Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

 Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Я.Дина,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,        

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Ц,           

Шүүгдэгч: С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогтой С-ийн Н-д холбогдох эрүүгийн 1835003810240 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2-р баг 3-19 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:........................, Т ургийн овогтой С-гийн Н.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4441 УВЗ улсын дугаартай мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.в, 2.7, 9.2 дахь хэсгүүдийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Н-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4441 УВЗ улсын дугаартай мотоцикль жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.С-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь:

-хохирогч Б.С-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө би Чандманийн постын доод талд нүх ухахаар очсон. Өглөө 9 цагийн үед очоод нүхээ ухаад үдээс хойш ажил дуусах үед надтай хамт нүх ухаж ажиллаж байсан Н, А нар архи уусан. Намайг тэдний дэргэд очиж суухад надад архи өгсөн ба би уудаггүй гэж хэлээд амсаад буцаагаад өгсөн. Тэгээд тэндээс бид нар хөдөлж би Аийн мотоциклийн ард сууж явж байтал бид хоёрын урд Н эхнэртэйгээ явж байгаад унахад нь би “та надад мотоциклоо бариулчих” гэхэд өгөөгүй. Тэр үед Нын мотоциклийн тоормос тасарсан байсан тул А "миний мотоциклийг Н унаад яв, би Нын мотоциклийг унаж явья" гээд тэр хоёр мотоциклоо сольж унаад би Нын ард суугаад Аийн араас явж байтал Нын малгай хийсэж унасан. Тэгтэл Н тоормослох шиг болсон ба тэгээд юу болсныг мэдэхгүй. Би ухаангүй байж байгаад Улаанбаатар хотод очиж ухаан орсон. Н тоормосгүй мотоцикльтэй явж чадахгүй гэсэн тул А мотоциклоо сольж унасан. Би хамгаалах малгайгүй байсан. Тэнд байсан хүмүүс ч мотоцикл дээрээ хамгаалах малгайгүй байсан. А, Н нарын хэн хэн нь нэлээн согтсон байсан. Би Улаанбаатар хотод Гэмтэл Согог судлалын Үндэсний төв болон Ганзүү гэсэн эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлсэн. Намайг хагалгаанд оруулах гэсэн боловч гол судас дайрсан гээд хагалгаанд оруулаагүй. Одоогоор толгой маш их өвдөж байна. Би гомдолтой, эрүүл саруул байж байгаад хэвтэрт орчихлоо хэцүү байна. Гарсан зардлыг баримтаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24х/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн “Миний хүү Б.С нь Улаанбаатар хотод эмчлэгдэж байгаад ирсэн, биеийн байдал нь сайнгүй байгаа , эмчилгээний үр дүн нь хараахан гараагүй байна. Хэвтрийн байдалтай босож чадахгүй байгаа. С.Н нь хохиролд нийт 1.292.000 төгрөг төлсөн байгаа. Үлдсэн хохирлыг С.Н өөрийнхөө боломжоор төлж барагдуулна гэж надад хэлсэн. Би С.Нын амьдрал ахуйтай нь танилцсан, 3 хүүхэдтэй, ядуу амьдралтай залуу байсан тул би өөрийнхөө дүүд зуучилж Нын эхнэр Дг борцны цехэд ажилд оруулахаар ярьсан байгаа. С.Н нь өөрөө гарын дүйтэй мужааны ажил хийдэг юм байна лээ, зуны улиралд ажлаа хийдэг гэж байсан. Миний тооцоогоор одоо 3 сая төгрөг төлөгдөөгүй гэж үзэж байгаа. С.Н нь хавар дулааны улиралд мужааныхаа ажил хийж олсон мөнгөөрөө хохирол төлж өгөхөөр надтай тохирсон. Миний хүү нэгэнт ийм байдалд орсон, одоо эмчилгээний үр дүнд эдгэрнэ гэдэгт итгэж байгаа. С.Н-д одоо гомдох зүйл юу байх вэ, хохирлыг маань өөрөө төлж барагдуулна гэж хэлсэн. Тэр хүний төлж өгнө гэж хэлсэн сэтгэл нь сайхан боловч амьдрал ахуй боломж бололцоо нь үнэхээр хүрэлцээгүй юм байна лээ. С.Н нь надад ажил хөдөлмөр хийж боломжоороо хохирол барагдуулна гэдгээ хэлсэн болохоор яг одоо нэхэмжлээд байх зүйл байхгүй байна. Дулааны улирал болоход ажил хөдөлмөр хийж хохирлыг маань барагдуулна гэдэгт итгэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158х/

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хүү одоо хэвтрийн байдалтай байгаа. Хотод эмчилгээ хийлгээд ирснээс хойш илүү дээрдэж байгаа, нэг хөл нь мэдээ орж байгаа. Улирал бүр тасралтгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Саяхан эмнэлэгт хэвтээд гарсан. Шаардлагатай эмчилгээг нь тухай бүр хийлгээд байвал эрүүл мэнд нь сайжирна гэж итгэж байгаа. Энэ хэрэг нь авто ослын санамсаргүй хэрэг учир энэ хүүхдийг яллуулаад яахав, боломжоороо хохирол төлж өгнө гэж хэлсэн. Ээжийнхээ тэтгэврийн зээлийг авахуулж хохирол төлж өгнө гэж ярьж байсан, хүү маань ирэх 3 дугаар сард хот уруу эмчилгээнд явна, тэр үед  мөнгөний туслалцаа үзүүлээсэй гэж хүсэж байна. Дулааны улиралд ажил хийж олсон мөнгөөрөө хохирол төлнө гэж өөрөө хэлсэн болохоор ирэх 8 сар гэхэд хохирлыг бүрэн төлж өгөөчээ гэж хэлмээр байна. Нийтдээ хүүгийн эмчилгээ болон бусад зардалд 4200000-4400000 төгрөгийн зардал гарсан байгаа. Үүнээс 1292000 төгрөг өгсөн, үлдэж байгаа 3 сая төгрөгийг төлж өгнө гэж өөрөө хэлсэн, үүнийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг ,

-гэрч Б.Аийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө би 1-р багийн нутаг дэвсгэрт нүх ухахаар очиход миний баз болох С.Н гэдэг залуу, эхнэр Дгийн хамт ирчихсэн нүх малтаж байсан. Тэгээд өглөөнөөс эхлэн өдрийн 16 цаг хүртэл нүхээ малтаж дуусаад миний ойролцоо ажиллаж байсан Н дээр явж очиход Н 1 шил 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи, 2,5 литрийн пиво авсан байсан. Тэнд цуг ажиллаж байсан Б.С, Н бид 3 тухайн архи пивыг хувааж уугаад дуусаж байтал Д ирж бид нар Нын гэрлүү явахаар болсон. Би өөрийнхөө 44-41 УВЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоциклийг унаад ардаа Сг суулгаад, С.Н өөрийнхөө мотоциклийг унаад эхнэр Дгаа суулгаад явсан. Улаангом сумын 1-р багийн автобусны 4-р буудлын дэргэд явж байтал Нын мотоциклийн консны тороосны гар хугарсан, тэгэхээр нь би арай техникт эв дүйтэй болохоороо Над хандан “чи миний мотоциклийг унаад яв, би чиний мотоциклийг унаад явъя гэж хэлээд би С.Н-н муу мотоциклийг унаад ард нь Дг суулгаад өмнө нь гараад явсан, миний ардаас миний мотоциклийг С.Н жолоодоод ард нь Б.С суугаад хөдөлсөн. Тэгээд би түрүүлж яваад С.Нын гэрт ирэхэд С.Н, С нар харагдахгүй болохоор нь Д зам дагаад өөдөөс нь алхаад явсан, би С.Нын гэрт үлдсэн, тэднийг удаад байхаар араас нь алхаад очиход Улаангом сумын 1-р баг Чандманиас Улаангом руу явах замсал зам дээр Тоосгоны заводын хойд талд мотоцикль онхолдсон байдалтай С, Н нар эмнэлэг рүү явчихсан байсан. Тэгээд би цааш нь гэрлүүгээ явсан. Н зам тээврийн осол гаргах үедээ унаж явсан мотоцикль нь миний мотоцикль байгаа юм. С.Н толь аваарай гэж надад 8000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

 

-гэрч Н.Дгийн хэрэг бүртгэлтэд өгсөн “....А ах бид хоёр явж байгаад би ардаа харахад бид хоёрын араас явж байсан Н, С нар харагдахгүй байсан. Би тэгээд буцаж эргээд явахад Чандманиас Улаангом руу орж ирэх замд Тоосгоны заводын хойд талд зам дээр уначихсан, Сгийн толгойн зүүн талаас цус гарсан, манай нөхөр Нын хацарнаас нь цус гарсан байсан. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгсөн, Эмнэлэг дээр очиход эмнэлгээс цагдаа руу дуудлага өгсөн. Миний нөхөр Н нь миний хүргэн ах Аийн мотоциклийг жолоодож явсан Түүний ард С сууж явсан. А ах тэр мотоциклийг 1 сар гаруйн өмнө хүнээс худалдаж авсан гэж байсан. Би тухайн үедээ хориглосон боловч А ах, Н нар нь бид нар зүгээр байна мотоциклио жолоодоод явчихна гээд байсан. Н-д мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30х/, 

-шүүгдэгч С.Нын мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Улаангом сумын 1-р багт очиж шонгийн нүх ухах ажлаа хийж орой 16 цагт ажлаа дуусгаад ажлаасаа буух болоход Б.А цуг ажиллаж байсан Б.Сг явуулж 1 шил 0,5 литрийн архи, 1 ширхэг 2,5 литрийн пиво авахуулж уусан, тэгэж байтал эхнэр Н.Д ирж, одоо явъя хүүхэд цэцэрлэгээс нь авах цаг боллоо гэхээр нь би өөрийнхөө Хурд-150 маркийн мотоциклийг жолоодоод ардаа Н.Дг суулгаж, Б.А өөрийнхөө 44-41 УВЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоциклийг унаж ардаа Б.Сг суулгаад би түрүүлээд явсан. Тэгээд Чандманаас орж ирэх зам дээр явж байтал миний мотоциклийн консны тороосны гар хугарч зогссон, тэгтэл миний ард явсан Б.А гүйцэж ирсэн. Би Б.Ат хандаж, “би мотоцикль муу унадаг, хоёулаа мотоциклио сольж унасан нь дээр байх гэхэд Б.А зөвшөөрч, би Б.Аийн 44-41 УВЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож миний ард Б.С сууж, Б.А миний 52-56 УВЗ улсын дугаартай Хурд-150 маркийн мотоциклийг жолоодоод ардаа миний эхнэр Н.Дг суулгаж түрүүлээд явсан. Б.Аийн араас Б.С бид хоёр явж байсан ба Чандманий 1-р буудлын дэргэдүүр зөрөөд Тоосгоны заводын ард явж байтал миний малгай хийсэж газар унасан, тэгэхээр нь би малгайгаа авах гээд тоормос гишгэхэд мотоцикль онхолдож Б.С бид хоёр мотоциклиос шидэгдсэн. Би босоод харахад миний ард мотоцикль уначихсан миний урд Б.С газар хэвтэж байсан. Би Б.Сг дуудахад ухаангүй байсан. Тэгтэл миний эхнэр Н.Д урдаас гүйж ирээд  дуудлага өгсөн. Тухайн үед миний бие гайгүй мөр бэртэж хацар шалбарч, хөл хөхөрсөн байсан. Маргааш нь буюу 10 дугаар сарын 26-ны өдөр Б.С Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. 10 дугаар сарын 25-ны орой цагдаа дээр ирэхэд согтуурал шалгах багажаар согтуурал шалгуулахад 0,66%-ийн согтолттой гэж гарсан. Надад мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би Сд учирсан хохирлыг бүгдийг нь төлж барагдуулаагүй ч гэсэн би нийт 1.292.000 төгрөг төлөөд байгаа. Үлдсэн хохирлыг би удахгүй төлж барагдуулах болно. Надад ногдох эд хөрөнгө гэвэл дундын эзэмшлийн 8 ханатай тавилгагүй монгол гэр бий. 2016 онд манай гэр цахилгааны масснаас болж шатсан бөгөөд 2016 онд шинэ гэр барьж авсан. 2017 оны 8 дугаар сард Б гэх залуугаас хуучин мотоцикль 150.000 төгрөгөөр авсан, өөр эд зүйл байхгүй. Би 1 жилийн өмнө эмнэлэгт үзүүлэхэд Улаан хоолойн шархтай гэж оношлогдсон, мөн би бага насны 3 хүүхэдтэй тул миний хувийн байдлыг харгалзан үзэж надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75х/,   

             

-шүүгдэгч С.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэрэгт холбогдоод 3 сар болох хугацаандаа маш хэцүү байдалтай байна. Би Сгийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэх мэдүүлэг,

 

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, эд зүйл хураан авсан тэмдэглэл,  эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

 

- жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Мустанг 5 маркийн 4441 УВЗ улсын дугаартай мотоцикль жолоодож яваад зам тээврийн осол гаргасан жолооч С овогтой Ныг Цагдаагийн Газрын 109 тоот өрөөнд согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгахад  0,66%-ийн согтолттой байсан гэжээ/,

 

-Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №797 дугаартай: “Б.С-н биед тухайн үед үүссэн гэмтэл: Гавал тархины хүнд зэргийн няцралт, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсны доорхи цус хуралт, гэмтлийн дараах зүүн гар, хөлийн саажилт, зүүн шанайны хэсгийн язарсан шарх, зүүн тохой, баруун сарвууны хэсгийн шалбарсан шарх зэрэг гэмтлүүд үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь тухайн осол болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Б.С урьд нь архаг хууч өвчингүй байсан байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Б. С-н биед учирсан дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 44-41 УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 0,66 промиль согтолттой байсан, мөн тэрээр мотоцикль жолоодох /эрхийн үнэмлэхгүй/ эрхгүй үедээ мотоцикль жолоодож явсан, мотоцикль жолоодох үедээ өөрөө хамгаалах малгай өмсөөгүй, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэсэн зэрэг нь хэрэгт авагдсан  жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх зам тээврийн осол гарсан шалтгаан, нөхцөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм  зөрчигдсөн эсэхийг тогтоолгох зорилгоор тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж, шинжилгээ хийлгэсэн байх ба уг ослын талаар гарсан Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 33 тоот: “44-41 УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явсан жолооч С.Н нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Жолооч С.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан "Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх"-тэй байх, 2.3.в-д заасан "Мотоцикль жолоодох үед хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 2.7-д заасан "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх", 9.2-д зааснаар "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. С.Н нь жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар лавлагаа авахад жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Жолооч С.Н нь МУ-ын ЗХД-ийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна ”гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49х/ нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэсэн, хуульзүйн үндэслэлтэй нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрхи үйл баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч С.Н нь мотоцикль жолоодох эрхгүй үедээ, согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4441УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах шууд шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна. Уг ослын улмаас хохирогч Б.Сгийн биед гавал тархины хүнд зэргийн няцралт, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсны доорхи цус хуралт, гэмтлийн дараах зүүн гар, хөлийн саажилт, зүүн шанайны хэсгийн язарсан шарх, зүүн тохой, баруун сарвууны хэсгийн шалбарсан шарх зэрэг гэмтлүүд үүссэн ба дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт : “Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн Газар батална” гэж  тус тус заасны дагуу Монгол улсын Засгийн Газраас батлан гаргаж Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөж буй Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад хамаарч байна.

Дээрх зам тээврийн осол үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Монгол улсын Засгийн Газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  2.1.а, 2.3.в, 2.7 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан жолооч С.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол болох үед шүүгдэгч С.Нын унаж явсан 4441УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийн эзэмшигч Б.Аийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх ба ослын улмаас уг мотоцикльд зүүн урд толь хагарсан гэмтэл үүссэн болох нь хэрэгт авагдсан гэмтлийн актаар тогтоогдсон байна. Иргэний нэхэмжлэгч Б.Аийн мотоцикльд учирсан хохирлыг шүүгдэгч С.Н төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон, хохирогч хүнд гэмтлийн улмаас Улаангомоос Улаанбаатар хотын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмнэлэг рүү асран хамгаалагч болон эмчийн хамт онгоцоор явсан, ирсэн, оношилгоо, шинжилгээ хийлгэсэн, хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр болон бусад зардалд нийт 4.292.700 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн тооцоолоход оношилгоо, эмчилгээний төлбөр, замын зардалд нийт 3.331.420 төгрөг зарцуулсан нь нотлогдож байна. Шүүгдэгч С.Н хохирогчид 1.292.000 төгрөг төлсөн нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул нийт төлөх 3.331.420 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 1.292.000 төгрөгийг хасч, үлдэх 2.039.420 төгрөгийг шүүгдэгч С.Наас гаргуулж хохирогч Б.Сд олгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн хохирогч Б.С хүнд гэмтлийн улмаас оношилгоо, эмчилгээ, сувилгаа хийлгэхтэй холбогдож гарсан зардал болон цаашид гарах зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах  зүйтэй байна.   

        

2. Шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Н нь Увс аймгийн Улаангом сумын 2-р багт эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар амьжиргааны түвшин 409-ээс доош оноотой өрхөд хамаардаг болох нь Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 576 тоот тодорхойлолтоор, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139х/-аар тус тус нотлогдож байна.

               

Шүүгдэгч С.Нын зан байдлын талаар гэрч Н.Дгийн өгсөн: “С.Н нь зан байдлын хувьд төлөв даруу, ажилсаг, хөдөлмөрч, гэр бүлдээ тавих анхаарал сайн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хааяа нэг найз нөхдийн хүрээнд л хэрэглэдэг. Дундын эзэмшлийн 8 ханатай гэртэй, тавилга бараг байхгүй, бид хоёр 2018 онд гэрээ босгож авсан. Анх барьсан гэр маань шатсан. Өөр эд хөрөнгө байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30х/,

 

гэрч Ц.Одхүүгийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “С.Н нь миний ахын хүү байгаа юм. С.Н нь эхээс 5-уулаа, 1 эгчтэй, өөрөө ихэр, 2 дүүтэй. 2013 онд Н.Дтай гэр бүл болсон, одоо эхнэр 3 хүүхдийн хамт тодорхой эрхэлсэн ажилгүй амьдарч байна. С.Н нь гарын ур дүйтэй, хувиараа мужааны ажил хөдөлмөр эрхэлдэг дулааны улиралд модон эдлэлээр эд зүйл хийж зарж борлуулан амьдрал ахуйгаа авч явдаг. Эхнэр Н.Д нь эрхэлсэн ажилгүй. С.Н нь зан байдлын хувьд төлөв даруу, элдэв муу зуршилгүй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, ажилсаг, хөдөлмөрч, ямарч ажлыг гололгүй хийчихдэг. Ажил хийхдээ үр дүнгийн заавал үзэх гэж хичээдэг. Гэр бүлдээ тавих анхаарал халамж сайн залуу байгаа юм. 2016 онд анх барьсан гэр нь цахилгааны улмаас шатсан, ах дүү нараасаа тусламж авч шинэ гэр барьж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/ зэрэг хэрэгт авагджээ.                            

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч С.Н нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг сайн дураараа төлсөн, үлдэх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “С.Н нь дулааны улиралд ажил хийж олсон мөнгөөрөө хохирол төлнө гэж өөрөө хэлсэн болохоор итгэж байна, ирэх 8 сар гэхэд хохирлыг бүрэн төлж өгнө гэж тохирсон” гэж мэдүүлснийг үндэслэн хохирогчид төлөх 2.039.420 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгах нь зүйтэй байна.

 

Хэрэгт шүүгдэгчийн дундын өмчлөлийн монгол гэр битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмчлөлийн 52-56 УВЗ улсын дугаартай, Хурд 150 маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хугацаагаар хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баритаар хураагдсан зүйлгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т ургийн овогтой Сгийн Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 9, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Над гэмт хэргийн хор уршгийг арилгах /хохирол төлөх/ талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хохирогчид төлөх хохирлыг 2019 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд хохирогч Б.Сд төлж барагдуулахыг даалгасугай.

 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.Н-аас 2.039.420 /хоёр сая гучин есөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Б.Сд олгож, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан зардал болон цаашид гарах оношилгоо, эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт шүүгдэгчийн дундын өмчлөлийн монгол гэр 1 битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмчлөлийн 52-56 УВЗ улсын дугаартай, Хурд-150 маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хугацаагаар хэвээр хэрэглэхээр тогтоосугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Л.АЛТАН