Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Х овгийн З.Э-ийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Өмнөговь аймаг, П овгийн О.Б-д холбогдох,

   Гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын хөрөнгөөс 48,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.С,  хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Б нь хэл амаар доромжилж, дарамталж, байнга зоддог, толгой тархи руу цохидог, хутга барьж айлгадаг, 2015 оны 11 дүгээр сард сандлаар зүүн гарын шуунд цохиж гэмтээсэн, 2 үүдэн шүдийг мөн цохиж гэмтээсэн, цагдаагийн газарт өгсөн боловч хөнгөн гэмтэл гэж хэрэгсэхгүй болгосон. Хамт амьдрах хугацаанд 4 хүүхэд төрүүлж нэг хүүхдээ алдсан. Хүүхдүүдээ эх хүний хувьд ганцаараа өгсөж хүмүүжүүлж, өрх гэрээ авч явна. О.Б нь 2015 оны 09 дүгээр сараас өөр хүнтэй сууж, намайг сэтгэл санааны байнгын дарамтад байлгаж өнөөдрийг хүрлээ. Иймд гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү.

Хамтран амьдрах хугацаанд том хүү Б.Г, охин Б.Ү, бага хүү Б.Г нар төрсөн. 3 хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.

Бид 1996 оноос хойш 20 гаруй жил хамтран амьдрах хугацаанд хамтын хөдөлмөрөөр 535 толгой малтай болсон ба бусад эд хөрөнгөө хувааж авах хүсэлтэй байна. Үүнд:

-5 ханатай гэр 2,560,000 төгрөг,

-500 ямаанаас 2016 онд гарах ноолуурын үнээс ногдох 9,000,000 төгрөг,

-Эр ямаа 144 х 60,000 = 8,600,000 төгрөг,

-Эм ямаа 192 х 50,000 = 9,600,000 төгрөг,

-Борлон 96 х 20,000 = 1,920,000 төгрөг /энэ жилийн төл мал авахгүй/

-Эр тэмээ 7 х 800,000 = 5,600,000 төгрөг,

-Эм тэмээ 7 х 600,000 = 4,200,000 төгрөг,

-Тором тэмээ 7 х 400,000 = 2,800,000 төгрөг,

-Хаанбанкин дахь дундын хадгаламжаас ногдох 4,000,000 төгрөг нийт 48,280,000 төгрөгийг О.Б-ээс нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай эхнэр З.Э гэр бүлээ цуцлуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд дурдсан зүйлсийн хариу болгож үүнийг бичлээ. Өөрийн өсгөж бойжуулсан 3 хүүхдээ өөрийн асрамжинд байлгана. Том хүү 20 настай уул, уурхайн коллежид сурдаг, 2 бага хүүхэд Б.Ү, Б.Г нар сургуульд сурдаг. Эдгээр 3 хүүхдээ сургууль төгсгөж, ирээдүйн амьдралыг нь хариуцна. Хөрөнгө хуваах нэхэмжлэлийн хувьд нийт малын үнэ 4,800,000 төгрөг, анх гэр бүл болоход энэ хүн тэмээгүй ирсэн учраас тэмээ өгөхгүй болно. Банкинд хадгаламж байхгүй учир мөнгө өгч чадахгүй. Нэхэмжлэлийн гэр бүлээсээ салах үндэслэлд намайг өөр гэр бүлийн хүнтэй болсноор бичжээ. Энэ нь ор үндэсгүй гүтгэлэг юм. Энэ хүн нь манайд түр хугацаагаар бүлээр ажиллаж байгаа хүн болно” гэжээ.

Гэрлэгчид эд хөрөнгийн шаардлага дээр эвлэрч 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: З.Э, О.Б бид эд хөрөнгийн маргаан дээр дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрийн гэрээг байгуулав.

1.Нэхэмжлэгч З.Э, О.Б нарын 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 67 тоот гэрлэлтийн баталгааг цуцлуулахаар тохиролцов,

2.Нэхэмжлэгч З.Э нь 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав,

3.Хариуцагч О.Б-ээс нэхэмжлэгч З.Э-т

- 5 ханатай гэр 1 ширхэг

- Эр ямаа 144 толгой

- Эм ямаа 192 толгой

- Борлон 96 толгой

- Эр тэмээ 7 толгой

- Ингэ 7 толгой

- Тором 7 толгой тус тус шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцов,

4.Нэхэмжилж байсан мөнгөн шаардлага 9,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгөөс татгалзаж 5,000,000 төгрөг авахаар тохиролцов,

5.Хаанбанкны дансанд буй 4,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байснаас татгалзав,

6.Нэхэмжлэгч, хариуцагч талууд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хоорондын тооцоогүй болсон байхаар харилцан тохиролцов” гэжээ.  

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, З.Э өмгөөлөгч Н.Сундуйтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Г, Б.Ү, Б.Г нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрэл зураг, хариуцагчийн хариу тайлбар, О.Б-ийн өрхийн мал тооллогын хуудас, О.Б-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар тодорхойлолт, Өмнөговь аймгийн Г сумын Г багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар тодорхойлолт, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч О.Б-д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын хөрөнгөөс 48,280,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсгээр баталгаажуулжээ.

 

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч З.Э нь 3 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмэлэлийн шаардлага гаргасан ба том хүү Б.Г нь насанд хүрсэн бөгөөд нэхэмжлэгч З.Э нь 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Ү, 2007 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүү Б.Г нарт тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь гэрлэгчдийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Гэр бүлийн дундын хөрөнгөөс 48,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрлэгчид харилцан тохиролцож 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул дээрх гэрээнд заасны дагуу дундын өмч, хөрөнгийг хуваарилах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Э, хариуцагч О.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Нэхэмжлэгч З.Э нь 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин төрсөн Б.Ү, 2007 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Г нарт тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3.Нэхэмжлэгч З.Э-ийн 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Г-т хүүхдийн тэтгэлэг тогтоогох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар З.Э, О.Б нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

6.Гэр бүлийн дундын хөрөнгөөс 48,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад гэрлэгчид харилцан тохиролцож 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

7.Гэрлэгчид эвлэрлийн гэрээнд дурдсанаас өөр эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469,550 /гэрлэлт цуцлуулах шаардлагад 70,200, эд хөрөнгө хуваах шаардлагад 399,350/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-ээс 199,675  төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 199,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.Э-т олгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР