Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0824/З |
Дугаар | 001/ХТ2021/0121 |
Огноо | 2021-06-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/0121
“От о” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0059 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн “От о” ХХК-ийн О аймгийн Ж сумын Ч-ийн голын хөндлөн намаг гэдэг газар байрлах 54 гектар талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 1-А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах тухай”
Хэргийн нөхцөл байдал:
2. “От о” ХХК нь О аймгийн Ж сумын нутаг Ч-ийн голын хөндлөн намаг нэртэй 54 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 1-А тоот тусгай зөвшөөрлийг 1999 онд авсан, 60 жилийн хугацаатайгаар олгогдсон. Уг түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 18 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн.
3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр “От о” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0059 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “От о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “От о” ХХК –д холбогдох хэсгийг илт хууль бус болхоыг тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан.
6. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг шилжүүлэх” а/127 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг шилжүүлэх процесс ажиллагаа хийгдэж эхэлсэн.
7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” 01/2615 дугаар албан тоотоор “...танай байгууллагаас шилжүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувийн хэргүүдийг орон нутгаас буцаан авч, өмнө Ашигт малтмалын хуулийн дагуу олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хуульд заасан мэдээ, төлөвлөгөө, тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт хүндрэл, бэрхшээл учруулахгүйн үүднээс холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хүлээн авч шийдвэрлэх”-ийг чиглэл болгосон учир 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг шилжүүлэн авах тухай” А/2 дугаар тушаал гарч шилжүүлсэн хувийн хэргийг буцаан татаж, Ашигт малтмал, газрын тосны газраас хуулийн дагуу олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хяналт хийгдэж байна.
8. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнана”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Агентлаг нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, шүүх, прокурор болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн ажлын алба, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй сайдаар дамжуулан харилцах ба эдгээр байгууллага, албан тушаалтан нь агентлагтай мөн сайдаар дамжуулан харилцана” гэж заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас ирүүлсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
9. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдан гарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл “От о” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж, төлөвлөгөө, тайлан /өөрийн хүсэлтээр/ ирүүлсээр байдаг. “От о” ХХК нь эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын М\/-001701 дугаар тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг орон нутагт шилжүүлэх талаар Ашигт малтмал, газрын тосны газарт огт хандаж байгаагүй гэж маргасан хариуцагчийн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэснийг “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “От о” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаагүй. Нэхэмжлэгч “От о” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 486 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд 486 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.
10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэх заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
12. Нэхэмжлэгч “От о” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэгдээгүй, тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг орон нутаг руу шилжүүлсэн гэх боловч шилжүүлээгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хуулиар олгогдоогүй байхад цуцалсан нь хууль бус, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлсний дараа цуцалсан нь хууль бус” гэж тодорхойлсон; харин хариуцагчаас “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу түгээмэл тархацтай аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт тавьж ажиллаж байгаа..., Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбоотой холбогдох тусгай зөвшөөрлийн хувийн хэргүүдийг орон нутаг руу шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа..., 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх ёстой байсан төлөөгүй учир хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр цуцалсан нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргажээ.
13. Анхан шатны шүүхийн “... тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; ... илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн гэж үзэв.
14. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж заасан, энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан тул илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ, 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг нэхэмжлэлд тусгана гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн эрхээ хамгаалуулахаар гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээр тодорхойлогдоно. Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хуулиар олгогдоогүй байхад цуцалсан нь хууль бус” гэж тайлбарлан маргаж байгаа боловч түүний хүсэл зориг буюу нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй” болгох гэж тодорхойлсон, уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байна.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, ...”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд иргэн, хуулийн этгээд нь хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хуульчилсан байна.
17. Тодруулбал, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага болон захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад тавигдах урьдчилсан нөхцөл нь өөр өөр бөгөөд нэгэн зэрэг хэрэглэгдэхгүй юм. Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд эрх ашиг нь хөндөгдсөн этгээд хэдийд ч захиргааны байгууллага, улмаар шүүхэд хандаж болдог бол хүчингүй болгуулах шаардлагын хувьд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг захиргааны актыг мэдэгдсэнээс хойш тооцдогоороо ялгаатай юм.
18. Энэхүү хэргийн тухайд, нэхэмжлэгч анхнаасаа маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба анхан шатны шүүх энэ хүрээнд шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасантай нийцсэн байна.
19. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл агуулга, үүсэх эрх зүйн үр дагавар, шүүхээр эрхээ хамгаалуулах нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг ялгамжтай авч үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг “... илт хууль бус болохыг тогтоон” өөрчилж шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзнэ.
20. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 486 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, ... илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 252 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.5-д заасныг зөрчсөн” гэх гомдол нь үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН