| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0019/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/19 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1807006510236 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй,*******, *******, *******ын хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* хиад овогт Б.М.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэр-Шандын 23 дугаар гудамж 13 тоотод гэртээ хамт амьдардаг төрсөн эцэг болох Ж.Бтай хамт архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэн улмаар зүүн гарын шуу хэсэгт нь өшиглөж, цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим ******* бид хоёр жижиг тэрэгнийхээ дугуйг янзлуулахаар дугуй засвар орсон. Дугуй засвар ороод дугуйгаа засуулчихаад байж байтал хоёр залуу орж ирэн халтуур хийгээд өгөөч гэхээр нь халтуур хийж өгөхөөр дагаад явсан. Тэр хоёр залуугийн нэг нь дэлгүүрээс 0.75 граммын хараа, том нийслэл пиво авсан бөгөөд би архи, пивоноос нь хамт уусан. Удалгүй тэр залуу дахин 0.75 граммын хараа архи гаргаад ирсэнийг нь би хамт уусан. Манай ******* жолоо барьж байгаа гээд уугаагүй. Тэр хоёр залуу бид хоёрт унааны мөнгө өгсөн бөгөөд ******* харих замдаа тэр мөнгөөр нь ганц юм авчих гэхээр нь 0.75 граммын архи авсан. Авсан архинаас ******* бид хоёр 3, 3 удаа уусан. Тэгтэл ******* “Одоо боллоо, миний хүү архиа дуусгачихаад унтаарай гэж байсныг санаж байна. Тухайн үед би нилээд согтсон байсан бөгөөд нэг мэдэхэд *******тайгаа хэрэлдээд байх шиг байсан. Юунаас болж хэрэлдсэнийг санахгүй байна. Тэр үед би *******ыг зодсон юм шиг байна лээ. Нэг сэргээд харахад цагдаа нар ирчихсэн намайг эрүүлжүүлэх байр луу авч очсон” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Бын өгсөн “Тэр орой бид 2 гадуур явж байгаад гэртээ орохын өмнө хүүтэйгээ 1 шил архи авч ирээд би архинаас нь 3 татаад “одоо болно” гээд хойд орон дээр сууж байхад “чи миний ******* биш, чамаар би овоглохгүй, овгоо солино” гээд босож ирээд шууд миний толгой руу цохих гэхээр нь 2 гараараа хамгаалаад урдаа гараа өргөхөд 2 гар руу ээлжилж цохиж өшиглөөд байхаар нь би “одоо *******ыгаа битгий зод, ******* нь гарч бие засъя” гэж гуйж байж болиулаад шууд гарч баруун талын айл Дагважамцынх руу орж “түргэн дуудаарай, хүүдээ зодуулчихлаа” гэхэд эхнэр нь болох Сараа түргэн дуудаж удалгүй ирээд намайг Налайхын эмнэлэг рүү авч явсан. Тэндээсээ Улаанбаатарт гэмтэлд авч ирсэн.
...би хүүдээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй, хүүгээ харахыг хүсэхгүй байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 7-14 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн “2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед байх би гэртээ байхад хаалга хүн нүдээд байхаар нь онгойлгоход хажуу хашааны орж ирээд “ намайг зодлоо” гээд шалан дээр хэвтээд өгсөн. “Яасан юм, юу болоов” гэхэд “хүү архи уугаад зодсон, 2 гар өвдөөд байна” гэхээр нь харахад гар хуруу нь цус болчихсон байсан болохоор нь шууд 103 түргэн рүү залгаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №08шэ/05 дугаар:
/хх-ийн 22 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 36 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 45 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 48 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэр-Шандын 23 дугаар гудамж 13 тоот гэртээ төрсөн эцэг Ж.Бтай хамт архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэн улмаар зүүн гарын шуу хэсэгт нь өшиглөж, цохих зэргээр хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б.Мын “...“Одоо боллоо, миний хүү архиа дуусгачихаад унтаарай гэж байсныг санаж байна. Тухайн үед би нилээд согтсон байсан бөгөөд нэг мэдэхэд *******тайгаа хэрэлдээд байх шиг байсан. Юунаас болж хэрэлдсэнийг санахгүй байна. Тэр үед би *******ыг зодсон юм шиг байна лээ...” гэх,
хохирогч Ж.Бын “...“чи миний ******* биш, чамаар би овоглохгүй, овгоо солино” гээд босож ирээд шууд миний толгой руу цохих гэхээр нь 2 гараараа хамгаалаад урдаа гараа өргөхөд 2 гар руу ээлжилж цохиж өшиглөөд байхаар нь би “одоо *******ыгаа битгий зод, ******* нь гарч бие засъя”...” гэх,
мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн “...“2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед байх би гэртээ байхад хаалга хүн нүдээд байхаар нь онгойлгоход хажуу хашааны орж ирээд “ намайг зодлоо” гээд шалан дээр хэвтээд өгсөн. “Яасан юм, юу болоов” гэхэд “хүү архи уугаад зодсон, 2 гар өвдөөд байна”...” гэх мэдүүлгүүд, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №08шэ/05 дугаар /хх-22/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,
Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч Б.Маас “Надад хэлэх үг байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Б.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт ,ргийн улмаас хохирогч нь ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* хиад овогт Б.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Мд мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ