Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 229

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Б т холбогдох эрүүгийн 1806 03858 1898 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадваргүй, Х.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Х.Б  нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байрны лифтний орчим иргэн Д.Сутайбаяртай маргалдан улмаар түүний зүүн шанаанд 2 удаа цээж, гуя руу 4-5 удаа цохиж өшиглөх зэргээр зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б  мэдүүлэхдээ: “....Би тухайн өдөр ээж дээр очих гээд цахилгаан шатанд суутал, цахилгаан шатан дотор ээжийг зодож байхаар нь эргүүлэн цохьсон явдал болсон. Миний буруу, дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Сутайбаярын өгсөн мэдүүлэг /хх-8/, гэрч Д.Нямдаваагийн өгсөн мэдүүлэг /хх-17/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5515 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Х.Б ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Х.Б  нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байрны лифтний орчим иргэн Д.Сутайбаяртай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сутайбаярын өгсөн: “...2018 оны 4 сарын 27-ны өдрийн 17 цагийн үед би дөнгөж ажлаас гэртээ орж ирээд байж байтал хаалга цохиод СӨХ-ийн дарга “тогийг чинь тасаллаа, мөнгөө төлөөгүй байна” гэхээр нь би хувцсаа өмсөөд гарч очтол тог тасалчихсан байсан. СӨХ-ийн даргатай маргаж байтал лифтнээс 30 гаруй насны эмэгтэй гарч ирээд “миний ээжийг яагаад загнаад байгаа юм пизда, гичий, банзал минь” гээд доромжлоод зүүн шанаанд 2 удаа цохьсон. Би хажуу тийш дайвалзаад зогстол үсдэж аваад намайг тэр эмэгтэй цээж гуя руу 4-5 удаа өшиглөсөн. Үснээс чирээд татсан, ээж нь хараад зогсоод байхаар нь охиноо аваач салгаач гэхэд салгасан...Томографийн зургаа авахуулсан. Тархи толгойд гэмтэл гараагүй доргисон. Эрүү одоо хүртэл өвчтэй байна. Зүүн гуянд цус хурсан үс энэ тэндээсээ тус тугаараа унасан. Толгой нэлээн хэдэн өдөр өвдөж өвчин намдаах эм уусан. Дүүргийн эмнэлгээр явсан. Бариачаар бариулсан.” /хх-8, 22-23/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямдаваагийн өгсөн: “...68 тоотын эмэгтэй лифтэнд суух гээд зогсож байсан ба намайг татаад “та тог таслуулсан” гээд уурлаад байсан. Гэтэл манай охин лифтнээс бууж ирээд “та яагаад ээж рүү дайраад байгаа юм бэ” гэхэд тэр эмэгтэй манай охиныг “согтуу хүүхэн дуугүй бай, чамд хамаагүй” гэж хэлэхэд манай охин “энэ чинь миний ээж” гэж хэлэхэд тэр хүүхэн эхэлж манай охины гарыг урсан. Тэгсэн манай охин тэр эмэгтэйтэй зууралдаад хоорондоо зодолдоод унасан. Тэгээд би тэр хоёрыг салгаад охиноо өрөө рүү нь аваад орсон.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн №5515 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Д.Сутайбаярын биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-21/ гэх дүгнэлт, 

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 894 дугаартай дүгнэлтэд:

1. Х.Б  нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд F25.2 Шизоаффектив эмгэг холимог хэлбэр эмгэгтэй байсан байна.

2. Х.Б ийн дээрхи эмгэг нь дотоод шалтгаант удамжлын сэтгэцийн эмгэг болно.

3. Х.Б  нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох хянах чадваргүй байсан байна. Х.Б  нь хэргийн талаар тайлбарлах үнэн зөв мэдээлэл өгөх чадваргүй байна.

4. Х.Б  нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадваргүй байсан байна.

5. Х.Б  нь хэрэг хариуцах чадваргүй байна.

6. Х.Б  нь харъяа дүүргийн сэтгэцийн болон асран хамгаалагч харгалзан дэмжигчийн хяналтанд байлгаж, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна.” /хх-36-37/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 156 дугаартай дүгнэлтэд:

            1. Х.Б ийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай гаргасан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна.

            2. Х.Б ийн Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр сэтгэцийн эмгэг нь сэдэрсэн дахилт өгсөн үедээ өөртөө болон бусдад аюул учруулж болно.

            3. Х.Б  нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна.” /хх-73-74/ гэх дүгнэлт,

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох акт /хх-39/,  

Шүүгдэгч Х.Б ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-45/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Шүүгдэгч Х.Б  нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байрны лифтний орчим иргэн Д.Сутайбаяртай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон  хэдий ч шүүгдэгч Х.Б  нь хэрэг хариуцах чадваргүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 894 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 7.4 дүгээр зүйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар заасан хэдий ч шүүх шүүгдэгч Х.Б ийн гэмт хэрэг зөрчилд урьд өмнө холбогдож байгаагүй байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, асран хамгаалагчийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг өөртөө болон бусдад аюул учруулахааргүй гэж үзэж шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Сутайбаяр нь эмчилгээний төлбөртэй холбоотой нийт 248.000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар Х.Б ийг асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлсүгэй.

 

3. Хохирогч Д.Сутайбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Х.Б  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС