Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00258/И |
Дугаар | 292 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 292
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: П.М
Хариуцагч: Д.О
3,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: : “Д.Охин нь 10-91 ӨМӨ улсын дугаартай, “тоёота ипсүм” маркийн мөнгөлөг саарал өнгөтэй суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Төлбөр болох 3,500,000 төгрөгийг хаврын ноолуур гарах цагаар буюу 2016 оны 04 дүгээр сарын 21-нд багтаан өгнө гэж гэрээ хийсэн боловч одоог хүртэл элдэв шалтаг хэлж, залгахад утсаа авалгүй өдийг хүрч байна. Иймд Д.Охиноос 3,500,000 төгрөг болон 2016 оны 05 дугаар сарын 06-нийг хүртэл болон түүнээс хэтэрсэн алданги болох 280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Д.Охин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “П.Мөнхдэлгэрийн 3,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй уншин танилцлаа. Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад баг оршин суугч Д.Охин миний бие 10-91 ӨМӨ улсын дугаартай “Toyota ipsum” маркийн автомашиныг харилцан тохиролцож, итгэлцлийн үндсэн дээр наймаа хийсэн нь үнэн. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сүүлийн хугацаа байсан бөгөөд ойрын хугацаанд ноолуурын мөнгө орохоор 3,780,000 төгрөгийг төлж хохиролгүй болгож өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Мөнэхдэлгэр хариуцагч Д.Охиноос 3,780,000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Д.Охин нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Охин нь нэхэмжлэгч П.Мөнхдэлгэрийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Мөнхдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,430 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Охиноос 37,715 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 37,715 төгрөгийг тус тус гаргуулж П.Мөнхдэлгэрт олгосугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР