Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 209/МА2023/00060

 

Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нарын

                                                   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай                                    

Дагалдах индекс: 209/2023/00048

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  03 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хэрлэн зураглал” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний  алданги 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалга 1 ширхгийг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг, нийт 12,341,312 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч “Хэрлэн зураглал” ХХК-ийн төлөөлөгч Э.Амарсайханы өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /цахимаар/, Т.Цэрэндагва /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

... 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар нь өөрийн харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд “Хэрлэн зураглал” ХХК-тай "Хамтран ажиллах гэрээ" байгуулж, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын эзэмшилд байсан Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байршилтай 0,8 га газар дээр 9 давхар, 2 орцтой 104 айлын орон сууцыг бариулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр бид 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Хэрлэн зураглал" ХХК-тай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны 331-А байрны 2-р орц, 4 дүгээр давхарт 73 тоот 2 өрөө, батлагдсан зургийн дагуу 58.21 мкв талбай бүхий орон сууцыг бариулахаар, гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь 1 м.кв талбайн үнэ болох 1,250,000 төгрөг, нийт 72,762,500 төгрөгийн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлөхөөр, цаашид сар тутам 1,402,395 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд төлж үлдэгдэл төлбөрийг орон сууц байнгын ашиглалтад орсны дараа 14 хоногт багтаан төлж дуусгахаар тохиролцсон байдаг.

Гэтэл гүйцэтгэгч тал болох "Хэрлэн зураглал" ХХК нь гэрээний 2.2-т заасан "Барилгыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад оруулах" үүргээ биелүүлэлгүй орон сууцны плитаг наагаагүй, дотор хаалгыг хийгээгүй, дулаан усаар хангаагүйн улмаас захиалагч тал болох нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нарын гэр бүл бусдын байрыг хөлсөлж 4,700,000 төгрөгийн төлбөр гарч хохирсон.

 Захиалагч талаас гүйцэтгэгч талд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч барилгын инженер Тулга нь элдвээр доромжилж “чи хэл ам хийдэг болохоор чамайг хамгийн сүүлд оруулна, дутуу зүйлийг хамгийн сүүлд хийнэ, ажилгүй болгоно” гэх зэргээр заналхийлж гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн хүмүүсийг хохироож байгаа тул арга буюу шүүхэд хандсан.

Захиалагч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцны үнэ болох 72,762,500 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 07-ний өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 262,500 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 48,000,000 төгрөгийг тус тус бүрэн төлж дуусгасан.

"Хэрлэн зураглал" ХХК нь орон сууцны барилгыг 2022 оны 06 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл дотоод заслын ажил нь дуусаагүй байгаа тул орон сууцны хөлсөө бүрэн төлсөн 40 гаруй айл, өрх орон сууцандаа орж чадахгүй хохирсоор байна.

“Хэрлэн зураглал" ХХК нь гэрээний 2.2 -т зааснаар 2022 оны 02 дугаар улирал буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон сууцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч ашиглалтад өгөлгүй нийт 6 сар 23 хоног буюу 205 хоног хугацаа хожимдуулсан байна.

 Нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж авсан боловч орон сууцандаа орох боломжгүй байгаа тул "Хэрлэн зураглал" ХХК-тай байгуулсан гэрээний 8.2-т заасан "Талууд гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө" гэж заасны дагуу "Хэрлэн зураглал" ХХК-аас дор дурдсан алдангийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу орон сууц ашиглалтад орох ёстой өдөр хүртэл 24,762,500 төгрөг төлсөн байгаа тул дараагийн төлөлт хүртэлх хугацаа буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 60 хоног, нийт төлсөн 24,762,500 төгрөгөөс өдөр тутам 0.1 хувиар алданги тооцож үзэхэд нэг өдөрт 24,762 төгрөг болж байна. Үүнийг хугацаа хэтрүүлсэн 60 хоногоор үржүүлбэл 1,485,750 төгрөг болж байна. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 48,000,000 төгрөг төлж, нийт төлөлт 72,762,500 төгрөг болсон бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 04 сар 23 хоног буюу 145 хоног хугацаа хэтэрсний алдангийг тооцож үзвэл нэг өдөрт оногдох алданги 72,762,500 х 0.1% нэг өдрийн алданги 72,762 төгрөг болж байна үүнийг хугацаа хэтэрсэн 145 хоногоор үржүүлж үзвэл 10,550,562 төгрөг болж байна.

Ингээд нийт 205 хоног хугацаа хэтрүүлсний алдангид нийт 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалга 1 ширхгийг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг /суулгалтын үнэ ороогүй/ нийт 12,341,312 төгрөгийг "Хэрлэн зураглал" ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

...2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нартай хийсэн орон сууц захиалгаар бариулах гэрээний 9 дүгээр зүйлд давагдашгүй хүчин зүйлс 9.1-д “давагдашгүй хүчин зүйлээс /байгалийн гамшиг, дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, үймээн самуун, төрийн захиргааны дээд байгууллагын шийдвэр, экспорт, импортын хориг дэд бүтцээр ханган нийлүүлэгч гуравдагч байгууллагууд болон хуульд заасан бусад нөхцөл/ орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүйд хүрвэл гүйцэтгэгч нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй ба нөхцөл байдлыг харгалзан талууд гэрээнд заасан хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээнд өөрчлөлт оруулна, 9.2-т “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хямрал нь нийгмийн бүх салбарт нөлөөлсөн, эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас шалтгаалсан, гүйцэтгэгчээс шалтгаалахгүй аливаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гүйцэтгэгчээс үл шалтгаалах энэ гэрээгээр тодорхойлогдсон, бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээт хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байгаа.

 Дэлхий нийтээр тархаад буй цар тахлаас үүдэн манай улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 4 удаа ч шилжиж, үйлдвэрлэгчид хэвийн тогтвортой ажиллах нөхцөл хангагдахгүй, түүхий эдийн татан авалт хийж чадахгүй санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан, дэлхийн зах зээлд түүхий эдүүд, импортоор оруулж байгаа материал, бүтээгдэхүүний үнэ өссөн, олдоц ховордсон, импортлогч БНХАУ-ын хил хорио хязгаарлалтаас болж нийлүүлэлт багасаж, тээвэрлэлт хүндэрч үнэ өссөн.

2020-2022 онуудад дотоодын жижиг үйлдвэрүүдийн ихэнх нь үйлдвэрлэл явуулаагүй, импортын нөөц бүрдүүлээгүйгээс дотоодын зах зээлд материалын хомсдол бий болсон зэрэг шалтгаанаар манай байгууллага захиалагч нартай хийсэн гэрээний дагуу орон сууцыг хугацаанд хүлээлгэн өгч чадаагүй нөхцөл байдал үүссэн. Мөн Б.Нэмэхбаяр, Б.Төгсөө нар нь албан ёсоор байрыг хүлээлцээгүй байж дур мэдэн орж гадна хаалгыг цоож түлхүүрийг сольсон бөгөөд дотор өрөөнд суулгаж өгөх ёстой байсан 2 хаалга нийтийн эзэмшлийн талбайд хураалттай байхад дур мэдэн ажилтнуудад мэдэгдэхгүй авч оруулж тавьсан, манай байгууллагын эрх бүхий ажилтнуудтай хүлээлцэх актад гарын үсэг зурж, хүлээлцээгүй байгаа атлаа одоог хүртэл орон сууцандаа орчихсон амьдарч байгаа болно. “Хэрлэн зураглал” ХХК-ийн зүгээс иргэн Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч “Хэрлэн зураглал” ХХК-иас 12,036,312 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хэрлэн зураглал” ХХК-иас 207,530 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэж байх тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ бус, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг шүүхээс буруу дүгнэсэн байх ба үүнээс үүдэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Тодруулбал Иргэний хуулийн 243 болон 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээнүүдийн нийтлэг шинж нь биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй, үр дүн доголдолгүй байх гэсэн хуулийн шаардлага тавигддаг боловч ялгаатай тал нь ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн хийж дуусахаас өмнө захиалагч нь хэдийд ч гэрээг цуцалж, өөр этгээдээр гүйцэтгүүлэх эрхтэй, мөн ажлын хөлсийг хийж гүйцэтгэх ажилд тохируулан харилцан тохиролцож тогтоодог бол худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагчаас тогтоосон үнийг худалдан авагч нь өөрчлөх эрхгүйгээр үнийг нь төлж, өмчлөлдөө эд хөрөнгийг шилжүүлж авдаг бөгөөд үнэ өртөг нь бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тухайн эд хөрөнгө худалдагчийн өмчлөл, эзэмшилд байдгаараа ялгардаг байхад анхан шатны шүүхээс хариуцагч “Хэрлэн зураглал” ХХК нь ганцхан нэхэмжлэгч нарт зориулан тэдний захиалгын дагуу ажил гүйцэтгэсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон түүнд дүгнэлт хийгээгүй асуудлыг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлэн нөхөн дүгнэлт хийх боломжгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасан журам зөрчигдөхөд хүрнэ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн зүгээс зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 9.1, 9.2-т заасан асуудлын хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221121/01 тоот мэдэгдлийг нийт захиалагч буюу худалдан авагч нарт хандан гаргаж, “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаа бүрэн дуусгаж, захиалагч нараа оруулах...гэрээний 4.3 дахь заалтын дагуу м.кв-ын үнийг нэмээгүй...” талаар мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдох ба үүнийг нэхэмжлэгч нарын зүгээс Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.2-т заасны дагуу дуугүй хүлээн зөвшөөрсөн байсан, улмаар энэхүү хугацаанаас хойш буюу 2023 оны 02 дугаар сард нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нөхцөл байдлыг дээрх дурдсан хууль зүйн үндэслэлүүдтэй уялдуулан дүгнэлт хийх боломжтой байсан.

Анхан шатны шүүхээс дүгнэхдээ “... нийт 72.762.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 60 хоног төлсөн, төлсөн үнийн дүн 24.762.500 төгрөгөөс алданги бодоход... гэж нэхэмжилсэн нь үндэслэлтэй” гэх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь зохигчдын хооронд байгуулсан “Орон сууц захиалгаар байгуулах гэрээ”-ний 4.2, 5.3, 5.7, 6.3, 6.5 зэрэг заалтуудад төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууц болон дагалдах бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхөөр заасан байх ба хэрэгт авагдсан баримтаар орон сууцны эцсийн төлбөр 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 48.000.000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул энэхүү хугацаанаас хойш нэхэмжлэгч нарын шаардах эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд мөн гэрээний 6.10-т заасан нөхцөл байдал үүссэнийг харгалзан алданги тооцох хугацааг 45 хоногоор хойшлуулахаар зохигчид харилцан тохиролцсон нөхцөл байдал гэрээнд тусгагдсан зэргийг анхан шатны шүүхээс харгалзаж үзээгүй нь шүүхээс хэт нэг талыг баримталж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд, тал бүрээс нь үнэлж дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийн хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал гэрээнд заасан орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хугацаа болох 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд нэхэмжлэгч нарт буюу орон сууцны худалдан авагч, захиалагч нарт орон сууцны өмчлөх эрхийг болон түлхүүрийг гардуулан хүлээлгэн өгөх боломжгүй тул нэхэмжлэгч нарын зүгээс орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангийг нэхэмжлэх эрх дээрх хугацаанаас өмнө үүсэхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

            5.  Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Э.Амарсайханы гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйн улмаас зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсон байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Хэргээс судлан үзвэл:

3. Нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нар нь хариуцагч “Хэрлэн зураглал” ХХК-д холбогдуулан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний  алданги 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалга 1 ширхгийг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг, нийт 12,341,312 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “орон сууцны дотор хаалга 1 ширхгийг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан” гэх дүгнэлт хийж, хариуцагч “Хэрлэн зураглал” ХХК-иас 12,036,312 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

4. Нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нар нь хариуцагч “Хэрлэн зураглал” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны 331-А байрны 2-р орц, 4-р давхарт, 73 тоот 2 өрөө байрны батлагдсан зургийн дагуу 58,21 м.кв талбай бүхий сууцыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх, орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,250,000 төгрөг, 2 өрөө байрны талбайн хэмжээ 58,21 м.кв бөгөөд нийт үнэ 72,762,500 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын хооронд сар бүр 1,402,395 төгрөг төлж 16,828,750 төгрөг буюу нийт 21,828,740 төгрөгийн урьдчилгаа төлөх, орон сууцны үнийн үлдэгдэл 50,933,750 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 4-5/

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.

Харин худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг, тохиролцоо зэрэг нь гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог бөгөөд гэрээний талууд гэрээгээ орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн боловч уг гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг бус худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байна.

Учир нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нэртэй гэрээний 1.2-т “...2 өрөө байрны батлагдсан зургийн дагуу 58.21 м.кв бүхий сууцыг захиалагч талд хүлээлгэн өгнө”,

гэрээний 3.1-т “1 м.кв талбайн үнэ 1,250,000 төгрөг, 2 өрөө байрны талбайн хэмжээ 58,21 м.кв бөгөөд нийт үнэ 72,762,500 төгрөг байна” гэж тусгасан байгаагаас үзэхэд захиалагч нар нь гүйцэтгэгчээс батлагдсан зургийг өөрсдийн хүсэл зоригт нийцүүлэн өөрчлөх эрхгүй байсан, талууд тухайн орон сууцны үнийг харилцан тохиролцож тогтоосон байх тул орон сууцны үнэнд төлсөн 72,762,500 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлс гэж үзэх үндэслэлгүй.

            Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсон байх тул зөвтгөн энэ үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

            6. Нэхэмжлэгч нар нь талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2-д “талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө” гэж заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 60 хоног, төлсөн үнийн дүн 24,762,500 төгрөгөөс алданги бодоход нэг өдөрт 24,762 төгрөг, 60 хоногоор үржүүлбэл 1,485,750 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 145 хоног, 72,762,500 төгрөгөөс алданги тооцвол 72,762 төгрөг, үүнийг 145 хоногоор үржүүлбэл 10,550,562 төгрөг, нийт 12,036,312 төгрөгийг алданги гэж, өөрөөр хэлбэл худалдан авагч буюу үүрэг гүйцэтгэгчийн хувьд гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны үнэнд төлсөн 72,762,500 төгрөгөөс тооцож алданги нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны  /2021 он гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэдгийг талууд хүлээн зөвшөөрч, маргаагүй/  02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө” гэж тусгасан боловч мөн гэрээний 6.10-т “...заасан хугацаанаас 45 хоногоор хойшлогдож болох”-ыг талууд хүлээн зөвшөөрч,

гэрээний 4.2-т заасны дагуу орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг орон сууц байнгын ашиглалтад орсны дараа хуанлийн 14 хоногт багтаан төлөхийг талууд харилцан тохиролцсон байна.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд барилгыг байнгын ашиглалтад өгөх үүргээ биелүүлээгүй боловч нэхэмжлэгч нар нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээний 4.2-т заасны дагуу орон сууц байнгын ашиглалтад орсны дараа хуанлийн 14 хоногт багтаан төлөх үүрэгтэй атлаа орон сууц байнгын ашиглалтад ороогүй байхад өөрсдийн санаачлагчаар гэрээгээр тохирсон орон сууцны үнийг бүрэн төлсөн,

мөн гэрээнд заасан үүргээ биелүүлж гэрээний үнийг төлсөн атал хариуцагч буюу худалдагч талыг гэрээний зүйл болох орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр   алданги гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасанд нийцэхгүй зэрэг үндэслэлүүдээр алданги гаргуулах  үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

7.Харин хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд барилгыг байнгын ашиглалтад өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар  учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ  хэрэгжүүлэхэд тус шийдвэр саад болохгүй.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  03 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч “Хэрлэн зураглал” ХХК-иас 12,036,312 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нарт олгосугай.” гэснийг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Төгсөө, Б.Нэмэхбаяр нарын хариуцагч “Хэрлэн зураглал” ХХК-иас 12,341,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

                               

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА

                         ШҮҮГЧИД                                  Г.МЯГМАРСҮРЭН

     Я.ТУУЛ