Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2016/00136/И |
Дугаар | 0190 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 0190
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах Скайтел ХХК /РД: 2576376/-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 22-58 тоотод оршин суух Боржигон Гончигсүрэнгийн Золбоохүү /РД:АЭ71100118/-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 108 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04-р сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даарийжав, хариуцагч Г.Золбоохүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Золбоохүү нь “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2012 оны 04-р сарын 04-ний өдөр... 180 000 төгрөгний үнэтэй ХЗ 1 ширхэгийг зээлээр худалдан авч төлбөр 180 000 төгрөгийг 12 сар хуваан төлөхөөр харилцан тохирсон. Г.Золбоохүү нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 105 000 төгрөгийг төлөөгүй байна... Иймд Г.Золбоохүүгээс гар утасны төлбөрийн үлдэгдэл 105 000 төгрөг, нотариатын зардал 3 500 төгрөг, нийт 108 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...”
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тайлбар дээрээ 75.000 төгрөг байх байсныг 90.000 төгрөг гээд биччихсэн байна. Цалингаас суутгасан 15.000 төгрөгөөр хоёр төлсөн байсныг нэг гэж хараад 90.000 төгрөгийн үлдэгдэлтэй гээд биччихсэн байна. Одоо бол үлдэгдэл нь 75.000 төгрөг байгаа... Үндсэн төлбөрт 75 000, нотариатын зардал 3 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг, нийт 83 050 төгрөг нэхэмжилж байгаа. 2012 оны 4-р сард байгууллагын борлуулалтаар төвөөс хүмүүс ирээд Засаг даргын тамгын газарт гар утас зарсан байдаг. 12 сарын хугацаатай хувааж төлөх нөхцөлтэйгөөр зарсан. 180.000 төгрөгийн үнэтэй гар утас худалдаж авсан байсан. Банкинд тушааж байсан баримт нь надад байгаа, өөрийнхөө гарын үсэгтэй баримт тушааж байсан. Надад байгаа баримт гэвэл 4 байгаа манай дансанд орсон дансаа шүүгээд үзэхээр энэ 4 баримтаас гадна дахиад нэг тушааасан баримт байгаа. Тэр нь 2012 оны 05-р сарын 4-ний баримт байгаа. Нийт 15.000 төгрөгөөр 5 удаа банкинд өөрөө тушаагаад цалин дээрээсээ 15.000 төгрөгөөр 2 удаа тушаасан байсан. Нийт 15.000 төгрөгөөр 7 удаа тушаагаад үлдэгдэл 75.000 төгрөг үлдсэн байна... Тухайн үед нь би ажиллаж байгаагүй өмнө нь ажиллаж байсан хүн нь байсан... төлбөрөө авч ирж тушааж байсан бол тухайн хүн нь тушааж байсан баймаар юм. Өмнө нь байсан хүн авч ирж өгснийг нь би бүгдийг нь тушааж байсан. Өөрсдөө тушааж байсныг нь баримтаа авч ирж өгөөрэй гэж хэлж байсан гэж байсан... Одоо урьд ажиллаж байсан хүн нь байхгүй оронд нь би ажиллаж байгаа. Надад хүлээлгэж өгсөн баримтууд нь байгаа, тэр баримтууд дотор Г.Золбоохүүтэй холбоотой 4 баримт л байгаа... бид хоёр өмнө нь төлбөрийн талаар зөндөө ярьсан, төлсөн гэхээр 5 сарын баримт дутаад байгаа юм. Г.Золбоохүү болохоор өөрөө төлсөн гээд байгаа. Төлснийг нь гэрчлэх нотлох баримт байхгүй... 2013 оны сүүлээр манай программ өөрчлөгдсөн тэрнээс өмнө хуучин программ дээр байгаа юм харагдах боломжгүй гэсэн би асууж үзсэн... Уг гэрээ 2012 оны 4-р сард хийгдсэн гэсэн өдрийг нь сайн санахгүй байна... 2014 оны 6-р сард манай төвөөс авлагын хэлтэс гээд 4,5 хүн ирээд Засаг даргын тамгын газраар ороод уулзаад явж байсан... Хүмүүсийх нь нэр авж байсан Г.Золбоохүүгээс төлбөрөө нэхсэн эсэх талаар би сайн мэдэхгүй байна... 2012 оны 5-р сарын 04-ний өдөр хамгийн эхний төлөлт нь тэгж хийгдсэн байсан...” гэв
Хариуцагч Г.Золбоохүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоо 8 баримт байгаа 105.000 төгрөгийн баримт байгаа үлдэгдэл баримт байхгүй тэр нь Скайтел ХХК-д тушааж байсан баримт... 2013 оны 1-р сараас 5 сар хүртэлх баримт байхгүй... энэ нь 75 000 төгрөгийн баримт байгаа юм. Жижигхэн цаас өгч байсан тэр нь харин байхгүй...уг гэрээ нь байсан тамга тэмдэг даруулах гээд буцаж яваад ирээгүй гээд Ариунаа эгч тэгж байсан... 2012 оны 4-р сард өдрийг нь сайн санахгүй байна... Сарын эхээр бид нар өөрсдөө очиж Скайтел ХХК-с утсаа авч байсан юм. Гэрээг бол бид нар хийгээгүй манай нягтлан хийгээд бид нар Скайтел ХХК дээр өөрсдөө очиж утсаа авч байсан... гэрээний нэг хувь гэж өгөөгүй... төлбөрийн талаар нэхээгүй 2016 оны 05-р сард над дээр ирсэн.. Мөнгөө төлөхдөө Ундармаа гээд Скайтел ХХК-ний менежер байсан тэр хүнд тушаадаг байсан. Сарын сүүлч болохоор дугаар нь хаагдчихдаг байсан тэр үед нь банкаар орж чадахгүй Скайтел ХХК-д тушаадаг байсан... утасны төлбөр, ярианы төлбөр хоёр чинь утга нь нэг байгаа... 2012 оны 05-р сарын 04-нд хийх ёстой байсан. Эхний төлбөр хийгдээд дараагийн төлбөр нь сарын сүүлээр хийгддэг байсан... Намайг мөнгө тушааж байсан талаар өмнө нь ажиллаж байсан хүн л нотлох байхдаа... 2013 оны 4-р сараас хойш Скайтел ХХК-иас төлбөрөө төл гэж шаардаж байгаагүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Скайтел ХХК нь хариуцагч Г.Золбоохүүд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 108 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 93 500 төгрөг нэхэмжилсэн, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнгээ дахин багасгаж үндсэн төлбөрт 75 000, нотариатын зардал 3 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг, нийт 83 050 төгрөг нэхэмжилсэн болох нь 2016 оны 06-р сарын 15-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2012 оны 04-р сарын 04-ний өдөр Скайтел ХХК-иас Г.Золбоохүү нь гар утас худалдаж авсан байна. Талууд гар утас худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй болно.
Уг гэрээ нь 12 сарын хугацаатай байгуулагдсан ба гэрээний үндсэн хугацаа 2013 оны 04-р сарын 04-ний өдөр дууссан байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ. Талуудын байгуулсан гэрээний дагуу хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 04-р сарын 04-ний өдөр дууссан байна. Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 04-р сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Скайтел ХХК нь хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн талаараа ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, энэ талаараа шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна. Иймд Скайтел ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Скайтел ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.Золбоохүүд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 83 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА