Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01395

 

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01323 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Н-гийн хариуцагч Б.О-, П.Б- нарт холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг хариуцагч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Н- нь эрхийн бүртгэлийн Ү-2203018210 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 0 тоот хаягт байршилтай, Орон сууцны зориулалттай, 15 мкв талбайтай, нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах зорилгоор Н.Э-аас 2012 оны 11 дүгээр сарын 13- ны өдөр 20,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Б.О- нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө гэх маргаан үүсгэж өмнөх өмчлөгчид болон надад холбогдуулан цагдаа, шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж маргаан үүсгэж явсан. Цагдаа, шүүхийн байгууллагад иргэн Б.О-ийн гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Н- нь иргэн Б.О-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан үүсгэж яваагүйн зэрэгцээ өмчлөх эрхтэй хууль ёсны дээрх үл хөдлөх эд хөрөнгөө нэг ч удаа эзэмшиж, ашиглаж үзээгүй. Учир нь Нэгдүгээрт Б.О-ийн цагдаа, шүүхийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдолтой хэрэг маргаан хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэн зөвөөр шударгаар шийдвэрлэгдэж дуусахыг Д.Н- хүлээсэн. Цагдаа, шүүхийн байгууллага дахь иргэн Б.О-ийн гаргасан өргөдөл, гомдолтой хэрэг, маргаан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаагдаж шийдвэрлэгдсэн байдаг. Ингээд Д.Н-гийн зүгээс Б.О- гуайг өөрийн эзэмшин ашиглаж байгаа 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж хууль ёсны өмчлөгчид эргүүлэн өгөхийг олон удаа шаардсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авдаггүй, биелүүлэхээс эрс татгалздаг. Б.О- нь Д.Н-гийн хууль ёсны өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийг иргэн П.Б-өд түрээслүүлэн, түрээсийн үр шимийг хүртэх замаар эзэмшиж, П.Б-ийн тухайд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.О-тэй байгуулсан хэлцэл, гэрээний үндсэн дээр ашиглах замаар иргэн Д.Н-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, хохироож байна. Иймд орон сууцыг Б.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.О-ийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие тус маргаж байгаа байрны анхны өмчлөгч мөн бөгөөд анх 25,000,000 төгрөгөөр худалдан авч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Ү-2203018210 дугаарт бүртгэж 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчилгээ олгосон. Гэтэл дээрх байраа С.А-, Б.Г- нарт залилуулж өмчлөлийг шилжүүлсэн. Анх орон сууцны өмчлөгч Б.О- өөрөө байгаад С.А-д залилуулж, С.А- цаашаагаа Н.Э-ад, дараа нь Д.Н-д тус тус зарсан байдаг Хариуцагч орон сууцыг С.А-д залилуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байдаг бөгөөд түүнд ял шийтгэсэн ч давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан. Сүүлд прокуророос гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.О-т олгохыг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 тоот, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1496 тоот тогтоолууд болон 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрйн 5/457 тоот хариу мэдэгдэх хуудсаар заасан байдаг ч уг тогтоолд сүүлд өөрчлөлт оруулсан байдаг. Үүнийг бид сүүлд энэ хэргээс мэдээд гомдол гаргасан ч Улсын Ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудсаар тогтоолыг хэвээр үлдээсэн. С.А- хаа байгаа нь тогтоогдохгүй байгаагаас шалтгаалж хариуцагч өөрийнхөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадахгүй явсаар ирсэн. Мөн нэхэмжлэгч Д.Н- урьд өмнө энэ асуудлаар тус шүүхэд маргаан үүсгэж С.Олзодын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3116 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, гэмт хэргийн улмаас хөрөнгийг бусдад шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Түүнчлэн тухайн орон сууцанд хариуцагч Б.О- оршин суудаггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018210 дугаарт бүртгэлтэй, Д.Н-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9 дүгээр байр 1 дүгээр орц 0 тоотод байрлах, 15 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг хариуцагч Б.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар эшилийн 106.5-д зааснаар П.Б-өд холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа нэхэмжлэгч Д.Н- татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан телсэн 257,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 187,750 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний бие 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагт Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай байсан тул хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өөрийн өмгөөлөгч Х.Ц-аар дамжуулан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хавсарган хүргүүлсэн боловч миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.а.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.7, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэх үндэслэлийг хангахгүйгээр нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэсэн. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч Д.Н- нь бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү байранд хариуцагч Б.О-ээс гадна түүний нөхөр Д.Буяндэлгэр, Р.Ганчимэг, Г.Базарваань, Г.Ариунхүсэл, Б.Жавхлан, Ж.Баттулга нарыг оршин сууж талаар хорооны Засаг даргын тодорхойлолт байдаг. Хэргийг хянан шийдвэрлэхээс 6 сарын өмнө авсан оршин суугчдын тодорхойлолтыг үндэслэн хэргийг шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй болно.

4.б.Шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч тухайн орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх талаар аль ч шүүхэд маргаан үүсгээгүй байгаа болох нь хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна гэж буруу дүгнэлт гаргасан. Х.Ц- өмгөөлөгч нь хариуцагч Б.О-ийн өмгөөлөгч бус харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- миний өмгөөлөгч болно. Б.Э- миний бие нь хуульч хүн тул хууль хэрэглээнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч би өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоно гэсэн итгэлтэй байсан тул Баянзүрх дүүргийн шүүхэд маргаан бүхий байрны өмчлөх эрхтэй холбогдуулан маргаан үүсгэсэн талаархи мэдээллийг өмгөөлөгчдөө өгч амжаагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.О- нь өөрийн байрыг залилангийн хэргийн улмаас алдсан нь тогтоогдсон тул С.А-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гарган шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агаалга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ хуульд заасан үндэслэл журмын дагуу бичгээр гаргаагүй, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт ирүүлсэн. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хурлын тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан ирээгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй гэж үзэн хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзсан. Анхан шатны шүүх зохигч болон тэдгээрийн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаагүй. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Шүүх тухайн хүсэлтэд дурдсан нотлох баримт хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэхэд эргэлзээтэй, хүсэлтийн агуулга тодорхой бус, зохигч тал өөрөө гаргаж өгөх боломжгүй эсэх, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр татгалзсан. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн зохицуулалтад хамаарахгүй 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, өмгөөлөгч нарын тайлбар нь нотлох баримт болно. Хариуцагчийн өмгөөлөгч нь Б.О- С.А-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэсэн тайлбар гаргадаг. Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчийн асуусан асуултад хариуцагч Б.О- “би тус орон сууцад амьдардаг, цаашид амьдарна” гэж хариулсан. Мөн Сүхбаатар дүүргийн 7 хорооны Засаг даргын тодорхойлолтоор Б.О- оршин суудаг болох нь тогтоогдсон гэжээ.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч Б.О-, П.Б- нарт холбогдуулан  Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 9-р байр, 1-р орц, 0 тоот хаягт байрлах, 15 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Б-өд холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3.а.Хариуцагч Б.О- нь дээрх 0 тоот орон сууцны өмчлөгчөөр 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр тус орон сууц С.А-гийн өмчлөлд шилжсэн байна. /1хх-ийн 88-90-р тал/. С.А- нь тус орон сууцыг 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээгээр Н.Э-ад, Н.Э- нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Н-д тус тус худалдсан үйл баримт тогтоогдсон. /1хх-ийн 91-98-р тал/.

3.б.Улмаар нэхэмжлэгч Д.Н- нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /1хх-ийн 99-р тал/. 

3.в.Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх хариуцагч Б.О-ээс С.А-д шилжсэн асуудал эрүүгийн журмаар шалгагдсан боловч Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1496 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. /1хх-ийн 28-р тал/

3.г.Дээрх прокурорын тогтоолд “хохирогч Б.О-т Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 9-р байр, 0 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018210 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр гаргаж олгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгах” талаар заасан байна.

3.д.Гэвч Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/18 тоот тогтоолоор дээрх тогтоолын “орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр гаргаж олгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгах” хэсэгт өөрчлөлт оруулж, “Б.О- нь өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилжээ. /1хх-ийн 48-49-р тал/ 

3.е.Хэдийгээр С.А- нь хариуцагч Б.О-ийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар авсан талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч энэхүү нөхцөл байдалд нэхэмжлэгч Д.Н-г буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Н- нь Н.Э-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 0 тоот орон сууцны өмчлөгч болсон, түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзнэ. Иймд орон сууцыг хариуцагч Б.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, С.А-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх агуулгыг заажээ.

4.а.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэсэн байна.

4.б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн ... дотор хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

4.в.Зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 9 сар гаруй хугацаанд хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан үйл баримт тогтоогдсон. Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч оролцож мэтгэлцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй. 

4.г.С.А-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх гомдлын тухайд энэ талаар хэрэгт баримт авагдаагүйгээс гадна энэхүү нөхцөл байдал нь улсын бүртгэлээр баталгаажсан өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх маргаанд шууд хамааралтай биш болно. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХБАЯР

                         ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

  Г.ДАВААДОРЖ