Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч,

шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                  

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт У.Ат холбогдох эрүүгийн 180700481024тай хэргийг 2018 оны 1 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр, *******анд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, *******, ******* *******ын гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо тоотод түр оршин суух, регистрийн ********* дугаартай ******* овогт У.А.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч У.А нь согтуугаар 2018 оны 8 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим Налайх дүүргийн хороо “” үйлчилгээний төвийн урд талбайд хамт явсан залуу нь утсыг нь авч явлаа гэж Г.Гыг хавсаргаж унаган нуруу, цээж рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Аын өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр намайг нд явж байхад хоёр залуу утсаа өгчих гэж хэлсэн. Нэг залуу нь миний утсыг аваад зугтаачихсан. Би хамт явж байсан залууг нь барьж аваад газар унахад нь хоёр удаа өшиглөж, малгайтай цамцнаас нь зулгаан засмал зам дээр чирээд явж байтал миний утсыг авсан залуу халаасанд минь утсыг хийн нөгөө залуугаа аваад зугтсан. Хохирогчийг газар унахад нь нуруу, хавирга руу нь цохисон.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Гын өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд амьдардаг эгчийнхээсээ гараад гэр рүүгээ харих гээд үйлчилгээний төвийн урд явж байтал гэх зүс таних залуутай тааралдсан чинь надаас “гар утсаа өгч бай нэг яриад өгье” гэж хэлэхээр нь би “надад утас байхгүй” гэж хэлээд байж байтал ны застал замын хажуу талын явган хүний замаар нэг залуу алхаад гараад ирсэн. Тэгсэн чинь гэх залуу тэр залуугаас “утсаараа нэг яриулаач” гэж гуйсан, тэгсэн нөгөө залуу утсаа өгөөд яриулсан. Тэгээд гэх залуу утсаар яриад цааш яваад өгсөн. Тэгээд би утасны эзэн залуугийн хажууд зогсож байсан чинь утасны эзэн залуу “танай найз чинь миний гар утсыг аваад явчихлаа” гэж хэлээд намайг түлхэж унагаагаад зодож эхэлсэн. Намайг утасны эзэн залуу зодоод байж байхад Дариймаа гэдэг багш ирээд нөгөө залууг надаас салгахыг оролдсон боловч чадаагүй, тэгээд байж байтал гэх залуу буцаж ирээд гар утсыг нь өгөхөд нөгөө залуу утсаа аваад таксинд суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5-10 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн “Би 2018 оны 8 дугаар 17-ны өдөр орой харанхуй болсон байсан 21 цагийн орчимд гэрээсээ гараад эмийн сан орох санаатай явж байтал Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах таксины зогсоолын хойд буланд 2 согтуу залуу маргалдаж байгаа бололтой нэг залуу нь газар дээш хараад хэвтсэн нөгөө залуу нь  дээр нь хөлөө тавиад хувцаснаас нь зуурсан байдалтай “утас өг” маргалдаж” байсан юм. Ингээд би хажуугаар нь өнгөрч яваад “битгий хүн зодоод бай” гэж хэлсэн чинь зогсож байсан жижиг залуу нь “энэ хүний найз нь миний утсыг аваад явсан” гэж байсан. Тэгээд миний утсаар хүнтэй ярьж байгаад уг газраа үлдсэн түүнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-16 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шүүгчдэгч У.Аын гэрч болон яллагдагчаар өгсөн “...Ойрхон байсан залууг нь барьж аваад надтай ноцолдоод байхаар нь зүүн хөлөөрөө хөл рүү нь хавирч газар унагаагаад нуруу руу нь 1 удаа, цээжнийх нь зүүн хэсэг рүү 1 удаа өшиглөөд тэгээд засмал зам дээгүүр малгайтай цамцных нь малгайнаас барьж байгаад Буян Налайхын урд талын таксины зогсоол руу чирсэн.

...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-22, 31-33 дугаар тал/

          Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №08шэ/430 дугаар:

  1. “Г.Гын биед баруун дал ясны хугарал, баруун 7-р хавирганы далд хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 24 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 

/хх-ийн 34 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 27 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 28 дугаар тал/

Хохирол төлсөн баримт,

/хх-ийн 43, 5 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч У.А нь согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим Налайх дүүргийн хороо “” үйлчилгээний төвийн урд талбайд зогсож байх даа хамт явсан залуу нь утсыг нь авч явлаа гэх шалтгаанаар Г.Гыг хавсарч унагаан нуруу, цээж рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч У.Аын “...Би хамт явж байсан залууг нь барьж аваад газар унахад нь хоёр удаа өшиглөж...” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Г.Гын “...би утасны эзэн залуугийн хажууд зогсож байсан чинь утасны эзэн залуу “танай найз чинь миний гар утсыг аваад явчихлаа” гэж хэлээд намайг түлхэж унагаагаад зодож эхэлсэн...” гэх,  

гэрч Б.гийн “...Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах таксины зогсоолын хойд буланд 2 согтуу залуу маргалдаж байгаа бололтой нэг залуу нь газар дээш хараад хэвтсэн нөгөө залуу нь  дээр нь хөлөө тавиад хувцаснаас нь зуурсан байдалтай “утас өг” гэж маргалдаж байсан юм....” гэх мэдүүлгүүд, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №08шэ/430 дугаар дүгнэлт /хх-24/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч У.Аыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Гт 650.000 төгрөг төлж барагдуулсан, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан үзэж шүүгдэгч У.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч “Прокурорын яллах дүгнэлттэй танилцаад ялын санкцын хувьд маргаж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон шийтгэл хүлээх ёстой. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн байдаг. Шүүгдэгчийн хувьд нийгэмд аюултай өөрийн гэм буруутай үйлдэлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх хоёр зарчмын хүрээнд Эрүүгийн хууль үйлчилдэг. Мөн прокурор хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзах ёстой байсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх байсан. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл байх боломжтой. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өөрийгөө илчилсэн буюу гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгч хохирогчид хохирол төлбөр төлсөн бөгөөд хохирогчоос зүй ёсны дагуу уучлалт гуйсан. Шүүгдэгч өөрийн ээж, дүү нартаа мөнгө явуулдаг учраас нийтэд тустай ажил хийлгэвэл ар гэр хэцүү байдалд орох талаар ярьж байсан. Тиймээс энэ байдлыг харгалзан шүүгдэгчид  450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах бүрэн боломжтой” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан У.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд У.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч У.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт У.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Аыг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Ат мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт У.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй,  У.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ