Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 147

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ж

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 03 дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Ц.Ог томилсон нь хууль бус болохыг тогтоох, Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мр, С.Мт, Г.Мөул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нарыг оролцуулан хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2007 онд төрийн албан хаагчийн тангараг өргөж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Уул уурхайн яаманд тасралтгүй 9 жил газар хэлтсийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж ирсэн бөгөөд 2012 оноос тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажилласан. 

2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүтэц Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болж өөрчлөгдөхөд яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гарган шинэ яаманд шилжин өөрийн хариуцаж байсан чиг үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Да нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар миний ажлын байранд Ц.Ог томилж төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж намайг ажлаас чөлөөллөө.

Нэгд: Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх хэсэгт заасны дагуу намайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга чөлөөлөх байтал хуулиар эрх хэмжээ олгогдоогүй байхад тус яамны сайд миний эрхэлж байсан албан тушаалд Ц.Ог томилж 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр миний ажлыг хүлээлцүүлсэн.

Хоёрт: Би ажиллах хугацаандаа төрийн албаны тухай хууль болон төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн ажиллан ирсэн ба хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг гүйцэтгэхдээ 4 жил дараалан “онц” үнэлгээ авч байсан.

Гуравт: Намайг өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал гараагүй. Энэ талаар лавлахад шинээр томилогдох төрийн нарийн бичгийн дарга асуудлыг шийдвэрлэнэ гэсэн.

Дөрөв: Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын үндсэн чиг үүрэг өнөөдөр ч хадгалагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар бүтцийн өөрчлөлтөнд орсон албан тушаалтны өмнө хэрэгжүүлж байсан ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр бол тухайн албан тушаалд томилох үүрэгтэй. Гэвч тус яам энэ үүргээ хэрэгжүүлэхгүй, тухайн албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албанд урьд өмнө ажиллаж байгаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, мэргэжлийн бус хүн томилон миний ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хааж хохироож байна.Энэ асуудлаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс “...хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй” гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. 

Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, эгүүлэн томилогдох хүртэл хугацаанд олгогдох байсан цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт, ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгохыг даалгаж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ: Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 03 дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Ц.Ог томилсон нь хууль бус болохыг тогтоох, Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол гарсанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдсан.

Шинээр яам байгуулагдсантай холбогдуулан Уул уурхай яам/хуучнаар/-ны албан хаагчдыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалаар тус тусын албан тушаалаас нь чөлөөлж, Уул Уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Ингээд тогтоол гарсантай холбогдуулан Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар Төрийн нарийн бичгийн даргыг томилогдох хүртэл хугацаанд яамны газар, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилон ажиллуулсан.

Уул уурхайн яамны /хуучнаар/ Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Жын ажлын байранд Ц.Ог Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажлыг нь хүлээлгэн өгсөн.

Д.Жыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх хүртэл хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу саналыг сонсохоор Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар удаа дараа дуудуулсан боловч ирж уулзаагүй байгаа болно.

Нэхэмжлэлийн үндэслэлд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх хэсэгт зааснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга томилох байтал эрх хэмжээ олгогдоогүй сайд уг томилгоог хийсэн тухай дурьджээ. 

Гэвч Ц.Ог ажилд томилсон тушаалын үндэслэх хэсэг болон 1 дүгээр заалтаас харвал нэгэнт Засгийн газрын тогтоол гарч улс төрийн шийдвэр гарсан учир зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн дагуу тус газар ажиллах албан тушаалтныг томилох шаардлага нэн даруй үүссэн, нөгөөтэйгүүр тушаалын 1 дүгээр заалтад төрийн нарийн бичгийн даргыг холбогдох хууль журмын дагуу томилогдох хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр томилсон байгаа. Уг асуудал нь нэгэнт Засгийн газрын тогтоол гарчихсан учир хүлээгдэх боломжгүй, даруй шийдвэрлэгдэх асуудал юм.

Д.Ж нь ажлаас албан ёсоор чөлөөлөгдөх хүртэлээ ажилдаа ирж цагаа бүртгүүлэн удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/75 тоот тушаал гарах хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй ажлын цагийн бүртгэл байхгүй учраас өнгөрсөн хугацааны цалинг олгох боломжгүй байна.

Иймд Д.Жыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг нөхөн олгох хууль эрх зүйн үндэслэлгүй тул түүний Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 12 дугаар тогтоол гарснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдсан.

Мөн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг 

1.Уул уурхайн бодлогын газар

2.Геологийн бодлогын газар

3.Түлшний бодлогын газар

4.Хүнд үйлдвэрийн бодлогын газар /техник, технологийн хэлтэс, металл бус үйлдвэрлэлийн хэлтэстэй/

5.Төрийн захиргааны удирдлагын газар /хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, санхүүгийн хэлтэстэй/

6.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

7.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартай байхаар баталсан.

Шинээр яам байгуулагдсантай холбогдуулан Уул уурхайн яамны албан хаагчдыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А-гын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалаар, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нийн 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 03/2154 тоот албан бичгээр тус тусын албан тушаалаас нь чөлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаарыг баталсан.

Уг тогтоол гарсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 03 дугаар тушаалаар Төрийн нарийн бичгийг даргыг томилогдох хүртэл хугацаанд яамны газар, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилон ажиллуулсан.

Уул уурхайн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Жыг ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Од хүлээлгэн өгсөн.

Ц.О нь үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байгаа ба төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж жинхлээгүй байгаа болно. УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сул ажлын байрыг Төрийн албаын зөвлөлд хүргүүлэхээр бэлтгэж байна.

Д.Жыг 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/75 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу саналыг нь сонсхоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар дуудуулж уулзсан боловч одоог хүртэл тохиролцоонд хүрээгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний бие Ц.О нь Монгол Улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоол нь улс төрийн шийдвэр учир түүнд үндэслэн яамдын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, орон тооны хязгаарыг баталсан зэрэг өөрчлөлтүүд хийгдсэн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөндсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан туушалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4 “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан...” гэж заасны дагуу тухайн байгууллага өөрчлөн байгуулагдсаны үр дүнд эрх бүхий албан тушаалтан буюу Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд шинээр өөрчлөн байгуулагдсан байгууллагын Хяналт-шинжэлгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр намайг томилсон юм.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх хэсэгт зааснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга чөлөөлөх байтал эрх хэмжээ олгогдоогүй сайд уг томилгоог хийсэн тухай дурьджээ. Гэвч намайг ажилд томилосон тушаалын үндэслэх хэсэг болон 1 дүгээр заалтаас харвал нэгэнт Засгийн газрын тогтоол гарч улс төрийн шийдвэр гарсан учир зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн дагуу тус газар ажиллах албан тушаалтныг томилох шаардлага нэн даруй үүссэн, нөгөөтэйгээр тушаалын 1 дүгээр заалтад төрийн нарийн бичгийн даргыг холбогдох хууль, журмын дагуу томилогдох хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр томилсон байгаа. Уг асуудал нь нэгэнт Засгийн газрын тогтоол гарчихсан учир хүлээгдэх боломжгүй, даруй шийдвэрлэгдэх асуудал юм. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдах” гэдгийг хэрхэн ойлгох талаар мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт нэрлэн заасан бөгөөд өөрчлөн байгуулагдсан тохиолдолд урьд ажиллаж байсан албан тушаалтан ямар баталгаагаар хангагдах талаар олон сонголт бүхий боломжийг нээлттэй зохицуулсан хэм хэмжээний заалт мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” талаар заасан. Гэвч дээрхи зохицуулалтаар урьд ажиллаж байсан албан тушаалтныг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах гол үндэслэл шаардлага нь “төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол” гэсэн нөхцөлийг хангасан байх явдал юм.

Гэвч Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоолоос харахад миний томилогдон ажиллаж буй Хяналт-шинжэлгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын гүйцэтгэх ажлын чиг үүрэг, тус албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт өөрчлөлт орсон учир шинэ бүтцээр зохион байгуулалт хийсэн нь хуульд нийцсэн үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэж миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь мөн өдрийн шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгч Д.Жтой эвлэрэх боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 Нэхэмжлэгч Д.Ж нь тус шүүхэд нэхэмжлэлээ 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан, хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/586 дугаар албан бичгээр тус яамны Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Маад итгэмжлэл олгосон байх бөгөөд шүүх хуралдаан товлогдон удаа дараа хойшилсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ма удаа дараа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.  

Шүүх захиргааны хэрэг үүссэнээс хойш хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэх бүрэн боломжтой байсан гэж үзсэн бөгөөд шүүх энэ боломжоор хангасан, нэхэмжлэгч Д.Ж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрэх боломжгүй, ямар ч тохиролцоонд хүрээгүй учир шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэнэ гэх тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 03 дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Ц.Ог томилсон нь хууль бус байсан болохыг тогтоох, Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж тодорхойлжээ.

Нэг. Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Ц.Ог томилсон нь хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоол Авлигтай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/4730 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Ог томилсон байна.

Уг тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь дараах эрх зүйн үр дагаварыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. 

Үүнд Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартай байхаар бүтцийг тогтоосон байна.

Үүний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Ог томилсон байна.

Нэхэмжлэгч Д.Жын ажиллаж байсан үеийн ажлын байрны тодорхойлолт болон үүрэг гүйцэтгэгч Ц.О нарын ажлын байр /албан тушаалын/ тодорхойлолтыг харьцуулан үнэлж дүгнэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаалын ажлын байр, орон тоо хасагдаагүй, “хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, ажлын байрны зорилго, өмнөх агуулга нь хэвээр” болох нь ажлын байрны тодорхойлолт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдож байна. 

Түүнчлэн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д зааснаар яамны Төрийн нарийн бичгийн дарга нь ажилтныг томилох, чөлөөлөх эрхтэй байхаар чиг үүргийг тусгайлан зааж өгсөн байхад сайд өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэх ерөнхий заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Жын ажиллаж байсан албан тушаалд Ц.Ог үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус болжээ.  

Мөн Д.Жыг зайлшгүй өөрчлөх үндэслэл нь тодорхойгүй, энэ талаарх хариуцагчийн гаргасан тайлбар, баримт зөрүүтэй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн баталгааг зааж өгсөн бөгөөд мөн хуульд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн ажлын байран дээр Ц.Ог томилсон нь  хууль бус болсон байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5. төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх; 17 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах, 17.2-д “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасан байхад төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг шууд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр  томилсон нь хууль бус болжээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалыг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар уг актыг хүчингүй болгосон байх боловч нэхэмжлэлийн шаардлагын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

Хоёр: Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд Д.Ж намайг эгүүлэн томилож, эгүүлэн томилогдох хүртэл хугацаанд олгогдох байсан цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг баримталжээ. 

Дээрх хуулийн заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэгдэхээр байх бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдаагүй болох нь Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоол, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.  

Иймд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэх нь тогтоох нь зүйтэй байна. 

 Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Д.Жын ажилгүй байсан хугацааг маргаан бүхий акт гарсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг тооцож олгохыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах нь зүйтэй байна. 

Д.Жыг ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзээд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх нийт 6,807,446 (зургаан сая найман зуун долоон мянга дөрвөн зуун дөчин зургаа) төгрөг байх бөгөөд хариуцагчаас 3 сарын тэтгэмж болох 2,763,201 (хоёр сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун нэг) төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд хийсэн гэх тул дээрх дүнгээс хасч, 4,044,245 (дөрвөн сая дөчин дөрвөн мянга хоёр зуун дөчин тав) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Цэрэнжавын Одхүүг томилсон хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Жыг урьд эрхэлж байсан Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Жод 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,044,245 (дөрвөн сая дөчин дөрвөн мянга хоёр зуун дөчин тав) төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОЮУНГЭРЭЛ