Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 287

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5-р баг, ******* тоотод оршин суух ******* /*******/,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, ************** холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Сийлэгмаа, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Сийлэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “О.Алтанхундагатай 2008 оны 5 сард танилцаж гэр бүлийн харьцаатай байж байгаад 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү ******* төрсөн. Хүү одоо 6 настай, 1-р сургуулийн 1д ангид сурдаг. Алтанхундагийг  2009 онд хотод ажил хийж байхад нь жирэмсэн болсноо хэлсэн боловч огт тоолгүй, миний хүүхэд мөн ч юм уу? биш ч юм уу? гэж хэлээд тэр чигтээ алга болсон. Одоог хүртэл үр хүүхдээ харж үзэхгүй байна гэж хэлэхээр шүүхээр яваад ав гэж хэлдэг. Бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно. Ийм учраас миний хүү болох *******д аав Алтанхундагаас тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Би одоо гэртээ 2 хүүхэд, ээжийн хамт амьдардаг. Ээж маань хөгжлийн бэрхшээлтэй, өрхийн орлого 2 хүүхдийн 20,000 төгрөг байдаг. Амьдрал хүнд байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би О.Алтанхундагын ар гэрийн амьдралыг сайн мэдэхгүй, хүү С.******* нь Алтанхундагын хүүхэд мөн.” гэжээ.

Хариуцагч О.Алтанхундага шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: “О.Алтанхундага миний бие Э.Сийлэгмаагийн нэхэмжлэлийг гардаж аван танилцлаа. Миний хувьд энэ хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн журмаар эцэг тогтоолгох шинжилгээ авч миний хүүхэд мөн эсэхийг тогтоож өгнө үү. Би тэтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү С.*******ы төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-4/, хариуцагчийн хариу тайлбар, хүсэлт /хх-16/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаар албан бичиг  зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Сийлэгмаа нь хариуцагч О.Алтанхундагад холбогдуулж 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү С.*******д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч О.Алтанхундага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч Э.Сийлэгмаагаас нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/ нь нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-4/-оор нэхэмжлэгч, хариуцагч нарын хүү С.******* нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт гэж үзлээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар /хх-15/ нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч О.Алтанхундага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 408 дугаар захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж эцэг тогтоох шинжилгээ хийх шинжээчээр Өмнөговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албыг томилсон. Гэвч хариуцагч О.Алтанхундага нь түүний хүсэлтийн дагуу шинжээч томилуулсан ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн очоогүй болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Тус албан бичигт: “... Шүүхийн шинжилгээний тухай Монгол улсын хуулийн хоёрдугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу О.Алтанхундагыг шинжилгээний албанд ирүүлээгүй, мөн О.Алтанхундага нь өөрөө шинжилгээний албанд ирэхгүй байх тул шинжээч шинжилгээг хийж, дүгнэлтийг заасан хугацаанд нь гаргах боломжгүй байгааг мэдэгдэж байна” гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч О.Алтанхундагаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү С.*******д сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Шүүх О.Алтанхундагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлдог.

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Алтанхундагын төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164,300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч О.Алтанхундага нь хүү С.*******д сар бүр 164,300 төгрөгийн 50 хувь болох 82,150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 985,800 /82,150х12=985,800/ төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Алтанхундагаас уг дүнгээс тооцож  28,209 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Нанзадын 3-9 оршин суух*******-аас 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү С.*******д 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Алтанхундага нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Сийлэгмаа нь улсын тэмдэгтийн хураамжид 28.209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Алтанхундагаас 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.ЭНХТӨР