Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2023/00061

 

“Бридж констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/00534 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Бридж констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Баттөрд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Цементийн үнэд төлсөн 9,500,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч А.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Манай Бридж констракшн ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн голын услалтын систем байгуулах төслийн ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байсан болно. Ингээд уг төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай байсан 50 тонн цементийг иргэн А.Баттөрөөс 1 тонныг нь 380,000 төгрөгөөр, нийт 19,000,000 төгрөгт худалдан авахаар амаар тохиролцож, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр түүний ХААН банкны 5055599230 дугаар данс руу 19,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч үүргээ бүрэн биелүүлсэн.

Гэтэл А.Баттөр нь 50 тонн цементийн мөнгийг бүрэн хүлээж авсан атал, манай компанид ердөө 25 тонн цемент нийлүүлээд, үлдсэн 25 тонн цементийг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй хохироосон болно. Энэ хугацаанд манай компанийн зүгээс иргэн А.Баттөрийг үлдсэн цементээ нийлүүлэх, эсхүл 9,500,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн, иргэн А.Баттөрөөс дутуу нийлүүлсэн 25 тонн цементийн үнэ 9,500,000 төгрөгийг гаргуулж, манай Бридж консракшн ХХК-нд олгуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би Бридж констракшн ХХК-ийн ямар нэгэн ажилтан албан тушаалтантай холбогдож ажил төрлийн болон амин хувийн асуудлаар харьцаж байгаагүй. Миний багын найз Ц.Сарантуяа нь 2022 оны 6 сарын 28-ны өглөө над руу утасдаад Сэлэнгэ аймгийн Сант суманд төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Би чам руу мөнгө шилжүүлүүлье, чи Дарханаас цемент ачуулчих гээд миний данс руу 19,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжиж орж ирсэн даруйдаа буцаагаад ...Дарханаас авахаа больсон өөр газраас авахаар болсон гээд Ц.Сарантуяагийн ХААН банкны 5109021262 тоот данс руу орж ирсэн бүх мөнийг шилжүүлсэн. Цааш энэ мөнгөөр хаанаас ямар цемент авсан, яаж зарцуулсан тухай Ц.Сарантуяа мэдэж байгаа гэв.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч А.Баттөрөөс 9,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бридж констракшн ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баттөрөөс тэмдэгтийн хураамж 166,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бридж констракшн ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч А.Баттөр давж заалдах гомдолдоо:

            Нэхэмжилж байгаа мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Багын найз Ц.Сарантуяагийн гуйлтын дагуу цемент ачуулахаар 19,00,000 төгрөг шилжүүлэн. Тэр даруйдаа Дарханаас авахаа болилоо гэхээр нь мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн. Миний буцааж шилжүүлснийг Ц.Сарантуяа өөрөө гэрчилж байгаа. Баримтаар ч нотлогдож байгаа.

            Энэ хэргийг дахин шалгуулж, мөнгө авсан эзнийг нь тодруулахыг хүсэж байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

            5.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо давж заалдах гомдолтой холбоотой хариу тайлбартаа:

            Хариуцагч А.Баттөрийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. А.Баттөр нь эрх зүйч мэргэжилтэй, эрх зүйн бүрэн чадамжтай хүн. Гэтэл анхан шатны шүүхэд ч, давж заалдах гомдолд ч өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, эрх зүйн чадамжгүй хүүхэд шиг тайлбар, гомдол гаргаж байна.

            Бодит байдал дээр А.Баттөр нь “Бридж констракшн” ХХК-руу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гарын үсэг, мэдээлэл бүхий нэхэмжлэх баримтыг явуулж тохиролцсон байдаг. Энэ нь хх/13,14/ талд авагдсан байгаа. Хэрэв А.Баттөрөөс нэхэмжлэх баримт ирээгүй бол бид хаа хамаагүй хүний хувийн данс руу цемент худалдаж авах мөнгө шилжүүлэхгүй байсан. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

            Жич: Хариуцагч А.Баттөр нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны 5055599230 тоот данснаас 135/ШШ2023/00534 тоот шийдвэр гэсэн гүйлгээний утгатайгаар 4,000,000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, сайн дураараа төлбөр төлөлт хийснийг баталж байгаа бөгөөд одоо 5,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. А.Баттөр нь үлдэх мөнгийг 7 хоногийн дараа шилжүүлнэ гэсэн боловч одоогоор шилжүүлээгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Баттөрийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч “Бридж констракшн” ХХК нь хариуцагч А.Баттөрд холбогдуулан цементийн үнэд төлсөн 9,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Хэргээс судлан үзэхэд:

3. Хариуцагч А.Баттөр нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гарын үсэгтэй нэхэмжлэхийн дагуу 50 тн цементийн үнэд нийт 19,000,000 төгрөгийг авахаар нэхэмжилсний дагуу “Бридж констракшн” ХХК нь дээрх нэхэмжлэхэд заасан А.Баттөрийн Хаан банкны 5055599230 тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 9,000,000 төгрөгийг цементийн урьдчилгаа төлбөр, 10,000,000 төгрөгийг цементийн үлдэгдэл төлбөр гэсэн утгатайгаар, нийт 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Богд банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. / хавтаст хэргийн 13-14, 37/

Мөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын /худалдан авалт/ падаанаар хариуцагч А.Баттөр нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 9,500,000 төгрөгийн үнэтэй 25 тонн цементийг нийлүүлжээ. / хавтаст хэргийн 38/

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Гэрч Ц.Сарантуяагийн “...Баттөрөөр дамжуулан Дарханаас цемент авахаа больсон учир компанийн ерөнхий инженер Болдын хэлсний дагуу Батчимэг гэх хүний данс руу 19,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж авсан” гэх мэдүүлэг, хариуцагч А.Баттөрийн Хаан банкны 5055599230 тоот дансанд “Бридж констракшн” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12:45 цагт 9,000,000 төгрөг шилжиж ирсний 8,900,000 төгрөгийг 2022 оны  06 дугаар сарын 28-ны өдрийн 12:53 цагт “зарлага” гэсэн утгатайгаар,

 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 13:37 цагт 10,000,000 төгрөг шилжиж ирсний 9,910,000 төгрөгийг 2022 оны  06 дугаар сарын 28-ны өдрийн 13:41 цагт “зарлага” гэсэн утгатайгаар нийт  18,810,000 төгрөгийг 5109021262 тоот дансанд шилжүүлсэн байгаагаас үзэхэд бодит байдал дээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байх тул зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч  А.Баттөр нь нэхэмжлэгч Бридж констракшн” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж, Ц.Сарантуяагаас гэрчийн мэдүүлэг авхуулжээ.

Гэрч Ц.Сарантуяа нь “...Болд инженерийн хэлсний дагуу өөрийн дансанд мөнгийг шилжүүлж авсан” гэж шүүх хуралдаан дээр мэдүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Болд гэдэг инженер манайд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бөгөөд манай компанид хувьцаа эзэмшдэггүй, компанийг төлөөлөх эрхгүй учир хамаарал бүхий хүн биш учир компаниас цемент авахаар шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулах эрхгүй” гэж гэрчийн мэдүүлгийг үгүйсгэжээ.

Мөн хариуцагч А.Баттөр нь Бридж констракшн” ХХК-иас өөрийн данс руу шилжүүлж авсан 19,000,000 төгрөгийн зарим хэсэг буюу 18,810,000 төгрөгийг 5109021262 тоот дансанд шилжүүлэхдээ мөнгө шилжүүлсэн этгээд болох Бридж констракшн” ХХК-ийн зөвшөөрлийг авсан гэдгээ нотолж чадаагүй байна.

6. Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд цемент нийлүүлнэ гэж шилжүүлж авсан 19,000,000 төгрөгийн зарим хэсэг болох 18,810,000 төгрөгийг  мөнгө шилжүүлсэн этгээд болох Бридж констракшн” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн байх тул  хариуцагч А.Баттөрийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй...” бол мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс ...буцаан шаардах эрхтэй” гэж хуульчилсан тул нэхэмжлэгч “Бридж констракшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

7. Хариуцагч А.Баттөр нь “...энэ хэргийг дахин шалгуулж, тэр мөнгийг авсан эзнийг тодруулахыг хүсэж байна” гэх давж заалдах гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасныхаа дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн 5055599230 данснаас 4,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэх хэсэг болох 5,500,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/00534 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан...” гэснийг

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

                               

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                          ШҮҮГЧИД                                Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                                           Я.ТУУЛ