Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/26

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Гантөгс даргалж

Нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваасүрэн

Шүүгдэгч Б.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар  Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын  газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Их шарынхан овогт Батсүхийн Батзаяад холбогдох эрүүгийн 1737000000025 дугаартай хэргийг Улсын Дээд Шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 161 дугаартай Шүүгчийн захирамжаар буцаан ирүүлснийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажилладаг, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, ПБ96061735 регистрийн дугаартай, Их шарынхан овогт Батсүхийн Батзаяа

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.Батзаяа нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших Тэс петролиум клонкийн дээд талын засмал зам дээр 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 77-39 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс Х.Батболдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Батзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Тухайн өдөр Далайцэрэн бид хоёр ажил дээр нь очоод 1.5 граммтай пиво аваад, жижиг аягаар нэг уусан. Тэгээд бид хоёр явж байтал зам руу үхэр орж ирээд тормос гишгэхэд хүн ороод ирсэн. Би дүрмээрээ явж байсан. Би буцаж эргэж зосоод Цагдаагийн газар болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн боловч ирэхгүй болохоор нь хүн явуулаад 45 минутын дараа ирцгээсэн.Би осол гаргасан буруугаа ойлгож байна  гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...хохиролд 2 сая төгрөг авсан, цаашид хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэр Бүрэнхайрхан уулын зүүн урд талд засмал зам дээр Тэс петролиум шатахуун түгээх станцын зүүн талд 200 метр зайд байв...засмал зам дээр 1.10х0.25 метр хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгөөр бохирлогдсон байсныг Б үсгээр тэмдэглэв.Уг цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс зүүн тийш 7.4 метр зайд 7739 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Honda Civic маркийн тээврийн хэрэгсэл баруун тийш хараад зогссон байв.... гэх тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8-р хуудас/

Согтолт шалгасан тухай тэмдэглэлд... Б.Батзаяа 0.98%-ийн согтолттой гэх /хх-17-р хуудас/

Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хх-24-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-26-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сайнбилэг овогт Хөхөөгийн Даваасүрэн / ПБ66090518 регистрийн дугаартай, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Миний дүү Х.Батболд 2017 оны 10 дугаар сарын 10-ны орой Булган сумын Бүрэнхайрхан багийн нутагт Тэс петролиум колонкийн дээд талд засмал зам дээр 7739 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлээд нас барсан. Би дүүгээ аваарьт орсныг сонсоод эмнэлэг дээр очиход нас барсан байсан... гэх мэдүүлэг / 31-32-р хуудас/

Гэрч Б.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 19.15 цагийн үед дуудлагын дагуу хэргийн газар очиж өвчтөн Х.Батболдыг эмнэлэг дээр авчраад анхан шатны үзлэг хийх явцад өвчтөний амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогссон.Уг хүнд цус тогтоох эмчилгээ хийх явцад өвчтөний биеийн байдал маш хүнд байсан учир эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан... гэх мэдүүлэг /хх 39-р хуудас/

Гэрч Б.Бөхбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2017 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед гэрээсээ гараад бие засаад явж байтал засмал зам дээр машины тормозны дуу гараад юм мөргөх шиг түс гэсэн чимээ гарахаар нь гэртээ орж хувцсаа өмсөөд зам дээр очиход манай сумын Б.Батзаяа, Т.Далайцэрэн хоёр машинтайгаа явж байгаад хүн мөргөчихлөө гээд цагдаа руу утсаар ярьж байсан... гэх мэдүүлэг /хх 40-р хуудас/

Гэрч Т.Далайцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2017 оны 12 дугаар сарын 10-ны орой Б.Батзаяа айлаас ямаа авна гээд бид хоёр 7739 ХОҮ улсын дугаартай автомашинтай гарч яваад Тэс петролиумаас бензин аваад дээшээ эргээд явж байтал засмал замаар хөндлөн баахан үхэр гараад ирэхээр нь тормос гишгээд үхэрнүүдийн урд талаар тойроод гарч явтал замын урд талаас машины урдуур явган хүн гэнэт орж ирээд машины урд гупер хэсгээр мөргүүлээд салхины шилэн дээр гарч ирээд доошоо зам дээр унахаар нь би Б.Батзаяад “ чи хүн мөргөчихлөө “ гэж хэлээд бид хоёр буцаж эргээд зогссон.Бид хоёр манай ажил дээр 1.5 литрийн Нийслэл пиво хувааж уугаад гарсан.Хүн мөргөсний дараа би очоод харахад манай сумын Паажаа гэх хүн байсан бөгөөд чихнээс нь цус гарч байсан.Би “зүгээр үү” гэж асуухад дуугарахгүй хэвтээд байсан... гэх мэдүүлэг / хх-41-42-р хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн ...Х.Батболдын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны суурь ясны хугарал,зүүн талын чулуу ясны хугарал, дагзны хэсгийн хугарал,цууралт, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.Х.Батболдын цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар: гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал үүнд: гавлын орой, дух, зулай яс , чамархай, дагз ба суурь ясны хугарал гэх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Х.Батболд нь гавал ясны хугарал, зүүн талын чулуу ясны хугарал, дагзны ясны хугарал, цууралт, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус алдалт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийн улмаас нас баржээ. Х.Батболд нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэх дүгнэлт.../хх-52-53-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн ... Б.Батзаяагийн биенээс авсан гэх шингэн цусанд 0.5 промилли этилийн спирт илэрсэн.Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-59-р хуудас/

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... 7739 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Батзаяа нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 /а/-д заасан: Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем , жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.2-р хавсралтын 5.3-т заасан гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг,мөн дүрмийн 2.7/а/-д согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн.Явган зорчигч Х.Батболд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.Уг зам тээврийн осол нь 7739ХОҮ лусын дугаартай Honda Civic маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Батзаяа нь Замын хөдөлгөөний дүрмийн  9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.Мөн дүрмийн 2-р хавсралтын 5.3-т заасан  гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг гэсэн дүрмийн зүйл заалтыг зөрчсөн нь осол болох гол шалтгаан болсон ... гэх дүгнэлт /хх-65-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн,  шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Батзаяа нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэр Тэс петролиум колонкийн дээд талын засмал зам дээр  2017 оны 12 дугаар сарын 10-ны орой согтуурсан үедээ 7739 ХОҮ улсын дугаартай “Honda Civic” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам хөндлөн гарч явсан Х.Батболдыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолт тодорхойлсон тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваасүрэнгийн мэдүүлэг, гэрч Б.Түмэнбаяр, Б.Бөхбадрах,Т.Далайцэрэн нарын мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батзаяа нь тухай үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй,аюул саад бий болсон үед хурдаа хасаж зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авах гэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ зөрчсөнөөс  зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Б.Батззаяагийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж жолоо барьснаар ямар нэгэн хор уршиг учруулж болзошгүйг мэдэх боломжтой байсан боловч хүний амь насыг хохироох, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулахыг мэдэлгүйгээр үйлдэгдсэн нь болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэжээ.

Шүүгдэгч Б.Батзаяагийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Х.Батболдын амь нас хохирсон  байна. 

7739 ХОҮ улсын дугаартай Honda Civic маркийн  автомашины гэрчилгээ  нь Бэрс капитал банк бус санхүүгийн нэр дээр байдаг болох нь иргэний нэхэмжлэгч Б.Отгонжаргалын ... 2017 оны 08 дугаар сарын 25-нд манай хүргэн Б.Батзаяа надаас 7739 ХОҮ улсын дугаартай Honda Civic маркийн автомашиныг 3 сая төгрөгөөр  худалдаж авахаар тохиролцоод 1 сая төгрөгийг өгөөд, 2 сая төгрөгийг нь 2018 оны 01 дүгээр сард өгнө гээд аваад явсан.2017 оны 07 дугаар сард Бэрс капитал банк бус санхүүгийн байгууллагад уг машиныг барьцаалж 1 сая төгрөг авсан. Машины гэрчилгээ тухайн байгууллагын нэр дээр байгаа... гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Батзаяаг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс Х.Батболдын  амь насыг хохироосон нь тогтоогдож байх тул 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Батзаяа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-107/-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Батзаяад оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар  шүүгдэгч Б.Батзаяаг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваасүрэн ... хохирлын 2 сая төгрөгийг төлсөн, цаашид хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ...гэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Б.Батзаяа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг дээр маргаснаас шүүгдэгчийн  гэм буруугийн тухайд маргаагүй, тиймээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа  хорих ялыг багасаж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Батзаяа, түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас хохирогчид хохирол төлбөр төлөх талаар гаргасан саналыг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж хохирол төлөх хугацаа өгсөн. Энэ хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваасүрэнд төлбөр төлсөн цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхэд татгалзах зүйлгүй, шүүхээс гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлгүй, учир нь шүүгдэгч  болон өмгөөлөгчийн зүгээс  гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонтой ямар нэгэн маргаангүй бөгөөд мөрдөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааг дутуу, гүйцэт биш хийсэн талаар мэтгэлцсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Батзаяа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, болон түүний хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар  хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Батзаяад оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр   шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Батзаяа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваасүрэн нь цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл 36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Их шарынхан овогт Батсүхийн Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Их шарынхан овогт Батсүхийн Батзаяаг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Батзаяад оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Батзаяа нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваасүрэнд хохирлын 2 сая төгрөгийг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваасүрэн нь хохирлын бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Шүүгдэгч Б.Батзаяа нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Батзаяад  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ГАНТӨГС

Top of Form