Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогч Ш.О,

шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807004110224 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ******* ******* тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, регистрийн ********* дугаартай, ******* овогт С.Д нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд *******ны нутаг дэвсгэр “*******” голын хойд эрэг Мойлтын тохой гэх газарт таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр Ш.Оын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч С.Д нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний шөнө *******ны нутаг дэвсгэр “*******” голын хойд эрэг Мойлтын тохой гэх газарт Г.М, Ш.Оын нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 01 цагийн үед Ш.Отай маргалдан улмаар нүүр толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дийн өгсөн: “Тэрэлж рүү амралтад явсан. Дэлгүүр лүү явж байх замдаа багийн найз Мтай таарсан. М О гэх залуугийн хамт явж байсан. Бид гурав дэлгүүрээс архи авч манай майхан дээр ирээд архиа ууж байх үед О намайг өдөөд л “чи ямар гоё биетэй юм бэ, барилдах уу” гэж хэлсэн. Би Оаас зугтах маягтай гал тойроод сууж байсан. Гэтэл байдал эвгүйтэж хэрүүл болох үед ******* найзыгаа аваад явчих гэж гуйсан. О миний зүүн хавирга руу дохой руугаа хүчтэй ёвроод босохоор нь би хохирогчийн цамцны малгайнаас татаад цохьсон. Миний буруутай үйлдлээс хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан” гэх мэдүүлэг,

      Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Оын өгсөн: “М 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн  хамт Тэрэлжид ирсэн гээд намайг дуудсан. Бид хэд хорхог хийж идээд орой эхнэр, хүүхдүүд унтсан. М бид хоёр дэлгүүр орж архи авахаар явах замдаа Дтой таарсан. Бид гурав хоёр шил архи авч, Дийн майхан дээр ирээд архиа ууж байх үед би Дийг гоё бие хаатай гэж хэлсэн. Би Д хавирга руу хатгаснаа санахгүй байна. Д бид хоёр маргалдаад би Мөнгөнбаганыг явъя гээд л босоход миний нүүр лүү маш хүчтэй цохьсон. Би ухаан алдаж унасан. Би сэрээд Д намайг архины шилээр цохьсон гэж бодоод “чи намайг яагаад архины шилээр цохьсон юм бэ” гэхэд Д “би чамайг архины шилээр цохиогүй гараараа цохьсон” гэж хэлсэн. Би өөрийнхөө майхан руу явж байх замд хүмүүстэй таарч, эхнэр лүүгээ залгаж дуудсан. Эхнэр миний өөдөөс ирээд намайг авч шууд эмнэлэг явсан” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад гэрч Г.Мын өгсөн: “О, Д 2 бага зэрэг маргаад больсон. Тэгээд зүгээр юм хум ярьж сууж байснаа Д гэнэт Оыг нүүр толгой хэсэгт нь цохиод  унагахад дээрээс нь толгой нүүрэнд нь 2 удаа цохьсон” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 16-17 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/357 дугаар:

“1. Ш.Оын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд доод зовхи, баруун  нүдний салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

            /хх-ийн 28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “Ш.Оын биед үүсгэгдсэн гэмтлүүд нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-87 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч С.Д нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний шөнө *******ны нутаг дэвсгэр “*******” голын хойд эрэг Мойлтын тохой гэх газарт Г.М, Ш.Оын нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 01 цагийн үед Ш.Отай маргалдан түүний нүүр толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд доод зовхи, баруун  нүдний салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ш.Оад шүүгдэгчээс 228.950 төгрөгийг гаргуулан олгож, бусад хохирлоо баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт С.Дийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дид 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Дид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Дид мэдэгдсүгэй.

         5. С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Дийн нэр хөрөнгөнөөс 228.950 /хоёр зуун хорин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Оад олгож, хохирогч Ш.Оыг бусад хохирлоо баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар С.Дид оногдуулсан торгох ял биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ