Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 66

 

Т.Хуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор У.Солонго,                                        

          Ялтан Т.Хуягийн өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн, О.Энх-Эрдэнэ,

          Хохирогч Ж.Энх-Амгалан,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Батаа, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Хуяг, хохирогч Ж.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Хуягт холбогдох 2016 2601 2315 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хөө хүүхэн овгийн Түдэвийн Хуяг, 1971 оны 5 дугаар сарын 19-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 708 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ПЮ71051914/;

 

Т.Хуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн 7 дугаар гудамжны 708 тоот хашаанд бариатай байсан, хамтран амьдрагч Ж.Энх-Амгалангийн 5 ханатай монгол гэрийг доторхи эд хогшилтой нь хамт санаатайгаар галдан шатааж, 13.558.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Хуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Хуягийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар Т.Хуягийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, нийт цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Хуягаас 13.738.000 төгрөг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 708 тоотод оршин суух Ж.Энх-Амгалан /РД:ЧВ71072908/-д 13.558.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 707 тоотод оршин суух Ц.Бямбадорж /РД:ЙС70072515/-д 180.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.Хуяг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Мөрдөн байцаагч Баянжаргал нь хэт нэг талыг баримталж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хохирлын хэмжээ 11 сая гаруй төгрөг гэж гарын үсэг зуруулсан. Гэтэл яллах дүгнэлтэд 13 сая гаруй төгрөг гэж бичсэнээр анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг 13 сая гаруй төгрөгөөр тогтоож, гэрт байсан эд хөрөнгийн үнэлгээг нягтлан шалгаагүй, хийсвэр үнэлгээгээр тогтоосон. Жишээ нь: Манай найз Отгонбаярын бэлэглэсэн ор, хөргөгч болон миний хувь нэмэр оролцсон эд хөрөнгөнүүдийг дундын өмч юм уу эсвэл Ж.Энх-Амгалангийн өмч эсэхийг ялгаж салгалгүй намайг айлд амьдарч байсан мэтээр бүх эд хөрөнгийг эхнэр Ж.Энх-Амгалангийн эд хөрөнгө болгосон.

Мөрдөн байцаагч Баянжаргал нь миний хууль зүйн мэдлэггүй байдлыг минь далимдуулж “анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн байцаалтын шатанд саад учруулаагүй зэрэг нөхцөл байдлыг харж үзэж, шүүх хөнгөн ял шийтгэл оноодог” гэх зэргээр хуурч мэхлэн миний эрх зүйн байдлыг маш их дордуулж мөрдөн байцаалтыг үнэн зөвөөр явуулаагүйн улмаас надад оногдуулах ял шийтгэл хүндэрч, гэр бүлдээ тулгарч буй асуудалд туслах боломж бололцоогүй болгосон. Өнөөдрийн байдлаар миний эхнэр, хүүхэд хоёрын хувийн байдал маш хүндэрч байна. Манай охин 10 дугаар анги төгсөж их сургуульд суралцах төлбөр санхүүгийн асуудал тулгарсан байгаа. Энэ бүхэнд би маш их санаа зовж байна. Би нойр булчирхай, түрүү булчирхай зэрэг өвчнөөс шалтгаалж хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж байгаа тул миний хөдөлмөрлөх тууштай хугацаа маш богино болж байгаа тул өөрт байгаа боломжоо цаг алдалгүй ашиглаж гэр бүлдээ тусалмаар байна.

 

Гэрч Отгондалай нь тухайн үед болсон асуудлыг үнэн зөвөөр хэлээгүй худал мэдүүлэг өгсөн. Тухайн үед шүүх хуралдаанд нүүрэлдүүлж үнэн зөвийг олдог юм байх гэж байтал даанч би хууль мэдэхгүй болохоор яаж ч чадаагүй. Өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн нь ямар ч хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Би хаашаа хэнд хандахаа мэдэхгүй явсаар ийм байдалд хүрсэн. Иймд хэргийг дахин шалгуулж, үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна...” гэжээ.

Хохирогч Ж.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Т.Хуягтай хамтран амьдарч байсан. Т.Хуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр согтуугаар гэрээ шатаасан нь үнэн болно. Анхан шатны шүүхээс түүнд 6 жилийн хорих ял оногдуулсан. Миний бие шүүхэд гаргасан өргөдлөө буцаан татаж, гомдолгүй гэж байгаа учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Т.Хуягт оногдуулсан 6 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү, миний зүгээс хохирол төлөгдсөн тул гомдолгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гомдлоо дэмжиж байна...” гэв.

 

Ялтан Т.Хуягийн өмгөөлөгч О.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Хуягийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү...” гэв.

 

Ялтан Т.Хуягийн өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Т.Хуяг болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна...” гэв.

 

Прокурор У.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх ялтны хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр төлөгдсөн гэж байгаа боловч баримтаар төлөгдсөн гэх баримтгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

          Т.Хуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн 7 дугаар гудамжны 708 тоот хашаанд бариатай байсан, хамтран амьдрагч Ж.Энх-Амгалангийн 5 ханатай монгол гэрийг доторхи эд хогшилтой нь хамт санаатайгаар галдан шатааж, 13.558.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6, 7-8/, /хх-24-25/, эд зүйл, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /хх-26-34/, 

 

          Хохирогч Ж.Энх-Амгалангийн “...манай нөхөр Т.Хуяг тасралтгүй 8 хоног архи уусан. Тэр хооронд би Т.Хуягийг цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгч байсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар надад хандаж “та өргөдөл, гомдлоо өгөөчээ” гэж хэлж байсан бөгөөд би ажлын зав чөлөө гарч өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Манай хашаанд Ж.Отгондалай тусдаа гэрээ бариад амьдардаг юм. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай төрсөн дүү Ж.Отгондалайгаас нөхрийнхөө талаар асуух гээд утсаар ярьсан чинь “Хуягаа ах согтуу гэртээ орилж, хашгичаад, гартаа хутга барьж манайд орж ирээд “би танай эгчийг чинь алмаар байна” гээд гэрт нь орж ирсэн гэсэн. Дүү маань Т.Хуягийг гараад явахаар нь айгаад гэрийнхээ хаалгыг түгжээд байж байсан чинь хаалгыг нь дахиж хүрч ирээд нүдэхээр нь хаалганы цаанаас “яасан бэ” гэсэн чинь “би танай эгчийг гуйлгачин болгох зорилгоор гэрийг нь шатаалаа, чи энийг хар” гэхэд дүү маань сандраад өөрийнхөө гэрээс гараад манай гэр лүү харсан чинь тооноор болон хаалгаар хар утаа маналзаад шатаж байсан гэсэн. Би яг тэр үед дүү Ж.Отгондалай руу утсаар залгаад асуусан чинь “танай гэр чинь шатаж байна аа, Хуяг ах гэрээ шатаачихлаа” гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр нь би дүүгээ “чи намай гэр лүү ороод ядаж хувцас хунарыг маань аваадхаач” гэхэд “гэр лүү чинь орох боломж байхгүй, гал дүрэлзээд асаж байна” гэсэн. ...Намайг гэртээ ирэхэд Т.Хуяг дүүгийн гэрийн гадаа согтуу зогсож байсан. Би Т.Хуяг дээр очоод “чи яагаад гэрийг маань шатааж байгаа юм бэ” гэсэн чинь “өөрөө гэрээ шатаасан, өөрөө хариуцлагаа хүлээнэ” гэсэн. Т.Хуяг надтай хэрүүл маргаан хийж, миний бурхан болсон эцгийн нэр, усыг дуудаж доромжилж, миний удам угсааг доромжилдог. Ер нь намайг байнга загнаж, зандардаг. Намайг байнга ална, тална гэж заналхийлдаг. Юм болонгуут л гэрийг чинь шатаана гэж заналхийлдэг...” /хх-35-45/,

 

          Иргэний нэхэмжлэгч Ц.Бямбадоржийн “...2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай урд хөрш айлын 5 ханатай монгол гэр шатсаны улмаас манай 7х8 харьцаатай тоосгон байшингийн гал тогооны вакум цонхны гадна талын рам болон цонх, мөн үүдний таамбарын 3 ширхэг том модон цонх галын халуун дөлөнд хайрагдаж хагарсан, мөн цонхны дээд талын 6 метрийн урттай гарнек мод шатаж харласан...” /хх-46-48/,

         

          Гэрч Ж.Отгондалайгийн “...Өдөр 12-13 цагийн үед манай хүүхэд “Хуягаа ах хутга барьчихсан, хашаан дотор явж байна” гэхээр нь хаалгаа нээхэд Хуягаа ах хутга барьчихсан хамаг бие нь чичирчихсэн орж ирээд “Ж.Энх-Амгалан хаана байна, ална, тална” гээд хальт орж ирээд гарсан. Би тухайн үед айгаад хаалгаа түгжээд хэсэг байсан. Тэгээд хэсэг байж байтал Хуягаа ах орж ирээд “тэрийг хар, би танай эгчийг чинь гуйлгачин, модыг нь бариулах гээд шатаачихлаа” гэж хэлээд гэрийн хаалга онгойлгоод эгчийн гэрийг харуулахад эгчийн гэрийнх нь тооно болон хаалга хоёроор улаан гал дүрэлзээд асаж байсан...” /хх-49-50/,

 

          Гэрч Ц.Эрдэнэбаярын “...Т.Хуягийн 5 ханатай монгол гэр нь зүүн талаасаа шатаж байсан бөгөөд гал нь даамжирах шинжтэй байсан бөгөөд арын тоосгон байшин болон урд талын таамбар луу нь галын дөл төөнөж байхаар нь гэрээсээ эхнэрээ дуудаж ус гаргуулж ирсэн...” /хх-51-52/,

 

          Гэрч С.Ням-Очирын “...Ж.Отгондалай над руу утсаар яриад “гал гараад байна, яаралтай хурдан хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би яасан юм бол гээд яваад очтол хадам эгч болох Ж.Энх-Амгалангийн 5 ханатай гэр нь шатаж дуусаад утаа униар гарч байсан. Тэгээд юу болсон талаар эхнэрээсээ асуухад “Т.Хуяг ах гэрт орж ирээд тэрийг хар, би эгчийн чинь гэрийг шатаачихлаа гэж хэлээд эгчийн гэрийг заахад гал гарч байсан” гэж хэлсэн...” /хх-53/,

 

          Насанд хүрээгүй гэрч Х.Аззаяагийн “...би 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн гэртээ хариагүй. Яармагт байдаг Батзориг гэж ээжийнхээ эгчийнх нь дүүгийнд байсан. Учир нь аав Т.Хуяг архи уугаад гэртээ согтуу байгаад байсан. Аав маань архи уусан үедээ намайг болон ээжийг шөнө, орой унтуулж амраадаггүй болохоор нь аваасаа айгаад 8 хоног гэртээ хоноогүй. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед манай ээж Ж.Энх-Амгалан над руу утсаар яриад “гэр чинь шатсан” гэхээр нь “хэн, яагаад шатаасан юм бэ” гэхэд “аав чинь шатаасан” гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь гэртээ очтол манай гэр шатаад юу ч үгүй болсон байсан ба шатсан гэрийн хар буйр л үлдсэн байсан. Аав маань зүгээр байж байгаад гэнэт гэнэт огцом уурлаж, уцаарладаг. Аав өнгөрсөн жилийн хавар намайг эрүүл үедээ зодож байсан. Аав архи уусан үедээ агсам согтуу зан гаргаж, ээжийг зодож, нүддэг. Архи уусан үедээ гэрээ шатаана, ээжийг маань ажил дээр нь ажилгүй болгоно гээд шөнөжингөө үглээд хонодог. Аавыг тийм болохоор би аваасаа айдаг...” /хх-56-57/ гэх мэдүүлгүүд,

 

          Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн: “...хэргийн газрын үзлэг, гал түймрийн шатлага тархан дэлгэрэлтээс үзэхэд гал түймэр нь монгол гэрийн дотор талд баруун хэсгээс эхэлж гарсан байх үндэстэй байна, гал түймрийн шатлагын явцаас үзэхэд ил галын нөлөөллөөс үүсвэрлэн гарсан байх ба гал түймэр шатах материалд цонож, цаашид тархан дэлгэрэх нөхцлийг бүрдүүлсэн байна, шатах тослох материалын дээж аваагүй байх тул тогтоох боломжгүй, гал түймэр нь гадны ямар нэгэн нөлөөгөөр үүссэн байх үндэстэй байна, хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогчийн тайлбар, цахилгаан дамжуулах утас, пийшинд үзлэг хийх явцад пийшин зуухны хэт халалт, цахилгаан дамжуулах утаснаас гал гарсан шинж тэмдэг, баримт илрээгүй, санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээс гал тавьсныг тогтоох боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-61-62/,

         

          Шүүх сэтгэц эмгэг судлалын  “...Т.Хуяг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, мэдүүлэг өгөх чадвартай байна, хэрэг хариуцах чадвартай байна, хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлах чадвартай байсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-66-67/, эд зүйлийн үнэлгээ /хх-129-134, 137/, ялтан Т.Хуягийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Т.Хуягт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тодруулсан, анхан шатны шүүхээс Т.Хуягийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

         

          Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

          Ялтан Т.Хуяг гаргасан давж заалдах гомдолдоо “...мөрдөн байцаалтыг үнэн зөвөөр явуулаагүй тул хэргийг дахин шалгуулж өгнө үү...” гэж, хохирогч Ж.Энх-Амгалан гаргасан давж заалдах гомдолдоо “…ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү…” гэж давж заалдах гомдлууд гаргасан байх боловч Т.Хуягийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдалгүй, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс Т.Хуягт оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул ялтан Т.Хуяг, хохирогч Ж.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хохирогч Ж.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд “Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Энхбаяр, удирдах зөвлөлийн гишүүн В.Нэргүй нарын гаргасан “...Т.Хуягийн эхнэр Б.Энх-Амгалантай бид холбогдож “Жаргал тоссон амьдрал” нэртэй хандивын тоглолт зохион байгуулж өгсөн нь үнэн болно. Тус тоглолт 2016 оны 12 дугаар сарын 26-нд UB паласын концертийн бага танхимд болсон. Тоглолтын тасалбар 15.000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд нийт тасалбарын орлогоор Б.Энх-Амгаланг охинтой нь гэр оронтой болгох талаар бид хамтийн гэрээ хийснээр хохирол бүрэн барагдсан тухай мэдээллийг Б.Энх-Амгалан өгсөн...” гэх тодорхойлолтыг ирүүлж “хохирол төлөгдсөн” гэх тайлбарыг хэлж байгаа боловч хохирогч Ж.Энх-Амгалангийн хохирол төлбөр бодитоор төлөгдсөн гэсэн баримт байхгүйн зэрэгцээ, дээрх баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Хуяг, хохирогч Ж.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Хуяг, хохирогч Э.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                             

                                

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ӨСӨХБАЯР

 

                                        ШҮҮГЧИД                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ