Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2016/00035

 

 Э.Юмжирдуламын нэхэмжлэлтэй,

Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч Э.Юмжирдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/00752 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Алтансувдын давж заалдах гомдлоор Э.Юмжирдуламын нэхэмжлэлтэй, Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдох ажлаас буруу халсны улмаас үндсэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 1511376 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.Юмжирдулам шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт 2013 оны 11 сарын 15-ны өдөр туслах багшаар ажилд орсон бөгөөд удирдлагаас болон анги удирдсан багш нараас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байсан. Хүүхдийн байгууллага болохоор сайн ажиллахаас өөр аргагүй, үргэлж анхаарал халамж шаардсан ажил байдаг. Миний хувьд бусдын л адил цалингаас цалингийн хооронд зээл төлж амьдардаг нэгэн. Тус цэцэрлэгийн удирдлага болон багш нараас хэтэрхий хүний эрх зөрчсөн шаардлага тавьсан үед нь хэлэх үгээ хэлдэг болохоор энэ байдал маань тэдэнд таалагдаагүй учир юм л бол үндэслэлгүй зэмлэж, хийх ёсгүй ажлыг хийлгэж, цалин урамшууллаас шалтгаангүй хасдаг байсан. Түүнд нь би гомдол гаргаж яваагүй. Намайг хүнд өртэй гэж сонссон дарга маань 2016 оны 01 сарын 02-ны өдөр бусдад төлөх өрөө төл, мөнгөө аваад ир, 01 сарын 15-ны дотор мөнгө олж ирэхгүй бол ажлаас чинь хална шүү гээд чөлөө өгөөд явуулсан. Ингээд намайг 15-ны өдөр ирэхэд үйлчлэгчийн ажил хий гээд хийлгэсэн. Тэгээд л би хий гэснийг нь хийж байсан. Энэ үед миний цалин буурсан. Гэтэл 2016 оны 3 сарын 10-ны өдөр тушаал гаргаад намайг ажлаас халсан. Тушаалд эцэг эхээс бэлэн мөнгө авч хүүхэд цэцэрлэгт оруулсан гэжээ. Би хэзээ ч эцэг эхээс бэлэн мөнгө авч хүүхэд оруулаагүй, тэрийг багш, дарга нар л өөрсдөө хийдэг. Түүнчлэн би хэзээ ямар хөндлөнгийн шалгалтад хангалтгүй гэж үнэлэгдсэн болохыг мэдэхгүй. Надад тийм үнэлгээг ч танилцуулаагүй. Мөн дарга хэн нь ёс суртахууны зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлдсэнийг нь хүнийг ажлын байрны дарамтанд оруулсныг ялгаж зааглаж чадаагүйд нь гомдолтой байна. Хэдийгээр би туслах багшийн ажил хийж байсан боловч намайг тушаал бууруулж үйлчлэгч болгосныг хүлээн зөвшөөрч байгаа. Ажлаасаа халагдах байх гэсэндээ үйлчлэгч ч хамаагүй хийнэ гэдгээ хэлсэн нь үнэн. Намайг байнга утсаар ярьж ажлын байраа орхиж явдаг гэсэн байсан. Би утсаар ярьдаг боловч байнга яриад байдаггүй. Нэг удаа утсаар ярьсныг, мөн хааяа нэг алдаа гаргасныг байнга гаргадаг, байнга утсаар ярьдаг мэтээр хурал болгон дээр давтаж ярьдаг байсан. Миний хувьд хүмүүст өр зээлтэй нь үнэн. Гэхдээ би эцэг эхээс мөнгө авч байгаагүй. Хүмүүст өр зээлтэй нь миний буруу. Энэ бол миний хувийн асуудал болохоос ажилтай маань холбоогүй. Сарантуяа гэдэг хүний хүүхдийг мөнгө авч цэцэрлэгт оруулсан асуудал бол би мөнгийг нь авч Болормаа багшид дамжуулсан л болохоос би мөнгө авч хүүхэд оруулаагүй. Энэ асуудлыг Болормаа багш гаргасан. Дараа нь Болормаа багш надаас гуйгаад байсан болохоор нь би хурал дээр өөрөө авсан мэтээр ярьсан. Мөнгийг нь Болормаа багш буцаагаад надад өгснийг нь би даргад өгсөн. Энэ мэтээр зөвхөн намайг л буруутгадаг. Цагаан сарын дараа болсон асуудлын хувьд намайг ажлаа хийгээд зогсож байхад минь арга зүйч Оюунцэцэг надтай зүй бусаар харьцаж, загнаж дарамталсан учраас миний сэтгэл санаанд маш хүндээр туссан. Тэгээд арга ядахдаа би өөрийгөө боомилох үйлдэл хийсэн нь үнэн. Тэр үед надад үнэхээр хүнд ингэж ад үзэгдэж дарамтлуулж байснаас үхсэн нь дээр гэсэн бодол төрж байсан бөгөөд ажлын байран дээрх дарамтаас болж тийм үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Урьд өмнө  нягтлан Бумчин надад бэлгийн дарамт үзүүлж байсан удаа бий. Энэ бүхнийг би даргад хэлж байгаагүй. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учраас намайг Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд буцаан томилж ажилгүй байсан хугацааны цалинд 1511376 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Юмжирдуламын хууль ёсны эрх ашгийг төлөөлж түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтан Э.Юмжирдуламыг хууль бусаар ажлаас нь үндэслэлгүйгээр халсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл ажилтныхаа гаргасан алдаа дутагдлыг юунаас болж алдаа гаргах болов, учир шалтгаан нь юунд байна гэдгийг шалгаж үзэхийн оронд нэг гаргасан алдааг нь байнга гаргадаг мэтээр хурал болгоноор байнга ярьдаг болох нь удаа дараагийн хурлын тэмдэглэлээр харагдаж байна. Юмжирдуламын хувьд хүнд өр зээлтэй гэдэг шалтгаанаар, хүмүүс нь мөнгө нэхэж ажил дээр нь ирдэг гэх шалтгаанаар дандаа буруутгагддаг. Энэ нь хувь хүний өөрийнх нь санхүүгийн асуудалтай холбоотой болохоос ажил үүрэгтэй нь огт холбоогүй асуудал. Ажлаас халсан тушаал дээр удаа дараа сахилгын зөрчил гаргадаг, сахилгын шийтгэл хүлээсэн гэсэн байна. Гэтэл удаа дараагийн хурлын тэмдэглэлүүдээс харахад энэ хүн ямар зөрчлийг хэдэн удаа гаргасан болохыг шалгаж баримтжуулаагүй, зөвхөн л хурлаар авч хэлэлцдэг байдлаас удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн эцэг эхээс бэлэн мөнгө авч хүүхэд цэцэрлэгт оруулсан гэх боловч бас л энэ зөрчлийг шалгаж тогтоогоогүй байдаг. Зөвхөн нэг эхийн өргөдөл дээр л тулгуурлаж буруутгасан. Мөн удаа дараагийн хөндлөнгийн үзлэг шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан гэх боловч энэ нь албан ёсны комиссын дүгнэлтээр хангалтгүй гэж дүгнэгдсэн болох нь тодорхойгүй байна. Зөвхөн Оюунцэцэг арга зүйчийн өөрөө дүгнэдэг ажил дүгнэх үзүүлэлтийг комиссын дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн цагаан сарын дараа Э.Юмжирдуламыг ажлаа хийгээд зогсож байхад нь арга зүйч Оюунцэцэг зүй бус шаардлага тавьж, хүнийг хүчээр үг хэлүүлэх гэж оролдсон, сандал хугартал түлхэж унагаж, хэл амаар доромжилсон байдаг. Үүний улмаас Юмжирдулам сэтгэл санааны хүнд дарамтанд орсон учраас өөрийгөө боомилох үйлдэл хийсэн байдаг. Үүнийг нь дарга удирдлага нь ойлгоогүй, зөвийг нь тунгаахгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн нягтлан нь ажлын байран дээр нь бэлгийн дарамт үзүүлдэг гэх мэтээр энэ хүн ажлын байрны дарамтанд байдаг нь илэрхий байна... Иймд нэхэмжлэгч Э.Юмжирдуламыг тус цэцэрлэгийн үйлчлэгчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь өөрийн ажилгүй байсан хугацаагаа 2016.03.10-ны өдрөөс 2016.06.15-ны өдрийг хүртэл хугацааг нэг өдрийн дундаж цалингаар тооцон нийт 1511376 төгрөгийг нэхэмжилж байгааг дэмжиж байна. Аргачиллыг шүүхэд бичиж өгсөн байгаа. Дундаж цалингаа 2015 оны 12 сараас эхлэн тооцсон байгаа гэв.

            Хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгээс шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Юмжирдулам нь тус цэцэрлэгт 2013 оны 11 сарын 15-ны өдрөөс туслах багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 3 сард өөрийн буруугаас ажлаасаа халагдсан. Юмжирдулам нь 2 жил гаруй хугацаанд ажиллахдаа 2014 онд 1 удаа, 2015 онд 3 удаа, 2016 онд 2 удаа байгууллагын нийт ажилчдын болон ёс зүйн хорооны хурлаар орж албан бусаар хэд хэдэн удаа анхааруулга, сануулга авч байсан нь түүний ажлаа чанаргүй гүйцэтгэж, ёс зүйгүй ажиллаж байсныг нь харж болно. Э.Юмжирдулам нь аав, ээжтэйгээ хамт ар талдаа дутагдах гачигдах зүйлгүй амьдардаг боловч мөнгөний асуудал маш их гаргаж байсан. 2015 оны намраас эхлээд он дуустал түүний өр төлбөрийн талаар биеэр, бичгээр, утсаар багш ажилчид болон эцэг эхчүүд, хувь хүмүүсээс гомдол, санал ажил дээр ирсээр байсан тул өрөө барагдуул гэж 15 хоногийн чөлөө олгож байсан. Ингээд 01 сарын 15-ны өдөр 560000 төгрөг олж ирснийг нь өөрийг нь байлцуулж байгаад хүмүүст нь өгүүлсэн. Ингээд өөрөө үлдсэн өрөө ажлаа хийж байгаад төлье, ямар ч хамаагүй ажил хийнэ, дахин ийм алдаа зөрчил гаргахгүй гэж гуйхад нь бид цэцэрлэгийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд албан тушаал бууруулж үйлчлэгчээр ажиллуулсан. Энэ хугацаанд ажлаа чанаргүй хийж байгааг нь ажилчид байнга хэлдэг байсан. Түүнээс гадна туслах багшаар ажиллаж байхдаа байнга утсаар ярьдаг, хүүхдийн унтлагын цагаар гараад ирье гэж гараад ажилдаа ирэхгүй алга болдог, анги удирдсан багш нарыг шаардлага тавихад нь биелүүлдэггүй, өөдөөс нь хэрүүл маргаан гаргадаг. Энэ нь ёс зүйн хурлаар ороод дандаа анги удирдсан багш нар нь арга хэмжээ авахуулдаг байсан. Арга зүйч ажил дүгнэх болоод хийсэн ажлаа тайлагнаад бичээд ир гэхэд хийсэн ажлаа бичиж ирүүлдэггүй, шаардуулж байж хүнээр бичүүлээд ирдэг байсан. Манайх дотроо дотоодын хяналт шалгалтын комисстой бөгөөд уг комисс багш ажилчдын ажлыг дүгнэдэг. Комиссын дүгнэлт болон хөндлөнгийн үзлэг шалгалтаар дандаа хангалтгүй үнэлгээ авдаг. Тэр болгонд урамшууллаас нь хасаад яахав гэж бодож албаар үзүүлэлтийг нь өргөж 70-аас дээш оноо тавьж урамшуулалд нь хамруулдаг байсан. Энэ хүн үнэхээр ажлаа маш хангалтгүй хийдэг. Харин ч манай цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчийн зүгээс багш ажилчдаас дандаа өмөөрдөг байсан, аль болохоор ажилтай нь үлдээх гэж их мэрийсэн. Гэвч хамгийн сүүлд буюу цагаан сарын дараа ажил цуглахад үүдний коридор маш бохир, хогтой байхад цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээгүй, гоёж гоодчихсон, дээшээ хараад зогсож байхад нь арга зүйчийн хувьд шаардлага тавьсан нь үнэн. Тэрээр шаардлага тавихад үл тоосон шинжтэй дээшээ хараад зогсоод байхаар нь дуугараач гэж хэлсэн нь ч үнэн. Тэглээ гээд хувцасны өрөөнд ороод трубанаас ороолтоор хүзүүгээ ороож өөрийгөө боох гэж оролдсон. Энэ бол хүүхдийн байгууллага дээр байх ёсгүй үйлдэл бөгөөд хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил учраас бид хамт олны хурлаар хэлэлцүүлсэн. Хамт олон энэ хүнтэй ажиллахгүй гэж үзэн 88 хувийн саналаар ажлаас нь халах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр ажлаас нь халсан. Дахин энэ хүнтэй хамтран ажиллах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/00752 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Юмжирдуламыг Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны олговорт 1329697 /нэг сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Юмжирдуламд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Юмжирдуламд олгох 1329697төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн санхүүд үүрэг болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 106425 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Алтансувд давж заалдах гомдолдоо: Тус цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан Э.Юмжирдуламыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ба байгууллагын дотоод журмын 6.3-д хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан эцэг эхээс мөнгө авч хүүхэд цэцэрлэгт авсан зэрэг үндэслэл нотолгоотойгоор ажлаас халсан. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/00752 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.     

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Юмжирдулам нь хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдох ажлаас буруу халсны улмаас үндсэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 1511376 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Ажилтан Э.Юмжирдуламыг ажил олгогч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн А/35 тоот тушаалаар сануулах, 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар албан тушаал бууруулж өөрчилсөн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажилтан Э.Юмжирдулам нь хэдийд, ямар сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байна. /хх-ийн 25, 30 дахь талууд/

Мөн ажил олгогч ажилтан Э.Юмжирдуламыг ажлын цагаар байнга утсаар ярьдаг, тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, эцэг эхүүдээс мөнгө авч хүүхэд цэцэрлэгт оруулсан гэх зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж тайлбарладаг боловч зөрчил тус бүр нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэхгүй. 

Ажилтан Э.Юмжирдулам нь 2016 оны 02 сарын 15-ны өдөр ажлын байран дээр тус цэцэрлэгийн арга зүйч Оюунцэцэгийн шаардлага тавьснаас улбаалан өөрийгөө боомилох үйлдэл хийсэн нь цэцэрлэгийн багш, ажилтны ёс суртахууны зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох“ үндэслэлд хамаарагдахгүй байна. Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.  

Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ201600752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

            ШҮҮГЧИД                                                Я.АЛТАННАВЧ           

                                                                               З.ЭНХЦЭЦЭГ