Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 225

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч И.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И.Х холбогдох эрүүгийн 1806 01316 1627 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, И.Х .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч И.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 11 дүгээр гудамжны 216 тоотод өөрийн эхнэр болох 6 сартай жирэмсэн Ч.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

         Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-26-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн 1953 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33/, шүүгдэгч И.Х урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа

/хх-37/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч И.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 11 дүгээр гудамжны 216 тоотод өөрийн эхнэр болох 6 сартай жирэмсэн Ч.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Уянгын өгсөн: "...Эр хүнээр угаадас асгуулах гэлээ” гэж уурлаж, аяга авч над руу шидээд намайг үсдэж доошоо дарж байгаад нуруу руу 3-4 удаа гараараа цохиж түлхэж унагаасан. Тэгээд би босож ирээд шүүгээний хажууд очиж зогсоход дахин хэрүүл маргаан хийж дахин намайг үсдэж баруун хацар руу гараа атгаж байгаад 2 удаа цохиж, мөн дээд уруул руу гараа атгаж байгаад цохьсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад байж байхад И.Х хөдөө явсан байсан. 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг өнгөрч байхад би гэртээ очиход манай нөхөр И.Х гэрт ирсэн байхаар нь би “чи яах гэж ирсэн юм" гэхэд “чи намайг хөөлөө” гээд ахиад хэрүүл болоод тэгээд би цагдаа руу залгах гэхэд миний утсыг булааж аваад өгөхгүй байсан. Тэгээд нүүрс хийдэг сав байсан. Тэрийг нүүрстэй нь хамт над руу шидээд тэр саваар миний баруун дал, нуруу руу нилээн олон удаа цохьсон. Мөн миний үүдэн шүд рүү гараа атгаж байгаад цохиж, намайг үсдэж байгаад доош нь дарж байгаад чирээд тэгээд доош нь дарж хэвтүүлсэн. Би “болиоч чи хүн аллаа” гэхэд “чамайг алж байж сална” гээд орилоод байсан. Мөн хоол хийгээд тавьсан байсан тавагнууд над руу шидээд байсан. Би одоо 6 сартай жирэмсэн болохоор хүүхдээ хамгаалаад л нүүр рүүгээ цохиулсан.” /хх-26-28/ гэх мэдүүлэг,

Мөн хохирогч Ч.Уянгын өгсөн: “...Хэргийн материалтай танилцлаа. Одоо нөхөр бид хоёр 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх-98/ гэх хүсэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Х яллагдагчаар өгсөн: "...2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймагт ажил хийж байгаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд эхнэр Ч.Уянга “архи уулаа зайл” гэж уурласан. Тэгээд маргалдаж байгаад би нүүрсний сав шидсэн. Согтуу байсан болохоор сайн санахгүй байна.” /хх-92-93/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1953 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ч.Уянгын биед баруун мөр, баруун далны цус хуралт, зүүн доод 1, 3, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-33/ гэх дүгнэлт, 

 

Илтгэх хуудас /хх-19/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-20/, 

Эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-64-87/,

Шүүгдэгч И.Х урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/, зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч И.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр болох хохирогч Ч.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч И.Х 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 11 дүгээр гудамжны 216 тоотод өөрийн эхнэр болох 6 сартай жирэмсэн Ч.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Уянга нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тулд шүүгдэгч И.Хурцыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх байдлаар шүүгдэгч И.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.  

 

Шүүгдэгч И.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч И.Х ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, И.Хурцыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, И.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба И.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

     5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл И.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС