Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01417

 

 

 

М.У-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01459 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.У-ийн хариуцагч Р.Б-эд холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санжаадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч М.У- нь 2020 онд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 89 гудамж 1298г тоот хаягт байршилтай 486 м.кв талбайтай газар, 39,96 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус өөрийн найз Б.О-ийн аав Р.Б-эд худалдахаар тохирч, гэрээ байгуулсан. Анх худалдагч М.У- нь хөрөнгүүдийг нийлүүлээд, 40,000,000 төгрөгөөр зарах санал гаргасан боловч Р.Б- нь бэлэн мөнгөөр авах боломжгүй тул анхны үнээс буулгаж, 27,500,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулж, зээлээр худалдан авахаар тохиролцсон. Гэвч худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулахдаа Р.Б- нь хөрөнгүүдийг огт мөнгө төлөхгүй шилжүүлж авч байгаа тул улсад төлөх татварыг би төлье гэж санал хэлж, бага татвар төлөхийн тулд гэрээ тус бүр дээр 5,000,000 гэх зохиомол үнийн дүн бичүүлж, нийт 10,000,000 төгрөгөөр батлуулж, хөрөнгийг шилжүүлж авсан. Гэрээ байгуулснаас хойш Р.Б- нь өөрийн охиноороо дамжуулж, мөнгийг хэсэгчлэн хувааж нийт 14,700,000 төгрөгийг төлсөн боловч 12,800,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаад гомдолтой байна. Учир нь Р.Б- нь гэрээ байгуулмагцаа дээрх хөрөнгүүдийн өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, эзэмшил ашиглалтдаа бодитоор шилжүүлж авсан. Тус хаяг тоотод гэр бүлээрээ газар байшинг эзэмшиж ашиглан амьдарч байна. Гэтэл Р.Б- нь өнөөдрийг хүртэл 1 жил 7 сарын турш хөрөнгийн төлбөрийг төлж барагдуулахгүй, үүргээ биелүүлэхгүй М.У-ийг хохироож байгаа тул гэрээнээс татгалзаж, Р.Б-ээс авсан 14,700,000 төгрөгийг буцаан өгч, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ... дансны хуулгуудаа шалгаж үзэхэд охин Б.О-ийн дансаар нийт 7,000,000 төгрөг, миний дансаар 10,000,00 төгрөг бодитойгоор М.У-ийн дансанд шилжиж орсон байна. Би 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нэткапитал финанс корпораци ББСБ-аас М.У-ийн мөнгийг өгөх зорилгоор 12,000,000 төгрөг авсан. Гэвч хувийн сууц нь газрын зөрчилтэй, кадастрын зургаараа уг хувийн орон сууцны тал хэсэг бусдын өмчлөлийн газарт багтдаг болохыг би хожим мэдэж, үүнийгээ залруулж өг гэдэг шаардлагыг удаа дараа тавьдаг боловч М.У- нь өнөөдрийг хүртэл уг эрхийн доголдлыг арилгаагүй болно. Иймд нэхэмжлэгч гэх М.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд би төлбөрийн ихэнхийг барагдуулсан бөгөөд харин нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа тул хариу шаардлага гаргана гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Б-эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Чингэлтэй дүүрэг, 16 хороо, Согоотын 89 гудамж, 1298 г тоот хаягт байрлалтай, 486 м.кв талбайтай газар, 39.96 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч М.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 27,500,000 төгрөгөөр бус талууд 25,850,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулахаар үнийн дунг тохиролцсон гэдэгт нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй. Энэ тохиролцсон дүнгээс хариуцагч Р.Б- нь өөрийн охин Б.О-ийн дансаар дамжуулж, нийт 17,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсонтой мөн үл маргана. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Р.Б- нь М.У-тэй хийсэн худалдан авах гэрээний үүргээ удаан хугацаанд зөрчиж, биелүүлэгүй гэж үзэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг гэрээ байгуулснаас хойш 2 жил 7 сарын хугацаа өнгөрсөн боловч гэрээний үүргээ зөрчсөн нэмэлт хугацаа тогтоосон боловч бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж, дээрх хаягт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд буцаан авахыг нэхэмжлэгчид төлсөн мөнгийг буцаан өгөхийг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч шүүхээс ялимгүй зөрчил гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэмэлт хугацаа тогтоосон болох нь хэргийн баримтаар нотлогддог боловч хариуцагч нь дээрх сунгасан хугацаанд төлөлт хийгээгүй 2022 оны 10 сарыг хүргэсэн тул арга буюу гэрээнээс татгалзаж шүүхэд хандсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хариуцагч талаас гэрээнд заасан төлбөрийг төлж байсан. Хариуцагч Р.Б-ийн хувьд 25,850,000 төгрөгийг төлөхөөс 17,000,000 төгрөгийг төлсөн ба одоо үлдэгдэл 8,850,000 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй. Хариуцагч 8,850,000 төгрөгийг нэхэмжлэгчид анхан шатны шүүх хуралдааны дараа төлсөн. Хэрэгт энэ талаар баримт өгөөгүй, нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд ирсэн бол тайлбарлах байсан. Одоо Р.Б- өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмшиж, ашиглаад явж байгаа. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч М.У- нь хариуцагч Р.Б-эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.Талууд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч М.У- нь Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 89 гудамж, 1298г тоот, 486 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар болон 39,96 м.кв талбай бүхий хувийн сууцыг нийт 10,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч Р.Б- нь гэрээнд заасан үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

3.б.Улмаар нэхэмжлэгч М.У- нь гэрээний үүргийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Р.Б-эд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 5-8-р тал/

3.в.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.г.Талуудын байгуулсан гэрээнд үл хөдлөх эд хөрөнгө худалдах үнийг нийт 10,000,000 төгрөг гэж заасан хэдий ч бодит байдалд нийт 27,500,000 төгрөгөөр худалдсан гэж нэхэмжлэгч тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдсан борлуулсны албан татвараас зайлсхийх зорилгоор худалдах, худалдан авах гэрээнд үнийг бодитоор тусгаагүй байна.

 

3.д.Анхан шатны шүүхээс талууд газар болон хувийн сууцыг нийт 25,850,000 төгрөгөөр худалдсан, үүнээс хариуцагч Р.Б- нь 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.У-т төлж, 8,850,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж дүгнэхдээ талуудын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга болон бусад нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. Энэ үйл баримтыг тогтоосон хэсэгт зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй.

 

3.е.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Р.Б- нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, газар болон хувийн сууцыг буцаан гаргууна гэх агуулгаар тодорхойлсон.

 

3.ё.Хариуцагч Р.Б- нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 17,000,000 төгрөг төлж үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн байх тул түүнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч М.У-т гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

3.ж.Анхан шатны шүүх гэрээнээс татгалзаж болохгүй талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасанд нийцжээ.

 

4.Нэхэмжлэгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсантай холбоотойгоор гэрээний үүрэг шаардах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01459 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ