| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээ Байгалмаа |
| Хэргийн индекс | 209/2023/00047 |
| Дугаар | 209/МА2023/00059 |
| Огноо | 2023-06-22 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 209/МА2023/00059
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дүгээр сарын 31-ний өдрийн 135/ШШ2023/000410 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,
Иргэний хэргийн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхтуяагийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд *******гийн өмгөөлөгч , гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
Иргэн *******, ******* нар 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн ,, нарын өмчлөх эрх бүхий улсын бүртгэлийн Ү- дугаартай, 000 тоот гэрчилгээтэй, Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 2331 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг ,, нартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 250,000,000 төгрөгөөр худалдаж авсан.
Тус үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч нь ББХ компанийн эзэн З. байсан боловч 2005 онд өвчний улмаас нас барсан байдаг. Энэ нь Дархан хотын өмч хувьчлалын комиссын 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар батлагдсан 1992 оны 08-р сарын 20-ны өдрийн 184 тоот эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогддог.
З. нь тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал буюу хууль ёсны өв залгамжлагч нар болох ,, нарын төрсөн эцэг бөгөөд гийн албан ёсны нөхөр нь юм.
*******, ******* нар тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед худалдагч болох ,, нар нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу хууль ёсны өмчлөгчид байсан бөгөөд эд хөрөнгийн бүртгэлийн 000 тоот гэрчилгээг эзэмшиж байсан.
Тиймээс *******, ******* нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль ёсны өв залгамжлагчид болох ,, нартай 2008 оны 05-р сарын 05-ны өдөр байгуулж, гэрээнд заасан үнийн дүнгийн дагуу нийт 240,000,000 төгрөгийг төлж, хөрөнгийн эрхийг хуулийн дагуу шударгаар шилжүүлэн авсан.
Гэтэл түүнээс 2 жилийн дараа иргэн З.Мөнхтуяа нь талийгаачийн эзэмшлийн Хаадууд ХХК-ийн 1998 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалд үндэслэн өөрийн нөхөр *******д тухайн хөрөнгийг шилжүүлсэн гэх маргааныг үүсгэсэн.
Үүнтэй холбогдуулан иргэн ******* Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий спорт цогцолборын барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, тус маргаантай холбогдуулан гуравдагч этгээдүүдийн зүгээс Спорт цогцолборын барилгын өмчлөгчөөр, , нарыг барилгын анхны өмчлөгч З.ын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг мөн гаргасан.
... *******, ******* нарын нэхэмжлэлээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01189 дугаар шийдвэр гаргаж, З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ний өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, З.Мөнхтуяагаас *******д шилжүүлэхээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 407 дугаартай магадлалаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 716 дугаар тогтоолоор ... магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэг гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 9 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0260 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүх рүү буцааж шийдвэрлэснийг, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 343 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Мөн Дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай *******ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Үүний дараа Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01782 дугаар шийдвэрээр Ж.Ганбатын нэхэмжлэлтэй Ацетилины үйлдвэрийн зориулалттай 1141.0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө авсан *******ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий иргэн Ж.Ганбатын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаар магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна.
Улсын Дээд Шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01209 дүгээр тогтоолоор иргэн Ж.Ганбатын талд буюу анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Дээрх хэргийн асуудал нь нэг тушаалаар хөрөнгө шилжүүлсэн асуудал бөгөөд З.Мөнхтуяа нь талийгаачийн эзэмшлийн Хаадууд ХХК-ийн 1998 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2/5 дугаар тушаалаар өөрийн нөхөр *******д шилжүүлсэн гэсэн хуурамч баримтаар ,, нарын үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар авсан учраас хэрэгт дурдан хавсаргаж байна.
Одоогийн байдлаар тус барилгын хууль ёсны өмчлөгчөөр *******ыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй, мөн *******ын хувьд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаад түүнээсээ татгалзсан гэсэн хэдий ч уг үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулсан *******, ******* нар өмчлөх эзэмших, захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй хохироод байна.
Ийнхүү З.Мөнхтуяа, ******* нарын хууль бус үйлдэл, түүнийг дагасан 12 жилийн тасралтгүй шүүхийн маргааны улмаас *******, ******* нар хуулийн дагуу шударгаар эрх шилжүүлж авсан үл хөдлөх хөрөнгөө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй хохироод байна.
Тухайн асуудалд хуулийн үндэслэл нь Иргэний хуулийн 89-р зүйлийн 89.2-д “өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасны дагуу Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд ******* бүртгэгдсэн байгаа нь түүнийг өмчлөгч, хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, хуулийн 106-р зүйлийн 106.1 –д ... гэж тус тус заасны дагуу ******* хууль ёсны дагуу тухайн маргаан бүхий барилгыг шилжүүлж авсан баримт байхгүй, харин тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлж, хууль ёсны өв залгамжлагч нараас хуулийн дагуу шударгаар эрх олж авсан нэхэмжлэгч *******, ******* нар болно.
Иймд *******, ******* нарыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багт байрлах 2331 м.кв талбай бүхий соёлын төвийн цогцолбор үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч *******, ******* нар нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаад бид нарыг байцааж шалгаад цагдаагийн газар шийдвэрлэж дууссан. Энэ нь тодорхой хариулт болох тул короногийн үеийн хорионы үе таарсан тул шүүхийн журмаараа лавлагаа авч энэхүү хариу тайлбарт хавсаргаж өгнө үү.
Мөн 2021 оны 06 сарын 21-нд Монгол Улсын дээд шүүхийн 51 дугаартай тогтоол гарч мөн энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн юм. Тэгээд ч эгч тодорхой хэмжээний өртэй байсан тул зарагдсан. Одоо энэхүү өмч болох барилга нь миний өмч биш болсон дахин энэ асуудлаар дуудахгүй байхыг хүсэж байна.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь тухайн 2008 оны 05 сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээ биш зээлийн гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээг бүртгүүлэхээр хүсэлт өгсөн байдаг. 2007 онд шүүхийн маргаантай асуудал байсныг мэдэж байсан. Өнөөдрийн нэхэмжлэлд дурдсанаар анх удаа гэснийг ойлгохгүй байна. Үүний дараа шинжээчийн дүгнэлт гэх зохиомол хэрэг сэтгэж, тэрний дагуу шалгагдаад 2012 оны 08 сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхий Прокурорын 18 дугаартай тогтоол гарч энэ зохиомол гүтгэлэг дууссан юм.
Он удаан жил найз нөхдийн хооронд хүлээлттэй асуудал болж, хэн хэн нь саатуулж ажилд саад болсныг баримттайгаар шалгуул гэж шаардаж байна. Энэхүү нэхэмжлэлд (анх удаа) гэж залилангийн агуулгатай юм нэхээд байгааг анхаар үзнэ үү.
2010 оны 02 сарын 24-ний өдрийн 374 тоот шийдвэрт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэргэлэн нь оролцож байсан байтал юуг анх удаа нэхээд байгааг бас анхаар ч үзнэ үү.
...манай хэдэн өнчин дүү нарыг айлгаж, дарамталж, сүрдүүлж байгаад ч юм уу хэд гурван үг хэлүүлээд тэрний дагуу шүүх хүний өмчлөлийг шийддэг бол захиргаа, цагдаа, прокурор, шүүх шүүгч нар гэж байгаад яахын гэж бодогдлоо. Хоёр хүний худалдах гэрээ нь хүчингүйг мэдсээр байж бас дахин нэг залилаад үзье гэж хэн хэн нь шүүхэд байгаа нотлох баримт болон шийдвэрүүдийг уншиж үзээгүй хүмүүс маргалдах замаар хүний өмчийг булаах гэж улайрч байгаа нь харин ч ноцтой асуудал гэхээр байна. ...би хардах эрхтэй хүн. Он удаан жил гүтгэлэг болж байгаа юм. Бүх юм нотлох баримттай, үнэн мөнөөрөө шийдэгдэж байсан, шийдэгдэх ч болно гэж найдаж байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа : ... нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ. /2-рхх-226/
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан *******, ******* нарын хариуцагч *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 2331.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, соёлын төвийн цогцолбор барилга үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нараас давж заалдах гомдолдоо : ... Шүүхийн шийдвэрийн “үндэслэх”, “тогтоох” хэсэгт ...нотлох баримтыг буруу үнэлж хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Учир нь:
Нэхэмжлэгч нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасан хугацаанд тайлбар өгөх, нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй юм.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.2.”Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж зохицуулсан бөгөөд хариуцагч нь хариу тайлбараа дээрх хугацаанд шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42-р зүйлийн 42.4. ...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл мөн.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй нь хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй болно.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт үзлэг хийсэн боловч шүүх үзлэгээр “Хаадууд” ХХК-ийн 1998 оны 5 дугаар саарын 3-ны өдрийн 2/5 тоот тушаал хувийн хэрэгт байгаа эсэхийг тодруулаагүй үзлэгийг дутуу хийсэн. Түүнчлэн улсын бүртгэгчийн бүртгэлийн дэвтэр болон анхан шатны өмчлөх эрхтэйг нотолсон баримтуудыг үзээгүй болно.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гэрчээр улсын бүртгэгч нарыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийсэн үндэслэлийг тодруулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.6, 44-р зүйл тус тус зөрчигдсөн.
Мөн хэрэгт ач холбогдол бүхий гэрчгаас гэрчийн мэдүүлэг аваагүй бөгөөд хариуцагч болон ,, нараас эвлэрлийн талаар тодруулж асуух шаардлагатай байсан ба энэ нь хэрэгт ач холбогдолтой юм.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацаанд явуулах, шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд хэргийн оролцогчид эрх тэгш оролцох зарчмыг зөрчсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлийн 71.1 Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан атал шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй. Хариуцагч тайлбар гаргах хугацаандаа ямар ч тайлбар гаргаагүй, шүүхийн ажиллагааг бүтэн нэг жил үргэлжлүүлэх байдлаар хэргийг удаашруулсан.
Анхан шатны шүүхээс “Хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд түдгэлзүүлэх тусгай тэмдэглэл хийгдсэн байсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул өмчлөх эрх үүсээгүй, шаардах эрхгүй гэсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан нь баримтаар тогтоогдож байхад тийнхүү бүртгүүлээгүй тул өмчлөгч биш гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Монгол улсын Дээд шүүхийн 2015 оны 815 дугаартай тогтоолоор *******ыг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Хаадууд” ХХК-ийн 1998 оны 2/5 дуугаар тушаалыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө хууль бусаар *******ын өмчлөлд бүртгэгдсэн нь тогтоогдсон байхад *******ыг тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй атал анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.
Анхан шатны шүүхээс “*******аас *******д 2016 оны 9-р сарын өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр шилжсэн, мөн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр *******гээс т шилжсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь холбогдох нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.
Мөн дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2 дүр үзүүлэн хийсэн хэлцлүүд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”, 494 дүгээр зүйлийн 494.1-д “Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй”, 494.2-т “Энэ зүйлд энэ хуулийн 492, 493 дугаар зүйлийн холбогдох заалт нэгэн адил хамаарна”,
Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолын 5-р зүйлийн 5.1, 5.2 дугаар зүйлүүдийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******, ******* нар *******, нараас тус тус шаардах эрхтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч болон гуравдагч этгээдүүдээс давж заалдах гомдолд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тодруулбал, анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх боловч шүүх, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэргийн зүйлчлэлийг зөв тодорхойлж баримтлаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Хэргийн материалаас судлан үзвэл:
2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч *******д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах 2331 м/кв талбай бүхий соёлын төвийн цогцолбор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******, ******* нарыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ: “иргэн *******, ******* нар 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн ,, нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, 250,000,000 төгрөгөөр худалдаж авсан.
Нэхэмжлэгч нар тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед худалдагч болох ,, нар нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 391 дүгээр шийдвэрийн дагуу хууль ёсны өмчлөгчид байсан бөгөөд эд хөрөнгийн бүртгэлийн 000 тоот гэрчилгээг эзэмшиж байсан.
Тиймээс *******, ******* нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хууль ёсны өв залгамжлагчид болох ,, /М.Мөнхнаран/ нартай 2008 онд байгуулж, гэрээнд заасан үнийн дүнгийн нийт 240,000,000 төгрөгийг төлж, хөрөнгийн эрхийг хуулийн дагуу шударгаар шилжүүлэн авсан.
Одоогийн байдлаар тус барилгын хууль ёсны өмчлөгчөөр *******ыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй, мөн *******ын хувьд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаад түүнээсээ татгалзсан байна. Ийнхүү З.Мөнхтуяа, ******* нарын хууль бус үйлдэл, түүнийг дагасан 12 жилийн тасралтгүй шүүхийн маргааны улмаас *******, ******* нар хуулийн дагуу шударгаар эрх шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй хохироод байна. ” гэжээ.
Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхтуяа/1-рхх-133//, гуравдагч этгээд *******/2-р хх-226/ нар эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаж маргасан байна.
3.Анхан шатны шүүх ... нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2008 оны 01 дугаартай худалдах-худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч нарт өмчлөх эрх шууд үүсгэхгүй,
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч нарт үүсээгүй байхад тэдгээрийг хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй.
...улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн үндэслэлээр бүртгэл өөрчлөгдөх боломжгүй байсан байна. Нэхэмжлэгч нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ үндэслэлд хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр тус барилгын хууль ёсны өмчлөгчөөр *******ыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, тэрээр өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үйл баримт нь нэхэмжлэгч нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүй асуудал, үүнийг биелүүлэхтэй холбоотой шаардлага нь гэрээний нөгөө талд хамааралтай болохоос гэрээний оролцогч биш этгээд болох хариуцагч *******д хамааралгүй, ... гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч *******д холбогдуулан гаргасан ... 2331.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, соёлын төвийн цогцолбор барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дүгнэлт өгөхөд маргаж буй соёлын төвийн цогцолбор барилгын өмчлөгч болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох маргааныг өмнө нь шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаж тодруулбал :
4.1. Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 82 тоот тогтоолоор Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборын барилгыг “” ББХК-ийн эзэн З. дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан 1,853,000 төгрөгөөр худалдан авсны улмаас түүнд эзэмшүүлэхээр бүртгэж, 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 184 тоот гэрчилгээ олгожээ./2-р хх-112/ Энэ талаар талууд маргаагүй.
4.2.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай 1997 оны хууль батлагдаж, хэрэгжсэнээс хойш дээрх хөрөнгийн өмчлөх эрх анх З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдэж, 00 тоот гэрчилгээ/1-р хх-52-61/,
дараа нь З.Мөнхтуяагаас *******д бэлэглэлийн гэрээгээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж бүртгэгдэж, 00 тоот гэрчилгээ-г тус тус олгосон байна./2-р хх-118,119-123/.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь *******, З.Мөнхтуяа нарт холбогдуулан ... маргаж буй соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 онд шилжүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, мөн 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 онд гаргасан байх бөгөөд тус шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 1189 дугаар шийдвэрээр өмнө нь шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, энэ нь гурван шатны шүүхээр хянагдсан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 407 дугаар магадлалаар 1189 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан, Улсын дээд шүүхийн иргэний танхим 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 716 дугаар тогтоолоор 407 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улсын дээд шүүхээр хэрэг хянагдсанаас хойш дахин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх эрх зүйн баримт бичиг хэрэгт авагдаагүй боловч 1-р хх-67-71 дугаар талд авагдсан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 09 дугаар шийдвэрийн “үндэслэх” хэсэгт ... шүүх нэхэмжлэлийг буцаах хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 11683 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. ...”, гэж тусгагдсанаас үзвэл нэхэмжлэгч нар нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг дахин хэлэлцүүлэхээр буцаагдаж очсоноос хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ татан авсан байна.
Үүний дараа нэхэмжлэгч *******, ******* нар нь Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан маргаж буй соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 онд шилжүүлсэн бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг, З.Мөнхтуяагаас *******д 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 онд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот шийдвэрээр ... нотлох баримтуудыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгосон хариуцагчийн үйлдэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 1, 13 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчөөгүй бөгөөд хариуцагчийн энэ үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна. ... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр нь захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. / 1-р хх-67,72, 2-р хх-58, 97/
4.3.*******, /хамтран өмчлөгчөөр нэмж/ нарыг ... 2331.4 м.кв талбай бүхий соёлын төвийн цогцолбор барилгын хууль ёсны өмчлөгч гэж эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж, 000 тоот гэрчилгээг 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, /2-р хх-132/
4.4.,, ... 2331.4 м.кв талбайтай соёлын төвийн цогцолбор барилга үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж эрхийн улсын бүртгэлийн Ү--рт бүртгэж, 000 тоот гэрчилгээг 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус олгожээ./1-р хх-12/
Хэргийн 1-р хх-246. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 391 дүгээр шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн гэж ,, нарыг маргаан бүхий объектын өмчлөгчөөр 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэж, 1-р хх-12-р талд авагдсан 000 тоот гэрчилгээ олгогдсон.
Үүний дараа ,, /М.Мөнхнаран-г төлөөлж/, *******, ******* нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан байна. /1-р хх-8-10/
Гэтэл Дархан-уул аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 391 дүгээр шийдвэр/2-р хх-34/-ийг тус шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 11 тоот шүүхийн тогтоолоор “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, хүчингүй болгож, ердийн журмаар дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн./2-р хх-43/
2-р хх-148-149 дүгээр талд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг “ХҮЧИНГҮЙ”-Д тооцсон талаарх түүвэр авагдсан бөгөөд уг түүврийн 61-рт Ү- ...соёлын төвийн барилга ын - 000 тоот гэрчилгээг 2011 оны 587 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон гэж тэмдэглэгдсэн байна.
Дээр дурдсан 2008 оны 11 тоот шүүхийн тогтоол нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш гарсан хэдий боловч талууд уг гэрээг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэсэн заалтыг зөрчиж улсын бүртгэлд бүртгүүлээгүй.
Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсээгүй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх тул талуудын хооронд энэхүү хэлцэл хийгдээгүй гэж үзэхээр байна.
4.5. ,, , нарын нэхэмжлэлтэй хариуцагч З.Мөнхтуяад холбогдуулан гаргасан, гуравдагч этгээдээр Д.Долгорсүрэн оролцсон, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх сэргээлгэх тухай хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 391-А дугаар шийдвэр/2-р хх-54,143/-ийг Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 04 тоот магадлалаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан./2-р хх-64/
4.6.,, , нарын нэхэмжлэлтэй хариуцагч З.Мөнхтуяа,******* нарт холбогдуулан гаргасан, гуравдагч этгээдээр Д.Долгорсүрэн оролцсон, хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 228 дугаар шийдвэр/2-р хх-76/,
Тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 109 дугаар магадлал/2-р хх-86/- г тухайн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 27 дугаар шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, 228 дугаар шийдвэр, 109 дүгээр магадлалыг хүчингүй болгож, ердийн журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. /2-р хх-95/
4.7.*******ын нэхэмжлэлтэй Ж.Ганбат, нарт холбогдуулан гаргасан ...байрлах 1141.0 м.кв талбайтай...үйлдвэрийн зориулалттай Ацетилины үйлдвэрийн барилга, ...2331.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-рт бүртгэгдсэн соёлын төвийн цогцолборын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нарын спорт цогцолборын өмчлөгч, , нарыг эцэг З.ын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох гэх шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 374 дүгээр шийдвэр/1-р хх-16/,
Тус аймгийн давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн 2010 оны 40 дугаар магадлал/1-р хх-22/,
Монгол Улсын Дээд Шүүхийн иргэний танхимын шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн 2010 оны 485 дугаар тогтоол зэргийг Улсын Дээд Шүүхийн иргэний танхимын 2016 оны 15 дугаар шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн/1-р хх-29/ бөгөөд уг 15 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
4.8.М.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй,, нарт холбогдуулан гаргасан ... үл хөдлөх эд хөрөнгийг М.Соёл-Эрдэнийн өмч болохыг тогтоох, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн баримт бичгийг өөрийн нэр дээр шилжүүлэх, хариуцагч ий сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Баянгол дүүргийн шүүх 2011 оны 87 дугаар шүүгчийн захирамжаар ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./1-р хх-235/
4.9.*******, ******* нарын нэхэмжлэлтэй, Хаадууд ХХК-д холбогдуулан гаргасан Хаадууд ХХК-н захирлын 1998 оны 2/5 тоот тушаалыг хүчингүй болгох тухай ... хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 364 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн./1-р хх-38-42/,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 91 дүгээр магадлал/1-р хх-43-91/-аар 364 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын Дээд Шүүхийн иргэний танхим 91 дүгээр магадлалыг хүчингүй болгож, 364 дугаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн 2015 оны 815 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна./1-р хх-52/
4.10.М.Шинэ-Од, нарын нэхэмжлэлтэй, З.Мөнхтуяа, ******* нарт холбогдуулан гаргасан З.ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, ... 2331.4 м.кв талбай бүхий соёлын төвийн цогцолборын барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 383 дугаар шүүгчийн захирамж/2-р хх-102/-аар,
4.11.*******ын нэхэмжлэлтэй Ж.Ганбат, нарт холбогдуулан гаргасан ...байрлах 2331.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү--рт бүргэгдсэн соёлын төвийн цогцолборын өмчлөгчөөр тогтоолгох, ... нэхэмжлэлийн шаардлагаасаа ******* татгалзсан үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 464 дугаар шүүгчийн захирамж/1-р хх-33/-аар тус тус нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.
5.Дээр дурдсан үйл баримтууд болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан иргэний болон захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрүүд, улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэргээс дүгнэвэл :
Хариуцагч *******ыг улсын бүртгэлийн /Б дугаарт бүртгэгдсэн Дархан-уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, 2331.4 м.кв талбай бүхий соёлын төвийн цогцолборын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00 тоот гэрчилгээг 2001 онд олгосон байх бөгөөд энэхүү гэрчилгээг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын болон шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул улсын бүртгэл болон гэрчилгээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна. /2-р хх-123/
6.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн бөгөөд харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.
7.Түүнчлэн нэхэмжлэгч тал гомдолдоо ... гуравдагч этгээдээр Б.Соронзонболдыг оролцуулаагүй,гаас гэрчийн мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийг дутуу оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “зохигч, гуравдагч этгээд,... –ийг хэргийн оролцогч гэнэ” гэж,
Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна” гэж тус тус заасан.
Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.
Гэхдээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр оролцуулж болохыг хуульчилсан.
Мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “шүүх хуралдааны оролцогч гэдэгт хэргийн оролцогч, шинжээч, гэрч,орчуулагч, хэлмэрч,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгч хамаарна” гэж заасан.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас бичгээр гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны тэмдэглэл/3-рхх-66-102/ зэргээс шалгахад: нэхэмжлэгч талаас гаргасан бичгийн хүсэлтүүдэд гуравдагч этгээдээр Б.Соронзонболдыг,г гэрчээр асуулгах тухай дурдагдаагүй, шүүх хуралдааны явцад амаар хүсэлт гаргасан гэх байдлаар шалгахад тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй, тэмдэглэгдээгүй байх тул “хүсэлт” гаргаагүй гэж үзнэ.
Гэрч нь хэргийн оролцогч биш, шүүх хуралдааны оролцогч, гуравдагч этгээдийн хувьд өөрийнх нь болон зохигчийн хэн алины хүсэлт авагдаагүй тул хэргийн оролцогчийг дутуу оролцуулсан гэх гомдол үндэслэлгүй.
8. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргээр нэхэмжлэгч талын 9 заалт бүхий гомдолд дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 451 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан ...” гэснийг,
“Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан ...” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Х.БАЙГАЛМАА