Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 311

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, *******,******* /РД:*******/

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Хүрмэн сумын Хүрмэн багт 1971-1995 он хүртэл хонь, ямаа маллаж 24 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон боловч 1971-1995 он хүртэл ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр олгохдоо миний ээж болох Цэдэнгээр овоглосон бөгөөд иргэний үнэмлэх олгохдоо эцэг Балданцэрэнгээр овоглосноос дээрх бичиг баримтууд овог нэрийн зөрчилтэй болсон. Иймд 1981 оны 04 дүгээр сарын 01-нд олгосон улаан хавтастай хөдөө аж ахуйн нэгдэлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр мөн 1992 оны 12 дугаар сарын 16-нд олгосон ногоон хавтастай хөдөө аж ахуйн нэгдэлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр Балданцэрэнгийн Намнан намайг мөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй, тэтгэврийн орлого хаагдаад амьдрал хэцүү байгаа тул шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******д Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2.Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлээс 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

3.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “******* Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Хүрмэн бригадад малчин байсан. 1970-аад оноос хойш одоог хүртэл тасралтгүй мал маллаж байгаа хүн. Би тус бригадад 1965-1990 оныг хүртэл малчин, адуучин байсан. Дээрх хугацаанд ******* тасралтгүй ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт овгийг нь Цэдэн гэж бичсэн байна. Цэдэн гэдэг хүн бол *******гийн төрүүлсэн ээж нь байгаа юм. Балданцэрэн гэж хүн Цэдэн гэж хүнтэй ханилан суугаад ******* төрсөн. Намнанг төрсний дараа тэд салсан учраас ээжээр нь энэ дэвтэрт овоглон бичсэн гэж бодож байна. Энэ дэвтэр Балданцэрэнгийн Намнангийн дэвтэр мөн. Манай бригадад өөр Намнан гэж нэртэй хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг,

4.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “******* Хүрмэн сумын Хүрмэн багт малчин байсан. Он сарыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Эхнэр нь манай ангийн хүүхэд.  Балданцэрэн, Цэдэн хоёр эхнэр нөхөр байсан хүмүүс. Намнан бол Балданэрэнгийн хүүхэд. Тухайн үед дэвтрийг олгохдоо ээж Цэдэнгээр нь овоглосон юм байна. Цэдэнгийн Намнан гэсэн хөдөлмөрийн дэвтэр Балданцэрэнгийн Намнангийн хөдөлмөрийн дэвтэр мөн. Өөр Намнан гэдэг нэртэй хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг,

5.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт,

6.Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын 1981 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 9 дүгээр тушаалын хулбар,

7.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 361 дүгээр Ц.Намнан Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981-1991 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

8.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт

 

        Нэхэмжлэгч *******д Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрүүдэд нэхэмжлэгчийг эх Цэдэнгээр нь овоглож бичсэн байх бөгөөд ******* нь тус хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд *******д Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт эх Цэдэнгээр нь овголсон Намнангийн хөдөлмөрлөсөн түүх нь Балданцэрэнгийн Намнан мөн болох талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.    

Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Гэрчүүд нь Цэдэн овогтой Намнан гэж бичигдсэн хоёр хөдөлмөрийн дэвтэр нь Балданцэрэнгийн Намнангийн хөдөлмөрийн дэвтрүүд мөн гэж мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчид үнэн, зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

       Иймээс *******д Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүд нь Балданцэрэнгийн Намнангийн хөдөлмөрийн дэвтрүүд мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь******* мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өинөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                            

       ШҮҮГЧ                                        А.ЭНХТӨР