Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00259/И |
Дугаар | 285 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Урт баг, оршин суух Д овгийн Д-ийн Б,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Урт баг, оршин суух Б овгийн Д-ийн Б,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ирэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Б-тэй 2006-2010 он хүртэл хамтран амьдарч байсан. Бид тухайн хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Г төрсөн. Д.Б нь байнга үндэслэлгүй хардаж, сэтгэл санааны дарамтанд байлгаж ядуу хоосноор минь дуудан надад гар хүрч байсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй амар тайван амьдрах нөхцөлгүй болсон учир бид 2 тусдаа амьдарч байгаа. Иймд хариуцагч Д.Б-ээс хүү Б.Г-т хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байх тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид 2 эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй болно” гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: “Д.Б-с ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Б-тэй 2006 оноос 2010 оныг хүртэл гэр бүлээ батлуулалгүй хамтран амьдарч 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Ганзориг төрсөн. Миний төрсөн хүүхэд мөн тул нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Д.Б-тэй хойшид хамтарч амьдрахгүй. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөхөд татгалзах зүйлгүй.
Миний эцэг Д нь хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай Хятад улсад эмчлүүлэх шаардалагтай тул намайг эзгүйд шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Я-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Б-д холбогдуулж 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Г-т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Д.Б, Д.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Г төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Д.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Д.Б-ээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.Г-т сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг, эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд хариуцагч Д.Б-эй хүү Б.Г-ийг уулзуулж байхыг нэхэмжлэгчид даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүү Б.Г нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164,300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Д.Б нь хүү Б.Г-т сар бүр 164,300 төгрөгийн 50 хувь болох 82,150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 985,800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 28,209 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 28,209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Урт баг, тоотод оршин суух Б овгийн Д-ийн Б-ээс 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Г-т 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
3. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүү Б.Г-ийг эцэг Д.Б-тэй уулзуулж байхыг нэхэмжлэгч Д.Б-т даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т буцаан олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-с 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь Дундговь Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР