Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01460

 

 

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Бадрах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/01307 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч Б- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 10,806,833,929 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулгаНэхэмжлэгч нь 2002 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах (earn in) болон эксроу гэрээний үүргийн хэлцэлтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хариуцагч компаниас шаардаж байгаа бөгөөд энэ нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчид олгох ногдол ашигтай ямар ч холбоогүй бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргийг шаардаж байгаа юм. Талуудын хооронд байгуулсан урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах болон эскроу гэрээ нь өмчийн болон үүргийн хэлцлийн аль алийг нь тусгасан гэрээ юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал тухайн гэрээн дэх өмчийн хэлцлийн хариу төлбөрт 25,000 ам доллар болон компанийн 20 хувийн хувьцааг шилжүүлсэн бол үүргийн хэлцлээр компанийн мөнгөн гүйлгээ эерэг гарсан тохиолдолд бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувийг Г- ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон юм. Нөгөө талаасаа урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах болон эскроу гэрээ нь хамтран ажиллах, худалдах, худалдан авах зэрэг гэрээний шинжтэй холимог гэрээ юм. Тухайлбал, уг гэрээгээр компанийн хөрөнгө оруулалт, түүний хэлбэр болон талуудын эрх хэмжээг зохицуулсан хамтран ажиллах хэлбэр, анхдагч лицензийг шилжүүлэх, нөгөө талаас лиценз болон хувьцааг харилцан өмчлөлд шилжүүлэх, 25,000 ам.долларыг Киункункс БВА ЛТД нь Г- ХХК-д өгөх зэрэг худалдах, худалдан авах харилцааны хэлбэр зэрэг олон харилцааг зохицуулсан холимог шинжтэй гэрээ. Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний С хавсралт Б- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлд Г- ХХК нь Б- ХХК-ийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензит талбайтай холбогдуулан Куинкункс Канадын гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллараас давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (давсан зардал)-ын 20 хувийг Б- ХХК-д нийлүүлэх үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан Г- ХХК-ийн хүлээх үүрэг нь зөвхөн лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г- ХХК-д ногдох хувийн ная (80)-н хувиар төлөгдөх үүрэг (Г- ХХК-ийн үүрэг) болохыг ойлгон хүлээн зөвшөөрч байна гэсэн нь Б- ХХК-ийн давсан зардлыг манай компани өөрийн эзэмшиж байгаа 20 хувийн 80 хувиар төлөх бөгөөд, үлдсэн 20 хувийг Б- ХХК нь манай компанид жил бүр шилжүүлэхийг үүрэгжүүлсэн зохицуулалт юм. Иймд урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn In) болон эскроу гэрээний үүргийн хэлцлийн хүрээнд тохиролцсоны дагуу 2015-2021 оны үүргийн хэрэгжилтэд 10,806,833,929 төгрөгийг хариуцагч Б- ХХК-иас гаргуулахаар шаардаж байна. 2015-2021 оны санхүүгийн тайлангийн 1.3 дахь баганад заасан үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээнд тусгагдсан дүн тус бүрийг нэмж 270,170,848,243 төгрөг гаргаж, үүнийгээ 100 хувь хэмээн үзэж хорин хувийг нь 0.2-оор үржүүлж олоход 54,034,169,648.60 гарсан бөгөөд үүнийг ахин 100 хувь хэмээн үзэж хорин хувийг нь 0.2-оор үржүүлж 10,806,833,929 төгрөг 72 мөнгийг бодож нэхэмжилж байгаа гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах (Earn in) болон эскроу гэрээний С хавсралт болох Б- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дахь заалт нь талууд зардлаа хэрхэн хувааж хариуцах тухай заалт бөгөөд хариуцагч Б- ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг жил бүр нэхэмжлэгч Г- ХХК-д өгөх, төлөх, Г- ХХК нь авах тухай үг, өгүүлбэр, шууд утга байхгүй юм. Гэрээний энэ заалтаар хариуцагч Б- ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс тодорхой хувь хэмжээгээр мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг нэхэмжлэгч Г- ХХК-д олгосон гэж үзэхгүй юм. Б- ХХК-ийн дүрмийн 7.1.2, 7.3-т зааснаар ногдол ашиг хуваарилах асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх юм. Нэхэмжлэгч Г- ХХК-ийн хамаарал бүхий гэх Сарны титэм үзэсгэлэн ХХК нь өөрийн 3000Х тоот хайгуулын лицензийг Б- ХХК-д шилжүүлсний төлөө буюу худалдсаны төлөө тус лицензийн үнэд Б- ХХК-ийн (тухайн үеийн хувьцаа эзэмшигч) Куинкункс Канад компаниас 25,000 ам.долларыг шилжүүлэн авч үүрэг дуусгавар болсон ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Лицензтэй холбоотой аливаа үр шимийг тус компаниуд нь хүртэх эрхгүй. Хэрэв нэхэмжлэгч Г- ХХК нь нөгөө хувьцаа эзэмшигч болон бусад хуулийн этгээдүүдтэй байгуулсан өөрт нь хадгалагдаж ирсэн 2002 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж үзэх байгаа бол тус гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг 20 (хорин) жил өнгөрсний дараа шаардаж байгаа нь Иргэний хуулийн 75, 76, 88,198-д заасантай тус тус нийцэхгүй юм. Нэхэмжлэгч нь тууний хамаарал бүхий Сарны титэм үзэсгэлэн ХХК-иас хариуцагч Б- ХХК-д шилжүүлсэн гэх хайгуулын 3000Х тоот лицензэд талбайгаас ашигт малтмалын үйл ажиллагааг явуулсан орлогоос хувь хүртэх ёстой хэмээн тайлбарладаг бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх 3000Х тоот хайгуулын лицензээс гадна өөр ашигт малтмалын талбайд үйл ажиллагааг явуулдаг. Ашигт малтмалын газраас шүүхэд ирүүлсэн баримтуудаар Баян айраг, Баруун бор толгой-1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Б- ХХК-ийн MV-017666 тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй Баруун бор толгой-1 талбайд үйл ажиллагаа явуулсан орлогоос нэхэмжлэхгүй гэж тайлбарладаг бөгөөд харин хариуцагчид шилжүүлсэн 3000Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан орлогоос нэхэмжлэх эрхтэй гэж шүүхэд тайлбар гаргадаг. Харин энэхүү үйл баримтаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б- ХХК-ийн 2015-2021 оны санхүүгийн баримтад тусгагдсан үйл ажиллагааны мөнгөн орлогын ихэнх хувийг 3000Х тоот ашигт малтмалын лицензэд талбайд үйл ажиллагааг явуулж олсон орлого гэхийг бичгийн баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт (магадлалын 6,7 дахь талд) худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл биелсэн харин зарим нөхцөл биелээгүй гэж мөн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг хуваарилах талаар дүрэмд тусгасан гэж тайлбарладаг. Нэхэмжпэгчийн уг тайлбараас нь үзвэл хариуцагч Б- ХХК-ийн ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс хувьцаа эзэмшигчдэд хуваарилж, тараах нь компанийн 2016 оны 08 дугаар сарын 16-ний өдөр баталсан дүрмээр зохицуулагдсан талаар хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүйг мөн харуулж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч Б- ХХК-д холбогдуулан гаргасан урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах (Earn In) болон эскроу гэрээний С хавсралт Б- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний үүрэгт 2015-2021 оны 10,806,833,929.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар Г- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,350,070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. 2002 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах (Earn-In) болон эскроу гэрээ-ний үүрэг дуусгавар болоогүй, өнөөг хүртэл зарим үүргийн харилцаа нь үргэлжилж байгаа гэдэгтэй талууд маргадаггүй. Харин талууд тус гэрээний шинж, агуулга, маргаан бүхий заалтын хүсэл зоригийн тайлбарын зөрүүтэй байдал дээр маргадаг. Талуудын хооронд байгуулсан тус гэрээ нь Иргэний хуульд тусгайлан нэрлэн заасан аль нэг гэрээний шинжийг шууд агуулаагүй. Уг гэрээ нь анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн холимог буюу өөр өөр гэрээний шинжийг агуулсан боловч Иргэний хуульд заасан аль ч тухайлсан гэрээний агуулгаар тайлбарлах боломжгүй зарим өвөрмөц зохицуулалтыг агуулсан гэрээ юм. Маргааны үндэслэл болох урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний С хавсралт Б- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар заалт нь компани үүсгэн байгуулагчдын тохиролцоо байх бөгөөд уг компанийн үйл ажиллагааны зардлыг хариуцах үүргийн хуваарилалт, үлдэгдэл хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргийн харилцааг шууд болон шууд бус байдлаар зохицуулсан байдаг. Энэхүү зохицуулалтын үүргийн гүйцэтгэлд төсөөтэй, ойр шинжтэй Иргэний хуульд тусгайлан заасан гэрээ байхгүй бөгөөд энэхүү харилцаа нь үүргийн нийтлэг үндэслэлээр зохицуулагдана. Шүүхээс маргаан бүхий харилцааны үндэслэлийг урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний С хавсралт Б- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч дүгнэсэн атал тус зохицуулалтын үүргийн гүйцэтгэлд төсөөтэй гэрээг олж, тодорхойлолгүйгээр маргаанаас ангид зохицуулалт болох урьдчилсан нөхцөлтэй маргаан худалдах, худалдан авах гэрээний 1, 4 дүгээр зүйлд хамаарах, түүнд төсөөтэй үүргийн гүйцэтгэлтэй гэрээг тодорхойлон дүгнэжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсгийн дагуу урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээг тайлбарлах тохиолдолд уг гэрээний гүйцэтгэл бие даасан олон хэсгээс бүрдэж байгаа тул бүрдэл хэсэг тус бүрд илүү хамааралтай гэрээний төрлийн олж түүний хуулийн зохицуулалтыг анхаарах буюу маргаан бүхий харилцаанд хамааралтай гэрээний төрлийг олж дүгнэж, тодорхойлох ёстой байсан. Гэтэл дээрх байдлаар маргаан бүхий харилцаанд холбогдолгүй гэрээний заалтыг авч, үүнд хамааралтай гэрээг тодорхойлсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байгааг харуулж байна. Цаашлаад хууль буруу хэрэглэж дүгнэсэн дүгнэлтдээ үндэслэн маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий харилцаанаас гадуурх харилцаа болох худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэсэн тухай үйл баримтад үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Эрх зүйн баримт бичиг нь хууль зүйн бичилтийн техникийн хувьд ил болон далд бичиглэлтэй байдаг бөгөөд логикийн хувьд ойлгомжтой асуудлыг заавал шууд байдлаар бичихийг шаарддаггүй, бусад бичиглэлээрээ тодорхой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, гэрээнд авна, өгнө гэж бичээгүй нь шаардах эрхийг үгүйсгэх боломжгүй бөгөөд тухайн гэрээ болон зүйл, заалтыг ойлгож, тайлбарлахдаа тухайн гэрээ, зүйл, заалтын агуулгаар нь бүхлээр ойлгож тайлбарлах учиртай. Ийм ч учраас гэрээ, хэлцлийг тайлбарлахдаа обьектив талаас нь тайлбарлаад зогсохгүй субьектив талаас нь хамтад тайлбарлах зайлшгүй нөхцөл үүсдэг.

4.а.Иргэний хуульд заасан гэрээ хэлцлийг тайлбарлахдаа утгыг анхаарч, хүсэл зоригийн илэрхийлэл болон гэрээнд зааснаас бусад нөхцөл байдлыг харгалзан, гэрээний зорилгыг анхаарах байдлаар тайлбарлах учиртай. Зөвхөн үгийн шууд утгаар тухайн гэрээг тодорхойлох боломжгүй бөгөөд хүсэл зоригийг эхний ээлжид авч үзэх учиртай. Хүсэл зоригийн илэрхийллийн субьектив талыг урьдчилсан тохиролцоо болон бусад байдлыг харгалзан үзэх учиртай. Өөрөөр хэлбэл, хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа зөвхөн үгийн шууд утгаар нь буюу зөвхөн шударга ажиглагчийн нүдээр тухайн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж болох талаас нь харж болохгүй бөгөөд энэ тохиолдолд түүний субьектив тал орхигдоно. Тодруулбал, гэрээний талууд санал нэгтэйгээр тухайн хүсэл зоригийн илэрхийллийг бодит утгаас нь ангид ойлгох тохиолдол байж болох юм. Г- ХХК нь лицензит талбай дээрх ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний өөрт ногдох хувийнхаа 80 хувиар өр төлбөрөө төлөөд үлдсэн 20 хувийг юунд ч зарцуулахгүй буюу гагцхүү тухайн компаниас болзол хангагдсан тохиолдолд (жилийн эцсийн санхүүгийн тайлангаар үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ эерэг дүнтэй гарсан тохиолдолд) авах буюу нөгөө талаас Б- ХХК-д уг хувийг Г- ХХК уг болзол хангагдсан тохиодолд үүнийг шаардах эрхтэй заалт юм. Гэрч Н.Бэхбат мэдүүлэгтээ Г- ХХК нь хэзээ ашгаа авах нь тодорхойгүй байсан учраас 15 хувийг та нар ашиглалтын зардалдаа ав, 5 хувийг бид жил болгон авъя гэж тохиролцсон. Хувиа тогтсон хэдий ч бид хэзээ хувь авахаа мэдэхгүй байсан учир борлуулалт эхлэхээр 5 хувийг авна гэх тохиролцоог хийсэн гэж мэдүүлсэн байдаг. Иймд Г-" ХХК нь лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний өөрт ногдох хувийнхаа 80 хувиар буюу компанийн лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 16 хувиар өр төлбөрөө төлөөд үлдсэн 4 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг жил бүр авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэв анхан шатны шүүхийн дүгнэж байгаачлан ногдол ашиг байдлаар авахаар зохицуулсан бол тухайн гэрээнд бэлэн мөнгөний цэвэр гүйлгээ гэх ойлголтыг тусгах ямар ч шаардлагагүй юм. Анхан шатны шүүхээс дээрх заалтыг тайлбарлахдаа зөвхөн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар буюу ганцхан обьектив талаас нь тайлбарлаж хэрэглэсэн боловч тухайн үгийн шууд утга гэдгийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна уг заалтын субьектив талыг орхигдуулсан. Үүнээс гадна шүүхээс нэхэмжлэгчийг ногдол ашиг нэхэмжлээгүй, лиценз шилжүүлсэнтэй холбоотойгоор үүнийг нэхэмжлээгүй, гагцхүү гэрээний үүрэг нэхэмжилж байгаа гэдгийг тодорхойлсон байх боловч шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.в-д Г- ХХК нь лиценз шилжүүлсэнтэй холбоотойгоор компанийн үйл ажиллагааны орлогоос ашиг хүртэх эрхийг компанийн дүрмээр ногдол ашиг хуваарилахаар зохицуулсан гэж дүгнэсэн нь логик алдаатай байна. Дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний С хавсралт Б- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний 3 дахь заалтын дагуу Б- ХХК-ийг үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний хорин хувийн 20 хувийг Г- ХХК-д төлөх үүрэг үүсээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хангаж Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах (Earn In) болон эскроу гэрээний С хавсралт Б- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний 2015-2021 оны үүрэгт 10,806,833,929 төгрөг 72 мөнгийг Б- ХХК-аас гаргуулж Г- ХХК-д олгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс ногдол ашигтай холбоотой үндсэн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас ногдол ашиг шаардаагүй бөгөөд Б- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3-т заасны дагуу өөрсдийн шаардах эрхээ тодорхойлж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Б- ХХК-ийн дүрмийн 7.1.2-т бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 2020 оны 20 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцэх талаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс ногдол ашигтай холбоотой уг дүгнэлтийг хийсэн байдаг. Г- ХХК нь Б- ХХК-аас их хэмжээний зээлийг ямар нэгэн хүүгүй авсан. Өөрөөр хэлбэл, 2,000,000,000 төгрөг, 600,000 ам.долларыг авсан талаарх баримт байдаг. Гэтэл Б- ХХК нь тухайн мөнгийг дангаар ашигласан гэх бөгөөд компанийн нэр төрд халдсан мэдэгдлүүдийг өмнөх шүүх хуралдааны явцад хэлсэн. Нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тайланг харахад 2018 оны байдлаар 151,000,000,000 төгрөг, 2019 онд 139,000,000,000 төгрөгийг алдагдалтай ажилласан байна. Бэлэн мөнгөний цэвэр гүйлгээ гэдэг нь тухайн компанийн ашигтай ажилласан мөнгөн төлбөрийн гүйлгээний асуудал биш юм. Харин ашиггүй ажилласан гэх маргаан уг хэргийн материалд яригдаагүй. Анхан шатны шүүхээс талуудын мэтгэлцээний тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үзэж, дүгнэсэн байдаг. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсний хариу төлбөрт 25,000 ам.долларыг авсан гэж тайлбарласан. Уг хариу төлбөрийг авсан гэж тайлбарладаг бөгөөд хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байдаг. Мөн тухайн 25,000 ам.доллароос гадна зарим үүргийн гүйцэтгэл нь биелэгдээгүй. Манай зүгээс Хариуцагч лицензээ шилжүүлсэн байхад Б- ХХК нь А лиценз болгон ашигласан төлбөрөөс хувь хүртэх ёстой нь хэрэгжихгүй байна гэж шаарддаг. Маргаан бүхий гэрээний 3-т заасан заалт нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй гэж зохицуулсан. Бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс илүү ашиг, алдагдлаа хуваарилах, нийт дүнгээрээ зохицуулах асуудлаа хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэх асуудал яригдсан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахад эргэлзээ гарсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг анхаарч, үгийн шууд утгыг нотлох баримтын хүрээнд үнэлсэн нь үндэслэлтэй. Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зөвлөмжөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн гэрч нь Г- ХХК-ийн хувьцааг эзэмшдэг учраас хэргийн ашиг сонирхолгүй байдлаас хамааран тайлбар, мэдүүлгийг үнэн зөв өгсөн нь эргэлзээтэй болно. Тухайн гэрээний заалтыг гэрчийн мэдүүлгийг үндэслэж, үгүйсгэх замаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Б- ХХК нь лиценз шилжүүлснийхээ хариу төлбөрт лицензийн талбайгаас олсон орлогоос шаардсан гэж үзсэн. Гэтэл хэргийн үйл баримтаар Б- ХХК, баруун бор толгой гэх 2 лиценз ашигладаг. Баруун бор толгойгоос олборлолт, үйл ажиллагаа явуулж, бэлэн мөнгийг хүлээн авсан эсхүл өөрсдийн шилжүүлсэн лицензээс ямар хэмжээний олборлолт хийснийг нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гадны компани шударга хуваарилж чадахгүй байна гэх тайлбарыг гаргадаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг хэрэглэж, шүүхээс хэргийг шийдвэрлэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах болон эскроу гэрээний С хавсралт болох Б--ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний үүрэгт нийт 10,806,833,929 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Хоёрдугаар хавтаст хэргийн 183-186 дугаар талд авагдсан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад нэхэмжлэл нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчид олгох ногдол ашигтай ямар ч холбоогүй бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргийг шаардаж байгаа.

Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах болон эскроу гэрээний С хавсралт болох Б--ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дахь заалт нь Б- ХХК-ийн давсан зардлыг манай компани өөрийн эзэмшиж байгаа 20 хувийн 80 хувиар төлөх бөгөөд үлдсэн 20 хувийг Б- ХХК нь манай компанид жил бүр шилжүүлэхийг үүрэгжүүлсэн зохицуулалт тул 2015-2021 оны үүргийн хэрэгжилтэд 10,806,833,929.72 төгрөгийг хариуцагч Б- ХХК-аас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсан байна.

3.а.Хариуцагч Б- ХХК нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ гэрээний С хавсралтын 3 дахь заалтад компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг шилжүүлэх шууд утга байхгүй, 2002 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний үүрэг шаардаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана, манай компани нь Г- ХХК-аас шилжүүлсэн гэх 3000Х тоот лицензит талбайгаас гадна өөр ашигт малтмалын талбайд үйл ажиллагаа явуулдаг, компанийн санхүүгийн тайланд тусгагдсан мөнгөн гүйлгээ нь бүхэлдээ 3000Х тоот лицензит талбайгаас олсон орлого биш гэж тайлбарлажээ. /2хх-ийн 189-193-р тал/

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч талын хүсэлтээр Ашигт, малтмал, газрын тосны газраас нотлох баримт гаргуулсан байх бөгөөд тус газрын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 8/3697 дугаар албан бичигт ... Б- ХХК-ийн эзэмшилд Завхан аймгийн Дөрвөлжин суманд Баян айраг, Баруун-Бортолгой-1 нэртэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа талаар зааж, холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн байна. /1хх-ийн 246-252, 2хх-ийн 1-51-р тал/. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б- ХХК нь нэхэмжлэгч Г- ХХК-тай хамтран үйл ажиллагаа явуулдаг гэх 3000Х тоот ашигт малтмалын талбайгаас гадна өөр ашигт малтмалын талбайд үйл ажиллагаа явуулдагтай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагджээ.

4.а.Хариуцагч Б- ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан мөнгөн гүйлгээний хэдэн хувь нь талуудын гэрээгээр тохиролцсон үйл ажиллагаанаас олсон орлого буюу талуудын маргааны үйл баримтад хамааралтай эсэх, аль нь бусад үйл ажиллагаанаас олсон орлого гэдэг нь тодорхойгүй байна.

4.б.Анхан шатны шүүх энэ талаар тодруулах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй буюу маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй. Мөн хэрэгт авагдсан хариуцагч Б- ХХК-ийн санхүүгийн тайлан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх энэ талаар тодруулах, лавлах, хуулийн шаардлага хангуулах, ийнхүү шаардлагад нийцээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах ажиллагааг хийгээгүйгээс хэргийн оролцогч хуульд заасан шаардлага хангасан баримт гаргах боломжгүй болжээ.

5.Иймд дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/01307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 54,192,119.64 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Т.БАДРАХ Г.ДАВААДОРЖ