхэмжлэгч “Ц а х” ХХК-д газар эзэмшүүлэхээр олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар хариуцагч нь Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасан нь нотлогдож байхад шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нөгөө талаас Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр албан шаардлагаар Үндэсний аудитын газрын харьяа, Орхон аймгийн аудитын газар 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаар албан шаардлагыг үндэслэл болгон газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн үзэж хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тохиолдлуудыг хуульчилсан байх бөгөөд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн үзэж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 270 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж хуульчилсан. Хэрвээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал хэргийн үйл баримтад дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

“Ц а х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Орхон аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах”-аар “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжаар дээрх албан шаардлагыг үндэслэж “Ц а х” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, тус хэргийг тусгаарлан шийдвэрлэжээ.

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд “Газрын тухай хуулийн хэрэгжилт, 2014-2016 оны газар олголт, зохион байгуулалт, төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн” гүйцэтгэлийн аудитыг хийж гүйцэтгэсэн ... “Ц а х” ХХК-д ... 700 м.кв газрын худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь ... 2014 оны 1400 м.кв газарт баригдсан худалдаа үйлчилгээний төвийн барилгын зурагт авто зогсоол байхаар тусгагдсан газрыг давхардуулан эзэмшүүлсэн тул ... албан шаардлага” хүргүүлсэн гэжээ.

Үндэсний аудитын газрын харьяа Орхон аймгийн аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагын 1 дүгээр хавсралтаар “Газрын тухай хууль зөрчсөн шийдвэрээр газар олгосон иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалт”-ыг гаргасан уг жагсаалтын өмнөх онд гарсан Засаг даргын захирамжтай байршил давхацсан газар гэх хэсэгт нэхэмжлэгч “Ц а х” ХХК багтсан байна.

Мөн уг албан шаардлагын шаардах хэсэгт “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй иргэнд эзэмшүүлэхээр олгосон 700 м.кв газрын шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилган, биелэлтийг ... ирүүлэхийг ... даалгав” гэсэн байх бөгөөд албан шаардлагын 1 дүгээр хавсралтад заасан аж ахуйн нэгжийн ямар зөрчлийг, хэрхэн арилгах талаар заагаагүй байна.

Хариуцагчаас маргаан бүхий актыг Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно” гэж заасны дагуу гүйцэтгэлийн аудит хийсэн гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл төрийн аудитын байгууллага нь тухайн захиргааны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах эрх хэмжээтэй. Харин Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Төрийн аудитын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдэд заасан санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн аудит гэдэг нь тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг хянах мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан аудитын төрөл байна. Хариуцагч мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх ...” гэж заасныг зөрчиж, аудитын явцад илэрсэн төлбөр, санхүүгийн зөрчлийг барагдуулах талаар бус Газрын тухай хуулийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудитын хийсэн нь дээрх хуулийн зорилгод нийцээгүй, өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Гэтэл анхан шатны шүүх “... аудит хийж, зөрчлийг илрүүлсэн, бүрэн эрхийн хүрээнд албан шаардлагыг шалгуулсан төрийн байгууллагад хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй боловч уг албан шаардлагад “Ц а х” ХХК-ийн газар эзэмших шийдвэрийг хүчингүй болгох талаар тодорхой тусгасан зохицуулалт байхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Хариуцагчаас өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар аудит хийж, маргаан бүхий албан шаардлагыг гаргасан байна. Нэхэмжлэгчээс тус албан шаардлагыг “хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөж буй хэсэгтэй холбогдуулан маргасан гэж үзэхээр байх тул маргаан бүхий албан шаардлагын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 119/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан “Ц а х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагын “Ц а х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц а х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц а х” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ