Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2016/00147/И |
Дугаар | 0195 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 0195
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 18-р байрны 26 тоотод оршин суух Буурал Лхагважавын Энхболд /РД: ДЮ67091617-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай, 16-р байрны 16 тоотод оршин суух Хатгин Алтангэрэлийн Мөнхбат /РД: ТГ70062819/,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай дөмбөн хороолол, 2-8 тоотод оршин суух Боржигон Цэрэндоржийн Оюунцэцэг нарт холбогдох зээл 2 000 000, зээлийн гэрээний хүү 1 000 000 төгрөг, бүгд 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Энхболд, хариуцагч А.Мөнхбат, Ц.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны 12-р сарын 26-нд авсан. Өөрөө хүрч ирэхдээ яаралтай мөнгө хэрэг болоод байна, сарын хугацаатай мөнгө зээлээч гэсэн. Би мөнгө байхгүй гэсэн чинь сүүлд нь А.Мөнхбатыг дагуулаад, байрных нь ордерыг бариад орж ирээд ломбарданд охиноо барьцаалаад үлдээчихлээ, банкныхаа өрийг төлөөд банкнаас зээл аваад өгнө гэж хэлээд авсан. Зээл авна гээд яваад сар гаран болсон. Яасан гэсэн чинь зээл бүтхээ больчихлоо гэсэн. Дахиад сарын дараа орж ирээд хашаа байшингаа зарах гэж байна ордерыг нь өгч байгаач хашаа байшингаа зараад чиний мөнгийг өгнө гэж хэлээд ордероо аваад явсан. Өөрийнхөө байрны ордерыг аваад А.Мөнхбатын байрны ордерыг надад үлдээгээд тэр чигтээ алга болсон. Би гэрт нь 2, 3 удаа очсон. Өөрөө бол над дээр ирж тийм ийм гэж ярьдаггүй. Хавар гэрт нь очиж уулзаад яаралтай мөнгө хэрэгтэй байна гэхээр өгнө л гэдэг, өөр юм байхгүй. Ажлынхаа амралтын мөнгө гаргуулсан гэж дуулаад би араас нь хөөж уулзаад мөнгө өгөөчээ гэсэн чинь, би чиний мөнгийг өгч чадахгүй гэсэн. Би өөрөө банкны зээлтэй аргаа бараад шүүхэд хандсан... Би бол хангалттай хүлээсэн гэж бодож байна. Би Ц.Оюунцэцэгийг таньж мэддэггүй байсан. А.Мөнхбатыг бол сайн танина. А.Мөнхбат ирээд найз нь байрныхаа ордерыг өгье чи энэ хүнд мөнгө өгчих гээд байхаар нь аргагүй эрхэнд өгсөн. Тэгсэн энэ хүн одоо ажлаа хийгээд цалингаа аваад яваад байдаг. Надад сэтгэл гаргаад ийм байна, тийм байна гэж нэгч удаа ирээгүй. Цувуулаад өгөх хугацаа хангалттай байсан. Сард 50.000, 100.000 төгрөг өгөөд байсан бол хорогдоод дуусна... Би энэ хүнийг залилан хийж байна гэж үзэж байна... 200.000 төгрөгийг би санахгүй байна. Нэг удаа намайг байхад орж ирсэн. Орж ирэхдээ манай найз Баяраа гээд залуу бид 2 байж байхад нэг орж ирсэн. Надад мөнгө төгрөг өгсөн бол би тухайн үедээ тэмдэглэнэ. Ямар ч байсан манайд нэг удаа орж ирсэн. Тэгээд таарах болгондоо өгнө гэдэг байсан... Одоо би энэ хүний өгнө гэж хэлж байгаа үгэнд итгэхгүй байна... Удахгүй өгнө гээд явсан тэрнээс хойш орж ирж уулздаггүй байсан. Энэ хүнд, хүнтэй уулзаад өгчихье гэсэн сэтгэл байдаггүй юм байна лээ. Би Хөтөлд бас хүн амьтанд мөнгө зээлж л байсан. Тэгэхэд хамгийн харьцаа муутай хүн нь энэ хүн байсан. Өөр надад хэлэх зүйл алга... 2 000 000 төгрөгийг Ц.Оюунцэцэгт өгсөн... Сарын хугацаатай 10 хувийн хүүтэй өгсөн... 200 000 төгрөг өгсөн гээд байна, санахгүй байна. Тэрийг өгөөгүй гэж бодож байна. Өгсөн бол би тэмдэглэх ёстой... Энэ бол ёстой худлаа... Өнөөдөр 22.000.000 төгрөгийн зээл өгдөг банк Монголд байхгүй. Нөхөр нь манай найзын бригадад байдаг. Тухайн үед Оюунцэцэг надад хэлж байсан. Манай нөхөр ингээд явж байгаа, тэгсэн нөхөр нь манай найзаас өөрөө урьдчилаад цалингаа авчихдаг юм байна лээ... ” гэв
Хариуцагч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн үед ажилдаа гарч байсан. Д.Оюунцэцэг над дээр ирээд би Энхболд гэдэг хүнтэй уулзлаа ордерыг чинь тавих гэсэн юм аа гэсэн. Миний ордер 600.000 төгрөгийн барьцаанд ломбарданд байгаа тэрийг яах юм гэсэн чинь ордерыг чинь Энхболдод аваачиж өгөөд Энхболдоос авсан мөнгөнөөс ломбардны чинь өрийг хаагаад чи бид 2 дараа нь болох л байлгүй гээд миний ордерыг авсан. Тэгээд намайг дагуулж ороод нотариатаар батлуулж гарын үсэг зураад, Энхболдод байшингийн ордертэй цуг өгч байсан. 2.000.000 төгрөгийг би өөрөө авч хэрэглээгүй. Тэгээд одоо явж явж ийм асуудалд орчихоод байж байна... Энэ асуудал бараг 2 жил болсон. Энхболд бид хоёр өдөр болгон таарна. Энэ хүн надаас чи дагуулж орж ирсэн гээд надаа нэхээд байдаг. Би энэ хүнтэйгээ уулзаад хэлнэ, энэ хүн надад бололцоо байхгүй гэнэ. Би чи яадаж очоод уулзчих гэнэ. Би өөрөө ордероо тавьчихаад би дунд нь хэлмэгдээд байна. Одоо тэгээд нүүр нүүрээ хараад учраа олсон нь дээр... Цэцэг бид хоёр тэр болгон таарахгүй, заримдаа утсаар ярьна. Одоо эндээ учраа олчихвол зүгээр байна. Би ордероо авч чадахгүй дунд нь бас хэцүү байна... ” гэв
Хариуцагч Ц.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх мөнгө зээлдэг гэж сонсоод очсон нь үнэн. Барьцаа авдаг гэсэн. Тэгэхээр нь А.Мөнхбатыг танай ордер байна уу? гэсэн чинь ломбарданд байгаа гэсэн. Надад мөнгөний хэрэг болчихлоо гээд ордерыг чинь 2.000.000 төгрөгийн барьцаанд тавиад чи бид 2 бол яах вэ? цувуулж увуулаад болох л байлгүй гээд ломбарднаас ордерыг нь аваад очсон. Хашаа байшингийн ордерыг зарна гээд авсан гэж байна. Үнэлгээ тогтоолгох гэж байсан юм. Шинэ газар аваад байшин барьчихаад үнэлгээ тогтоолгоод хүргэн зээл авна гэсэн. Байшинг тухайн үедээ зарах гээд зар өгч үзсэн. Зарагдах ч шинжгүй хашаа байшингийн ордерыг үнэлгээ тогтоолго гэж очиж авсан. Сарын дараа 1-р сарын 27-нд гэрт нь 200.000 төгрөг бариад энэ удаадаа өгч чадахгүй нь гээд 200.000 төгрөг гэрт нь оруулж өгсөн. Сүү зарж байна гэхээр нь 5 литр сүү мөнгөөр нь худалдаж аваад гарсан. Тэрнээс хойш би мөнгө өгч чадаагүй. Өөрөө давхиж ирээд гичий нохой, гуйлгачин түүлэгчинээр нь дуудаж байгаад, яахавдээ гэхдээ хүний юм авсан нь л үнэн юм чинь дуудуулахаас яахав. Хамгийн гол нь би 22.000.000 төгрөгийн банкны зээлтэй байдаг. Надад ерөөсөө цалин гардаггүй шууд банк татаад авчихдаг. Тэгээд мөнгө өгч чаддаггүй. Манай нөхөр буудаа тариан дээр ажилдаг энэ намар наад өр ширийг чинь дарна гэж ярьсан зүйл байгаа. Би өгөхгүй гэж хэлэхгүй, хүүтэй мөнгө надад бас хүндрэлтэй л байна. Энэ хүнийг бас хохиролгүй болгомоор байна. Иргэн хүний хувьд хүн чанарын хувьд хохирол төлбөргүй болгох бодолтой байна. 200.000 төгрөгийг өгсөн гэж хэлж болно шдээ. Хүн оруулаад өгж байхад тайлбар дээрээ бас биччих л хэрэгтэй. 200.000 төгрөг бас мөнгө шүү, ор тас уулздаггүй зугтаагаад залилан хийчихээд, хаалга үүдээ түгжээд байсан зүйл надад байхгүй... Би 1-р сарын 27-нд орж ирсэн. Цагаан сарын өмнөхөн, та нэг хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд та надад 5 литр сүү цагаан портер дээрээс надад авч өгсөн биздээ. Би... цагаан сарын өмнөхөн өгч байсан... бас 3,4 өдөр хэтрээчихсэн, чи яагаад 2, 3 өдөр хэтрээчихвээ гэж байсан. Би үнэн учраа хэлээд 200.000 төгрөг өгөөд гарч байсан. Би сайн санаж байна дандаа 10-т тоолж өгч байсан. Тэгээд сүү зарж байгаа гэхээр нь сүү авъя гээд хамт гараад цагаан портер дээрээс сүү авч өгч байсан. Хүнийг арай ч бас тэгж болохгүй... Мөнхбат энэ мөнгийг аваагүй, хажууд байсан. Ломбарднаас ордерыг нь авсан... 200 000 төгрөг өгсөн, би юугаар нотлох юм гэрт нь оруулж өгсөн. Тухайн үедээ дансыг нь аваад дансаар хийсэн бол одоо бардам зогсож байх байсан юм... зээл авахаасаа өмнө 22 000 000 төгрөгийн зээлтэй байсан... Манай хүргэн зээл авна гэж байсан тэрэнд нь найдаад зээл авсан... 2 000 000 төгрөгийг төлнө, цалингаас бусад орлогоосоо өгнө...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Л.Энхболд нь зээлийн гэрээний үүрэг 2 000 000 төгрөг, хүү 1 000 000 бүгд 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ц.Оюунцэцэг би зээлийн хүүг зөвшөөрөхгүй үндсэн зээл 2 000 000 төгрөгийг төлнө гэсэн бол хариуцагч А.Мөнхбат би энэ мөнгийг аваагүй Ц.Оюунцэцэг тоолж авсан тул төлж чадахгүй гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч Л.Энхболдоос 2013 оны 12-р сарын 26-ны өдөр хариуцагч Ц.Оюунцэцэг 2 000 000 төгрөг зээлж авсан болох нь зохигчидын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан мөнгө зээлсэн талаарх Ц.Оюунцэцэгийн гарын үсэг бүхий баримт /хх-5/-аар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч Л.Энхболд, хариуцагч А.Мөнхбат, Ц.Оюунцэцэг нарыг хамтран хариуцагчаар татаж, энэ 2 хүнээс зээлийг гаргуулж өгөхийг шаардаж байгаа боловч 2 000 000 төгрөгийг Ц.Оюунцэцэг тоолж авч хэрэглэсэн болох нь Ц.Оюунцэцэгийн болон А.Мөнхбатын тайлбараар нотлогдож байгаа тул энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Ц.Оюунцэцэгийг гэж үзлээ.
Зээлийг сарын 10 хувийн хүүтэй өгсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч хүү тохиролцож зээлийн гэрээ хийгдээгүй болохыг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байна. Хэрэгт энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтгүй болно.
Хариуцагч Ц.Оюунцэцэг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 2 000 000 төгрөг зээлсэн энэ мөнгөний хүү 200 000 төгрөгийг төлсөн гэж мэтгэлцэж байгаа боловч энэ байдлаа нотолж чадахгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож...” болохыг хуульчилсан бөгөөд 282.3 дахь хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана...” гэжээ. Зохигчид хүү тохиролцсон гэж байгаа боловч зээлийн гэрээг бичгээр хийж гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч Л.Энхболдыг хүү авах эрхгүй байна гэж үзлээ.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Оюунцэцэгээс 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Энхболдод олгох, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хүүд тооцож нэхэмжилсэн 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч А.Мөнхбатад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Энхболд нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 2 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46 950 төгрөгийг хариуцагч Ц.Оюунцэцгээс гаргуулж нэхэмжлэгч Л.Энхболдод олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Оюунцэцэгээс 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Энхболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч А.Мөнхбатад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Оюунцэцэгээс 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Энхболдод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА