Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 09

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

     Улсын яллагч  Т.Дэлгэрсайхан , 

     Шүүгдэгч Ч.Доржтовуучий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Чимэддоржийн Доржтовуучийд холбогдох 1833000990074 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 12-р сарын 24-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 09 дугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, зуухны машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Орхон сум, Бэлэндалай 2-р баг, 42-р зөрлөг гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Чимэддоржийн Доржтовуучий /РД:МЙ79091411/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  Ч.Доржтовуучий нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэр 42 дугаар точек гэх газарт иргэн Д.Сонгуулийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Доржтовуучий нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэр 42 дугаар точек гэх газарт иргэн Д.Сонгуулийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан  үйл баримт нь:

1.Хохирогч Д.Сонгуулийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Орхон шийрийн бригад гэх газарт Ганаа гэдэг залуугийн ногоо хураах ажил хийж байсан ба цаг агаар саатсан гээд 2 хоног амарсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчим 42-р точекийн Жагаа гэх айлд ороод сууж байтал Доржтовуучий гэх залуу гаднаас орж ирээд “гараад ир” гэж хэлээд намайг газар унагааж толгой дээр 2-3 удаа дэвсэж гэрлүүгээ чирч оруулаад нэг мод шиг зүйлээр дээрээс зодож эхэлсэн. Ямар учраас зодсоныг нь би мэдэхгүй. Хэд хоногийн өмнө Бугант сум руу алтанд явсан ямар нэг хэрүүл маргаан болоогүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 14-15-р хуудас/

2.Гэрч Ч.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхад 21 цагийн орчим Сонгууль гэдэг залуу “Доржтовуучий зодоод ална гэнэ” гээд хамар нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай мөлхөөд орж ирсэн. Тэгэхээр нь дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11-рт/

3.Гэрч Я.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай гэрт Сонгууль гэдэг хүн орж ирсэн. Цуг ногоо хураалт дээр ажиллаж байгаа юм. Тэгээд 1 шил архи хувааж уугаад сууж байхад Доржтовуучий гэх залуу “чи надаас мөнгө идсэн, чамтай үүлзах ёстой” гээд чирээд аваад гараад явсан. Тэгсэн нь дараа нь зодуулсан гэсэн. Би зодож байхыг хараагүй. Манай гэрт орж ирэхэд хүнд зодуулсан ямар нэг шинж тэмдэг байгаагүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 12-13-р хуудас/

4.Шүүгдэгч  Ч.Доржтовуучийгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Сонгууль гэдэг залуутай 9 сарын 1,2-ны үед танилцсан. Бид хоёр 09 сарын 07-нд Бугант руу алтанд явсан юм. Очоод 7 хоног юу ч олоогүй. Явахад бензиний зардал 140 гаруй мянган төгрөг надаас гарсан. Мөнгө олохоороо хувааж төлье гэж ярьсан байсан. 14-нд ирээд манайхаас гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Гэтэл Ганаа гэдэг ногоо тарьдаг хүн дээр очиж 5 хоног ажилласан юм байна лээ. Тэгээд 20-ны өглөө ирэхээр нь хаачаад ирэв гэхэд гэртээ хариад ирлээ гэсэн. Замаараа нэг өдөр ажиллаад ирлээ гэж байсан. Гэтэл Мөнхжаргал наадах чинь 5 хоног ажиллаад 100.000 төгрөгтэй ирсэн гэж хэлсэн. Өглөө Даваасүрэн гэдэг айлд ороход Сонгууль тэр хоёр архи ууж байгаа бололтой хундагатай архи ширээн дээр нь байж байсан. Мөнхжаргал наад хоёр чинь архи уугаад байна. Архиа нуугаад байна гэж байсан. Би гэртээ ирээд байж байтал Сонгууль согтуу маягтай орж ирээд Хөтөл яваад ирье Мөнхжаргал гуйгаад байна. Ирэхдээ  нэг шил архи аваад ирье гээд явсан. Орой нь хүлээгээд байж байсан. Энд хүрч ирээд Мөнхжаргалынд орсон юм шиг байна лээ. Ирсэн чинь хэлсэн ярьсан юм нь байдаггүй. Тэгэхээр нь зодсон. Модоор цохисон юм. Нэхэж байгаа зүйлийг нь мэдэхгүй байгаа. Гомдолгүй гэсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэн Д.Сонгуулийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ч.Доржтовуучийгийн  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь  

2018 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 967 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн

1.Д.Сонгуулийн биед 1 хавирганы битүү хоёрлосон хугарал, зүүн хөмсөгний зулгаралт, зүүн бугалга, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 7-р хуудас/ ,   хохирогч Д.Сонгуулийн ”Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчим 42-р точекийн Жагаа гэх айлд ороод сууж байтал Доржтовуучий гэх залуу гаднаас орж ирээд “гараад ир” гэж хэлээд намайг газар унагааж толгой дээр 2-3 удаа дэвсэж гэрлүүгээ чирч оруулаад нэг мод шиг зүйлээр дээрээс зодож эхэлсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “Ирэхдээ  нэг шил архи аваад ирье гээд явсан. Орой нь хүлээгээд байж байсан. Энд хүрч ирээд Мөнхжаргалынд орсон юм шиг байна лээ. Ирсэн чинь хэлсэн ярьсан юм нь байдаггүй. Тэгэхээр нь зодсон. Модоор цохисон юм.”гэсэн мэдүүлэгээр нотлон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай агуулгын хувь зөрүүгүй үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн  эрхийг зөрчөөгүй, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хууль ёсны гэж дүгнэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолвол зохих  байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  Ч.Доржтовуучийд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.                      

 Шүүгдэгчийн иргэн Д_Сонгуулийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдсан эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл юм.

Прокуророос шүүгдэгч Ч.Доржтовуучийгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн  яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Доржтовуучийг бусдын биед хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Доржтовуучий нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байгаа болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Хохирогч Д.Сонгууль нь эмчилгээний зардалд нотлох баримт гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна. Ч.Доржтовуучий  эмчилгээний зардал төлөхөө илэрхийлж байна.

Хохирогч Д.Сонгууль нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар :

Ч.Доржтовуучий  нь хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна .

Ч.Доржтовуучийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт  зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэхь хэсэгт зааснаар Ч.Доржтовуучийгийн цалин хөлсгүй байдал, орлого олох боломжийг харгалзан  торгуулийн 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  01 жилийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоолоо.  

Ч.Доржтовуучийд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 95 см урттай 4 см диаметртэй цайвар ногоон өнгийн хүрзний иш гэх модыг устгаж, шүүгдэгч Ч.Доржтовуучий бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Доржтовуучийд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хохирогч  шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 7дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг   өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Боржгон овогт Ч-н Д-г хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-г  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар Ч.Д-д  торгуулийн 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн дотор хэсэгчлэн төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5 дах хэсэгт  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Д-д мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Энэ хэрэг эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн  95 см урттай 4 см диаметртэй цайвар ногоон өнгийн хүрзний иш гэх модыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Хохирогч Д.С-ь нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.САРАНТУЯА