Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 204/МА2023/00012

 

С.А, А.Ц нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дугаар шийдвэртэй

С.А, А.Ц нарын нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Бийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, түүний өмгөөлөгч М.Дамбийням, хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох, нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Б-той 2018 онд танилцаж 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хамтран амьдарсан. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний бие нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаар гэрчилгээтэй, .... дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** .... тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, мөн миний төрсөн эх А.Ц нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, *** дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус бэлэг хүлээн авагч Г.Б-ийн зөвшөөрснөөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж түүнд бэлэглэсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр миний бие Г.Б-той маргаан болсон бөгөөд Г.Б нь миний биед халдан намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, *** дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын 11 дүгээр баг *** тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаар гэрчилгээтэй, .... дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг Хүйс толгой *** тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг бэлэглэгчдэд буцаан олгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч А.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б 2018 оноос хойш манай охин С.А-тэй харилцаж хамтран амьдарсан. Би Г.Б-ийг өөрийн хүргэн болчихлоо гэж бодоод хүү С.Д эзэмшил газрыг Г.Б-д бэлэглэсэн. 2022 оны 09 дүгээр сард Г.Б хүү С.Д-г зодож, хөл гар руу нь өшиглөж, элдвээр доромжилсон байсан. Энэ үед миний хань нас бараад удаагүй байсан. С.Д насанд хүрээгүй, одоо 13 настай хүүхэд. Тиймээс би хүүхдийнхээ газрыг Г.Б-оос буцааж авмаар байна. 2022 оны 11 дүгээр сард миний бага охин С.А-ийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Г.Б дэндүү харгис, хэлсэн зүйл нь дандаа худлаа байдаг. Үнэн зөв хоёрыг шүүх шийдэж өгөх байх гэж бодож байна. Өнөөдөр хэрэг шүүх гэж орж ирээгүй. Хамгийн гол нь С.А бид хоёр С.А-ийн газрыг болон хүү С.Д-ийн газрыг буцааж авах гэж л нэхэмжлэл гаргасан. Тийм учраас болоод өнгөрсөн асуудлыг нүдэж зодсон, тэгсэн ингэсэн гэж яримааргүй байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж хүүгийнхээ газрыг буцааж авах хүсэлттэй байна гэжээ.

3. Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А нь нэхэмжлэлдээ “...намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, ...биднийг өөрийн эд зүйлээ эвдэж сүйтгэсэн, олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн мэтээр ор үндэслэлгүй гүтгэх болсон” гэж худал бичжээ. Би С.А-ээс салсныхаа дараа түүнтэй нийлэхээсээ өмнө үерхэж байсан хүнтэйгээ хамтран амьдарч эхэлсэн. Тэрээр нэхэмжлэлдээ намайг өөртэй  нь хамт амьдарч байхдаа өөр хүүхэнтэй явалдсан мэтээр бичжээ. Мөн өөрийгөө зодсон гэсэн байсан бөгөөд би түүнийг зодоогүй, харилцан зодоон хийж тэр ч битгий хэл С.А нь заазуураар миний хоолойг зүсэж, өмсөж байсан цамцыг минь заазуураар зүсэж урсан төдийгүй гэрийн эд хогшил /шкаф, хаалга/ эвдэлж сүйтгэсэн үйлдэл гаргасан. Салчихсан байхад хүртэл араас мөрдөн мөшгиж гэрт хүчээр дайран орж ирэн, гэрийн эд хогшил эвдэлж, хүүхдийн минь ээжийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, ажлын байран дээрээ үүрэгт ажлаа хийлгүйгээр үйлчлүүлэх гэж орж ирсэн хүнээ хэлээр амаар доромжилж хөөж тууж, олон нийтийн газарт /БОЭТ/ хэрүүл маргаан хийж, аймгийн шүүх дээр хүртэл ээж А.Ц-тойгоо нийлж эхнэр бид хоёр луу дайрч давшилж, хаа явсан газраа биднийг харлуулах гэж миний ажлын байран дээр очиж, манай байгууллагын удирдах албан тушаалтан буюу инженер, даргатай уулзаж худал ярьж, ажил хэргийн нэр хүндийг гутаагаад зогсохгүй Өвөрхангай аймаг дахь Газрын албаны дарга болон нотариатч А.С.П, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга тус тус уулзаж, намайг таньж мэдэх, надтай ойр дотно байдаг хүмүүс рүү чат бичиж миний талаар худал ярьж миний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл удаа дараа гаргаж ёс зүйгүй аашилж байгаад нь харин ч эсрэгээрээ би түүнд маш их гомдолтой байна. Мөн өмнө нь С.А нь намайг бичиг баримт хулгай хийж, гарын үсэг дуурайж зурж энэ газрыг авсан гэж шүүхэд хандсан бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийн дагуу ажиллагаа хийснээр би түүний юмыг хулгайлаагүй буюу газар бэлэглэх гэрээ нь хуулийн дагуу явагдсаныг тогтоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрвээ тэр надад үнэхээр л гомдсон бол өмнөх нэхэмжлэлээ намайг гүтгэж гарын үсэг дуурайж зурсан гэж худал бичихгүйгээр гомдоосон гэж гаргах ёстой байсан. Гэтэл хэзээ хойно нь гомдсон гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь анхаарч үзэх л асуудал гэж бодож байна. 2018 онд би С.А-тэй танилцаж байсан. С.А 2020 онд надад газраа бэлэглэсэн. Өмнөх нэхэмжлэл дээрээ намайг бичиг баримтыг нь авдарнаас нь аваад С.П гэх нотариатчтай хамтраад намайг хулгай хийсэн гэж яриад байгаа. Одоо болохоор намайг эхнэртэйгээ байж байтал хэрүүл маргаан хийгээд орж ирсэн талаар яриад байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр миний бие Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод байрлах өөрийн эзэмшлийн газар нохойдоо хоол өгчихөөд гэртээ ороод байж байтал С.А хаалга тогшоод байсан. Тухайн үед би хаалгаа онгойлгохгүй 20, 30 минут болоход цонх хагалчих гээд чулуугаар цонх руу шидээд болохгүй байхаар нь хаалгаа онгойлготол Сгийн С.А орж ирээд хаана байна, би чамайг олохдоо л нэг олон гээд манай эхнэр рүү дайраад зодоо хийсэн. Би тэр хоёрыг салгасан ч эрүүгийн хэрэгт холбогдоод шүүхэд дуудагдсан. Тэр нь шийдвэрлэгдээд надад 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Тухайн үед би энэ хоёр хүнийг салгасан гэсэн ч би зодоогүй. Тэр хоёр л зодолдоод байсан. С.А заадуур барьж дайраад, машин эвдээд, шкафны хаалга, өрөөнүүдийн хаалгануудыг онгойлгож байгаад тийрээд, агсам согтуу тавиад байсан. Тэр үед би С.А-ийн согтуу, эрүүлийг нь мэдээгүй. Шууд л чулуу бариад цохих гээд дайраад байхаар нь буйдан дээр дарж авсан. Тэрийг өөрийг нь зодсон болгож яриад байгаа. Тэрнээс би зодоогүй. Хамт амьдарч байх хугацаанд хүү Д буюу А.Ц-ын өргөж авсан 4 дэх хүүхэд бөгөөд алдарт эхийн 2 дугаар одон аваад тэтгэвэрт гарч байсан хүүхэд нь. Би тэр хүүхдэд гар хүрч байсан зүйл байхгүй. Би Өвөрхангай аймгийн Хөл бөмбөгийн холбооны дасгалжуулагч хийдэг хүн. Тэр хүүхдийг дагуулаад хөл бөмбөг тоглуулаад явж байсан. Тэрнээс биш зодсон асуудал байхгүй. Шүүхийн шинжилгээний дүгнэлт нь хэрэгт байгаа. Ногоон өнгийн заадуур нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан. Тэр эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээд гарч байхад шүүх дээр танхайраад С.А-ийн ээж А.Ц манай эхнэр рүү дайрсан. Намайг мөн ална, хядна, гараад ир гээд байсан. Энэ хэргийг шүүгч М.Мандахбаяр шийдвэрлэсэн. 11 сард хүүхэд маань халуураад эмнэлэг дээр очоод стори нээлгэх гээд С.А дээр очтол манай эхнэртэй бас хэрүүл маргаан хийгээд Д.Цэцэгээ гээд шүүгч шийдвэрлэсэн. Одоо энэ хэрэг нь давж заалдах шатны шүүхээр явж байгаа. Миний шкаф, цамц урсан, заадуурдсан, манай эхнэрийн куртикийг урсан хэрэг нь шийдэгдээгүй бас давж заалдах шатны шүүх дээр байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн С.А-ийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би өөрийнхөө гэрт байсан. Тэрнээс би С.А-тэй хамт амьдарч байсан зүйл байхгүй. Тэр өдөр эвдэлсэн улаан машин нь сэв зураастайгаа, шүүхийн шийдвэрийг хүлээгээд одоохондоо засуулж чадаагүй байгаа. Ямар ч гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээгээд зураг хөрөг дарах байх гээд хүлээж байгаа. Манай эхнэрийн хувцас куртикийг нь урсан. Намайг хойноос орж ирээд заадуурдсан. Хүзүүн дээр мэсний сорви байгаа. Энэ талаар бүгд хэрэгт авагдсан. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр энэ хэрэг болсон ч цагдаа нар нь солигдчихоод байгаад байдаг. Хэрэг болсноос 3 долоо хоногийн дараа шүүх шинжилгээ дээр бид нарыг очиход шархнууд нь эдгэсэн, сорвийг авч хэлэлцээгүй. Нөгөө 2 зодолдож байхдаа шилбэ, нүүр, толгой ингэсэн тэгсэн гэж хэлсэн байсан. Тэрийг би сүүлд нь хэлсэн. С.А 6 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Эхний 2 мэдүүлэгтээ намайг зодсон гэж ярихгүй 3 дахь мэдүүлгээсээ эхлээд намайг чи надад 10 сая төгрөг, 4 айлын газар өг гэсэн. Надад 13, 14-н үл хөдлөх хөрөнгө байдаг. Тэгэхгүй бол би чамайг зодсон болголоо, 10 сая төгрөг өгөөд миний зээлийг хаа гэсэн. 4 айлын газар өг, дундуур нь хуваадаг гэж байна, надад таньдаг шүүгч байгаа, надад ах байгаа гээд дарамтлаад байсан. Тэгээд цагдаа нь өөрчлөгдөөд байцаагч Нэргүй гэх хүн дээр очсон чинь намайг зодсон болгосон. Нэхэмжлэл дээрээ С.А тэр өдөр гомдсон гэж яриад байгаа болохоор би тэр өдрийн процессыг яриад байгаа. Энэ асуудлаарх шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Тухайн өдөр 500,000 төгрөгөөр торгуулчихлаа одоо ингээд болох байх гэж бодсон ч газар нэхэмжлээд нөгөө зүйлээ эргүүлж яриад байгаа. Манай дарга дээр ороод, газрын алба дээр ороод, нотариатч С.П дээр орж дарамтлаад, газрын даамлуудыг чичрүүлээд байгаа энэ хүмүүс. Ажил дээр хүртэл хачин зүйл яриад байгаа. Яагаад салсан байж ийм зүйл яриад яваад байгааг ойлгохгүй байна. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б С.А нар нь анх 2018 онд танилцаж үүнээс хойш хамтран амьдарч байгаад 2020 онд С.А, хадам ээж А.Ц нар нь өөрсдийн нэр дээрх газруудыг Г.Б-д бэлэглэлийн гэрээ байгуулж бэлэглэсэн байдаг. Тодорхой хугацаа өнгөрсний дараа 2022 оны 08 дугаар сард А.Ц-ын хүүхэд болох С.Д-г зодсон, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бага охин С.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд гаргасан. С.А-ийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд Г.Б-ийг хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ийм учраас Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т зааснаар бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон, бэлэглэгчийн болон төрөл садангийн хүний эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэх үндэслэлүүд тогтоогдож байгаа учир дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж байгаа. Хариуцагч талын тайлбарыг сонслоо. Ярьж байгаа зүйл нь намайг заадуураар зүсч байсан, эд зүйл эвдсэн гэсэн асуудлууд ярьж байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон, эсхүл түүний болон төрөл садангийн хүний биед санаатай хохирол учруулсан бол гэж заасан. Бэлэг хүлээн авагчийг, бэлэг хүлээн авагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэсэн нэг ч заалт байхгүй. Тиймээс хэрэгт ач холбогдолгүй зүйлийг ярьж байна гэж үзэж байна. С.А-ийг зодсон зүйл байхгүй гэж ярьж байна. Анхан шатны шүүхээр ороод 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй ч уг хугацаандаа гомдол гаргаагүй байдаг. Улмаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Гомдол гаргаагүй нь шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдохоор байна. Иймд бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулж, дээрх хоёр газрыг эзэмшигч нарт нь буцаан олгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А, А.Ц нар нь Г.Б-ийг хариуцагчаар татаж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2221, 2222 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах, дээрх гэрээнүүдэд дурдсан гэр бүлийн хэрэгцээний газруудыг буцаан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад тухайн газруудын бэлэглэлийн гэрээ байсан. С.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Г.Б-д 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зодуулж, биедээ хөнгөн гэмтэл авч, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон гэдэг. Мөн Г.Б-ийг биднийг өөрийн эд зүйлээ эвдэж сүйтгэсэн, олон нийтийн газар хэрүүл маргаан хийсэн гэж ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж байгаа үйлдлүүдэд гомдолтой байна гэсэн. Хэрэгт авагдсан баримтаар Г.Б ор үндэсгүй зүйлээр нэхэмжлэгч нарыг хохироож, гүтгээсэн асуудал харагдахгүй байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад нэмэлтээр өгсөн баримтуудаа шинжлэн судална. Хэрэгт авагдсан баримтуудаар С.А Г.Б-ийг өөрийн хүсэлтээр хэрүүл маргаан хийсэн байдаг. Өөрөө гэрт нь очиж бусдыг доромжилж, эд зүйлийг нь эвдсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан баримтууд хангалттай авагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл харагдахгүй байна гэж үзэж байна. Мөн тэмдэгтийн хураамжийг С.А өөрийн нэрээр 2 удаа төлсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөх, нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж ёстой. Тэмдэгтийн хураамжийг буцааж иргэнд олгох эрх зүйн үндэслэл гарвал зөвхөн С.Ат өгнө. Нэхэмжлэгч А.Ц нэхэмжлэлийн шаардлага тохирох тэмдэгтийн хураамж төлөөгүй нь харагдаж байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С.А нь Г.Б-д гомдоод байгаа, 500,000 төгрөгөөр торгуулсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэ тогтоол байгаа. Дээр нь намайг эд зүйл сүйтгэсэн, олон нийтийн газар хэрүүл маргаан хийсэн гэж гүтгээд байгаа гэсэн зүйлүүдийг дурдсан. Нэхэмжлэгч А.Ц-ын талаас Г.Б-ийн үйлдэлд гомдсон үндэслэл харагдахгүй байгаа. Харин шүүхэд гаргасан тайлбартаа хүү С.Д-г зодож байсан гэж байгаа ч нотлох баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна. Нотлох баримт шинжлэн судлах шатанд С.А-ийн Г.Б-ийн эд зүйлийг эвдээгүй, олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж байгаагүй, Г.Б намайг гүтгээд байна гэдгийг няцаах баримтуудыг шинжлэн судлуулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэлээ гаргана гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2221, 2222 дугаартай бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, .... газрыг бэлэглэгч С.А-т, ... тоот газрыг бэлэглэгч С.Д-д буцааж олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Г.Б давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгаагүй. Мөн шүүх хөндлөнгийн, хараат бус байх зарчмыг хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч А.Ц нь хүү С.Д-г зодож хөл гар руу нь өшиглөж, элдвээр хэлж доромжилсон байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад намайг С.Д-г зодсон гэх баримт байхгүй. Мөн А.Ц нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаар гэрчилгээтэй, .... дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** .... тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг буцаан олгуулах нэхэмжлэл гаргахдаа шүүхэд зохих хэмжээний улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Шүүх түүний нэхэмжлэлийг хүлээж авсан бол Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн тохирох зүйл заалтад тусгаснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, эсхүл хураамж төлөхийг хойшлуулсан эсэх талаар ямар нэгэн шийдвэр, захирамж гараагүй. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрэн хангагдаагүй нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хөндлөнгийн хараат бус байх зарчим зөрчиж нэхэмжлэгчийн талд шүүх үйлчилсэн. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны өмнө шүүгчийн туслах нэхэмжлэгчдэд танай баримт нотариатаар баталгаа хийлгээгүй байна, нотариатаар баталгаажуул гэж хэлснээр нэхэмжлэгчид шүүх хуралдаанаас завсарлага авч холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан. Шүүгчийн туслахын энэ үйлдэл нь нэг талд буюу нэхэмжлэгч нарт үйлчилж, тэдэнд давуу байдал олгосон учир шүүх, шүүгчийн хөндлөнгийн хараат бус байдал алдагдсан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дугаартай шийдвэрийн А.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх үүргийнхээ хүрээнд хэргийн материалтай танилцсан бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бэлэглэлийн гэрээнүүдийн нэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу нотариатаар батлуулаагүй болохыг мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 38.7-д Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө. 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж тус тус хуульчилсан. Дээрх хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны эхлэхийн өмнө шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэн нэхэмжлэгч нарын зүгээс шүүх хуралдаанд хойшилсон хугацаанд бэлэглэлийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан /нотариатаар батлуулан/ шүүхэд гаргаж өгч улмаар шүүх хуралдаан эхэлсэн. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдсан “шүүгчийн туслах нэг талд үйлчилсэн, нэхэмжлэгч нарт давуу байдал бий болгосон” гэсэн нь ор үндэслэлгүй, шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэсэн үйлдэл бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд хүсэлт гаргаж, шүүх түүнийг хуульд зааснаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхээс зохигчдын маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө авч байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд нэхэмжлэгч нар нь хамтарсан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас зөвлөгөө авч, татварын код үүсгүүлэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс бодуулж улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн байх тул нэхэмжлэгч А.Ц-ыг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дий талаар хэлэхэд би зодож цохьсон асуудал байхгүй. Нэхэмжлэл дээр нь танихгүй хүүхэн нуугдсан гэж байсан. Нэхэмжлэл дээрээ танихгүй хүүхэн гээд байгаа нь манай эхнэр юм. Шүүгчийн туслах Агийн хувьд Дамбий ахаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр чинь дутуу байна гэж орж ирээд шүүх хуралдааныг завсарлуулсан. Энэ Дамбий гэдэг өмгөөлөгчийг шүүгчийн туслах байсан гэж сонсож байсан. Шүүх хуралдаан болохоос өмнө шүүх хуралдааны шийдвэр гарчихдаг юм байна гэж ойлгосон. Энэ хүмүүсийн талд Цагдаагийн дарга байсан хүн үйлчилдэг гэдгийг мэдэж байна. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанд завсарлага аваад нотариатаар батлуулсан зүйл болсон. Тэр үед яриа хөөрөө болоод ороод ирснийг би сайн мэдэхгүй... Хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан Бийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 2-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэж байна.  Энэ хэрэгт А.Ц, С.А гэдэг хоёр хүн тус тусдаа объект гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. С.Аийн нэрээр 2 удаа буюу 05 дугаар сарын 03-ны өдөр 70200 төгрөг, 05 дугаар сарын 04-ний өдөр 8750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн. А.Ц нь Д-ий хууль ёсны төлөөлөгчөөр оролцоод өөрийн гаргаж байгаа нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй харагддаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1.6-д үл хөдлөх хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр тэмдэгтийн хураамжийг төлөх тухай заасан. Эдгээр хүмүүсийн газар тус тусдаа 2 000 000 төгрөгийн үнэлгээтэй газар учраас нэг хүн улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөг төлөхөөр байна. Хавтас хэрэгт А.Ц нь улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөг төлөөгүй байна. А.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ А.Ц-д холбогдох хэсэгт улсын тэмдэгтийн хураамж төлүүлээгүйгээс үүдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчлүүд байгаа учраас А.Ц-д холбогдох шүүхийн шийдвэрийн хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв. 

Нэхэмжлэгч А.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б манай охин С.А-тэй хамтран амьдарч эхлэхээр нь би өөрийн хүүхэд Д-ийхөө газрыг Б-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн. Б нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай охин С.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учраас бэлэглэсэн газраа буцааж авахаар нэхэмжлэл гаргасан. Б-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Д охиныхоо газрыг буцааж авах гээд шүүхэд нэхэмжлэл гаргаад буцааж авчихаад байхад ямар үндэслэлгүй гомдол гаргаж байгааг нь ойлгохгүй байна гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан бэлэглэлийн  гэрээний нэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй нотариатын баталгаагүй байна гэдгийг мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд нотлох баримтад нотариатын тамга даруулж шүүхэд гаргаж өгсөн учир дээрх процессийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь хэргийн оролцогч нар нь шүүхээр хэргээ хянан шийдвэрлүүлсний төлөө төлж байгаа мөнгөн төлбөрийг хэлдэг. Нэхэмжлэгч нар нь хамтран нэхэмжлэл гаргасан учраас С.А татварын код үүсгүүлж улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Шүүхэд нөлөөлсөн гэж ярьж байна. Миний хувьд 2022 оны 09 дүгээр сард өмгөөлөгчийн эрх авч өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулж байгаа. Шүүхэд нөлөөлсөн гэж ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэлгийн шинжтэй зүйл ярьж байна. Ийм учраас хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.А, А.Ц нар нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2221, 2222 дугаартай бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, *** дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаар гэрчилгээтэй, .... дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг бэлэглэгчдэд буцаан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр, 63.1.4.-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр тооцож, түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан С.А, Г.Б нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2221 дугаартай бэлэглэлийн гэрээ /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/, С.Д-г төлөөлж А.Ц Г.Б нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2222 дугаартай бэлэглэлийн гэрээнүүдэд / хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ бэлэглэж буй хөрөнгүүдийг 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлжээ.

Нэхэмжлэгч С.А, А.Ц нар нь Г.Б-оос тус бүр нь 2 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх гэрээнүүдийг хүчингүй болгуулахаар шаардсан боловч улсын тэмдэгтийн хураамжид 78950 /70200+8750=78950/ төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргасан байхыг шаарддаг бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа тухайн нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хураамж төлсөн эсэхийг нягтлан үзэж, хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй нөхцөлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог.

Нэхэмжлэгч С.А, А.Ц нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11.-д “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэн журмыг зөрчсөн байна.      

Энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөж залруулах боломжгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсантай адилтгаж үзэх тул нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг буцаан олгоно.

Мөн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч Г.Боос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор төсвийн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.А, А.Ц нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.