Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/0113

 

“ЭМҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

УБЕГ-т холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:     Х.Батсүрэн,

Танхимын тэргүүн:  Ч.Тунгалаг,

Шүүгчид:                       М.Батсуурь,

                                          Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:          П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: УБЕГ-ын даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1270 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.2.3-т “Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа” гэх хэсэг, 3.5-д “Энэ журмын 3.4-д заасан үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн мэдээллийг энэ журмын 3.1-3.3-т заасан эцсийн өмчлөгч хүнийг бүртгэх хүртэл задална” гэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах;

2. Хэргийн нөхцөл байдал: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд УБЕГ-аас хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгэх журам гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс “Компанийн эцсийн өмчлөгчөөр гүйцэтгэх захирал, компанийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа хүнийг бүртгэх нь хууль зөрчсөн, ашиг хүртэгчийг бус хөлсөөр ажиллаж байгаа хүнийг бүртгэх нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчиж байна” гэж маргажээ.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “...Маргаан бүхий журмын тусгайлсан заалтууд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалттай агуулгын хувьд адилхан,  хууль тогтоомжийн хүрээнд эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь шууд утгаараа Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч буюу компанийг өмчлөгч этгээдийг тодорхойлж байгаа асуудал биш, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй” гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүхэд гаргасан гомдолдоо: Тухайн компанийн ажиллагааг удирдан чиглүүлж байгаа этгээд гэдэг нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-т зааснаар компанийн гүйцэтгэх захирал (удирдлага) гэж ойлгогдож байгаа. УБЕГ- ч мөн уг заалтыг үндэслэн компанийн гүйцэтгэх захирлыг хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр бүртгэж эхлээд байгаа юм.

5. Гэтэл гүйцэтгэх захирал гэдэг бол Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл эсхүл хувьцаа эзэмшигчдийн хуралтай хөдөлмөрийн гэрээ (контракт) байгуулсны үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа, хөлсөөр ажиллаж байгаа этгээд юм. Гүйцэтгэх захиралд олгогдсон эрх нь компанийн дүрэм болон түүнтэй байгуулсан гэрээгээр хязгаарлагддаг бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах, ажилтан ажилд томилох нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Харин өмчлөх эрх буюу тухайн компанийн өмч хөрөнгө, түүний дотор компанийн хувьцааг барьцаалах, худалдан борлуулах өвлүүлэх зэрэг өмчлөх эрхтэй холбоотой эрхийг хэрэгжүүлэх эрхгүй субъект юм.

6. Гүйцэтгэх захирал буюу хөлсөөр ажиллагч этгээдийг тухай компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэх нь тухай компанийн жинхэнэ өмчлөгч болох хувьцаа эзэмшигчдийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэсэн зохицуулалт биелэгдэх боломжгүй болох юм. Үүнээс гадна гүйцэтгэх захирлыг өмчлөгчөөр бүртгэх нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй (Public listed) компаниудын хувьд биелүүлэх боломжгүй нөхцөлд оруулах юм. Учир нь хувьцаат компанийн хувьцаа нь хувьцаа эзэмшигчдийн өмч юм. Хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувь хэмжээгээр тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, ногдол ашиг авах эрхийг эдэлдэг. Харин гүйцэтгэх захирлын хувьд гэрээний үндсэн дээр хөлсөөр ажил гүйцэтгэж байгаа этгээд бөгөөд өмчлөх эрх хамаарахгүй этгээд юм.

7. Манай улс дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж, гүйцэтгэх захирлыг эцсийн өмчлөгчөөр бүртгэх нь зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байна.

8. Дүгнэж үзвэл “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.2.3 дахь хэсэгт заасан “...энэ журамд заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухай хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлэг этгээд”-ийг эцсийн өмчлөгчөөр бүртгэх зохицуулалт нь: 1. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийн хуулиар хамгаална”; 2. Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно”; 3. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасан Захиргааны хэм хэмжээний акт нь “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцсэн байх ёстой” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Эцсийн өмчлөгчийг дараах дарааллаар шалгаж тогтооно”; 41.1.1-д “хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа хүнийг”; 41.1.2-т “энэ хуулийн 41.1.1-д заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа, эсхүл өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хүнийг”; 41.1.3-т “энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлэгч хүнийг” гэж тус тус заасан байна.

11. Хариуцагч УБЕГ-аас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх” гэж зааснаар хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгэх журам батлан гаргасан, ингэхдээ хуулиар тогтоосон дээрх дарааллыг тэр хэвээр нь өөрчлөлт оруулахгүйгээр журамд тусгасан байх тул хууль зөрчиж журам баталсан гэж үзэхгүй.

12. Мөн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зохицуулсантай маргаан бүхий журмын заалт зөрчилдөхгүй байна. Учир нь дээрх хууль болон журамд зааснаар эцсийн өмчлөгчөөр хувьцаа эзэмшигч буюу өмчлөгчийг бүртгэх зохицуулалт үйлчилж байгаа, гагцхүү хувьцаа эзэмшигч хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа хүнийг бүртгэх замаар тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас ашиг орлого хүртэж байгаа хүнийг олж тогтоох зорилготой байна.

13. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх шаардлагыг хангасан байна” гэж заасан, энэ тохиолдолд маргаан бүхий журам нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар шинээр хэм хэмжээ тогтоогоогүй, дээрх хуулийн зохицуулалтыг шууд ишлэх замаар журам гаргасан тул “хуульд нийцсэн байх” шаардлагыг хангасан гэж үзнэ.

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг зөрчсөн” гэж гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд оролцохдоо “хүнийг бүртгэх ёсгүй гэж маргаагүй, компанийн гүйцэтгэх захирал эсхүл гүйцэтгэх удирдлагыг бүртгэж буй нь буруу юм” гэж тайлбарлаж байсантай зөрчилтэй, хуулийн этгээдийг эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хууль зүйн үндэслэлгүй буюу Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 41 дүгээр зүйлд зааснаар эцсийн өмчлөгчөөр хүнийг бүртгэх зохицуулалттай байна.

15. Түүнчлэн “маргаан бүхий журам Үндсэн хууль зөрчсөн” гэх гомдолд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй, захиргааны хэргийн харъяалан шийдвэрлэх маргаан биш, Үндсэн хуулийн цэцэд хамаарах маргаан байх тул захиргааны шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарахгүй.

16. Дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                          Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                   М.БАТСУУРЬ

               Д.МӨНХТУЯА

               П.СОЁЛ-ЭРДЭНЭ