| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/00759/э |
| Дугаар | 830 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч Д.Өлзийтогтох, түүний өмгөөлөгч Г.Бадамханд, иргэний хариуцагч Ө.Өлзийцэцэг, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Дүгэрсүрэнгийн Өлзийтогтоход холбогдох эрүүгийн “1811002900845” дугаартай, 186/2018/00759/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой. сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхөрийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 хороолол, 100 айлын гудамжны 16 дугаар байрны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй Тайж овогт Дүгэрсүрэнгийн Өлзийтогтох /РД:ХЕ58042001/,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Өлзийтогтох нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бяцхан алаг үрс” цэцэрлэгт багшаар ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн дотоод журмыг зөрчин 9 сартай Т.Ариунгоод шаант ясны далд хугарал гэмтлийг учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Д.Өлзийтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Иргэний хариуцагч:..Тухайн үед Өлзийтогтох үнэн зөв мэдүүлсэн байна лээ. Хүүхэд ирсэн өдрөөсөө уйлсан байсан. Сувилагч уйлаад байсан учраас жаахан залхсан байх гэж бодсон. Тэгээд тухайн өдөр хүүхдийн эмээд хүүхдээ үзүүлсэн үү гэж асуухад үзүүлээгүй гэж хэлсэн. Дараа нь хүүхдийн хөл хугарсан байна гэж хэлсэн гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Өнөртуяагийн:...миний охин Тэмүүлэн овогтой Ариунгоо нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэгдүгээр эмнэлэгт төрсөн. Одоо миний охин 1 нас 10 хоногтой. Би энэ жил төгсөх курсын оюутан, манай ээж, эгч нар ажилтай тул охиныг харах хүнгүй болохоор нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бяцхан алаг үрс нэртэй сарын 300.000 төгрөгний төлбөртэй сувилахуйн цэцэрлэгт 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн. Тэгэхэд цэцэрлэгийн эрхлэгч нь манайх бага насны 5 сараас дээш насны хүүхдүүдийг авдаг ангидаа 2 багштай санаа зовох зүйлгүй гэж хэлэхээр нь хүүхдээ итгээд өгсөн. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би өглөө хичээлдээ явсан. Манай ээж Д.Оюунчимэг охиныг 08:00 цагт цэцэрлэгт нь хүргэж өгсөн байсан. Ингээд 14:50 минут гар утсанд нь Ариунгоо уйлаад байна, та ирж авна уу, гэсэн мессеж ирэхээр нь 16:00 цаг өнгөрөөд очиж авахад Т.Ариунгоо нь нүд хавагнасан их уйлсан байдалтай байсан гэсэн. Тэгээд хувцасыг нь өмсөх гэхэд баруун хөл дээрээ зогсож чадахгүй хөлөө өргөөд байхаар нь шууд цэцэрлэгийн эмчрүү оруулж үзүүлэхэд хөл нь эвгүй болсон байна. эмнэлэгт очиж үзүүл, би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн байсан.Тэр өдрийн орой 17:00 цаг өнгөрч байхад ээж бид хоёр гэрт уулзаад 20:00 цагийн орчимд гэмтлийн эмнэлэгт очиж хүлээн авах дээр үзүүлж рентген зураг авахуулахад хариу нь тэр доороо гарсан ба эмч нь хагасайн бүтэнсайны өдрүүдэд ажиглаад нэг дэх өдөр ирж дахин үзүүлээрэй манай хүүхдийн эмч ирчихнэ гэсэн. Учир нь тэр өдөр 5 дахь өдөр байсан. Тэр шөнөө Т.Ариунгоо уйлаад шингэн алдаад ердөөсөө унтаагүй. Ээж бид хоёр халуун бууруулах эм өгөөд арай гэж амралтын 2 өдрийг өнгөрөөсөн. 1 дэх өдрийн өглөө би шалгалттай байсан болохоор эмнэлэг явж чадаагүй. Манай ээж Оюунчимэг, эгч Анх-Өрнөх, хүргэн ах Эрхэмболор гурав Т.Ариунгоог аваад дахин гэмтлийн эмнэлэг орж хүүхдийн эмч Сайнбаяр гэдэг эмчид үзүүлэхэд дахин рентген зураг аваад баруун талын хөл өвдөгнөөсөө шилбэ хүртэл цуурсан байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь шууд цэцэрлэгрүү нь явсан. Би шалгалтаа өгөөд мөн цэцэрлэг дээр нь очиж эрхлэгч, багштай нь уулзахад багш нь сайн мэдэхгүй байна. Тэр өдөр Ариунгоо уйлаад байсан гэж хариулсан. Эрхлэгчтэй нь уулзаад хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд багш Д.Өлзийтогтох болон залуу туслах багш нь миний охиныг доош нь харуулж өлгийдөөд, доош харуулсан чигээр нь хэвтүүлээд резенин чанга тоглоомоор нуруун дээр нь 20-30 минут цохиж унтуулж байгаа бичлэг байсан. Тэр хооронд манай охин тасралтгүй уйлж байсан. Мөн багш Д.Өлзийтогтох нь охины минь баруун талын гар хөл хоёроос нь барьж модон монежан орлуу шидэхэд толгойгоороо ар талын ханыг цохиж байсан. Туслах багш нь нусыг нь авч байна гэж толгойг нь цааш түлхэж байсан. Уг бичлэгийг багш нар нь үзээд юу ч дугарахгүй доошоо хараад зогсоод байсан. Эрхлэгчид нь манай ээж та нар яагаад хүүхдийг доош харуулж өлгийдөж унтуулж байгаа юм гэхэд доошоо харуулж унтуулах ёстой гэж хариулсан. Тэгвэл гар хөлнөөс нь авч шидэх ёстой байдаг юм уу, гэхэд үгүй л дээ гэж хэлээд сандараад гарсан байсан. Ийм учир цагдаад хандсан гэх мэдүүлэг. /хх 25-26/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Оюунчимэгийн:..2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дзвсгэрт байрлах "Балчир алаг үрс" цэцэрлэгийн багш Өлзийтогтохын гар утаснаас миний 99283798 дугаарын гар утсанд охин Тэмүүлэнгийн Ариунгоо уйлаад байна, та ирж авна уу гэсэн утгатай мессеж ирсэн. Би 16 цаг 15 минутад "Балчир алаг үрс" цэцэрлэгт ирэхэд зээ охин Т.Ариунгоо уйлаад нүд нь хавагнасан, баруун хөл нь гэмтсэн байсан. Цэцэрлэгийн эмчид үзүүлэхэд баруун талын хөл нь эвгүй болсон байна, эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Энэ өдөр зээ охин Ариунгоог эмнэлэгт үзүүлэхэд тодорхой юм мэдэгдэхгүй байсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Ариунгоог эмчид үзүүлэн рентгэн зураг авахуулахад баруун хөлний шилбэний яс цуурсан байсан. "Бяцхан алаг үрс" цэцэрлэгийн камерийн бичлэгийг үзэхэд багш Өлзийтогтох нь зээ охин Ариунгоог өлгийдөөд доош харуулан резинэн тоглоомоор цохиж, татаж чангаан, шидэж байгаа бичлэг байсан. Би бичлэгийг харсан. Бичлэгийг манай охин Анх-Өрнөх гар утсан дээрээ хуулбарлан авсан байсан. Цэцэрлэгийн багш Өлзийтогтохоос болж манай охин Ариунгоогийн баруун хөлний шилбэний яс цуурсан гэх мэдүүлэг /хх-34/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Анх-Өрнөхийн::...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай ээж Д.Оюунчимэг надруу утсаар ярьж зээ охин Ариунгоогийн хөл гэмтээд, гишгэж чадахгүй уйлаад байна гэсэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэмтлийн эмнэлэгт 15 цагийн орчим Ариунгоог үзүүлэн рентгэн зургийг авахуулахад баруун хөлний шилбэний яс цуурсан байсан. Би "Балчир алаг үрс" цэцэрлэгийн эрхлэгч рүү утсаар ярьж болсон хэрэг асуудлын талаар хэлсэн. Би цэцэрлэг дээр очиж камер шүүж үзэхэд цэцэрлэгийн багш Өлзийтогтох нь Ариунгоогийн хоёр гарнаас барьж аваад хүүхдийн орлуу шидэж байсан. Ариунгоог өлгийдөөд доош харуулан хэвтүүлээд резинэн тоглоомоор цохиж зодож байсан. Камерийн бичлэгт болсон хэрэг асуудал тодорхой харагдаж байсан. Би өөрийн гар утсан дээрээ болсон хэрэг асуудлыг бичиж авсан гэх мэдүүлэг /хх-36/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Хандсүрэнгийн:..би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Балчир алаг үрс" цэцэрлэгт эмч хийдэг ба манай цэцэрлэг 6 бүлэгтэй. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 08:00 цагаас хүүхдүүдээ аваад ажил эхэлж бүх ангиудаараа явж хүүхдийнхээ биеийг үздэг. Тэр өдөр бага бүлгийн Өлзийтогтох багштай ангируу ороход 3 хүүхэд байсан 9 сартай Ариунгоо охины биеийг үзэхэд багш нь өглөөнөөс хойш уйлагнаад байгаа, бие нь тавгүй байх шиг байна гэхээр нь биеийг нь үзэхэд халуун байхгүй ханиадгүй байсан болохоор нь уйлагнаад байвал гэрийнхнийг нь дуудаад ар гэрээс нь хүн ирвэл иргээд надтай уулзуулаарай гэсэн. Ингээд 17:15 цагт Ариунгоо охины эмээ нь манай хүүхэд хөл дээрээ гишгэж өгөхгүй уйлаад байна гэж үзүүлсэн. Биед нь үзлэг хийхэд баруун хөлний тахим орчим нь бага зэргийн эмзэглэлтэй, хоёр хөлийг нь зэрэгцүүлээд үзэхэд хавдсан халуун оргисон зүйл байгаагүй. Эмээд нь гэмтэлд очиж зургийг нь авахуулж үзүүл тэгвэл онош нь баттай болно гэж хэлээд явуулсан гэх мэдүүлэг. /хх-42/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1544 тоот актын:
1.Т.Ариунгоогийн биед баруун шилбэний шаант ясны далд, зөрөөгүй хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт. /хх-44/,
2.6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №667 тоот актын:
1.Шинжээч Ш.Цэцэгмаагийн 2018.01.18-ны өдрийн 1544 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Т.Ариунгоогийн биед үүссэн баруун шаант ясны далд зөрүүгүй хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамарт зулгаралт үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин, Т.Номинцэцэг, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт./хх-49/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1 Улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох яллах байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас хохирогч Ц.Өнөртуяагийн мэдүүлэг, 34 дүгээр хуудас гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэг, 36 дугаар хуудас гэрч Ц.Анх-Өрнөхийн мэдүүлэг, 42 дугаар хуудас гэрч Ц.Хандсүрэнгийн мэдүүлэг, 69 дүгээр хуудас яллагдагч Д.Өлзийтогтохын мэдүүлэг, 60-61 дүгээр хуудас шинжээч эмчийн дүгнэлт, 19 дүгээр хуудас хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 44 дүгээр хуудас №1544 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч эмчийн дүгнэлт, №667 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Өлзийтогтох нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бяцхан алаг үрс” цэцэрлэгт багшаар ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн дотоод журмыг зөрчин 9 сартай Т.Ариунгоод шаант ясны далд хугарал бүхий гэмтлийг учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Өнөртуяагийн:...миний охин Тэмүүлэн овогтой Ариунгоо нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэгдүгээр эмнэлэгт төрсөн.....эрхлэгчтэй нь уулзаад хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд багш Д.Өлзийтогтох болон залуу туслах багш нь миний охиныг доош нь харуулж өлгийдөөд, доош харуулсан чигээр нь хэвтүүлээд резенин чанга тоглоомоор нуруун дээр нь 20-30 минут цохиж унтуулж байгаа бичлэг байсан. Тэр хооронд манай охин тасралтгүй уйлж байсан. Мөн багш Д.Өлзийтогтох нь охины минь баруун талын гар хөл хоёроос нь барьж модон монежан орлуу шидэхэд толгойгоороо ар талын ханыг цохиж байсан. Туслах багш нь нусыг нь авч байна гэж толгойг нь цааш түлхэж байсан....гэх мэдүүлэг. /хх 25-26/, гэрч Д.Оюунчимэгийн:..2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Ариунгоог эмчид үзүүлэн рентгэн зураг авахуулахад баруун хөлний шилбэний яс цуурсан байсан. "Бяцхан алаг үрс" цэцэрлэгийн камерийн бичлэгийг үзэхэд багш Өлзийтогтох нь зээ охин Ариунгоог өлгийдөөд доош харуулан резинэн тоглоомоор цохиж, татаж чангаан, шидэж байгаа бичлэг байсан. Би бичлэгийг харсан. Бичлэгийг манай охин Анх-Өрнөх гар утсан дээрээ хуулбарлан авсан байсан. Цэцэрлэгийн багш Өлзийтогтохоос болж манай охин Ариунгоогийн баруун хөлний шилбэний яс цуурсан гэх мэдүүлэг /хх-34/, гэрч Ц.Анх-Өрнөхийн::...би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэмтлийн эмнэлэгт 15 цагийн орчим Ариунгоог үзүүлэн рентгэн зургийг авахуулахад баруун хөлний шилбэний яс цуурсан байсан. Би "Балчир алаг үрс" цэцэрлэгийн эрхлэгч рүү утсаар ярьж болсон хэрэг асуудлын талаар хэлсэн. Би цэцэрлэг дээр очиж камер шүүж үзэхэд цэцэрлэгийн багш Өлзийтогтох нь Ариунгоогийн хоёр гарнаас барьж аваад хүүхдийн орлуу шидэж байсан. Ариунгоог өлгийдөөд доош харуулан хэвтүүлээд резинэн тоглоомоор цохиж зодож байсан. Камерийн бичлэгт болсон хэрэг асуудал тодорхой харагдаж байсан. Би өөрийн гар утсан дээрээ болсон хэрэг асуудлыг бичиж авсан гэх мэдүүлэг /хх-36/, гэрч Ц.Хандсүрэнгийн:..ингээд 17:15 цагт Ариунгоо охины эмээ нь манай хүүхэд хөл дээрээ гишгэж өгөхгүй уйлаад байна гэж үзүүлсэн. Биед нь үзлэг хийхэд баруун хөлний тахим орчим нь бага зэргийн эмзэглэлтэй, хоёр хөлийг нь зэрэгцүүлээд үзэхэд хавдсан халуун оргисон зүйл байгаагүй. Эмээд нь гэмтэлд очиж зургийг нь авахуулж үзүүл тэгвэл онош нь баттай болно гэж хэлээд явуулсан гэх мэдүүлэг. /хх-42/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1544, №667 тоот дүгнэлтүүд болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Өлзийтогтохыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч Ц.Өнөртуяа нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11:30 минутад товлогдсон шүүх хуралд нотлох баримт цуглуулж өгөх болон өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралд хүндэтгэн үзэх шалгаанаар ирүүлээгүй, өөрөө ирээгүй, шүүгдэгч Д.Өлзийтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Дүгэрсүрэнгийн Өлзийтогтохыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Өлзийтогтохыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Өлзийтогтоход оногдуулсан торгох ялыг 10 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Өлзийтогтох нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Өлзийтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өлзийтогтоход урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ