Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00126/И |
Дугаар | 275 |
Огноо | 2016-06-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, ... тоотод оршин суух Б овгийн Б.З-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, ... тоотод оршин суух Б овгийн Б.Я-д холбогдох,
Гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, хариуцагч Б.Я, иргэдийн төлөөлөгч Р.Цэдэн-Иш, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Я нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед “Эрхэс” зоогийн газрын гадна намайг зодож 2 шүдийг минь хугалж, тархи, толгойд гэмтэл учруулсан юм. Ингээд Цагдаагийн газарт хандаж хуулийн дагуу зарим эмчилгээний төлбөрийг гаргуулж авсан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилж болохоор шийдвэрлэсэн юм. Иймд сүүлд хийлгэсэн гаднах чулуун шүдний үнэ болох 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Я миний бие нэхэмжлэгч Б.З-ийн 800,000 төгрөгийг өгөх боломжгүй. Миний бие Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар тогтоолоор 1 жил 6 сарын тэнсэн авсан. Хохирогч Б.З нь эмчилгээний зардалд 5,500,000 төгрөгийг нэхэмжилснийг төлж барагдуулж, гомдолгүй болсон гэх гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Миний бие дүүгээ сургуульд явуулж чадаагүй, хүнээс мөнгө зээлж хохирол барагдуулсан төлбөрөө төлж дуусаагүй байгаа. Иймээс одоо нэхэмжилж байгаа 800,000 төгрөгийг төлөх боломжгүй билээ.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлээ дэмжиж байна. Би Б.Я гэх хүнд зодуулан 2 шүдээ хугалуулж, тархи толгой өвддөг болж эрүүл мэндээрээ хохирсон. Шөнө унтаж чаддаггүй, хамар битүүрч, толгой өвддөг. Зарим үед хичээл дээр заасан зүйлийг хурдан мартдаг болсон учраас сурахад хүндрэлтэй байна. Би 5.500.000 төгрөгөөр 2 ширхэг имплант шүд суулгасан боловч гадна талын чулуун шүдийг тусдаа 800.000 төгрөгөөр хийлгэсэн. Тиймээс би өөрөөс гаргасан 800.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэв.
Хариуцагч Б.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч Б.З-ын эмчилгээний зардалд 5,500,000 төгрөгийг өгсөн байгаа. Америкаас 2 удаа Б.З-ын ах нь залгаж надтай ярьсан. Эмчилгээний зардал 5,500,000 төгрөг өгчих тэгвэл гомдолгүй гэж гарын үсэг зурж өгнө гээд надаас мөнгө авсан. Одоо надад 800,000 төгрөг гаргаж өгөх боломж байхгүй.” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.З өөрт учирсан гэм хорын хохирол 800,000 төгрөгийг хариуцагч Б.Я-оос гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Б.Я нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж: нэхэмжлэл /хх-1/, Б.З-аас Р.Туяад олгосон итгэмжлэл /хх-2/, Хасбанкны орлогын маягт /хх-3-4/, “Баса” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тооцооны хуудас /хх-5/, Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол /хх-6-12/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт /хх-13/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар /хх-29/, “Баса” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тооцооны хуудас /хх-31/, хүсэлт /хх-46/ зэргийг
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: хариу тайлбар /хх-18/, Хаанбанкны 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн хуулбар /хх-19/, Ц.Тогоохүүгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-20/, Р.Т-н 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан тодорхойлолтын хуулбар /хх-21/, Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-22-28/ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.
Хариуцагч Б.Я нь нэхэмжлэгч Б.З-ын эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь нэхэмжлэгчийн “Б.Я нь ... намайг зодож 2 шүдийг минь хугалж, тархи, толгойд гэмтэл учруулсан юм.” /хх-1/ гэх тайлбар, хариуцагчийн “... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. ...” /хх-6/ гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ тухай маргахгүй байна.
Нэхэмжлэгч тал өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсан буюу 2 үүдэн шүдээ хугалуулсны улмаас хиймэл чулуун шүд хийлгэсний зардал 800,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж нотлох баримтаар Хасбанкны орлогын маягт /хх-3-4/, “Баса” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тооцооны хуудас, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тооцооны хуудас /хх-5,31/ ирүүлжээ. Эдгээр орлогын маягт, тооцооны хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж байх тул нотлох баримтаар үнэллээ.
Хариуцагч тал “Хохирогч Б.З нь эмчилгээний зардалд 5,500,000 төгрөгийг нэхэмжилснийг төлж барагдуулж, гомдолгүй болсон гэх гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. ... Одоо надад 800,000 төгрөг гаргаж өгөх боломж байхгүй.” /хх-18/ гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг төлсөн гэдгээ нотолж мөнгөн шилжүүлэгийн хуулбар, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-19-20/ болон Р.Туяагийн тодорхойлолтын хуулбар /хх-21/ зэрэг шаардлага хангасан бичмэл нотлох баримтыг ирүүлжээ. Дээрх баримтыг дүгнэж үзэхэд эмчилгээний зардалд 5,500,000 төгрөг өгсөн гэж үзэх үндэстэй байна. Гэвч нэг талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 5,500,000 төгрөг дотор 800,000 төгрөг тооцогдоогүй гэдгээ нотолж “... чулуун шүдээ хийлгэхэд 800,000 төгрөг болсон юм. ... энэ мөнгийг Я нь ... мөнгө байхгүй цалингийн зээлтэй гээд байхаар би нэхэмжлээгүй” /хх-29/ гэж тайлбарласан нөгөө талаар хариуцагч Б.Я 5,500,000 төгрөг төлсөн тооцоонд 800,000 төгрөгийг оруулж тооцсон эсэх тухай ямар нэг тайлбар гаргаагүй улмаар энэ талаарх нотлох баримт ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч нар өөрийн шаардлага, татгалзал, тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч Б.З 800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж тайлбарласан, нотлох баримт ирүүлсэн бол хариуцагч Б.Я 800,000 төгрөг төлсөн гэдгээ нотолж тайлбар гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... эрүүл мэндэд ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ... ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... хиймэл эрхтэн хийлгэх, ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заажээ. Дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.З-ын гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж чулуун шүд хийлгэсэн зардал 800,000 төгрөгийг хариуцагч Б.Я-оос гаргуулж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Р.Цэдэн-Иш “Нэхэмжлэгч З нь мөнгөө авч гомдолгүй гэж гарын үсэг зураад дахин мөнгө нэхээд байгаа нь буруу байх гэж бодож байна. Я хариуцлагаа хүлээж тэнсэн харгалзах ял авч мөнгө нэхэмжилсэн 5500000 төгрөгийг цаг хугацаанд нь барагдуулсан байна.” гэж дүгнэжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.З нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул хариуцагч Б.Я-оос нэхэмжлэлийн үнэ 800,000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамжийн хувь 23,750 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Я-оос 800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.З-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Я-оос 23,750 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
А.ЭНХТӨР