Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01418

 

 

 

Д.О-, Д.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00864 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-, Д.Б- нарын хариуцагч Б.Э-, Ө.М- нарт холбогдуулан гаргасан өвлөх хүсэлтийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, талийгаач Д.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд болон банкны дансны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, газрын хууль ёсны өвлөгчөөр талийгаач Д.Б-ийн төрсөн хүүхдүүд болох Б.Н-, Б.Т- нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгч Д.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Э.А, хариуцагч Ө.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Д.О-, Д.Б- нарын төрсөн дүү, ах болох Д.Б-э нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Талийгаач Д.Б-э нь хэн нэгэнтэй гэр бүл болж гэрлэлтийн баталгаа авч байгаагүй. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архиваас гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа гаргуулахад Б.Э- нь Ж.Ж-той гэрлэж, шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна. Б.Э- нь миний ахыг нас барснаас хойш 6 сарын дараа Ж.Ж-оос гэрлэлтээ цуцлуулсан байж талийгаач Д.Б-этэй хамтын амьдралтай байсныг тогтоолгосон шийдвэрийг гаргуулсан нь буруу юм. Өөрөөр хэлбэл талийгаач Д.Б-э нь ганцаараа амьдардаг байсан бөгөөд Б.Э- нь худал зүйлийг бичиж, хуурамч нотлох баримт бүрдүүлэн өгсөн. Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ө.М- нь өв хүлээн авах хүсэлтийг бүртгэж гэрчлэхдээ иргэний бүртгэлийн лавлагааг шалгаж үзээгүй талийгаачтай хамгийн сүүлд эгч Д.Б- болон түүний хүүгийн гэр бүлийн хамтаар амьдарч байсан бөгөөд талийгаачийг оршуулах бүх зардал мөнгийг түүний төрөл садангийн ах дүүс нь гаргасан. Нотариатч Ө.М- нь Б.Т-, Б.Н- нарын нэр дээр өв хүлээн авах хүсэлтийг бүртгэж гэрчилсэн нь хууль бус байна. Өвлөгдөх эд хөрөнгө өвлүүлэгчийн өмчлөлийн зүйл болох нь гэрчилгээ зэрэг өмчлөх эрхийг нотолсон бичиг баримтаар нотлогдож байх шаардлагатайг мэдсээр байж бусдын газар эзэмших эрхийг өв хүлээн авахаар бүртгэж гэрчлээд байгаа нь хууль бус үйлдэл юм. Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Э.Мөнхтуяа нь Б.Э-гийн өвлөх хүсэлтийг хүлээн авч бүртгэж гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож, Талийгаач Д.Б-ийн нэр дээрхи газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар 000264057, 18636310886706 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Чулуутын-1 гудамж, 5 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-2203011194 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол 44-р байрны 04 тоот хаягт байрлах 29 мкв 2 өрөө орон сууц, Ү-2201002545 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 16-р байр 27 тоот хаягт байрлах 29 мкв 2 өрөө орон сууц, Ү-2202012037 улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүрэг 19-р хороо, Тахилт 2-р гудамж, 192 тоот хаягт байрлах 234 мкв хувийн сууцыг, Г-2202004442 улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 18643318209029 дугаартай, 700 мкв талбайтай газрын хамт, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Нефть 2-р гудамж 16 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 656 мкв талбай бүхий 18633310405187 нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн 000546066 дугаар гэрчилгээтэй газар, ХАС банкны 5000316294, 5000366722, 5000314461, ХААН банкны 5029376941,5015001525, 5015001490, Голомт банкны 2205019290 , 1210000170, Төрийн банкны 102200168146 тоот дансны хадгаламж болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өвлөгчөөр Д.О-, Д.Б- нарыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.Э-гийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би талийгаач Д.Б-этэй 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан. Биднийг хамт амьдрах хугацаанд хүү Б.Т-, охин Б.Н- нар төрсөн. Нэхэмжлэгч нар биднийг хамт амьдарч байсныг мэдэж байгаа. Ж.Ж- манай эгчийн нөхөр бид хамаатан садан хүмүүс би гэрлэлтээ батлуулдаг нь Солонгос улсын визэнд орж Солонгос явах зорилгоор батлуулсан. Энэ талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа мөн садан төрлийн холбоотой гэсэн баримтыг өгсөн гэжээ.

3.Хариуцагч Ө.М-гийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Б-ийн хууль ёсны өвлөгч нь төрсөн хүүхдүүд болох насанд хүрээгүй Б.Т-, Б.Н- нарт төрсөн эцгээс нь үлдээсэн өвлөгдөх хөрөнгийг хүлээн авахаар төрсөн эх Б.Э- нь хүсэлт гаргасныг нотариатч миний бие гэрчилэн Хүсэлт гаргагч нь өөрийн 2 хүүхдээ хууль ёсны өв залгамжлагч гэдгийг нотолсон баримтуудыг нотариатад ирүүлсэн. Б.Т-, Б.Н- нар нь Иргэний хуулийн 520 зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч мөн бөгөөд өвлөгдөх хөрөнгийг өвлөх авах эрхтэй юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй боловч нотариатч намайг буруутгах шалтаг болгон Баянгол дүүргийн 20 хороонд байрлах 155,98 м.кв газар эзэмших эрхийг өвлөн авах хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрчлэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө хэний эзэмшил, өмчлөлд байгааг шалгаагүй гэж дурьдсаныг зөвшөөрөхгүй Хууль ёсны өвлөгч нь хөрөнгийг өвлөн авах бүрэн эрхтэй тул энэ хүсэлтээ нотариатаар гэрчлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Гуравдагч этгээд Алтан давалгаа ХЗХ-ны тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн авж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 1436 дугаар тогтоолоор Б.Э-, Д.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 187,292,900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Б.Э-. Д.Б- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж үнэлгээ хийлгэхээр шинжээч томилон үнэлгээг хийлгэж 69,188,900 төгрөгөөр үнэлсэн боловч Б.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 181/ШШ2019/02507 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 444 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00776 дугаар тогтоолоор Б.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг 48,432,230 төгрөгөөр үнийг тогтоож анхны албадан дуудлага худалдаанд оруулж 50,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/Ш32022/00390 захирамжаар уг албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон барьцаа хөрөнгийг дуудлага худалдааны ялагч болон аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхыг даалгасан нь төлбөр авагч буюу Алтан давалгаа ХЗХ-ны нийт гишүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Б.Э-, Д.Б- нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон НШШГГ-ын ажиллагааг санаатайгаар хойшлуулж, удаа дараа ажиллагаанд саад учруулсаар бүтэн дөрвөн жил өнгөрөөд байхад төлбөр авагч манай байгууллагад нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна гэжээ.

5.Хариуцагч Б.Э-гийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Э- миний бие талийгаач Д.Б-этэй 1997 онд танилцаж, 1999 оны 07 сараас эхлэн талийгаачийг нас барах хүртэл хамтран амьдарсан ба бидний дундаас Б.Т- 2007 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, Б.Н- 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу мөн хуулийн 520 дугаар зүйл 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасны дагуу Д.Б-ийн хууль ёсны өвлөгчөөр түүний төрсөн хүүхдүүд болох Б.Н-, Б.Т- нарыг бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн нотариатад хүсэлт гаргасан. Иймд талийгаач Д.Б-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 30 хороо Чулуутийн 1 гудамж 5 тоотод байрлах газрын хууль ёсны өвлөгчөөр талийгаачийн төрсөн хүүхдүүд болох Б.Н-, Б.Т- нар болохыг тогтоож өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгч нарын тайлбар татгалзлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжпэлийн адил хэмжээгээр тооцон журмын дагуу урьдчилан төлсөн байна гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүрэг 30-р хороо, Чулуутийн 1 гудамж, 5 тоотод байрлах газрыг 9,194,801 төгрөгөөр үнэлэгдсэн байхад хариуцагч Б.Э- нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 62.2-д заасан нэхэмжлэлд тохирсон тэмдэгтийн хураамж төлөөгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 535 дугаар зүйлийн 535.1, Нотариатын тухай /2011 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-, Д.Б- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, /талийгаач/ Д.Б-ийн хууль ёсны өвлөгчөөр Б.Н-, Б.Т- нарыг тогтоож, Сонгинохайрхан дүүрэг 30-р хороо, Чулуут 1 гудамж, 5 тоотод байрлах 700 мкв талбай бүхий 18636310886706 нэгж талбарын дугаартай, Д.Б-ийн өмчлөлийн Г-2201001805 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрын хууль ёсны өвлөгчөөр Б.Н-, Б.Т- нарыг тогтоож, Б.Э-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-, Д.О- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,030,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Д.Б-, Д.О- нараас 70,200 төгрөг гаргуулан Б.Э-д олгуулахаар шийдвэрлэжээ.

8.Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргана. Нэхэмжлэгч Д.Б-, Д.О- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд эрт ирсэн үүдэнд хүлээж байсан. Шүүх хурал эхэлсэн даруйд үүдэнд хүлээж сууж байгаад орох гэсэн боловч оруулаагүй. Шүүх хуралдаан даргалагч ирцийн талаар хариуцагчийн саналыг сонсож байх үедээ нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батбаяр нь шүүх танхимын үүдэнд түүний оруулах тухай шийдвэр гарахыг хүлээн зогсож байгааг мэдэж байсан. Мөн шүүх хуралдаанд жинхэнэ хариуцагч Б.Т-, Б.Н- нарыг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

8.а.Нас барагч Д.Б-э нь нас барах хүртлээ 5 жилийн турш нэхэмжлэгч нар буюу төрсөн эгч Д.Б-, төрсөн дүү Д.О- хамт амьдарсан болох нь тогтоогддог, энэ үйл баримт дээр талууд маргаагүй. Энэ нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн ах, эгч, дүү гэсэн заалтын хүрээнд нэхэмжлэгч нар харьяа дүүргийн нотариатч нарт удаа өв хүлээн авах дараа хүсэлтээ гаргасан байгааг байгааг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Э- нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи нэг жилийн хугацаанд нэг ч удаа хүүхдүүдийн өвлөх эрхийг сэргээлгэх хүсэлтийг гаргаж байгаагүй тул хүүхдүүдэд өвлөх эрх олгох боломжийг алдаж татгалзсанд тооцогдож байгааг харуулна. Өөрөөр хэлбэл хариуцагч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасныг хангасан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар удаа дараа ноториатын танхим болон нотариатч нарт хандан өвлөх эрх хүлээн авах хүсэлт гаргаж байсныг нотлох баримтыг цуглуулаагүй. Мөн хариуцагч өвлөх эрхээ алдсан болохыг нотолсон баримт болох нотариатчид өмнө нь хандаж байгаагүй болохыг нотолсон баримтыг гаргуулан авах үүргээ хэрэгжүүлгүй байна. Нэхэмжлэгч Д.О-ын эзэмшилд байх 155.98 м.кв газрыг хариуцагч Ө.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 426,428 дугаарт бүртгэж гэрчилснийг хүчингүй болгоогүй байгаа нь шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэснийг харуулна. Өөрөөр хэлбэл хүний нэр дээрх газрыг нас барагчийн өмч хөрөнгө мэтээр тооцож, Б.Т-, Б.Н- нарын өмч гэж хариуцагч гэрчилсэн нь хуульд нийцэж байгаа мэтээр дүгнэсэн байгааг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

9.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ө.М-гийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүх хуульд заасны дагуу зохигчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд цагтаа ирээгүй тул эзгүйд шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй. Мөн Б.Т-, Б.Н- нар насанд хүрээгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй болно. Б.Элзэгбаяагийн гаргасан 2 хүүхдийн өв хүлээн авах тухай хүсэлтийг хүлээн авч гарын үсгийн баталгааг гэрчилсэн бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй. Нэхэмжлэгч тал хөрөнгийн хууль ёсны өвлөгч гэж тайлбарлаж болох боловч нотлох баримтаар нотлох ёстой. Нэхэмжлэгч нар Д.Б-этэй хамт нэг хаягт оршин суух бүртгэлгүй. Харин Д.Б-э, Б.Э-, Б.Т-, Б.Н- нар сүүлийн жилүүдэд нэг хаягт оршин сууж байсан нь өрхийн хүн, амын бүртгэл, иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогддог. Иймд 1 жилийн дотор хүсэлт гаргах шаардлагагүй тул 2 хүүхэд хууль ёсны өв залгамжлагч юм. Түүнчлэн Д.Б-э, Б.Э- нарын хамтын амьдралтай байсныг шүүхээс тогтоосон, нэхэмжлэгч нар тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. Б.Т-, Б.Н- нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авахаас татгалзаагүй. Талууд нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхэд нотлох баримт гаргах хүсэлт гаргаж, хэрэгт нотлох баримтууд бүрэн бүрдсэн тул нэхэмжлэгч талын шүүх нотлох баримт бүрдүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Д.Б-э өөд болохоос 1 сарын өмнө Сая төмөр ХХК-тай тохиролцон компанийн хувьцааг газар эзэмших эрхээр солилцсон ба хэрэгжүүлэх болон бүртгүүлж амжаагүй. Гэвч тус маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Д.О- хууль зөрчин, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Шүүхийн шийдвэрээр хууль ёсны өвлөгчөөр Б.Т-, Б.Н- нар тогтоогдсон. Би өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн тул хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

10.Хариуцагч Б.Э- нь давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Д.О-, Д.Б- нар нь хариуцагч Б.Э-, Ө.М- нарт холбогдуулан өвлөх хүсэлтийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, талийгаач Д.Б-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 30-р хороо, Чулуут-1 гудамж, 5 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбай бүхий газрын өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 12 дугаар сарын 17, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус нэхэмжлэлийг нэмэгдүүлж,

а.000155928 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011194 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 44-р байр, 04 тоот хаягт байрлах, 29 м.кв 2 өрөө орон сууц,

б.000119717 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 16-р байр, 27 тоот хаягт байрлах, 29 м.кв, 2 өрөө орон сууц,

в.000291690 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202012037 дугаартай, Чингэлтэй дүүрэг 19-р хороо, Тахилт 2-р гудамж, 192 тоот хаяг байрлах 234 м.кв хувийн сууц,

г.000261942 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2202004442 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Тахилт 2-р гудамж, 192 тоот хаягт байрлах, 700 м.кв газар,

д.эрхийн улсын бүртгэлийн Г-2206007391 дугаартай, Хан-Уул дүүрэг, 10-р хороо Морин 10-р гудамж, 443 тоот хаягт байрлах газар,

е.эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026201 дугаартай, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Морин 10-р гудамж, 443 тоот хаягт байрлах хувийн орон сууц,

ё.18633310405187 нэгж талбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Нефть 2-р гудамж, 16 тоот хаягт байрлах газар,

ж.Хас банкны 5000316294, 5000366722,5000314461 тоот данс,

з.Хаан банкны 5029376941,5015001525, 5015001490 тоот данс,

и.Голомт банкны 2205019290, 1210000170 тоот данс,

й.Төрийн банкны 102200168146 тоот дансны хадгаламжийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Э- нь талийгаач Д.Б-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 30-р хороо, Чулуутын 1 гудамж, 5 тоот газрын хууль ёсны өвлөгчөөр талийгаачийн төрсөн хүүхдүүд болох Б.Н-, Б.Т- нарыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1хх-ийн 71, 2хх-ийн 112-113, 3хх-ийн 49-р тал/

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, ихэсгэх, тодруулах зэрэг нь эрх зүйн өөр, өөр үр дагавартай бөгөөд нэхэмжлэгч тал чухам ямар шаардлага гаргаж, аль аль шаардлагаасаа татгалзсан талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдаагүй, шүүх энэ талаар тодруулах ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дахь Хан-Уул дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлагаасаа татгалзаагүй талаар тайлбарлажээ. Гэвч шүүхийн шийдвэрийн удиртгал болон үндэслэх хэсэгт эрхийн улсын бүртгэлийн Г-2206007391 дугаартай, Хан-Уул дүүрэг, 10-р хороо Морин 10-р гудамж, 443 тоот хаягт байрлах газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026201 дугаартай, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Морин 10-р гудамж, 443 тоот хаягт байрлах хувийн орон сууц-ны талаар дүгнээгүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзсан эсэхийг тодруулаагүй нь буруу болжээ.

3.а.Хариуцагч Б.Э- нь талийгаач Д.Б-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 30-р хороо, Чулуутын 1 гудамж, 5 тоот газрын хууль ёсны өвлөгчөөр талийгаачийн төрсөн хүүхдүүд болох Б.Н-, Б.Т- нарыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргасан. /1хх-ийн 71-р тал/

3.б.Дээрх газар дээр 612 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байгаа болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ. /1хх-ийн 69-р тал/. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагч Б.Э- нь ... Сонгинохайрхан дүүрэг, 30-р хороо, Чулуутын 1 гудамж, 5 тоотод байрлах газар болон бусад эд хөрөнгийн өвлөгчөөр Б.Н-, Б.Т- нарыг тогтоолгох гэж зөрүүтэй тайлбар гаргасан байгааг мөн тодруулах шаардлагатай.

3.в.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо ... хариуцагч Б.Э- нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нэг жилийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг зохих байгууллагад гаргаагүй байгааг шүүх анхаараагүй гэжээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлын талаар талууд маргаантай байна. Энэ тохиолдолд хариуцагч тал дээрх хуульд заасан хугацааг баримталсан эсэхийг тодруулах, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

3.г.Түүнчлэн, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 155,98 м.кв талбай бүхий газрын талаар маргасан, тус газрыг Б.Т-, Б.Н- нар өвлөх хүсэлт гаргасныг нотариат гэрчилсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна. /1хх-ийн 22-23-р тал/. Мөн нэхэмжлэгч тал дээрх газрын асуудлыг давж заалдах гомдолдоо заасан байх тул талууд 155,98 м.кв талбай бүхий газартай холбоотой шаардлага гаргасан эсэхийг тодруулах нь ач холбогдолтой.

3.д.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21ий өдрийн 181/ШШ2023/00864 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 232,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН Г.ДАВААДОРЖ