Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 283

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, Т овгийн Б-н М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Т овгийн Б-ын Л-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Л-той 2002 онд гэр бүл болоод 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин М төрсөн. 2010 онд Л нь Шивээ овоо боомтод ажиллахаар явсан. Л бид хоёр 10 жил амьдарсан. Гэтэл Л тэнд ажиллаж байх хугацаандаа өөр амьдрал зохиогоод одоо 4 жил болж байна. Ийм учраас бидний гэрлэлтийн баталгааг цуцалж, охин М-д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б овогтой Л нь Б.М-тай 2002 онд гэр бүл болж 2003 онд охин М төрсөн. 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Одоо охин М-д тэтгэлэг тогтоолгож, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа тул шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Л-т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Л нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, Гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Л.М-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-2/, Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн тодорхойлолт /хх-3/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Засаг даргын тодорхойлолт /хх-4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-5/, хариуцагчийн хариу тайлбар/хх-8/, нэхэмжлэгчийн хүсэлт /хх-17-25/, хариуцагчийн хүсэлт /хх-26/ зэргийг шинжлэн судлав.  

1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.М хариуцагч Б.Л нар нь 2002 онд гэр бүл болж 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь зохигчдын тайлбар /хх-1,8/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-2/-аар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь гэр бүлтэй болж тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбар /хх-1,8/-аар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

2.Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гэрлэгчдийн  дундаас 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин Л.М төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар /хх-1,8/, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/-аар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхэд эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Хариуцагч Б.Л хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар /хх-8/ ирүүлсэн байх тул 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Л.М-д хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М, хариуцагч Б.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, оршин суух Т овгийн Б-ын Л-оос 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Л.М-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Л нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Б.М, Б.Л нарын гэрлэлтийг цуцалсан, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ЭНХТӨР