Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 284

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Урт баг, оршин суух И овгийн Б-ийн М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Урт баг, Б овгийн О-ны Д-д холбогдох

 “1,600,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Гурвантэс сумын иргэн Д нь миний дөрвөн настай охин Н-г хүчиндэхийг завдаж, бие болоод сэтгэлд нь онц ноцтой гэмтэл учруулсан. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Төлөөлөгч Д өргөдлийг хүлээн авсан. Д 09 сарын 21-ний өдөр яаралтай хүүхдээ аймагт очиж үзүүл гэж шаардсан. Тэр үед 19 хоногийн хугацаа нь дууслаа гээд шавдуулж байсан. 4-5 сарын хугацаа өнгөрсөн байсан. Ингээд аймаг орохоор найз П-ийн хамт явж замдаа машин эвдэрсэн. Аймагт машинаа засуултал маш их эвдрэл гарсан. Охиноо эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж бичиг хийлгэж авсан. Шүүх эмнэлгийн эмч үзээгүй байж Ш эмч үзсэн гэж тодорхойлолт ирсэнд би гомдолтой байна. Төлөөлөгч Д хэргийг хэрэгсэхгүй болгосон, Д нь сэтгэцийн өвчтэй болох нь тогтоогдсон гэж мэдэгдсэн. Охин минь хүнд байдалд орж, сэтгэл санаанд нь өөрчлөлт орж, сөрөгөөр нөлөөлж байна. Д хэрэг хүлээх чадваргүй гэж тогтоогдсон атлаа намайг элдэв үгээр дайрч доромжилдог. Иймд би Гурвантэс сумаас Даланзадгад сум хүртэл явсан зардал, машин эвдрэснийг засуулсан зардалд 1,600,000 төгрөгийг Д-аас нэхэмжилж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г.Б намайг Цагдаагийн тасаг дээр дуудсаны дагуу очиход Б.М-ийн гомдлын дагуу байцаалт авсан. Ямар асуудал үүсээд байгааг тодруулахаар Б.М-тэй уулзахаар очиход хэл амаар доромжлоод тодорхой ойлгогдох зүйл хэлээгүй. Б.М бөө найзтайгаа нийлж удаа дараа мөнгө нэхэж, айлган сүрдүүлж байсан. Гэвч энэ хэрэг нь үндэслэлгүй болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн миний хүү О.Д нь хэрэг хариуцах чадваргүй сэтгэц, мэдрэл өөрчлөлттэй болох нь шүүхээр тогтоогдсон хүн. Гэсэн хэдий ч эх хүн, эмэгтэй хүний үүднээс үүссэн нөхцөл байдлыг дүгнээд аймаг руу ирж, очсон унааны зардал /Шуудангийн унааны үнээр/ 60,000 төгрөг, хоол, такси, шинжилгээний зардал 70,500 төгрөг, охины тархины витамины үнэ 66,200 төгрөг нийт 200,000 төгрөг төлөх хүсэлтэй байна. Бусад зардлыг холбогдолгүй гэж үзэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний охин ямар ч гэм хийгээгүй байхад яагаад ийм үйлдэл хийж байгаа юм бэ, хүүхдээ миний хүүхдэд дахин бүү ойртуулаарай, хүүхдийн баяраар миний охиныг тэвэрч аваад, өгзөг дээр нь алгадсан байсан, миний сэтгэл хэцүү байна. Нэхэмжлэлд дурдсаны дагуу мөнгөө нэхэмжилж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад 1,600,000 төгрөг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний хүү хүүхэд хүчиндсэн зүйл байхгүй, шүүх эмнэлгийн дүгнэлтээр энэ нь батлагдсан байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол ч байгаа. Миний хүү хөгжлийн бэрхшээлтэй, санаа сэтгэлийн өөрчлөлттэй, бие даан амьдрах чадваргүй хүүхэд байдаг.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч О.Д-д холбогдуулж 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж: нэхэмжлэл /хх-1-4/, шатахуун авсан баримт /хх-6/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, “Загсүүжин говь” ХХК-ийн оношилгооны хуудас /хх-8/, “таксины жолооч 2000 төгрөг авсан болно” гэх баримт /хх-9/, “Загсүүжин говь” ХХК-ийн зарлагын баримт /хх-10/, Тяньши гэх байгууллагын зарлагын баримт /хх-11/, “Ижил гурван сайхан” ХХК-ийн тооцооны хуудас /хх-12/, “НИК” ХХК-ийн иргэнд очих баримт /хх-13/, Б-ын Н-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-14/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 229 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-15/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-16/, өргөдлийн хуулбар /хх-17-18/, тээврийн хэрэгслийн эд ангийн гэх зураг /хх-19-20/, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт /хх-31/ зэргийг

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч: тайлбар /хх-38-39/, итгэмжлэл /хх-40/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар тодорхойлолт /хх-41/, эмнэлгийн магадлагаа /хх-42/,  гадаад хэл дээр бичигдсэн хөлний рентген зураг /хх-43/, тайлбар /хх-46-47/ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Б.М охин Б.Н-г шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал, замын зардал, эмчилгээ хийлгэсэн зардал зэрэгт 1,600,000 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар шатахуун авсан баримт /хх-6/, “Загсүүжин говь” ХХК-ийн оношилгооны хуудас /хх-8/, “таксины жолооч 2000 төгрөг авсан болно” гэх баримт /хх-9/, “Загсүүжин говь” ХХК-ийн зарлагын баримт /хх-10/, Тяньши гэх байгууллагын зарлагын баримт /хх-11/, “Ижил гурван сайхан” ХХК-ийн тооцооны хуудас /хх-12/, “НИК” ХХК-ийн иргэнд очих баримт /хх-13/-ыг шүүхэд ирүүлжээ.

 Эдгээр нотлох баримтыг шинжлэн судлахад шатахуун авсан баримт /хх-6/ нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийнх, Тяньши гэх байгууллагын зарлагын баримт /хх-11/ 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэж бичсэн, “НИК” ХХК-ийн иргэнд очих баримт /хх-13/ нь  2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн баримт байх тул тухайн хохирол учирсан гэх цаг хугацаатай тохирохгүй мөн зарим баримт /хх-8,11/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, Б-ын Н-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-14/, гадаад хэл дээр бичигдсэн хөлний рентген зураг /хх-43/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эмнэлгийн магадлагаа /хх-42/ тухайн хэрэгт хамааралгүй буюу Г.Б-ай холбогдох баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд ... гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.М өөрт гэм хор учирсан гэж үзэн 1,600,000 төгрөг нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгийг нотолж чадахгүй байна гэж үзэх үндэстэй байна.

Иймд шүүхээс “таксины жолооч 2000 төгрөг авсан болно” гэх баримт /хх-9/,  “Загсүүжин говь” ХХК-ийн зарлагын баримт /хх-10/-ыг нотлох баримтаар үнэлснээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Гэсэн хэдий ч эх хүн, эмэгтэй хүний үүднээс үүссэн нөхцөл байдлыг дүгнээд аймаг руу ирж, очсон унааны зардал /Шуудангийн унааны үнээр/ 60,000 төгрөг, хоол, такси, шинжилгээний зардал 70,500 төгрөг, охины тархины витамины үнэ 66,200 төгрөг нийт 200,000 төгрөг төлөх хүсэлтэй байна.” гэх тайлбарыг /хх-38-39/  үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.М 1,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 40,550 төгрөг төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул 200,000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн хувь 6,550 төгрөгийг хариуцагч О.Д-с гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагч О.Д-с 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56  дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 /дөчин мянга таван зуун тавин/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Д-аас 6,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ЭНХТӨР