Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2015/00520/И |
Дугаар | 304 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Ашигт малтмалын тухай хуулиар бусад, Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.М
Хариуцагч: Ц.А
“63,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, прокурор Ц.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2014 оны эхнээс ******* сумаас олборлож байсан улаан чулууг 63,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус сумын цагдаагийн тасгийн дарга Н.******* нь иргэдээс мэдээлэл ирсэн гэж хэлэн 865,8 кг-тай 23 шуудай улаан өнгийн чулууг “Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл” гэгчийг үйлдэн хураан авч, уг чулууг шийдвэрлэх хүртэл Цагдаагийн тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хийсэн.
Миний өөрийн болгон авсан чулууг ямар нэг тушаал, шийдвэргүйгээр хураан аваад аймгийн төвд авчирсан. Ингээд би хууль зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгчид хандсан бөгөөд өмгөөлөгч Ш.Энхмаа Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн хэлтсийн дарга Ц.******* худалдан борлуулах шийдвэр гарсан гэж хариуг өгсөн. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ надад ямар нэг хариу өгөөгүй бөгөөд надад одоогийн байдлаар 63,000,000 төгрөгийн хохирол учраад байна. Иймд дээрх мөнгийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2014 оы 05 дугаар сараас эхлэн ******* сумын ******* хэмээх газарт иргэд улаан чулууг хууль бусаар гар аргаар олборлож газар нутгийг сүйтгэж, байгаль экологийн тэнцэл алдагдахад хүргэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу газар, түүний хэвлий дахь байгалийн баялаг нь төрийн өмч байна гэж хуульчилсан төдийгүй байгаль, газар нутгаа хамгаалах нь иргэн бүрийн үүрэг билээ. Мөн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу иргэн нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан хууль бус үйлдлийг мэдсэн тэр даруй сумын Засаг дарга болон байгаль хамгаалагч, холбогдох байгууллагад мэдэгдэж таслан зогсоох үүрэгтэй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмал эрэх, хайх, борлуулах, ашиг олохыг хориглож, хүлээх хариуцлагыг зааж өгсөн. Гэтэл С.******* нь дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоохын оронд хууль бусаар олборлосон чулууг их хэмжээгээр худалдан авч гэртээ хадгалж байсныг тус сумын Цагдаагийн албан хаагчид илрүүлэн захиргааны хариуцлага хүлээлгэн, хууль бусаар худалдан авсан чулууг хураан авч аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд хүргүүлсэн. Захиргааны зөвлөл нь үйл ажиллагаандаа Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах ажлыг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай журам”-ийг баримтлан хураагдсан 870 кг улаан чулууг улсын орлого болгож, худалдан борлуулах шийдвэр гаргасан. Дээрх журамд зааснаар нэгэнт захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг буцаан олгох эрх зүйн үндэслэлгүй байсан. Мөн С.*******ээс хураасан дээрх чулууг одоог хүртэл худалдан борлуулаагүй байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасны дагуу иргэн аливаа эд хөрөнгийг шударгаар олж авч өмчлөх ёстой. Тиймээс С.*******ий шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаарлагаа дэмжиж байна. 2014 оны 05 дугаар сард миний чулууг хурааж авсан юм. Ц.******* дарга өгнө гэсэн байсан юм. Очиж уулзаад чулуугаа авъя гэхээр удаахгүй өгнө та хэд хоногоос хүрээд ир гэж хэд хэдэн удаа хэлж явуулсаар байгаад боломж гараагүй. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нутгийн хүнтэй таарсан юм. Тэр хүн чулуу ухаж байгаад мотороо хураалгасан байсан юм билээ. Тэгээд мотороо авна гээд явж байхаар нь дагаад чулуун дээрээ очиж үзэхэд миний чулуу холилдчихсон байсан. Тэгээд удалгүй худалдан борлуулах шийдвэр гарлаа гэж надад хариу өгсөн. Чулууг хураалгахаас 2 хоногийн өмнө *******, ******* гэдэг хоёр цагдаа миний машиныг аваад чулуу руу явсан байсан. Чулуу руу явах гэтэл унаа олдодгүй гээд машин аваад чулуу руу явсан. Би чулууг худалдаж л авсан болохоос хил гааль руу авч яваагүй, тухайн үед үйлдвэрлэлд ашиглах бэлдэц бэлдэх зориготой байсан юм.
Тэр үед хүмүүс тийм бэлдэц бэлддэг зүйл оруулж ирцгээж байсан юм. Хэрвээ би хүмүүс шиг өдөрт нь аваад өдөрт нь зараад байсан бол энэ чулуу ийм ихээр хураагдах ёсгүй байсан, Тэнд би бизнес эрхэлдэг хүн. Бизнесийнхээ мөнгийг энэ чулуунд оруулсан байсан. Тйим учраас л хуулийн дагуу ингэж шүүхэд хандаж байгаа юм. Би ямар ч иргэний үүргээ биелүүлэлгүй хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Би иргэнийхээ үүргийг биелүүлсэн. Би машин тэргээ өгч явуулсан, хүмүүсийг ажлын байраар хангасан. Хамгийн гол нь зарж үрж ашиг олох сонирхол байгаагүй. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулж ганц 2 хүн ажлын байртай болох юм болов уу гэсэн бодолтой байсан.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг шаардлага хангаагүй байна гэж хариуцагч тал үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж юу байх вэ гэдгийг зааж өгсөн. Мөн хуулийн 62.1.4-т нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бичсэн байх ёстой гэж заасан. Манай нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага 63,000,000 төгрөг гэдгийг тодорхой бичсэн байгаа. Тэгэхээр үүнд эргэлзээ үүсэх ямар нэг асуудал байхгүй. Дараагийн асуудал нь уг улаан чулуу хэнийх болчихоод байгааг анхаарах асуудал байгаа. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд эзэмшил ямар тохиолдолд үүсдэг вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ чулууны эзэмшигч С.******* мөн юм уу, үгүй юм уу, шаардах эрх үүсч байна уу, үгүй юу гэдгийг Иргэний хуультай холбож тайлбарлах гээд байгаа юм. Тэгэхээр худалдан авах эрх С.*******д хуулиар олгогдсон байна гэж үзэж байна.
С.******* олборлосон байж магадгүй гэж сая хариуцагч тал ярилаа. Тэгвэл С.******* олборлосон гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч тал өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй зөвхөн таамаглал төдий зүйлийг дэвшүүлж тавиад байна. Нотолж чадахгүй байгаа учраас хууль ёсны дагуу эзэмшил нь үүссэн байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшилт нь тухайн эд хөрөнгийн хувьд өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан. Тэгэхээр энэ хүн улаан чулуутай шууд утгаар холбогдоогүй. Худалдан авсан учраас гуравдагч маягаар холбогдож байгаа юм. Тийм учраас энэ хүн шударга өмчлөгч болж таарч байна. Ингээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт өмчлөгч хүн мөн юм бол өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх нь үүсч байна. Үүнийг үндэслээд энэ хүн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа юм. Мөн Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолын 2.1-т зааснаар энэ хүн зөрчил гаргасан байхыг шаардаж байна. Гэтэл энэ хүн захиргааны ямар зөрчил гаргасан бэ гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт нэг ч авагдаагүй байна. Нотлох үүргээ мөн биелүүлээгүй байна. Хууль бус орлого гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ, Хэрэв үнэхээр хууль бус орлого байсан бол тогтоолд зааснаар үнэт цаасны хэмжээнд үнэлэгдэх тооцооны хуудас хавтаст хэрэгт мөн байхгүй. Хариуцагчийн төлөөлөгч тэмдэглэлийг акт гэж ярилаа. Акт захирамжилсан хэлбэртэй байдаг. Тэгэхээр тэмдэглэлийг акттай хольж ойлгож болохгүй. Андуурсан байж болох талтай. Тухайн журмын 2.3-т тооцооны хуудасгүй буюу түүнтэй адилтгах баримт бичиггүйгээр хууль бус орлого, эд зүйлс хураахыг хориглоно гэж заасан байгаа. Адилтгах баримт бичиг гэж тэмдэглэлийг хариуцагч тал үзээд байх шиг байна. Энэ тэмдэглэлийг бид эх хувиар нь олж чадсангүй. Уг нь та нар хамгийн гол баримт болгож байгаа энэ тэмдэглэлээ нотлох баримтын шаардлага хангуулж хавтаст хэрэгт өгөх ёстой байсан юм. Энэ хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан тэмдэглэл байгаа гэж надад анзаарагдсангүй. Засаг даргын захирамжуудаар хамгаалалт, пост байгуулсан гээд байна. Хамгаалалт пост нь олборлолт, газрын хэвлийг хөндөх гэсэн асуудал байгаа. Тэгэхээр энэ хүний үйлдэлтэй холбогдож байна уу? Энэ хүн олборлосон гэх нотлох баримт огт байхгүй. Мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн асуудал байна. 2 хөрөнгийн үнэлгээг шүүгч уншиж өглөө. 2016 оны 02 дугаар сарын байдлаарх үнэлгээг та бүхэн гаргаж өгсөн байна. Энэ бол бид 2014 онд өөрт учирсан хохирлыг ярьж байгаа маргаан. Тэгэхээр 2016 оны хөрөнгийн үнэлгээний асуудал байж болохгүй асуудал. Манайх яагаад 2015 оны хөрөнгийн үнэлгээний тайлбанг хэвтаст хэрэгт авахуулсан юм бэ гэхээр 2015 оны байдлаар 41,000,000 төгрөг байсан байна гэдгийг харуулж байгаа юм. 2015 оноос өмнө ямар үнэ ханштай байсан бэ гэдгийг нотлуулахын тулд 3 гэрчийг асуулгасан юм. Энэ 3 гэрчид эрүүгийн хуулийг сануулж мэдүүлэг авсан. 3 гэрч ерөнхий үнэлгээг хэлсэн. С.******* өөрийн хар дэвтэр дээр хэдэн кг чулууг авч байснаа бичсэн байснаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Банкны хуулга дээр нилээд ач холбогдол өглөө. Энэ банкны хуулгыг яах гэж өгсөн гэхээр энэ хүн бэлэн мөнгөөр чулууг худалдаж, худалдан авч байсан хүн. Тэгэхээр энэ хэмжээний мөнгөөр гүйлгээ хийж байна шүү гэдгийг харуулахаар тус хуулгыг өгүүлсэн юм. С.******* гэдэг хүн колонктой, бизнес эрхэлдэг хүн. 70 гаруй сая төгрөг хаанаас гараад ирсэн юм бэ гэдгийг тодруулахаар гаргаж өгсөн баримт. Төрийг төлөөлж байгаа прокурор нэхэмжлэгчээс юу хийх гэж байгаа, яах гэж байгаа талаар асууж байсан. Энэ бол энэ хүний эрхийн асуудал. Өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа хөрөнгөө яаж захиран зарцуулах нь мөн Иргэний хуулиар зохицуулагдсан асуудал. Дараагийн нэг асуудал С.*******ийг олборлолттой битгий холбож яриач гэж хүсч байна. Журмаа сайн барих хэрэгтэй. Энэ хүн үнэхээр зөрчил гаргасан юм уу, дуртай нэг цагдаагийн ажилтан тэмдэглэл гэгчийг үйлдээд хүний хөрөнгөнд халдсан зүйл энэ дээр ажиглагдаад байгаа юм. 800 гаруй кг чулууг энэ хүн хураалгасан. Гэтэл хөрөнгийн үнэлгээ дээр дандаа 1000 гаруй кг чулуу болоод явчихсан. Энэ хаанаас юу ороод ирэв ээ. Нөгөө лацтай, ломботой байсан байшинд чинь юу хаанаас ороод хутгалдчихав. Өөр хүнийх байгаа юм уу гээд захиргааны зөвлөлийн тэмдэглэлийг харахаар өөр хүний чулуу огт байдаггүй юм. Үүнийгээ сайн анхаарч үзээрэй гэж хэлэх гээд байгаа юм. Хариуцагчийн хариу тайлбарыг сонсоод нэмэлт тайлбар хийх шаардлагатай бол шүүгчээс зөвшөөрөл авч тайлбараа хийнэ.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн хуулиас авахуулаад маш олон хуульд газрын баялаг нь төрийн өмч гээд заасан байгаа. Төр үүнийг хамгаалах үүрэгтэй. Би олборлоогүй гэж хэлээд байна. Түүнийг олборлохгүй бол худалдан борлогдох ажиллагаа хийгдэхгүй. Зөвхөн тусгай зөвшөөрлийн хүрээнд л ашигт малтмалыг эрж, хайх ёстой. Хувь хүн очоод ухах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Хувь хүн ухах олборлох хууль бус учраас цаашлаад худалдаж борлуулах нь хууль бус зүйл юм. Энэ байгалийг унаган төрхөөр нь хадгалах гэж хичээсэн, маш их хөрөнгө зарсан. Гэтэл ганц нэг хүний ашиг хонжооноос болж байгаль орчин сүйдэх магадлалтай байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага дээр тогтсон үнэ байхгүй байгаа нь хавтаст хэргээс хангалттай харагдаж байна. Эрх бүхий албан тушаалтнуудаас тогтсон үнэ байна уу гэдгийг лавласан байдаг. Энэ нь хууль бус учраас тогтоосон үнэ байхгүй гэдгийг албан ёсоор ирүүлсэн. Хавтаст хэрэг 865 кг чулуу гэдэг нь нотлогдохгүй байгаа. Энэ хүн нэхэмжлэлд дурдсан зүйлээ нотлох нь энэ хүний өөрийнх нь үүрэг. Цагдаагийн тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэрчүүд байцаалт өгсөн байгаа. Би ганц 2, 3, 4 том чулуу өгсөн гээд байж байна, 70-80 кг чулуу, ******* нь хэдийг өгсөн гэдгээ мэдэхгүй, ******* гэдэг хүн хариулахдаа хүн 4-5 кг чулуу өгч байхыг л би харсан гэдэг, бол хэдэн чулуу өгсөнөө хэлдэггүй. Хавтаст хэрэгт хэдэн чулуу худалдан авсан нь харагдахгүй байна. Засаг даргын Тамгын газар яагаад 63,000,000 төгрөгийг төлөх ёстой нь нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхойгүй байна. Хууль бусаар тэмдэглэл үйлдээд хураагаад авчихсан юм шиг яриад байна. Үнэхээр хууль бусаар хураагаад авсан бол дээд шатны байгууллагад хандсан зүйл байхгүй байна. Эрх бүхий албан тушаалтнаас амаар болон бичгээр гарч буй хэлбэр бол захиргааны акт гэж үзнэ. Захиргааны шүүхэд хандах ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Гэтэл иргэний журмаар оруулж ирээд ингэж байгаа нь ойлгомжгүй, агуулгагүй нэхэмжлэл байна. Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Засаг даргын Тамгын газар яаж 63,000,000 төгрөгийн хохирол учруулсан бэ гэдэг нь нотлогдохгүй байна.” гэв.
Прокурор Ц.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад ... газар төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд Монгол улсын иргэн нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх, байгалийн баялгийг хууль бусаар ашигласан гэмтээсэн, хөнөөн сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа орон нутгийн Засаг дарга, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “Ашигт малтмал гэж ...эрдэсийн хуримтлалыг хэлнэ, ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгоно” тус тус заасан байгаа. С.******* хас нэртэй улаан чулууг хайх, ашиглах тусгай зөвшөөрөлгүй хувь хүн. ******* гэх газраас улаан чулууг олборлох, зарж борлуулах нь хууль бус гэдгийг мэдсээр байж иргэдийн гар дээрээс худалдан авч хадгалж байсан нь дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл юм. 865 кг чулууг өөрөө ашиглахаар худалдаж авсан гэж тайлбартаа хэлдэг боловч яг худалдаж авсныг нотлох баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр олборлосон байж магадгүй гэж хардах үндэслэл бий болж байна. С.*******ий худалдаж авсан 865 кг чулууг цагдаагийн байгууллагын ажилтнууд мэдээллийн дагуу илрүүлж, хурааж авсан тэмдэглэл байдаг. Энэ тэмдэглэл одоогийн байдлаар хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангахааргүй хуулбар байдлаар авагдсан байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотлох үүрэгтэй боловч энэ тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. ******* суманд улаан чулуу олборлох ажиллагаа нууц, далд аргаар явагддаг. Ил тод явагддаг зүйл байхгүй. Яагаад гэвэл олборлох нь хууль бус учраас ийм ажиллагаа явагддаггүй. Чулууг тоног төхөөрөмж оруулж ирж үйлдвэрлэлд ашиглах гэж байгаа гэх боловч энэ талаар мөн нотлох баримт байхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын хайгуул хийсэн, ашигт малтмал олборлосон бол хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байгаа. Манай талаас гаргаж өгсөн үнэлгээ бол Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлөөс худалдан борлуулах шийдвэр гарсны дагуу үнэлгээг хийлгэсэн байгаа. Тухайн үед чулуу ямар үнэлгээтэй байсан нь энэ хэрэгт ач холбогдолтой биш. Одоо энэ чулууг нэгэнт худалдан борлуулах шийдвэр гарсан учраас худалдан борлуулах комисс энэ үнэлгээг гаргуулсан. Нэхэмжлэгч чулууг одоогийн байдлаар хольсон гэж яриад байгаа. Худалдан борлуулах комиссоос 1372 кг чулууны үнэлгээг гаргуулсан. С.******* миний чулуу холилдсон учраас чулууг авахгүй гэж ярьдаг. Гэтэл энэ чулуу холилдсон эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргасан зүйл байхгүй. Иймд чулуугаа нэхэмжилж яагаад болохгүй байгаа юм. Чулууг олборлох нь хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч хууль бусаар олборлосон чулууг худалдах нь хууль ёсны гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт хууль бус ажиллагааг таслан зогсоож хураан авсан байгаа энэ чулууг буцаан олгох, чулууны үнийг төлөх үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг улаан чулууг худалдан борлуулахаар гарсан шийдвэр нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.” гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулж өөрт учирсан хохирол гэх 63,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж: нэхэмжлэл /хх-1/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, “Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэлийн хуулбар /хх-4/, хүсэлт /хх-79/, тэмдэглэлийн дэвтрийн хуулбар /хх-89-90/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-95-99/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 245 дугаар албан бичгийн хуулбар /хх-130/, чулуу үнэлсэн тухай тайлангийн хуулбар /хх-131/ зэргийг
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4-1458 дугаар албан бичиг /хх-3/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2-2409 дугаар албан бичиг /хх-7/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2-17 дугаар албан бичиг /хх-12/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4-239 дугаар албан бичиг /хх-15-16/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 242 дугаар албан бичиг /хх-17/, аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-18-20/, хүсэлт /хх-32/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4-879 дугаар албан бичиг /хх-109/, Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн а/221 дүгээр захирамжийн хуулбар, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн а/279 дугаар захирамжийн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн а/380 дугаар захирамжийн хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн а/619 дүгээр захирамжийн хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн а/649 дүгээр захирамжийн хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн а/687 дугаар захирамжийн хуулбар /хх-110-115/, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2/175 дугаар албан бичиг /хх-116/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь Цагдаагийн тасгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Т-40 дугаар албан бичиг /хх-117/, “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 734 дүгээр албан бичгийн хуулбар /хх-122/, Өмнөговь аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн а/613 дугаар захирамжийн хуулбар, захирамжийн хавсралтын хуулбар /хх-123-124/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4-616 дугаар албан бичгийн хуулбар /хх-125/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр албан бичиг/хх-127/, чулуу үнэлсэн тухай тайлан /хх-128-129/ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэгч С.*******ий нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлахад “Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэлийн хуулбар /хх-4/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй, тэмдэглэлийн дэвтрийн хуулбар /хх-89-90/ нь чулуу худалдаж авсныг нотлох үндэслэл бүхий баримт бус гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “С.******* өөрийн хар дэвтэр дээр хэдэн кг чулууг авч байснаа бичсэн байснаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа” /хх-144 / гэх тайлбарыг тэмдэглэлийн дэвтрийн хуулбар дахь “чулуу-7580000, чулуу-1985000, чулуу-3800,000, чулуу-3795000” гэх зэрэг тэмдэглэл /хх-89-90/ нотлохгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх О., М., Ц.*******, Х.******* нарыг гэрчээр асуусан бөгөөд “70-80 кг чулууг энэ хүнд өгсөн, ... 70,000-80,000 төгрөгийн үнэтэй байсан” /хх-83/, “100,000 орчим төгрөгөөр зарж байсан” /хх-84/, “С.*******д ... 4-5 кг чулуу өгч байсан ... 300,000 төгрөгөөс 400,000 орчим төгрөг тоолж өгч байсан ...” /хх-85/ гэх тайлбар нь нэг талаар хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй нөгөө талаар нэхэмжлэгч 865,8 килограм чулууг 63,000,000 төгрөгөөр худалдаж авсан болохыг гэрчүүдийн мэдүүлэг нотлохгүй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.******* 865,8 килограм улаан чулуу хураалгасан гэдгээ нотлох баримт болон 63,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт шүүхэд ирүүлээгүй улмаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ тухай нотолж ямар нэг тайлбар хэлээгүй болно.
Иймд дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч С.*******ий нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох 63,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хариуцагч талын гаргаж өгсөн бичгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд тэдгээрийг үндэслэж шийдвэр гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч С.******* 63,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 472,950 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул 472,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овгийн гийн *******ий нэхэмжлэлтэй хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 63,000,000 /жаран гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,950 /дөрвөн зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР