| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0814/э |
| Дугаар | 829 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 829
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Базарваань овогт Цэен-Ойдовын Ганхуягт холбогдох эрүүгийн “1811026540949” дугаартай, 186/2018/0814/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймаг Чулуут суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Дижи Эйч ХХК-д арматурчин ажил эрхэлдэг, Архангай аймаг Чулуут сум 5 дугаар баг Хүрэм гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо эмнэлгийн 16-477 тоотод оршин суудаг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 502 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн. Базарваань овогт Цэен-Ойдовын Ганхуяг /РД:АП86022071/,
Холбогдсон хэргийн талаар;
Ц.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй “ Эв хамт констракшн” ХХК-ийн барилгын тоног төхөөрөмж хадгалах өрөөнөөс “хилти” фирмийн цохилттой өрөм, “кен” фирмийн таслагч 2 ширхэг, “кен” фирмийн цохилттой өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ц.Г нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ё.Батсүхийн:...манай баригад энэ компани дээр 2018.09.01-ний өдрөөс хамтран ажиллаж байгаа, ажиллаж байхад Хуягаа гэх хүн архи уудаг болохоор 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс ажил хийгээгүй, манай компаний барилгын талбайн хойд хэсэгт камерийн бичлэг дээр Хуягаа гэх хүн шөнө 00:47 цагийн үед зүүн зүгээр баруун зүгрүү явж байгаа бичлэг байсан учраас түүнийг сэжиглэж байна гэх мэдүүлэг. /хх 35-36/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ж.Лхагважаргалын:...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн ажил болох барилга угсралтын ажил явагдаж байгаа "Бүти" ХХК-нд ажлаа хийж 20:00 цагийн үед гагнуурчин болон мужаануудаас "Hilti" брэндийн цохилттой брэндийн таслагч, "Кен" брэндийн цохилттой дриллээ хүлээн авчихаад агуулахад хийгээд цоожлоод явсан. Тэгээд өнөөдөр өглөө 08:00 цагийн үед ажил дээрээ ирээд агуулахаас "Нilti" брэндийн цохилттой дрилл, "Кен" брэндийн таслагч цохилттой дриллээ ажилчддаа хүлээлгэж өгөх гэтэл алга болсон байсан учраас талбайн даамал Батсүхэд мэдэгдээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-38/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч П.Аюурсүрэнгийн:..Ганхуяг миний нөхөр байгаа юм. Бид хоёр 4 жил амьдарч байна. Дундаасаа үр хүүхэд байхгүй. албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай хүн хар ажил хийхдээ бол мундаг. Элдэв янзийн зан араншин байхгүй. Нэг гэм нь архинд л жаахан дуртай хүн байдаг. Яг тодорхой ажил хийгээд байдаггүй, хувиараа барилгын ажил л хийдэг би ч гэсэн нөхрөө дагаад цуг барилгын ажил хийдэг. Бид хоёр одоогоор 7 буудалд айлын хашаанд гэрээ буулгачихсан амьдарч байгаа. Би одоо ээжтэйгээ нөхөртэй амьдардаг. Саяхнаас манай нөхөр Монтелын ард барилгын ажилд орчихоод тэндээ байрлан ажиллаж байсан. Саяхан манай эмээ нас барчихаад Хөвсгөл рүү ажил явдалд нь оролцчихоод ирсэн. Тэр хооронд манай нөхөр барилга дээр ажиллаж байсан гэх мэдүүлэг. /хх-45/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Чимэдлхамын:..Ганхуяг манай ах Цэен-Ойдовын том хүүхэд нь байгаа юм, доороо 3 дүүтэй бөгөөд 2 нь хөдөөнөө байдаг нэг нь Энхтуяа /99949417/ нь Улаанбаатар хотод нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг. Аав ээж Архангай аймгийн Чулуут суманд бүрэн багт мал маллаж амьдардаг утас нь 98861418 гэсэн утастай байгаа. Ганхуяг багадаа үе мултралтай төрсөн бөгөөд багаасаа ер нь муу хазагнаж доголож явдаг хөл нь өвддөг байсан. Багадаа сургуульд ороод хичээл номондоо их сайн хүүхэд байсан бөгөөд 8-р ангиа төгсөөд Улаанбаатар хотод түнхний хагалгаанд оруулж байсан Ганхуяг 10 жилээ Архангай аймгийн Чулуут суманд төгсөөд шууд улаанбаатар хотод орж ирээд Сутай дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж байсан. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй бөгөөд хувиараа барилгын ажил хийгээд явчихсан зан аашийн хувьд уг нь их гайгүй ааш зантай хүн байгаа юм. Сүүлийн үед архийг маш ихээр уудаг болчихсон мөнгө олдлоо л бол архи уучихаад байгаа яаж архинаас гаргадаг юм байгаан бүү мэд гэх мэдүүлэг. /хх-46/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч:...шүүгдэгчийн гэм бурууг нотлож яллах байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 32 дугаар хуудас хяналтын камерын бичлэг, 35-36, 58 дугаар хуудас хохирогч Ё.Батсүхийн мэдүүлэг, 38, 47 дугаар хуудас гэрч Ж.Лхагважаргалын мэдүүлэг, 48 дугаар хуудас эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл, 60 дугаар хуудас гэрч П.Рэнцэннямын мэдүүлэг, 64 дүгээр хуудас яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй “ Эв хамт констракшн” ХХК-ийн барилгын тоног төхөөрөмж хадгалах өрөөнөөс “хилти” фирмийн цохилттой өрөм, “кен” фирмийн таслагч 2 ширхэг, “кен” фирмийн цохилттой өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ё.Батсүхийн:...манай баригад энэ компани дээр 2018.09.01-ний өдрөөс хамтран ажиллаж байгаа, ажиллаж байхад Хуягаа гэх хүн архи уудаг болохоор 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс ажил хийгээгүй, манай компаний барилгын талбайн хойд хэсэгт камерийн бичлэг дээр Хуягаа гэх хүн шөнө 00:47 цагийн үед зүүн зүгээр баруун зүгрүү явж байгаа бичлэг байсан учраас түүнийг сэжиглэж байна гэх мэдүүлэг. /хх 35-36/, гэрч Ж.Лхагважаргалын:...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн ажил болох барилга угсралтын ажил явагдаж байгаа "Бүти" ХХК-нд ажлаа хийж 20:00 цагийн үед гагнуурчин болон мужаануудаас "Hilti" брэндийн цохилттой брэндийн таслагч, "Кен" брэндийн цохилттой дриллээ хүлээн авчихаад агуулахад хийгээд цоожлоод явсан. Тэгээд өнөөдөр өглөө 08:00 цагийн үед ажил дээрээ ирээд агуулахаас "Нilti" брэндийн цохилттой дрилл, "Кен" брэндийн таслагч цохилттой дриллээ ажилчддаа хүлээлгэж өгөх гэтэл алга болсон байсан учраас талбайн даамал Батсүхэд мэдэгдээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-38/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 28-31/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32/, Ц.Гийн гэрчээр мэдүүлсэн...2 ширхэг кен брендийн крондо таслагч аваад ар талын хашаагаар даваад гараад явсан гэх мэдүүлэг /хх-40/, эд зүйлийн үнэлгээ /хх-48/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ё.Батсүх нь шүүгдэгч Ц.Гаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Базарваань овогт Цэен-Ойдовын Ганхуягийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гт 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар Ц.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ