Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0049/З |
Дугаар | 001/ХТ2021/0120 |
Огноо | 2021-06-28 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/0120
“С П А” ХХК-ийн гомдолтой,
Оюуны өмчийн газрын хяналтын улсын
ахлах байцаагч Ч.Э-т
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэ дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0225 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Мнарыг оролцуулан гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдлын шаардлага:
1. “Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1453069 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Хэргийн нөхцөл байдал:
2. “С П А” ХХК нь Татварын эрх зүйн баримт бичгийн эмхтгэлийг 50 ширхэгийг хэвлэж, үүнээс 36 ширхэгийг худалдаж, 5 ширхэгийг бусдад бэлэглэж, үлдсэн 9 ширхэгийг Татварын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн. Т е г-аас барааны тэмдэг ашигласан гэх үндэслэлээр Оюуны өмчийн газарт гомдол гаргасан байсан. Хариуцагч байгууллагаас уг үндэслэлээр шийтгэл оногдуулаагүй, өөр үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь зөрчилтэй тул шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.
3. Гомдол гаргагч компаниас “нийтэд мэдээлсэн эмхтгэлийг манай компаниас хуулаад хэвлэчихсэн учраас Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчөөгүй, улсад, хувьд хүнд хохирол учруулаагүй, хуулийг бусдад сурталчилснаараа буруутгагдах үндэслэлгүй, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд зааснаар Татварын ерөнхий газар нь хуулийн эмхтгэлийг эзэмших эрхгүй этгээд, хариуцагчаас шийтгэлийн хуудсан дээрээ “эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хэвлэсэн” гэсэн атлаа оюуны өмчийн бүтээлд хамаарна гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй, хууль тогтоомж болон эмхтгэл нь зохиогчийн эрхээр үл хамгаалагдах бүтээл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх заалт нь агуулгаараа шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн болон оюуны бүтээл байх ёстой, энэ номонд тийм зүйл байхгүй, үүсмэл бүтээл биш” гэж тайлбарлан маргажээ.
4. Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын ахлах улсын байцаагч Ч.Э-аас гомдол гаргагч компанийн гомдлын шаардлагыг эс зөвшөөрч “... Т е г-аас “тус газрын эмблем, логог ашигласан тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр арга хэмжээ авахуулах” өргөдөл гаргасны дагуу “С П А” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн, тус газрын эмблем, лого эрхийн хамгаалалт хийгдээгүй тул Бараа тэмдэгтийн тухай хуулийн зөрчил биш гэж үзэн зохиогчийн эрхийн маргаан гэж үзэж Т е г-ын гомдолд дурдсан үндэслэлээр биш өөр үндэслэлээр хариуцлага тооцсон, Т е г-аас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэх журам, аргачлал бүхий “Татварын баримт бичгийн эмхтгэл” номыг Төрийн албаны удирдах ажилтны сургалтад зориулан S... ХХК-иар хэвлүүлсэн, гэтэл уг номыг Т е г-ын зөвшөөрөлгүйгээр “С П А” ХХК хэвлэн худалдан борлуулсан, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг зохиогчийн эрхээр хамгаалахгүй байхаар хуульчилсан нь Т е г-ын хэвлэсэн номонд хамаарахгүй, уг эмхтгэл ном нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээлд багтана гэж үзсэн, учир нь эмхтгэл нь үүсмэл бүтээл, эмхэтгэх, хураангуйлах байдлаар хүний бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээлийг хийсэн тул уг газрынх нь зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзсэн, Зохиогчийн эрхийн хуулиар хууль, дүрэм журам нь эрхийн хамгаалалт хийгдэхгүй, Татварын ерөнхий газар нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан онцгой эрх эдэлнэ, эмхтгэх нь маш олон дараалалтай, ажиллагаа, цаг хугацаа шаардах тул оюуны хөдөлмөрийн бүтээл тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0225 дугаар шийдвэрээр: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 8.1.2, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С П А” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1453069 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д тус тус заасныг баримтлан “С П А” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1453069 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагч “С П А” ХХК-ийн төлөөлөгч Б.Мандах “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч;
7. Гомдол гаргагч “С П А" ХХК, өөрийн компани, бусад татвар төлөгч компани хувь хүмүүсийн татвар төлөхтэй холбоотой харилцаанд тус нэмэр болгох санаа зорилгоор Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс болон байгууллагуудын нийтэд ил байдаг цахим хуудаснаас хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, захиргааны шийдвэр зэргийг сонгон “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” номыг хэвлүүлэн гаргасан.
8. Шийтгэл ногдуулсан Оюуны өмчийн улсын байцаагчийн акт үндэслэлгүй байсан тухайд; Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 1453069 дүгээр шийтгэлийн хуудас нь анхнаасаа хууль зөрчсөн хэт нэг талыг барьж гаргасан шийтгэл байсан гэж үзэж байна. Анх манай компанийг “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” номыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хэвлэсэн гэдэг үндэслэлээр захиргааны шийтгэл оногдуулсан атлаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа шийтгэх хуудаст бичсэнээс өөр үндэслэлээр буюу өөр хуулийн заалтыг баримтлан гомдол гаргасан нь анхнаасаа хуулийн заалтыг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Мөн шийтгэлийн хуудас дээрээ Татварын ерөнхий газрыг хохирогч гэж бичсэн мөртлөө анхан шатны шүүх хуралдаанд Татварын ерөнхий газар ямар ч хохирол амсаагүй гэж өөрийн биеэр мэдүүлсэн юм. Татварын ерөнхий газар нь хууль тогтоомжийг эзэмших эрхтэй гэсэн заалт Монгол улсад мөрдөгдөж байгаа аливаа хуульд байхгүй болно.
9. Хууль тогтоомжийн эмхтгэл нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохын тухайд; Манай компанийн дээрх хэвлүүлэн гаргасан номонд багтсан хууль тогтоомж, татвартай холбоотой акт дүрэм журам нь аливаа хуулийн этгээд, хувь хүн /хэн ч/ ашиглаж болдог “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс-ээс болон нээлттэй цахим хуудаснаас авсан ба, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зохиогчийн эрхээр үл хамгаалах “хууль тогтоомж эрх зүйн бусад акт” учраас Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн хариуцагч улсын байцаагчийн шийтгэл ногдуулсан акт үндэслэлгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д “материалыг сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд” гэж заасан байгаа бөгөөд хууль тогтоомж нь оюуны бүтээл биш бөгөөд оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэж үзэх боломжгүй юм.
10. Монгол Улсын 1997 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр нэгдэн орсон Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцид дурдсан бүтээлд Хууль эрх зүйн эмхтгэл огт хамаарахгүй гэж заасан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
11. Мөн Т е г-ын хэвлүүлсэн номыг ашиглах онцгой эрхийг хэн нэгэн этгээд эдлэхгүйгээс гадна уг номонд зохиогч эрхээр хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг мэдээлэл тэмдэглэгдээгүй, номоо олон нийтэд худалдан борлуулж байгаа нь энэхүү номыг оюуны бүтээл биш гэдгээ зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй байна.
12. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
14. Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч нь Т е г-аас ирүүлсэн “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” номыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1453069 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн “С П А” ХХК-ийг 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ.
15. Давж заалдах шатны шүүх “...“С П А” ХХК-ийн хэвлэж борлуулсан “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” нь зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй гэж үзэх боломжгүй..., Татварын ерөнхий газар нь татварын хууль тогтоомж, холбогдох журам, аргачлалын ашиглан түүвэрлэж, тодорхой хэмжээний цаг хугацаа, хөдөлмөр зарцуулан эмхтгэл болгон гаргаж хэвлүүлсэн тул эмхтгэлийг оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэж үзнэ, уг эмхтгэлийг албаны удирдах ажилтны зөвлөгөөнд зориулж бэлтгэн гаргасан байхад “С П А” ХХК нь тус эмхтгэлийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй хэвлэж, худалдан борлуулсан үйлдлийг зөвтгөх боломжгүй...” гэж дүгнэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3.1.9, 7.1.11-д тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
16. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““үүсмэл бүтээл” гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр .... эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлийг” ойлгоно гэж зааж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10, 7.1.11-д тус тус заасны дагуу “үүсмэл бүтээл” болон “материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд” нь зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл юм.
17. Харин гомдол гаргагчийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс болон татварын албаны нийтэд ил болгосон цахим хуудаснаас хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг сонгон авч хэвлэсэн “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” ном нь дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10, 7.1.11-д заасан бүтээлийн аль алиных нь шинжийг агуулахгүй байна.
18. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д дурдсан үүсмэл бүтээл нь өмнө нь бүтээгдсэн зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлд тулгуурлаж, оюуны бүтээлч хөдөлмөрөөр эмхтгэн өөрчилж шинээр бий болгосон бүтээл байхаас гадна мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу үүсмэл бүтээл болгон өөрчлөх зөвшөөрлийг авсан байх учиртай.
19. Гэтэл давж заалдах шатны шүүх Т е г-аас хэвлүүлсэн эмхтгэлийг “үүсмэл бүтээл” мэтээр буруу дүгнэсний зэрэгцээ гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасанд хамааруулж дүгнэсэн нь тус тусдаа ойлголт бүхий “бүтээл”-ийг нэг агуулгаар тайлбарлаж хуулийн зохицуулалтыг мөн буруу хэрэглэсэн гэж үзнэ.
20. Түүнчлэн, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасан “материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд” нь зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлд хамаарах боловч энэ зохицуулалтаар хамгаалагдах бүтээл нь бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон байхаас гадна өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдсон байх хоёр шалгуур нөхцөлийг шаардсан байхад давж заалдах шатны шүүх “...Татварын ерөнхий газар нь татварын хууль тогтоомж, холбогдох журам, аргачлалыг ашиглан түүвэрлэж, тодорхой хэмжээний цаг хугацаа, хөдөлмөр зарцуулан эмхтгэл болгон хэвлүүлсэн тул эмхтгэлийг оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэж үзнэ” хэмээн тухайн заалтыг явцууруулан дүгнэсэн нь буруу байна.
21. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хууль тогтоомж, эрх зүйн бусад акт” нь зохиогчийн эрхээр үл хамгаалагдах бүтээлд хамаарахаар заасан байх тул Татварын эрх зүйн баримт бичгийн эмхтгэлийг зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл гэж үзэх боломжгүй.
22. Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлд үл хамаарах “хууль тогтоомж, эрх зүйн бусад акт”-ыг хэвлэн нийтлэх, ашиглах, бусдад түгээх нь зохиогчийн эрхийг зөрчихгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “... Хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг зохиогчийн эрхээр хамгаалахгүй, зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг эмхтгэн хэвлүүлсэн нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн зөрчил болохгүй” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.
23. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн гомдол гаргагч компанид хариуцлага тооцох эрх зүйн үндэслэлгүй учир хариуцагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв байна.
24. Харин тус шүүхээс уг маргаанд хэрэглэвэл зохих Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шийдвэрийн Тогтоох хэсэгт баримтлаагүй, уг маргаанд хамааралгүй буюу хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг хэрэглэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
25. Иймд магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0225 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С П А” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1453069 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагч “С П А” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН