Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01419

 

 

 

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02220 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-гийн хариуцагч М.Г-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 16,025,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч М.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Д.Д-, хариуцагч М.Г- нар харилцан тохиролцож, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 43 хоногийн хугацаатай 19,000,000 төгрөгийг хүүгүй зээлж авсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй. Үндсэн зээлээс 7,650,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 11,350,000 төгрөг байгаа ба хариуцагч М.Г- нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Д.Д-д хандан, 2023 оны 05 сард багтааж 5,000,000 төгрөг төлөх цаашдаа сар тутам 5,000,000 төгрөг төлж барагдуулах баталгаа гаргасан. 19,000,000 төгрөгийг 7 жилийн турш төлж барагдуулаагүй шаардах болгонд өгнө хүлээж бай гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-т төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ зохицуулалтын дагуу хариуцагч М.Г-аас алдангид 5,675,000 төгрөг нийт 17,025,000 төгрөгийг шаардсан. Алданги 1,000,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд М.Г-аас 16,025,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2016 онд найз Дашхүүтэй хамтарч утасны бизнес хийхээр тохирч дүү Д.Б-гээс Солонгос улсад 10,000,000 вон авч утас авахаар болсон. Гэвч тэр утаснууд хууль бус утаснууд байсан тул би мөнгөө алдаж, нөгөө хүнээ хайхад шоронд орсон сураг сонссон. Д.Д-гийн мөнгийг олж өгөхийн тулд казинод орж тоглоод өөрийн бүх мөнгөө алдсан. Түүнээс хойш бага багаар өгч цувуулж төлсөөр 19,000,0000 төгрөгөөс 16,240,000 төгрөг өгсөн. 2016 оны 4 сард намайг дарамталж зээл болгож өөрчилсөн. Ингээд 19,000,000 төгрөгийн зээлээс өгсөн. 16,240,000 төгрөгийг хасаад 2,760,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Анхнаасаа би зээл хүүтэй авна гэж тохироогүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч М.Г-аас 16,025,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г-аас 241,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьсан байр суурьнаас шийдвэрлэж хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагчаас үндсэн зээлд 11,350,000 төгрөг нэхэмжилсэн боловч түүнийгээ нотлох баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид бодитойгоор олгосон болохыг баримтаар нотлох үүргийг хүлээнэ. Энэ үүргийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 19,000,000 төгрөгийг хариуцагчид бодитойгоор олгосон нь тогтоогдоогүй.

4.а.Түүнчлэн шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчид зохих ёсоор мэдэгдээгүй, тодруулбал, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүгчийн туслах нь шүүх хурал хэзээ болох нь мэдэгдэхгүй байна гэсэн мөртлөө шүүх хурлын тов мэдэгдэх хуудас дээр надаар гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй, хэрэв надад тухайн үед хэлсэн бол би шүүх хурал дээр ирэх байсан. Гэтэл хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй атлаа нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвхөн нэхэмжлэгч талаас тодруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Д.Д-, М.Г- нар нь найзууд. Хоёулаа эрх зүйн бүрэн чадамжтай бөгөөд ямар баримтад гарын үсэг зурж байгаа талаар мэдэх боломжтой. Зээлийн гэрээнд хүү тооцохгүй, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн хүү тооцохоор тохиролцсон. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээ нь харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зээлийн гэрээ, банкны дансны хуулга зэрэг хөдөлшгүй баримтаар нотлогддог. Шүүгчийн туслах хариуцагчид 7 хоногийн өмнө шүүх хуралдааныг товыг мэдэгдэж, тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч М.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 16,025,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Талууд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Д- нь 19,000,000 төгрөгийг 43 хоногийн хугацаатай, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч М.Г- нь гэрээний үүргийг үл маргах журмаар биелүүлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 4-р тал/

 

4.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх учиртай.

 

4.б.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.5-д 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бэлнээр олгосон гэж зааснаас гадна хэргийн 6 дугаар талд авагдсан хариуцагч М.Г-ын зээл төлөхөө илэрхийлсэн бичгийн баримтад ...5 сая төгрөг гаргаж өгнө, цаашид энэ мэтээр өрөө төлж барагдуулна гэжээ.

 

4.в.Дээрх баримтууд нотолгооны ач холбогдолтой байхаас гадна хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ... 19,000,000 төгрөгийн зээлээс өгсөн 16,240,000 төгрөгийг хасаад 2,760,000 төгрөг хүлээн зөвшөөрч байна гэсэн байгаагаас үзэхэд талууд 19,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 26-р тал/

 

4.г.Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг, хариуцагч М.Г-ын хувьд нэхэмжлэгч Д.Д-гээс 19,000,000 төгрөг зээлсэн үйл баримтыг зөвшөөрч тайлбар гаргасан гэж үзэхээр байна. Иймд зээлийн мөнгөн хөрөнгийг олгоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.д. Хариуцагч М.Г- нь зээлийн гэрээний үүрэгт нийт 7,650,000 төгрөг төлсөн болох нь Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ. /хх-ийн 7-21-р тал/. Иймд нэхэмжлэгч Д.Д- нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 11,350,000 төгрөг, алданги 4,675,000 төгрөг, нийт 16,025,000 төгрөгийг хариуцагч М.Г-аас шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

 

4.е.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч М.Г- нь зээлийн ихэнх хэсгийг буцаан төлсөн гэх тайлбараа дээрх хуульд зааснаар баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Түүнчлэн, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд гэрээг бичгээр байгуулан, зээл болон алданги тооцох хувь, хэмжээ, эргэн төлөх хугацаа зэргийг тохиролцож, харилцан гарын үсгээ зурсан байх бөгөөд талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно.

5.Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материалыг танилцуулаагүй гэжээ. Гэвч шүүхээс хариуцагч М.Г-т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 29 дүгээр талд авагдсан тов мэдэгдэх хуудсаар тогтоогдсон байна.

5.а.Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж заасан ба хариуцагч М.Г- нь хуульд заасан энэхүү үүргийн хүрээнд шүүх хуралдааны товыг лавлах замаар шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

5.б. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч М.Г-т гардуулсан байна. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүргийг танилцуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 25-р тал/.

Хариуцагч М.Г-ын хувьд нэхэмжлэлийн хувийг гардан авч хариу тайлбараа бичгээр гаргасан боловч татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх хариуцагч талын татгалзлаа нотлох, хэргийн материалтай танилцаж хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хязгаарласан гэх байдал тогтоогдсонгүй.

5.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан шүүхийн ажиллагаа дээрх хуулийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02220 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ