Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00010

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн иргэн Базаррагчаагийн Мөнгөнсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ванчигдоржийн Энхболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгчид  холбогдох;

“Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгчийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаарт бүртгэгдсэн Б.Мөнгөнсүх, А.Энхтогтох нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Энхболд, хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч Д.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Энхболд, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Б.Мөнгөнсүх нь 2011 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцаж байсан. Гэтэл энэ хугацаанд Амарсанаагийн Энхтогтох нь Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих виз авах зорилгоор тус аймгийн Цагаан-Уул сумын улсын бүртгэгчид хуурамч баримт мэдээлэл гаргаж намайг оролцуулахгүйгээр миний хүсэл зоригийг харгалзахгүйгээр надтай гэрлэсэн гэж бүртгүүлэн 0128159 дугаар гэрлэлтийн гэрчилгээг гаргуулж авсан байна. ... Би тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч Мөнгөнсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байна. Мөнгөнсүх нь 2011 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Солонгос улсад суралцаж байхад 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Улсын бүртгэгч нэхэмжлэгч Мөнгөнсүхийг Энхтогтохтой 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдөр  гэр бүл болсон гэж бүртгэсэн байдаг. Энэ бүртгэл нь гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7.1, 8.1-д заасан заалтуудыг зөрчиж гэрлэгчдийг байхгүй байхад хуурамч баримт бүрдүүлж гэрлэлтийг бүртгэсэн байна. Иймд Хайрхан овогт Базаррагчаагийн Мөнгөнсух Боржигон овогт Амарсанаагийн Энхтогтох нарын гэрлэлтийг бүртгэсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын улсын бүртгэгчийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: “... Миний бие Улсын бүртгэгчийн ажилд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр томилогдон ажилласан тул тухайн гэрлэлтийн бүртгэлийн талаар мэдээлэл байхгүй болохоор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас анхан шатны бүрдүүлбэр материалыг үзэж танилцлаа. Энэхүү бүрдүүлбэр нь бүгд факсаар авсан хуулбар хийхэд хүндрэлтэй материалууд байна. Мөн эрүүл мэндийн хуудас байхгүй байна. Тухайн бүртгэлийг Б.Мөнгөнсүхийн ээж Н.Пагамдулам 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тухайн үеийн улсын бүртгэгч Т.Мөнхбаяраар хийлгэсэн байна. Тухайн үед энэ бүртгэлийг бүртгэх ёсгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд А.Энхтогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүхэд гаргасан тайлбартаа: ... А.Энхтогтох нь Б.Мөнгөнсүхтэй 2010 оноос танилцаж улмаар хайр сэтгэлийн холбоотой болж хамтын амьдралаа холбосон юм. Б.Мөнгөнсүх нь 2011 онд Солонгос улс руу явсан хойгуур 2011 оны 4 сарын 13-ны өдөр охин Ичинхорлоог төрүүлсэн. Тухайн үед Мөнгөнсүхийн аав, ээж нь хүүхэд төрсөн учраас та хоёры гэрлэлтийн баталгааг Хөвсгөл аймагт хийлгэн гээд баримт бүрдүүлсний дагуу Хөвсгөл аймгийн иргэний бүртгэлээс ярьж байна. Мөнгөнсүх та хоёрын баталгаа хийж өглөө , зун Хөвсгөлд ирж гарын үсэг зураарай гэж хэлсний дагуу Хөвсгөл явж чадаагүй ба утсаар зөвшөөрсөн юм. Бид 2010 оноос 2016 он хүртэл хамтын амьдралтай байснаас гадна бидний дундаас охин мэндэлж, одоо эрүүл энх бойжиж миний асрамжинд байна.2016 онд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан Мөнгөнсүхтэй цаашид амьдрах боломжгүй болсон. А.Энхтогтохын хувьд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын улсын бүртгэгчид бүртгүүлсэн 0128159 дугаар бүхий гэрлэлтийн гэрчилгээг 2011 оны 05 сарын 20-ны өдрийн 8 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн иргэн Базаррагчаагийн Мөнгөнсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ванчигдоржийн Энхболд нь“Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгчийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаарт бүртгэгдсэн Б.Мөнгөнсүх, А.Энхтогтох нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад доорхи үндэслэлээр   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө хамтран гаргаж...”, 13 дугаар зүйлийн 13.3-д “Иргэний бүртгэлийн ажилтан  гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийнг биеэр байлцуулна...” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Б.Мөнгөнсүх, А.Энхтогтох нарын гэрлэлтийг бүртгэсэн нь доорхи байдлаар тогтоогдож байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч нь  2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн иргэний бүртгэлийн 08 дугаарт Б.Мөнгөнсүх, А.Энхтогтох нарын гэрлэлтийг бүртгэхдээ тэднийг хамтран өргөдөл гаргаагүй байхад, мөн түүнчлэн гэрлэгчдийг байлцуулалгүйгээр Б.Мөнгөнсүхийн ээжийн хүсэлтээр гэрлэлтийг бүртгэсэн болох нь иргэн Н.Пагмадуламын тайлбар, гэрлэлтийг бүртгэхэд бүрдүүлж өгсөн баримтууд, Б.Мөнгөнсүх, А.Энхтогтох нарын тайлбар зэргээс тотоогдож байх бөгөөд энэхүү хууль зөрчсөн хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн болох нь тогтоогдож байх  тул Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгчийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаарт бүртгэгдсэн Б.Мөнгөнсүх, А.Энхтогтох нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.2,13.3, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнгөнсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Энхболдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгчийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний бүртгэлийн 08 дугаарт бүртгэгдсэн Б.Мөнгөнсүх, А.Энхтогтох нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

 

                                      

 

                                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ЭНХТАЙВАН