Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 226/МА2023/00007

 

 

 

   2023        06           15                                           226/МА2023/00007

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

Д.Б-д холбогдох иргэний

хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Д.Б- даргалж, шүүгч Д.Ганзориг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Жавхлан,

Хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2023/00169 дугаар шийдвэртэй Н.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох “30.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Б-, хариуцагч Д.Б- нарын гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2019 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Норовлин сумын Шалзын жоншны уурхайд “Н” нэртэй нөхөрлөлийн ахлах Д.Б-тай танилцсан. Үүнээс хойш Д.Б- нь намайг жонш худалдаж авдгийг мэдэж байсан учир надтай байнга холбоотой байдаг болсон. 2020 онд Д.Б- нь “манай уурхайгаас жонш сайн гарч байгаа, чи бид хоёр бие биенээ танихгүй биш, би чамд 7 хоногийн дараа жонш өгье” гэж хэлээд 2.000.000 төгрөгийг авсан. Энэ мэтээр надаас нийт 34.210.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ хугацаанд Д.Б- нь надад эргүүлж жонш огт өгөөгүй харин миний мөнгийг аваад хувьдаа ашигласан. Д.Б-д миний мөнгийг эргүүлж өгөөч гэж удаа дараа шаардсан боловч намайг хуурч, аргацааж, худал бичиг харуулсаар ирсэн бөгөөд болохгүй бол намайг хамтарч ажил гэхэд нь уурхай дээр нь очиход жоншны судал байгаагүй. Би өөрийн Хаан банкны данснаас Д.Б-гийн Хаан банкны данс руу

- 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг,

- 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 20.000.000 төгрөг,

- 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 750.000 төгрөг,

- 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөг,

- 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4.460.000 төгрөг нийт 34.210.000 төгрөгийг өгсөн. Үүнээс 4.210.000 төгрөгийг төлсөн, үүнийг хасаад Д.Б-гаас 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

 

Хариуцагч Д.Б- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 9 хүний бүрэлдэхүүнтэй нөхөрлөлийн ахлагч бөгөөд одоог хүртэл нөхөрлөлийнхөө талбайд үйл ажиллагаа явуулж, бичил уурхайн аргаар ашигт малтмал болох жонш олборлож байна. Нэхэмжлэгч Н.Б- нь анх 2019 оны хавар нөхөрлөлийн маань эзэмшил талбайд ирсэн байсан. Н.Б- нь түүнээс хойш байн байн ирээд манай нөхөр Б-оос “ахаа та намайг жоншныхоо газартаа оруулчих, би олборлоод бэлэн болгосон жоншийг чинь Бор-Өндөр сум руу ачуулаад зарж өгч байя, 1 тонн жоншийг чинь өндөр үнээр зараад дундаас нь өөрөө ашиг олох гэсэн юм” гэж гуйгаад, шалаад байдаг болсон.

Би нөхөрлөлийнхөө эзэмшил талбайд 2020 оны 11 сараас хойш 25 тонн жонш олборлож, 25 тонн жоншны шороогоо Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “А” ХХК-д худалдан борлуулахаар тээвэрлүүлж, би нөхрийн хамтаар дагаж яваад маш хүчтэй цасан шуурга шуурч байсан тул цааш явах боломжгүй болоод Батноров сумын төвд ирж буудалд хоносон. Энэ үед Н.Б- нь утсаар холбогдоод “би та нарын авч яваа жоншийг чинь Бор-Өндөр суманд авч очоод зараад өгье, та нар гэртээ хариад байж бай” гээд Бор-Өндөр сум руу авч явсан. Н.Б- тухайн үед бидэнд 1 тонн жоншыг 650.000 төгрөгөөр, 1 тонн жоншны шороог 150.000 төгрөгөөр зараад нийтдээ 20.000.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “М” ХХК-ийн данснаас миний данс руу шилжүүлсэн.

Иймд нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжилж буй 20.000.000 төгрөг нь бидэнд зээлүүлсэн мөнгө биш бөгөөд бидний өөрсдийн эд хөрөнгө,  жонш борлуулсны мөнгө орж ирсэн учир төлөх ёсгүй юм.

Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н.Б-д 2.000.000 төгрөг шаардлагатай байна гэхэд өөрийнхөө данснаас миний данс руу шилжүүлсэн. Би тэгэхээр нь “энэ мөнгөний чинь оронд би жонш л өгнө шүү” гэхэд “та жонш өгчихөөрэй, жоншоо хэзээ л бол хэзээ олборлосон бэлэн болсон үедээ л өгөөрэй” гээд өгсөн.

Мөн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бие муу эмнэлэгт хэвтэж байхад Н.Б- нь 750.000 төгрөгийг данснаасаа миний данс руу шилжүүлсэн. Тэгэхдээ 50.000 төгрөг нь таныг эргэж байгаа мөнгө юм шүү, харин 700.000 төгрөг нь жонш худалдаж авахаар шилжүүлж байгаа мөнгө юм шүү гээд утсаар ярьж байсан. Н.Б- нь нөхөр бид хоёроос удаа дараа нөхөрлөлийнхөө газартаа намайг оруулаад ажиллуулчих, би өөрийнхөө хүмүүсийг оруулж ажиллуулаад нийт олсон ашгийнхаа 70 хувийг нь өөрөө авна, харин та хоёрт 30 хувийг өгнө гээд гуйгаад байсан тул зөвшөөрсөн. Н.Б- нь миний хувийн эзэмшил талбайд өөрийн ажилчдыг бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, шатах тослох материал, хоол хүнс, ажилчдыг хувцас хунар, түлш шатахуун, бензинээ бүгдийг нь өөрөө хариуцаж гаргаад хүмүүсээ олж авчирч ажиллуулна, жоншийг Бор-Өндөр сум руу тээвэрлэж зарж ашиг олно гээд ямар нэгэн бичгийн гэрээ байхгүй, зөвхөн аман гэрээгээр нөхөрлөлийн талбайгаас жонш олборлохыг ярьж тохирсон.

Ингээд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Мг” ХХК-ийн данснаас 7.000.000 төгрөгийг миний данс руу “Жоншны урьдчилгаа мөнгө” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн.

Н.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай “Н” нөхөрлөлийн талбайгаас Бор-Өндөр сум руу 70 тонн жонш, 40 тонн жоншны шороо ачих тухай гарал үүслийн бичгийг Засаг дарга А.М-с хийлгэж авсан байсан. Энэхүү гарал үүслийн бичигт бичсэн 70 тонн жонш, 40 тонн жоншны шороо нь нийтдээ 51.500.000 төгрөг болно. Үүний ашгийн 30 хувь нь буюу бидний хууль ёсоор аман гэрээний дагуу авах ёстой мөнгө нь 15.450.000 төгрөг байна. Уг 15.450.000 төгрөгөөс Н.Б-гийн надад жоншны урьдчилгаа гэж шилжүүлсэн

- 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2.000.000 төгрөг,

- 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 750.000 төгрөг,

- 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 7.000.000 төгрөгийг хасуулж тооцуулмаар байна. Хэрэв 9.750.000 төгрөгийг хасч тооцвол цаана нь Н.Б-гаас би 5.700.000 төгрөг авах авлагатай үлдэж байна. Энэ мөнгөн дээрээ нэхэмжлэгч Н.Б-гаас манай нөхөрлөлийн талбай дээр манай ажилчдын ажиллаж байх үедээ ашиглаж байгаад үлдээсэн маш олон тооны эд зүйлс, эд хөрөнгийг Н.Б- нь аваад ачаад явсан тул эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээний дагуу нэхэмжлэгч Н.Б-гаас үнийг суутгуулмаар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 30.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-гаас 10.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож, үлдэх 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2023.04.06-ны өдрийн 169 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Д.Б-д жонш худалдан авахаар урьдчилгаа болгож 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь хавтас хэргийн 13 дугаар хуудас дахь ХААН банкны дансны хуулга, өөрөө тухайн өр төлбөрөө өгөхийг зөвшөөрч гараараа бичиж өгсөн тамгатай тодорхойлолт, чатын хуулбарууд, цагдаагийн газарт Д.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа.

Хариуцагч нь энэ төлбөрөө өгөх ёстой гэдгээ хавтас хэргийн 114-115 дугаар хуудсанд байх цагдаагийн газарт 2023.01.01-ний өдөр гэрчээр хууль сануулж өгсөн мэдүүлэгт “...Би Н.Б-гаас 2021 оны  01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн нөхөрлөлийнхөө үйл ажиллагаатай холбоотой зардалд зарцуулахаар нийт 29.300.000 төгрөгийг зээлдэж авч байсан. Энэ нь Н.Б-тай хамтран ажиллахаас өмнө нь болсон асуудал байгаа юм...” гэж мэдүүлсэн  нотлох баримт байгаа.

Гэтэл Д.Б- нь иргэний хэргийн шүүх хуралдаан дээр уг 20.000.000 төгрөгийг Н.Б-д жонш зараад жоншны мөнгө нь орж ирсэн гэж худал тайлбарласан. Хэрвээ ийм асуудал байсан бол 2023.01.01-ний өдөр цагдаагийн газар мэдүүлэг өгөхдөө хэлэх байсан.

Мөн өөрөө надад мөнгөний өөртэй, тэрийгээ өгнө гэж хугацаа тохирч сайн дураараа бичиж өгсөн бичгээ намайг айлгаж сүрдүүлж байж бичүүлж авсан гэж мэдүүлдэг бөгөөд шүүх нотлох баримтаар авч үзсэн нь үндэслэлгүй. Д.Б- нь үнэхээр надаас айж сүрдэсний үндсэн дээр уг бичгийг өгсөн юм бол цагдаагийн газарт гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлж болох байсан.

Анхан шатны шүүх “Н.Б- нь ... 20.000.000 төгрөгийг хариуцагч Д.Б- нь надаас өөр хүний дансаар буюу Жааяаагийн дансаар шилжүүлж авсан ... гэж шүүх


хуралдаанд тайлбарлах боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн.

Миний бие Д.Б-д мөнгө зээлүүлж оронд жонш авах байсан гэдгээ нэхэмжлэл гаргахдаа Д.Б-гийн өөрийнх нь гараар бичиж өгсөн бичиг, цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг зэргээс хангалттай нотлогдоно гэж үзсэн. Харин Д.Б-г шүүх хуралдаан дээр тэгж худал хэлнэ гэж бодоогүй болохоор би тухайн баримтыг бэлдээгүй. Үүнийг шүүх миний эсрэг нотлох баримт болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Д.Б-гийн өгсөн нотлох баримтууд нь бүгд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримт байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна гэв.

 

Хариуцагч Д.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 169 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

            Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Н.Б-гийн надаас нэхэмжилсэн 30.000.000 төгрөгийн 20.000.000 төгрөгийг надад зээлсэн болох нь нотлогдоогүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгосон хэдий ч үлдэх 10.000.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэнтий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь уг 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тухайгаа шүүх хурлын үеэр тайлбарлахдаа нэхэмжлэгч Н.Б- нь 2021 оны 03 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 31-ний  хугацаанд Д.Б-гийн нөхөрлөлийн талбайгаас жонш олборлосон болохыг нотолсон баримт хэргийн материалд авагдаагүй. Н.Б-гийн  10.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх цаг хугацаа нь 2021 оны  03 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө байгаа учраас уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байна гэж тайлбарласан.

Мөн тус шүүхийн шийдвэрийн 2 дахь хуудсанд нэхэмжлэгч Н.Б- нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох явцдаа ...70 тонн жонш, 40 тонн жоншны шороог Д.Б-гийн эзэмшлийн уурхайн газар дээрээс олборлоод... гэж Н.Б-гийн иргэний хэргийн шүүх хурал дээр өөрийнх нь ярьсан зүйлийг нь баталгаажуулж, бичсэн байна. Гэтэл Н.Б- нь миний эзэмшлийн “Н” нөхөрлөлийн талбайгаас 70 тонн жонш, 40 тонн жоншны шороо би, бодит амьдрал дээр 98.9 тонн жонш, 40 тонн жоншны шороог газрын гүнээс олборлоод надад огт мэдэгдэхгүйгээр нууцаар хулгайгаар ачаад Бор.Өндөр суманд 2 машинаар тээвэрлэж очоод 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “А” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд газар дээр нь зарж борлуулаад мөнгийг нь хувьдаа завшсан байна.

Н.Б- нь “Н” нөхөрлөлийнхөө эзэмшил газартаа намайг оруулаад ажилуулчих, би өөрийнхөө хүмүүсийг оруулж ажиллуулаад нийт олсон ашгийнхаа 70 хувийг өөрөө авна, харин та хоёрт 30 хувийг  нь зүгээр өгнө гэж олон удаа гуйж, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 98.9 тонн жонш, 40 тонн жоншны шороог миний зөвшөөрөлгүй авч явсан бөгөөд зарж борлуулсан. Мөн нөхөрлөлийн газарт жонш олборлох явцдаа эд хөрөнгийг маань зөвшөөрөлгүйгээр ачиж, хувьдаа завшиж намайг хохироосон байх тул нийт хохирол 78.197.173 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлдээ 2021 оны  03 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд 98.9 тонн жонш, 40 тонн жоншны шороог олборлосон болохыг нотолсон баримтуудыг бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн болно.

 

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2023/00169 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Б- нь ...Би 20.000.000 төгрөгийг Н.Б-гаас зээлээгүй, Н.Б- нь жонш, жоншны шороо худалдаж авсан мөнгөө надад шилжүүлсэн. Мөн надаас нэхэмжлэгч Н.Б- нь жонш, жоншны шороо авсан мөнгөө өгөх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Хэнтий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Б-гийн 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тухайгаа шүүх хуралдааны үеэр ...нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн мөнгө зээлдэж Д.Б-гийн данс руу шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ачуулсан 25 тонн жонш, 25 тонн баяжмалын шороог ачуулахаас өмнө мөнгө зээлсэн, түүнд суутгаж авсан болох нь нотлогдохгүй байна... гэж тайлбарласан  атлаа шийдвэрийн агуулгыг бичгээр үйлдэхдээ энэ талаар бичилгүй “2021 оны 05 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран ажиллахаар ярилцсан байх боловч  70 тонн жонш, 40 тонн жоншны шороог өгсөн авсан нь нотлогдохгүй байх тул 10.000.000 төгрөгийг Д.Б-гаас гаргуулж Н.Б-д олгож шийдвэрлэв” гэж шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулснаас өөрөөр бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1,119.2,119.3 дах заалтуудыг зөрчсөн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурьдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн
хураамжид төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгох
нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2023/00169 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.БОЛОРМАА

 

                                                                   ШҮҮГЧИД                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                            

                                                                                                                                     Б.ДЭНСМАА